Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 226/МА2019/00020

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 9 сарын 19 өдөр          Дугаар 226/МА2019/00019                               Хэрлэн сум

 

Д-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00019

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,   

Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,

Хариуцагч О, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэртэй, Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгож, 68840000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч О, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд О-тай танилцаж 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү М, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү А нар төрсөн.

            О нь намайг байнга зодож, сэтгэл зүйн болон бие махбодын дарамтад оруулж, “ална” гэж улайран дайрч, хүүхдүүддээ хүртэл ширүүн авир гаргаж, загнаж зандран, шалтгаангүйгээр зодож айлгадаг болсон. Миний бие 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрсэн. Түүнээс хойш ааш авир нь улам эвдэрч, чи чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваад салаарай гэх мэтээр дарамталж зоддог болсон. Үсдэж чирч, хутга барин дайрч, машинаар хөөж, нүүр нүдгүй мод, сандал зэрэг гарт таарснаараа зодож, хромон гутал, бакалаараа толгой руу өшиглөдөг болсон. Мөн О янз бүрийн хүүхэнтэй явалдаж, намайг үг хэлэхээр доромжилж, уурлаж зоддог. Саяхан жирэмсэн байхад минь зодож хүүхдээ зулбуулсан. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, хүү М, А нарыг өөрийн асрамжид авч, эцэг О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Одоогоор миний бие 2 хүүгийн хамт түр хамгаалах байранд байгаа бөгөөд эндээс гараад өөрийн гэсэн гэр байхгүй учир Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Цацалын 02-01 тоот өөрсдийн хашаа байшин, газрыг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлтдээ: О бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа өөрсдийн нэр дээр 505 тооны толгой малтай болсон. Уг 505 тооны толгой малаа Хэрлэн сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа малын жишиг үнэлгээг баримтлан 92200000 төгрөгөөр үнэлж байна. Иймд дээрх үндсэн нэхэмжлэл дээр нэмэгдүүлж гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариуцагч О-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Би О-тай 8 жилийн хугацаанд хамт амьдарсан. О намайг хүндэлдэггүй, зоддог. Эхний 2 удаа зодуулахдаа би хэнд ч хэлээгүй, 3 дахь удаагаа зодоход нь О-аас салах шийдвэр гаргасан.

Надад О-т гомдож явдаг нэг шалтгаан байдаг. Миний төрсөн дүүг 11 дүгээр ангид байхад нь 2 удаа хүчиндэж, 3 дахь удаагаа хүчиндэх гэж оролдсон байсан. Энэ талаар дүүгээсээ асуухад таныг нялх хүүхэдтэй байсан болохоор хэлээгүй өнгөрөөсөн гэж хэлсэн. О-аас асуухад уурлаад өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд гэмшихгүй байсан.

Бид 2 хамт амьдарч байх хугацаанд буюу 2011 онд аав ээж маань 250 толгой мал буюу 2 тугалтай  үнээ, 1 шүдлэн эр үхэр, 50 эм ямаа, 50 эр хонь, 50 хурга, 50 ишиг, 15 төлөг, 15 борлон, 10 эм хязаалан хонь, 10 эм хязаалан ямаа зэргийг тасалж өгч байсан. Ингээд бид хоёр аав ээжээсээ тусдаа гарч хөдөө амьдарсан.

2013 оны 11 сард О намайг зодохоор нь хотын унаанд суугаад ээж рүүгээ очсон. Тэр үед бид хоёр эвлэрүүлэн зуучлахаар ороод эвлэрсэн. О надаас уучлалт гуйгаад миний нэр дээр машин авч өгсөн. Мөн бид хоёр хашаа, байшин авч, аав ээж нь хадаг тавиад бэр гуйж байсан. Тухайн үед хүүгээ бодоод дахин эвлэрээд хамт амьдарсан. Үүнээс хойш О-ын ааш араншин засраагүй, архи их уудаг байсан. Эмэгтэй хүнтэй холбогдож, сүүлдээ дугаарыг олж ир гээд загнадаг болсон. О-тай хамтран амьдрах боломжгүй, намайг хэзээ ч хайрлаж,  хүндлэхгүйг нь ойлгосон. Би одоо ажилтай болж байнгын тогтмол орлоготой болсон учраас хүүхдүүдээ өөрөө өсгөж чадна гэж бодож байна гэжээ.

            Хариуцагч О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д-тай хамтран амьдарч байх хугацаанд байнга зодож дарамталж байгаагүй, мөн 3-6 насны хоёр хүүхдээ зодож байгаагүй.

            2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д-г аймаг явах гэхээр нь “би адуунд яваад ирье, чи хонин дээрээ буугаад үлдчих” гэхэд Д “би чадахгүй, чиний зарц юм уу гөлөг минь” гээд чулуу барихаар нь би барьж байсан шилбүүрээрээ хоёр гарын бугалга руу нь ороолгосон. Үүний дараа бид хоёр эвлэрч маргалдахаа больсон. Удалгүй Д руу дүү Д нь залгаж “А ханиад хүрсэн юм шиг байна. Та хүрээд ирэх үү” гэхээр нь Д-г замын унаанд суулгаад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө /хурга ишиг хөнгөлөх байсан/ ирээрэй гэж хэлээд явуулсан. Аймагт очоод цагдаад өргөдөл өгч, улмаар шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, хоёр хүүхэдтэйгээ түр хамгаалах байранд орсон байсан.

            Хүү А хоолой өвдөж эмнэлэгт хэвтэхэд би хүү эхнэр хоёрынхоо хоол цайг зөөж, хэрэгтэй эм тариаг авч өгч байсан. Мөн эхнэрээ жирэмсэн байхад нь зодож хүүхдээ зулбуулсан зүйл байхгүй. Д 2018 оны 11 дүгээр сард аймагт эмнэлэгт хэвтэж гараад жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Үнээ сааж байгаад тугал ивэлгэх гээд татсан чинь доошоо юм гарчихлаа гэхээр нь маргааш нь Бэрх тосгоны эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Дараа нь Д Мөнхбиш гэх эмчээр цэвэрлэгээ хийлгэсэн. Ингээд аймагт ирж эмнэлэгт үзүүлэхэд саванд нь юм үлдсэн байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэд хоног хэвтээд гарсан.

            Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна гэжээ. Би гэрлэлтээ цуцлуулж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй. Хашаа, байшин, газрын төлбөр 15000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд аав, ээж хоёр маань Д бид хоёрыг гэрлэхэд 4 ханатай гэр барьж өгсөн ба дараа нь 15000000 төгрөгөөр хашаа, байшин, газар авч өгсөн. Хашаа, байшинг авахад бид хоёр нэг ч төгрөг гаргаагүй. Д нэхэмжлэлдээ намайг худал гүтгэж бичсэн байна гэжээ.

Хариуцагч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би найз нөхөд ирэх, ажил гарах үед хааяа архи уудаг байсан. Энэ бүхэнд хоёулаа хамт уугаад явдаг байсан. Одоо намайг бүх зүйл дээр буруутгаж байна. Төрсөн дүүг нь хоёр, гурван удаа хүчиндсэн гэх мэт ор үндэсгүй зүйл ярьж байна. Хутга шөвөг барьдаг, жирэмсэн байхад зодсоор байгаад хүүхдээ зулбуулсан гэж ярьж байгаа нь худал юм. Эмнэлэгт хэвтэж гараад жирэмсэн болсон юм шиг байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш намар тугал татаад доошоо юм гарчих шиг боллоо гээд эмнэлэгт үзүүлж цэвэрлэгээ хийлгэсэн.  Миний хувьд маш гомдолтой байна. Биднийг салахаар хүүхдүүд маань хүнд байдалд өснө. Миний хүү “ээж маань намайг утсаар ярья гэхээр яриулдаггүй, гэрээ маш их санаж зүдэрч байна” гэж хэлж байсан. Би хүүхдээ өөрийн асрамжид авах саналтай байна. Би өөрийгөө засна. Зөвхөн бид хоёрын амьдрал шийдэгдэх биш хоёр хүүхдийн амьдрал давхар яригдаж байгаа учраас надад маш их хэцүү байна гэжээ.            

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаартай шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Х-н О, Б овогт М-н Д нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А нарыг эх Д-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М, А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О-аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д-д даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.1.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д-д /хүү М, А нарын хамт/ 43500000 төгрөгийн үнэлгээ бүхий 289 тооны мал, хариуцагч О-т 14490000 төгрөгийн үнэлгээ бүхий 100 тооны малыг тус тус хуваан олгож /хувааж буй малын тоо хэмжээг үндэслэх хэсэгт заасан/, хариуцагчаас 7500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 7500 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17847500 төгрөгийн үнэлгээ бүхий мал гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922100 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,  орон нутгийн төсвөөс 349750 төгрөг, хариуцагчаас 483112 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 50969 төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 973 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Д-тай залуу насны хайр сэтгэлээр учран гэрлэж, зовлон жаргалаа хуваалцан амьдарч 2 хүүхдийн эцэг, эх болон 8 дахь жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд муудаж сайдах үе цөөнгүй байсан. Би их цочмог ууртай, түргэн зантай, эхнэр маань зөрүүд, тоомжиргүй зантай учир бид хоёрын хооронд таарамжгүй байдал үүсдэг байсан. Энэ хугацаанд миний хань Д нэг ч удаа цагдаагийн болон хүчирхийллийн байгууллагад хандаж байгаагүй юм.

Би өөрийн түргэн ямаан омогтой зангаа засахаар аав, ээж, ах, дүүс, найз, нөхдийн зэмлэл, сургаалыг сонсож дутагдлаа засахаар хичээж явна. Би гэр бүл, үр хүүхдүүддээ хайртай, өөрийн гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна. Надад 2019 оны 6 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн торгуулийн шийтгэл хүлээлгэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулиар эрхээ хамгаалуулсан иргэн хүний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан хариуцагч надад санхүүгийн болон сэтгэл санааны цохилт өгсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний бие Д-г ах дүүстэйгээ үгсэн хуйвалдаж зохион байгуулалттайгаар над руу дайрч давшилсан гэж үзэж байна. Д миний бүх хөрөнгө зээлийн барьцаанд байхад салах тухай нэг ч үг хэлж байгаагүй бөгөөд зээлээ бүрэн хааж дууссаны дараа гэнэт энэ заргыг үүсгэсэн юм.

Д-д үр хүүхдүүдийнхээ ирээдүй, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бодохоос илүү /хүний ятгалгад орж/ эд хөрөнгө, мөнгө төгрөг салгаж авах гэсэн санаа бодол давамгайлж байна. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2 хүүхэд маань над дээр ирээд “ахиж ээжтэй хамт амьдрахгүй, очмооргүй байна” гэж хэлж байсан.

Иймд бидний гэр бүлийн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нас тогтож яваа надад боломж олгож, өсөж торниж яваа 2 хүүхдийн минь ирээдүйг харгалзан хугацаа олгож, өрх гэрийг маань хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дундын эд хөрөнгийг буруу хуваасан, хүүхдийг эцгийн асрамжид үлдээгээгүй байгаагаас гадна шийдвэр хэт нэг талыг барьсанд гомдол гаргаж байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 02-01 тоотод 34 метр квадрат талбайтай, дөрвөн тал банзан хашаатай, өвлийн байшинг газрын хамт эцэг Х, эх Ө нар нь хүү О-ыгаа гэр бүлтэй болоход нь хуваарьт өмч болгон бэлэглэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасныг анхаарч үзэлгүй дундын өмч гэж үзэн 14490000 төгрөгийг хуваасан нь хууль зөрчиж байна.

Д- хөрөнгийн баталгаажих түвшингөө шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн “Н” дэлгүүрийн гуанзанд ажилладаг гэх үг, хормогчтой фото зурагнаас өөр нотлох баримт байхгүй байхад хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д нь хариуцагч О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийг 68840000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй, том хүүхдээ өөрийн асрамжид авах, дундын эд хөрөнгийн зарим хэсэг нь хуваарьт хөрөнгө, малыг битүүмжилсэн хэмжээгээр хуваахад татгалзахгүй гэжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “гэрлэгсдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй” гэх үндэслэлээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Д, О нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Д-гийн асрамжид үлдээсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч О нь эхнэр Д-г ямар ч шалтгаангүйгээр зодож айлган сүрдүүлж, сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэний улмаас  Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д Д нь эрүүл мэнд, хууль эрх зүй болон сэтгэл зүйн үйлчилгээ авч байсан мөн түүний биед хөнгөн гэмтэл учруулж Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр торгох ялаар шийтгүүлж байсан зэргээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд эхнэр, хүүхдүүдийн амь нас эрүүл мэнд, сэтгэл зүй хохирох эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул хариуцагчийн “гэрлэлт цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх О, Д нар нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон, Хэнтий аймгийн Хэрлэн сум 4-р баг, Сариг, Цацлын 2 дугаар гудамжны 01 тоот байрны өмчлөгчөөр О бүртгэлтэй хэдий ч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болон эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна” гэсний дагуу хашаа, байшин газрын үнэ 15000000 төгрөгөөс 7500000 төгрөгийг нэхэмжлэгч Д-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300600 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 156/ШШ2019/00353 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ