Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00287

 

М.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00387 дугаар шийдвэртэй,

 Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 226/МА2019/00020 дугаар магадлалтай,

 М.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Ц.Н холбогдох

 Чацарганын модны үнэ, алдангид 3.432.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч М.Мөнгөнцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц.Нарангэрэл бид хоёр 10 дугаар ангийг хамт төгссөн танилууд юм. 2011 онд миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын шуудан холбооны газар ажиллаж байсан бөгөөд Ц.Нарангэрэл тус газрын даргаар ажиллаж байсан. Баянхутаг сумын Хүнс хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгацын модны төсөлд иргэдийг хамруулна гэж сонсоод найз Ц.Нарангэрэлд хэлэхэд тэр эхлээд 500 ширхгийг, дараа нь 1 га-д оногдох хэмжээгээр авна гэхээр нь 1200 ширхэг чацарганы модны суулгацын төсөл бичиж өгсөн ба уг төсөл маань Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас дэмжигдэж суулгацаа 2011 оны 5-р сарын сүүлээр хүлээн авсан. Ингээд 5-6 хоногийн дараа 1200 ширхэг чацарганы модны суулгацаа хуучнаар нэгдэл дундын ногооны талбайд суулгасан. Хүнс хөдөө аж ахуйн газраас өгсөн чацарганы модны суулгацын төслийн эргэн төлөлтийн хуваарь, гэрээ, падааныг Ц.Нарангэрэл авсан. Тухайн үед Ц.Нарангэрэлтэй 1200 ширхэг чацарганы модны суулгацыг тарьж хамтран ажиллаж үр шимийг нь хувааж авна гэсэн зүйл яриагүй, бид хоёрын хооронд хамтран ажиллах талаар огт яригдаагүй, гэрээ хийгээгүй болно. Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Мөнхзул 2019 оны 4-р сарын эхээр над руу яриад чацарганы модны суулгацын эргэн төлөлтөө хийгээрэй, яаралтай хийхгүй бол шүүхэд өгнө гэж хэлэхэд мэдсэн. Тухайн үед би Мөнхзулд Ц.Нарангэрэл надаар төсөл бичүүлж авсан, төлөх ёстой гэж хэлээд Ц.Нарангэрэлийн утасны дугаарыг өгсөн. Миний бие Ц.Нарангэрэлд чацарганы модны төсөл бичиж, авч өгсөн биш хүний өмнөөс Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт өрөнд ороод байна. Иймд Ц.Нарангэрэлээс чацарганы модны үнэ, алдангид 3.432.850 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Нарангэрэлийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Намайг 2012 онд Шуудан үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх үед манай шууданч М.Мөнгөнцэцэг миний өрөөнд орж ирээд Хөдөө аж ахуйн газрын төслөөр чацарганы суулгац авч тариалах бодолтой байна. Ганцаараа тарихад ажиллагаа ихтэй, манай хамт олон надад туслахгүй болов уу гэсэн хүсэлт тавьсан. Хамт олны хурал дээр энэ талаар хэлэхэд дэмжсэн. Бид мод тарих талаар мэдлэггүй байсан учир М.Мөнгөнцэцэг хариуцахаар болсон. Ингээд ажлын хашаанд байсан хуучин шонгийн модны хөл, илүүдэл мод, төмрөөр болон Цэнхэрмандал сумаас шургааг авчирч хашаагаа бариад суулгацаа суулгасан. Хажууд нь ажилчдынхаа хэрэгцээнд зориулж хүнсний ногоо тариалж, тэр жилдээ ургац авсан. 2013 оны 3 дугаар сард М.Мөнгөнцэцэг ажлаас халагдсан. 2013 оны зун биднийг очиход чацарганы мод болон ногоо зүгээр ургаж байсан ба 9 дүгээр сар дөхүүлээд ногоогоо хураана гэсэн бодолтой жолооч нараа явуулахад хашааны хаалга нь онгорхой чацарганы мод болон ногоо байхгүй болсон байсан. М.Мөнгөнцэцэгт хамт олноороо тусалж, тухайн газарт нарийн ногоо тарьсан болохоос би хувьдаа чацарганы мод авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0дугаар сарын 22ы өдрийн 156/ШШ2019/00387 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Нарангэрэлээс 3.432.850 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.876 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 226/МА2019/00020 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00387 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.876 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь 2019.07.18-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй тул хойшлуулж, 2019.07.22-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон бөгөөд тэд мөн өдөр мэдсэн. 2019.07.22-ны өдөр хурлын өмнө өмгөөлөгч Л.Наранчимэг нь нэхэмжлэгчийн хамт ирж хэргийн материалтай танилцаж, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хуралдаан дээр шүүгч нэмж гаргаж өгөх нотлох баримт байна уу, санал хүсэлт байна уу гэхэд нотлох баримт байхгүй, хүсэлт гаргасан, гэрчүүд байцаалгах хүсэлтээс н.Долгормааг оролцуулсан. Хэргийн материалаа уншиж судлаагүй тухай гомдол гараагүй. Иймээс өөрсдийнх нь хүсэлтээр гэрчээр байцаагдсан Л.Ганхуурай, Л.Байгалмаа, Б.Түвшинбаяр, н.Долгормаа нарын мэдүүлгүүдийг уншиж судлуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасны зөрчсөн байна гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Шүүгчийн туслах нь өөрийн үүргийн дагуу хурлын товыг хуульд заасан хугацаанд зохигчид нэгэн адил мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл хийх эрхээ өөрөө эдлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хэрэгтэй танилцаж, гэрч асуулгах хүсэлт гаргаж, мэдүүлэг авах ажиллагаанд оролцож мөн хурал дээр санал хүсэлт гаргаагүй. Иймд гомдлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 М.Мөнгөнцэцэг, Ц.Нарангэрэлд холбогдуулан 3.432.850 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...хэргийн баримтыг нэхэмжлэгчид бүрэн танилцуулаагүйгээс хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн тамгагүй, ёсчлогдоогүй шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулсан гэж заасан нь үндэслэл муутай байна.

 а/. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 156/ШЗ2019/01236 тоот захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт хийхээр товлож, зохигч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдсэн тухай баримт хэргийн 45-47-р талд авагджээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд ирж хэргийн баримттай танилцаагүй, товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй байна.

 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өөр шүүх хуралдаантай гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч авч хэргийн баримттай танилцуулах хүсэлтээр хойшлогдсон, шүүх мөн өдрөө дараагийн шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт хийхээр товлож, энэ тухай хэргийн оролцогчдод мэдэгджээ./хх-56-57-р тал/

 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хэргийн баримттай танилцсан тухай баримт хэргийн 21-р талд авагдснаас гадна тэд шүүх хуралдаан эхлэхэд хэргийн баримттай танилцах, шинэ нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, эдгээр баримтын хүрээнд зохигч мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 Иймд хэргийн материалыг дутуу танилцуулсан, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасантай нийцээгүй гэж дүгнэв.

 б/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана, 119.2-т шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно, 119.3-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж тус тус заажээ.

 Хэрэгт байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч Т.Бадрах гарын үсэг зурсан, шүүхийн тамга дарагдсан байна. Харин нэхэмжлэгчид гардуулан өгсөн шийдвэрт шүүгчийн гарын үсэг зурагдсан боловч тамга дарагдаагүй нь тогтоогдсон, энэ нь зөрчил мөн боловч уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтойд тооцогдох үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Иймд тамгагүй, ёсчлогдоогүй шийдвэр гардуулсан гэх үндэслэл шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

 Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

 2. Нэхэмжлэгч хариуцагчаас 3.432.850 төгрөг шаардахдаа ...1200 ширхэг чацарганы суулгац өгсөн, уг суулгацын мөнгийг хариуцагч нь Хэнтий аймаг, Баянхутаг сумын Хүнс хөдөө аж ахуйн газарт төлөөгүйгээс тус газар надаас нэхсэн. Иймээс чацарганы суулгацын үнэ 2.800.000 төгрөг, алданги 632.850 төгрөг гаргуулна гэсэн байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...нэхэмжлэгч өөрөө төсөл бичиж чацарганы суулгац авч тариалах бодолтой байгаагаа хэлсэн. Тухайн үед удирдах ажилтан байсны хувьд хамт олноороо түүний ажилд тусалж чацарганыг хамт суулгалцсан, өөртөө авч тарихаар тохиролцоогүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, зохигчийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

 Тухайлбал, хэргийн баримтаар зохигч тохиролцож нэхэмжлэгч өөрийн нэрээр төсөл бичиж, Баянхутаг сумын Хүнс хөдөө аж ахуйн газраас 1200 ширхэг чацарганы суулгацыг авч хариуцагчид дамжуулж өгөх, хариуцагч нь суулгацын үнийг тухайн байгууллагад төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн буюу талуудын хооронд гэрээний харилцаа үүсч харилцан үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Иймээс нэхэмжлэгчид чацарганы суулгацын үнэ, алданги шаардах эрх үүсээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцсэн гэж дүгнэв.

 Харин тус шүүх дээрх дүгнэлтийн зэрэгцээ ...үүрэг үүсээгүй байхад чацарганы суулгацыг хүлээн авч хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай нийцээгүй тул энэ алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 226/МА2019/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 156/ШШ2019/00387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 2. Хариуцагч Ц.Нарангэрэлийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 69.876 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                            Д.ЦОЛМОН