Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 223/МА2019/00011

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 223/МА2019/00011

 

Х.О-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдох,

“2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-н үйлдлийг хууль бус болохыг тогтоох, 2 185 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Хишигбаяр, хариуцагч Ц.Э , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баяраа, Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Э оос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 11 сар 25 хоног буюу ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ  байгуулж, 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. Мөн гэрээнд хүү, алданги тооцохоор зааж Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу 1 жилийн 4.2 хувийн хүүтэй 64 000 000 төгрөгийг зээлснээс зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. 2012 онд Ц.Э , эхнэр Д.Уранчимэг нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчхаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд  гарын үсэг зуруулчихаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй.  Үүний дараа 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн. Ингээд 2012 оны 1 200 000 000 төгрөгийн гэрээний хүү, алданги нэмж 1 560 000 000 төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг  байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1 560 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1 560 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор  хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно.  Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 гаруй төгрөг, 1 200 000 000 тэрбум төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна.

Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн  байсан. 2013 оны гэрээнд 1 200 000 000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1 560 000 000 төгрөг шаардаж, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.

Иймд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-н үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг Ц.Э болон түүний эхнэр Д.Уранчимэг нарт бэлнээр өгсөн, тухайн үед Ц.Э, Д.У бид нар олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж зээлдүүлсэн болно. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлдүүлсэн нийт 2 284 000 000 төгрөгийг надад буцаан өгөхгүй байна.

2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сар 25 хоног, ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1 дэх хэсэгт 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр байгуулж, хүү, алданги тооцохоор заасны дагуу 64 000 000 төгрөгийн зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. Энэхүү 98 688 000 төгрөгийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2 284 000 000 төгрөгөөс хасвал 2 185 000 000 төгрөг болж байна. Иймээс Ц.Э оос 2 185 000 000  төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Ц.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.О  нь Ц.Э той 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1тэрбум  200 сая төгрөгийг зээлж авсан.

  Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.О  нь үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1 500 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж,хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Х.О  нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Гэтэл Х.О  нь зээлж  авсан мөнгөө огт аваагүй гэж байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар Ц.Э оос мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн Х.О-н  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Э-н  санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой бөгөөд Х.О оос аливаа байдлаар зээл авч байгаагүй болно. Ц.Э-н хувьд Х.О той хамтран худалдаж авсан "Уянган" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор Х.О оос авах авлагын асуудлын маргаан байдаг бөгөөд энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг Х.О  нь өөрөө надад мөнгө өгсөн гэж, мөн үүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Х.О оос гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э сөрөг нэхэмжлэлдээ: “...Х.О той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн.

 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.О  нь дээрхи 463 тоот гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Гэвч Х.О  нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1 770 000 000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113 514 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1 883 514 500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн. Өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй  байна.

Иймд Х.О оос 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага  нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байна. Х.О  нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:

1.үндсэн зээл 1 200 000 000 төгрөг

2.2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд хүү 540 000 000 төгрөг

3.алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2 400 000 төгрөг нийт 3 141 600 000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600 000 000 төгрөг нийт 2 340 000,000 төгрөг болж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Л.Батбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “... гэтэл бодит байдал дээр Х.О  нь Ц.Э оос 2005 онд 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлж, гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг хүүтэй, зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг хариуцагчид төлөхөөс төлбөрийг хэтрүүлэн төлсөн.  2012 онд Ц.Э , эхнэр Д.Уранчимэг нар нь Х.О ыг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, очиход нь нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан.  Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан,  их хэмжээний мөнгөний тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлсэн. Тухайн үед  нэхэмжлэгч ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй.  Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 төгрөг, 1 200 000 000 төгрөгүүдийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээн нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд байна. Түүнчлэн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд 1 200 000 000 төгрөг огт шилжээгүй, шилжсэнтэй холбоотой баримт ч байхгүй байдаг. Ийм байхад дээрх байдлаар мөнгө авсан, өгсөн болгон бичиж сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь татгалзлаа нотолсон баримтаа огт гаргаж ирүүлээгүй, учир нь Х.О од 1 200 000 000 төгрөг өгсөн бол түүнтэй холбоотой баримт огт байхгүй. Уг мөнгийг хаанаас гаргаж өгсөн, ямар дэвсгэртүүд байсан, нотариатын өмнө өгсөн эсэх, хаана өгсөн зэрэг баримтууд, гэрчүүд байхгүй. Нэг л Б.Энхээ гэх Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатоор гэрээнүүдийг гэрчлүүлж, нотариатаар гэрээг бөглүүлж, мөнгийг бэлнээр аваагүй байхад авсан болгож сүүлд нь нөхөж бичээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл, хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012 оны гэрээний хувьд зээлийн гэрээний үүрэгт тухайн мөнгийг шилжүүлж өгсөн байхыг шаарддаг. Иргэнийг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй.  Зээлийн гэрээ байгуулсан бол заавал тухайн мөнгийг нь өмчлөлд нь шилжүүлсэн байхыг шаарддаг, гэтэл ийм зүйл байхгүй байгаа. 1.200.000.000 төгрөг гэдэг бол маш их хэмжээний мөнгө, Ц.Э энэ мөнгийг Х.О од бэлнээр өгсөн гэж ярьдаг. Бодит байдал дээр зүгээр л ямар ч баримт үйлдэхгүйгээр ийм их хэмжээний мөнгийг бэлнээр өгнө гэж байхгүй, энэ бодит байдалд нийцэхгүй байна. Үнэхээр мөнгө шилжүүлсэн болон дансаар шилжүүлж өгөх ёстой юм уу эсвэл мөнгө хүлээлгэж өгсөн баримт байх ёстой. Гэтэл бэлнээр хүлээлгэж өгөв гээд гараар бичсэн бичмэлийг харуулдаг. Х.О-н зүгээс надаар гарын үсэг зуруулаад дараа нь их хэмжээний мөнгө зээлсэн гэж гараараа бичсэн байна гэж хэлдэг. Энэ баримтыг харахаар ийм байх бүрэн боломжтой. Гараар бичиж байгаа юм чинь мөнгөн дүнг яаж бол яаж өөрчилж болно. Олон жилийн турш зээлийн харилцаатай явж байгаад мөнгөн дүнг нэгтгэж гаргасан гэж үзэж байгаа. 2012 онд 1.200.000.000 төгрөг өгсөн гэдэг гэрээг хийсний дараагаар 2013 онд 1.560.000.000 төгрөг авах ёстой гэсэн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч талаас 2013 онд байгуулсан гэрээгээр 1.560.000.000 төгрөгийг Х.О од өгөөгүй харин 1.200.000.000 төгрөгийн хүүтэйгээ нилээд ийм мөнгөн дүнтэй болсон гэж хэлдэг. Үүнээс үзэхээр 2013 онд Х.О од 1.560.000.000 төгрөгийг өгөөгүй гэдэг нь нотлогдож байна.  Мөн үүний дараагаар 1.780.000.000 төгрөг авна гэж гараар бичүүлж авсан байдаг. Энэ мөн адил 1.560.000.000 төгрөгөө хүүлээд ийм хэмжээний мөнгө болсон гэдэг нь нотлогдож байгаа. Энэ бүгдийг хараад үзэхээр Х.О той хийсэн гэрээ нь хууль бус, ямар ч мөнгө шилжүүлж өгөөгүй. Өмнө зээлсэн мөнгөө хүүлээд гаргасан мөнгөн дүн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар 2.284.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, энэ тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт  хариуцагч Ц.Э нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар тайлбар хэлсэн байдаг. Мэдүүлэгт лиценз худалдан авахад 64.000.000 төгрөг зээлсэн, Би Х.О оос 1.600.000.000 төгрөгийг авсан гэдэг талаар хэлдэг. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст сэжигтнээр байцаалт өгөхдөө  энэ талаар хэлсэн байдаг. Д.Уранчимэг, төрсөн дүү Ц.Байгалмаа нар 1.600.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлсэн байдаг.

 Байцаагчийн зүгээс ямар учиртай мөнгө та яриад байгаа гэж асуухад, лиценз 4.200.000.000 төгрөгөөр зарснаас би 1.600.000.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 700.000.000 төгрөгөө ав гэж тайлбарыг өгсөн байдаг. Хариуцагч Ц.Э-н Эрүүгийн цагдаагийн газар өгсөн тайлбараар Х.О оос 1.600.000.000 төгрөгийг авсан гэдэг нь нотлогдож байна. Иймд 2.284.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2.340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэтэл хамгийн сүүлд тооцоо нийлсэн актаар 1.049.000.000 төгрөгийг авах ёстой гэж бичүүлээд, энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тооцоо нийлсэн баримт байхгүй. Өөрсдөө энэ талаар нотолсон баримтаа өгөх ёстой. Үнэхээр л 2.340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол 1.200.000.000, 1.560.000.000, 1.800.000.000, 1.049.000.000 төгрөгүүдийг өөрсдөө үгүйсгэх ёстой.

Өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. 2016 оны 09 сараас хойш ямар ч баримт үйлдэгдээгүй. Үнэхээр нотлогдсон нь юу вэ гэхээр Х.О  1.600.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогдсон. Ц.Э 1.200.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 оны зээлийн гэрээгээр 64.000.000 төгрөгийг Ц.Э оос зээлсэн байдаг. Энэ мөнгийг алданги, хүүтэй нь тооцож үзэхээр 98.688.000 төгрөг болсныг бүгдийг нь өгсөн. Үүний дараагаар 2012 онд Д.Уранчимэг, Ц.Э нар нь Х.О ыг дуудаж 2005 оны зээлийн гэрээний хүү, хүүгийн хүүгийн хүү, алданги зэргийг бодож дахин гэрээгээ шинэчилнэ гэдэг зүйлийг ярьсан байдаг. Тухайн үед Х.О-н биеийн байдал муу байсан учраас гарын үсэг зурчих гэхээр нь гарын үсгээ зурсан. Гэтэл үүнийг нотариатаар баталгаажуулж 1.200.000.000 төгрөг зээлсэн гэдэг гэрээг хуурамчаар хийсэн байсан. Иргэний хуулийн  282.4-д зааснаар энэ мөнгө нь бодитоор шилжүүлж авсан зүйл байдаггүй. Үүнээс үзэхэд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн сүүлд нь Х.О  нь хаанаас яаж бодож гаргасныг мэдэхгүй 1.560.000.000 төгрөг зээлсэн гэдэг баримтыг олж мэдсэн. Мөн 2.284.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа. Ц.Э нь мөнгийг хүлээж авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгүүд болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа.” гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2002 оноос хойш  эхлэн Х.О од мөнгө зээлдэг, түлш шатахуун болон хүнсний зүйлийг зээлээр өгдөг байсан.  Олон жил зээл өгч тусламж үзүүлдэг байсан  учраас бид хоёрын хооронд итгэлцэл үүсч эхэлсэн.  2005-2006 оны хооронд Заамар суманд Заамарын их хоёр гэдэг газарт хайгуулын лиценз талбайг өөрийнхөө 65.000.000 төгрөгөөр Мягмар гэж хүнээс худалдаж авсан. Худалдаж авсан хайгуулын лицензтэй талбайдаа 2008-2009 оны хооронд нөөцийг тогтоосон. Ингэхдээ Х.О  надаас 200.000.000 төгрөг авсны дагуу ашигт малтмалын МҮ01963 хайгуулын лицензтэй болсон. Х.О  нь миний хувийн мөнгө болох 300.000.000 төгрөгөөр ашиглалтын лицензтэй болсон. 2005 онд би Х.О од 64.000.000 төгрөгийг зээлүүлж, хүү алдангитай нь нийлүүлээд 98.688.000 төгрөгийг удаалгүй төлсөн, энэ цагаас эхлэн бид хоёрын бизнесийн харилцаа эхэлсэн. Х.О  бол надад алтаа өгдөг байсан. Би өөрөө хөрөнгө оруулсан болохоор танай компанийн ажилд оролцохгүй харин ашиглалтын лиценз дээр миний нэрийг оруул гэж хэлдэг байсан. Ашиглалтын лицензийн төлбөрийг Х.О  бид хоёр ээлжлэн төлдөг байсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. 2010 оноос эхэлж Х.О-н биеийн байдал муудаж Бүгд найрамдах Солонгос улс руу явж эмчлүүлж эхэлснээс хойш компанийнх нь үйл ажиллагаа доголдсон. 2012 онд Төв аймгийн Заамар сумын Наймган болон Гахайн байрны ойролцоо том үйл ажиллагаа явуулахын тулд надаас 1.200.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Уг мөнгийг Ц.О-д  би мөнгөө оффистоо өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатар гэдэг хүнд компанийн талбайн нөөцийн 20 хувийг 4.2 тэрбум төгрөгөөр зарсан. Үүний дараагаар Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатар, түүний өмгөөлөгч  Ц.Баасандорж нар Х.О , Ц.Э гэдэг хоёр хүн биднийг залилсан гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдөл өгсөн. Тухайн өдөр эхний ээлжид Уулс Заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатар нь 1.200.000.000 төгрөгийг Х.О од өгсөн. Ямар ч 684.000.000 төгрөгийг манай эхнэр болон надад өгөөгүй.

Гэтэл Уулс заамар ХХК захирал Ц.Батбаатар, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргаж Х.О , Ц.Э хоёр намайг залилсан гэж гомдол өгсний дагуу бид хоёр байцаалт өгсөн. Байцаалт өгөхдөө 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулаад 1.200.000.000 төгрөгийг Х.О  авсан талаар хэлсэн. Х.О  нь намайг 684.000.000 төгрөг авсан гэж гүтгэж байна. 2016 оны 09 сард Ц.Батбаатартай эвлэрээд, 4.400.000.000 төгрөгөөр ашиглалтын лиценеээ худалдах, худалдах авах гэрээгээр өгсөн. 2016 оны 09 намайг Төв аймгийн Заамар суманд ажлаар явж байхад Х.О  ирж мөнгө ав гэж утсаар ярьсан. Үүний дагуу эхнэр Д.Уранчимэг, миний төрсөн дүү Ц.Байгалмаа нар Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатарын оффист очиж 1.600.000.000 төгрөгийг бэлнээр авсан, тухайн үед Ц.Баасандорж өмгөөлөгч өөрөө байлцсан. Ингээд үлдэгдэл 700.000.000 төгрөгийг надад дараа нь шилжүүлж өгөхөөр тохиролцож, Х.О  компанийнхаа албан бланк нь дээр бичиг хийж өгсөн.

Үүний дагуу дараа Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатартай уулзаад мөнгө авах гэсэн чинь манай өмгөөлөгчтэй уулз гэж хэлсэн. Гэтэл Ц.Баасандорж өмгөөлөгч нь над руу дайрч Уулс заамар ХХК болон Уян ган ХХК хоёрын хоорондын асуудал болохоос энэ 700.000.000 төгрөг чамд ямар ч хамаагүй гэж хэлсэн. . Би одоо 700.000.000 төгрөгөө Уулс заамар ХХК-иас нэхэмжилнэ. Х.О оос амьдралдаа нэг ч төгрөг зээлж аваагүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд би 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилчдын талбайн хажуу талын нотариатаар орж 463 тоот гэрээ үйлдэж Х.О од 1.200.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Бэлэн мөнгийг өгөхдөө өөрийн оффисдоо өгснийг Х.О  цүнхэндээ хийгээд гарсан. Үүний дараагаар дээрх мөнгөө өгөхгүй байсан учир  2013 онд дахин зээлийн гэрээ үйлдэж 1.560.000.000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. 2014 онд өр барагдуулах тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Х.О  түүний эхнэр Дунгармаа нар гарын үсэг зурсан. 2016 онд Х.О-н гарын үсгийг зуруулаад эрхий хурууны хээг даруулсан. Өөрөө л өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгийг Х.О  бол авсан нь үнэн гэв.

Хариуцагчдийн өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баримтаас харахад 2012 онд 1.200.000.000 төгрөгийг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан, 2013 онд энэ гэрээгээ баталгаажуулж зээлийн гэрээ хийсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Х.О  нь төлбөр барагдуулах гэрээ хийсэн, дахин 2016 онд төлбөр төлөх талаар гэрээг хийсэн. Энэ байдлаас харахад 2012 онд байгуулсан гэрээн дээр нөхөж бичсэн үү гэдэг нь үгүйсгэгдэж байна. Мөнгө өгөөгүй тохиолдолд мөнгийг шаардах эрх яригдахгүй учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн ойлголт байхгүй. 2005 онд зээл 64.000.000 төгрөг, зарим бараа бүтээгдэхүүн зээлж авсантайгаа нилээд 200.000.000 төгрөг болсон гэж байгаа. Гэтэл энэ мөнгийг яаж ч хүүлж, алданги тооцоход 1.200.000.000 төгрөг болохгүй, ямар ч боломжгүй. Зээлийн маргаантай өөр төрлийн маргаан хольж ойлгож болохгүй. 1.600.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн лиценз зарсантай холбогдуулж авсан.  1.600.000.000 төгрөгийг Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатараас Д.Уранчимэг нь Ц.Байгалмаа гэж хүнтэй өөрөө очиж авсан болохоос Х.О оос авсан зүйл байхгүй.  Энэ мөнгө мөн чанартаа Х.О оос гарсан уу гэдгийг нотлох ёстой. “ Уян ган” ХХК-ийн мөнгө үү, “Уулс заамар” ХХК-ийн мөнгө үү гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатар гэж хүн энэ мөнгийг нэхэмжлэх ёстой. Бусдын өмнөөс мөнгө нэхэх эрхтэй гэдэг нь эргэлзээтэй байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ц.Э цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ 1.600.000.000 төгрөг авсан гэж хэлдэг. Энэ талаар хоёр удаа тайлбар өгсөн байхад зөвхөн нэг мэдүүлгийг нь яриад байна. Д.Уранчимэгийн хувьд 684.000.000 төгрөгийг аваагүй. Харин 1.600.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн маргаантай холбоотойгоор Уулс заамар ХХК-ийн захирал Ц.Батбаатараас авсан. Х.О оос авсан зүйл байхгүй. Ц.Батбаатараас авсан мөнгө нь Х.О-н мөнгө байсан уу гэдгийг нотлох ёстой. Гэтэл Х.О  энэ мөнгийг зээлсэн мэтээр ярьж болохгүй. Нэхэмжлэгч талаас баримт гуйвуулж ярьж байна гэдэгт нь гайхаад байна. 2016 онд байгуулсан гэрээнд дурдсанаар мөнгөө төлж дууссан гэж бичсэн болохоос мөнгөө төлсөн гэж бичээгүй. Ийм үг, үсгэн дээр гуйвуулж тайлбар хэлж болохгүй. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. 2012 онд байгуулсан гэрээгээ 2013 онд нэмж байгуулсан. Мөн 2014, 2016 онуудад дахин нэмж гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад явсан.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.О , Ц.Э нарын хоорондын зээлтэй холбоотой асуудлаар талууд байр суурь зөрүүтэй байна. Энэ тохиолдолд нотлох баримтыг үндэслэх нь зүйтэй. Зээлтэй холбоотойгоор банкны данс ашиглагддаггүй гэдэг нь тодорхой болсон. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг дээр Х.О , Ц.Э нараас сэжигтнээр байцаалт авсан байдаг. Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, өөрт ашигтай нотлох баримтыг түүвэрлэж авчраад тайлбар хэлэх нь үндэслэлгүй.” гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Х.О-н нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 2 185 000 000 төгрөг гаргуулах, Ц.Э-н сөрөг нэхэмжлэлтэй Х.О од холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 040 950 төгрөг, хариуцагч Ц.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 857 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2018/00351 дүгээр шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч Х.О  гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Ц.Э оос 2.185.000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж. шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан, нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, бодит нөхцөл байдалд хамааралгүй байдлаар дүгнэлт гаргасан байх тул Ц.Э оос 2.185.000.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д "...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан байдаг. Энэ гэрээний зохицуулалтаас харахад иргэд хоорондоо мөнгө зээлдүүлсэн тохиолдолд Зээлдүүлэгч нь буюу Ц.Э нь зээлсэн гэх мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр заасан байна.

Гэтэл бодит нөхцөл байдал дээр Ц.Э нь Х.О од 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр 64,000,000 сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар зээлдүүлж, улмаар уг зээлдүүлсэн мөнгөн дээрээ хүү, хүүгийн хүүгийн хүү нэмж хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүдийг 2012 онд 463 дугаартайгаар, 2013 онд 808 дугаартайгаар байгуулсан болох нь хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж тогтоосон.

Ц.Э нь Х.О оос 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг, мөн 2016.09.01-ны өдөр I тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Ц.Э нь Х.О оос 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан тухайд:

Ц.Э нь 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг бэлнээр өөрийн эхнэр Уранчимэгийн хамт авсан байдаг.

Мөн 2016.09.01-ны өдөр 1 тэрбум 600 сая төгргийг Ц.Э-н эхнэр дүүгийн хамт ирж Сүхбаатар дүүргийн 6 хороонд байрлах Метробизнес төвд ирж бэлнээр тоолж авсан байдаг. Энэ тухайд Ц.Э , түүний эхнэр Д.Уранчимэг нар нь цагдаагийн газарт мэдүүлэхдээ:

1. Хавтаст хэргийн /цаашид "хх" гэх/-181-182 талд 2016.01.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ Ц.Э нь 2005 онд 65 сая төгрөг өгсөн. "Уулс заамар" ХХК-д 4.3 тэрбум төгрөгөөр өөрсдийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг зарсан. Уг зарсан мөнгөө Х.О  бид 2 хувааж авсан гээд Заамарт миний бие ажлаар явж байхад 2016.09.01-ний өдөр 1.6 тэрбум төгрөгийг эхнэр Д.Уранчимэг, дүү Байгальмаагийн хамт бэлнээр авсан гээд Ц.Э нь 4.3 тэрбум төгрөгөөр лиценз зарсан. 2.4 тэрбум төгрөгөөс надад 2 тэрбум 150 сая төгрөг нь өгөх ёстойгоос 1.6 тэрбум төгрөгийг өгсөн гэдэг зүйлийг мэдүүлсэн байдаг.

2. хх-ийн 95-97 дугаар талд Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э өгсөн мэдүүлэгтэй Х.О  "Уулс заамар" ХХК-ийн захирал Батбаатараас 1,6 тэрбум төгрөгийг өгч надад өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

3. 2016.11.23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э өгсөн мэдүүлэгтэй “Уянган” ХХК-ийн 50 хувь минийх Х.О  тус компанийн нэр дээр байсан лицензийн зарсан. Тэгээд 50 хувийг нь надад өгөхгүй байгаа гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Хариуцагч Ц.Э-н эхнэр Д.Уранчимэг нь хх-т авагдсан цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүддээ:

1. 1 дүгээр хх-ийн 92-94 дүгээр талд 2016.11.10-нд Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн Д.Уранчимэг нь мэдүүлэгтээ: Х.О  нөхөр бид хоёроос мөнгө зээлж үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Бид хоёроос 2 хуваарь мөнгө зээлдэг байсан. Мөнгөний тоог нарийн сайн мэдэхгүй байна. 2016.09 сард Х.О оос бэлнээр 1 тэрбум 600 сая төгрөгийг авсан гэж мэдүүлсэн.

2. 1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дугаар талд байх 2016.01.29-ны өдөр өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Анх лиценз авахад нь 65 сая төгрөг өгсөн. Миний бие дүү Байгалмаагийн хамт тооцоо хийж 1.6 тэрбум төгрөгийг бэлнээр очиж авсан. Лицензийг манай хоёр гэр бүл хамтарч худалдаж авсан. Тийм учраас уг газрыг борлуулахад нөхөр бид 2 тодорхой хувийг авах ёстой байсан учраас дээрх мөнгийг авсан гэх зэрэг тайлбар мэдүүлгүүдийг өгсөн.

Дээр дурдсан Ц.Э , эхнэр Д.Уранчимэг нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байдаг. Үндсэндээ бол дээрх баримтуудаас харахад Х.О оос нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг Ц.Э зээлж авсан болох нь хангалттай тодорхой нотлогддог. Иймд дээрх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэх нь зайлшгүй бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч нарын тайлбарт ч эдгээр мөнгийг авсан болохыг хангалттай тодорхой тайлбарлан хэлсэн байдаг. Үүнийг ч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдахдаа Ц.Э Х.О оос нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгө нь "Уянган" ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэслэлтэй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудад Ц.Э нь "Уянган" ХХК-ийн нэр дээр байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэж нэг бус удаа тайлбарлаж мэдүүлэг өгсөн, шүүх түүнийг үндэслэн тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн "Уянган" ХХК-ийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаанд Ц.Э нь хэзээ ч тус компанийн хувьцаа эзэмшигчээр байгаагүй болох нь нотлогдож байхад хувьцаа эзэмшигчийн хуваарь ногдох хувиа авсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар болох нь үгүйсгэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг нотолж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2005 онд зээлсэн 64,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт тооцож 98,688,000 төгрөг болохыг тодорхойлж, Ц.Э од өгсөн мөнгөнөөсөө хасч 2 тэрбум 185 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Ц.Э, Д.У нарын 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг авсан, мөн 2016.09.01-ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан гэдгээс үндэслэж гарсан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд энэ мөнгийн авсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан нь шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлтэй нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 192 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад Х.О од Ц.Э оос 2,185,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, Тогтоох хэсгийн хэсгийн 3 дахь заалтад ИХШХШТХ-ийн 56.2-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хангагдсан шаардлагад нь тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэл болгож, нотлох баримтыг бүхий л талаас нь үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар дээр үндэслэсэн, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Үүнд:

1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул ..." гэж дүгнэсэн байдаг. Шүүх Иргэний хуулийн 58.3.1-д заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байдаг. Гэтэл Х.О  болон Ц.Э нар нь хэн аль нь бие биенээ маш сайн мэддэг төдийгүй он удаан жил хамтран ажиллаж байсан тул хэлцэл хийгч нь нөгөө талынхаа талаар төөрөлдсөн гэж үзэх боломжгүй, мөн зээлийн гэрээ байгуулж байгаа талаар буюу хэлцлийн агуулгын талаар ч төөрөлдөөгүй, өөр хэлцэл байгуулах ёстой байсан зэрэг нь баримтаар нотлогддоггүй юм. Хэрэв нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдсөн бол энэ талаар нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх, нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурьдах, түүнчлэн шүүх хурал дээр энэ талаар мэтгэлцэх, баримт нотолгоо гаргах ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарт дурьдсан гэрээний зарим зүйлийг нөхөж бичсэн гэдэг нь дээрх үндэслэлүүдийг нотлохгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл биш болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн нөхцөл бүрдээгүй байхад, нэхэмжлэгч төөрөгдсөн болох нь нотлогдохгүй байхад Талуудын маргаагүй асуудлаар ө.х ноцтой төөрөгдсөн байна гэж маргаагүй асуудлаар өөрөө дур мэдэн дүгнэлт хийж. зөвхөн нэхэмжлэгчийн хэдэн янзаар гаргаж тавьсан тайлбарыг үндэслэн нотлох баримт дээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль бус болно.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: "Хариуцагч Ц.Э 1 200 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О од зээлдүүлэхдээ бэлнээр өгсөн гэж тайлбар гаргадаг боловч нэхэмжлэгчийн мөнгө зээлж аваагүй гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар Зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлсэн болох нь , нотлогдохгүй байх тул Ц.Э-н зээлийн гэрээний үүрэг 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж дүгнэсэн байна. Иргэн Ц.Э миний бие иргэн Х.О од олон жилийн өмнөөс мөнгө зээлдүүлэх замаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж бизнесийг нь дэмжиж ажилладаг байсан. Тухайлбал 2005.11.28-ны өдөр 4.2 хувийн хүүтэй 64,000,000 (жаран дөрвөн сая) төгрөг зээлдүүлсэн боловч энэ мөнгийг шүүхэд нэхэмжлээгүй. Иргэн Ц.Э миний бие иргэн Х.О од 2012.04.18-ны өдрийн 463 тоот Зээлийн гэрээгээр 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 2012.04.18-2012.11.18-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Иргэн Х.О  нь энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул 2013 оны 5-р сарын 13-ны өдрийн 808 тоот Зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл, түүнээс бодогдсон хүүгийн хамт 1,560,000,000 төгрөг болсныг дахин хугацааг шинэчлэн сунгаж 2012.04.18-2013.10.18-ны өдрийг хүртэл 18 cap байхаар тохиролцсон. Иргэн Х.О  нь дээрх Зээлийн гэрээг надтай бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Бид энэхүү Зээлийн гэрээг байгуулахдаа нотариат дээр очин загвар зээлийн гэрээн дээр зээлийн гэрээний нөхцөлийг гараар нөхөж бичих замаар байгуулсан бөгөөд талууд хуудас бүр дээр гарын үсэг зурсан тул Х.О-н тайлбарлаж байгаачлан гарын үсэг зуруулаад нөхөж гэрээ хийх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн нотариат нь талуудын бичиг баримт, хувийн байдлыг тогтоож, мөнгийг бэлнээр хүлээлцүүлэн хөндлөнгийн байр сууринаас хэлцлийг гэрчилсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Иргэн Х.О  нь зээлийн гэрээний дагуу мөнгө авахдаа удаа дараа гэрээний нөхцөлийг зөвшөөрч нотариат дээр очин хамт гэрчлүүлсэн атлаа зээлээ төлөх болоход энэ гэрээн дээр зураагүй гэсэн хуурамч тайлбар шүүхэд гаргаж байна. Хэрэв зээлийн гэрээнд зураагүй бол ямар учраас удаа дараа гэрээний хуудас бүр дээр гарын үсэг зурсанаа тодорхой үндэслэлтэй тайлбарлах учиртай.

 

Иймд зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл, хүү, алдангийг хариуцагч Х.О оос гаргуулан Ц.Э од олгох хуулийн үндэслэлтэй юм. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаартай Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.О-н үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэн Ц.Э миний сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөг, үндсэн хүү 540,000,000 (таван зуун дөчин сая) төгрөг, алданги 600,000,000 (зургаан зуун сая) төгрөг, нийт 2,340,000,000 (хоёр тэрбум гурван зуун дөчин сая) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,857,950 төгрөгийн хамт хариуцагч Х.О оос гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:  

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай зээлийн харилцааны талаар болон хууль хэрэглэх асуудлаар хийсэн эрх зүйн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэл муутай, агуулгын зөрчилтэй болсны зэрэгцээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.О  нь хариуцагч Ц.Э од  холбогдуулан  2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О , Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, тус зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-н үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгөхийг хүссэн, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, /1-р хх-39 тал/ 2014 оны 11 дүгээр сарын 7, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 185 000 000  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэснийг, хариуцагч эс зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот, болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт нийт 2 340 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р хх-149-151тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Х.О-н удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар Д.Уранчимэгийг хамтран хариуцагчаар татсан байх ба 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Уранчимэгээс Ц.Э од итгэмжлэл олгосноор түүнийг төлөөлөх бүрэн эрхтэйгээр  Ц.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байна.            

Тухайлбал,

Нэхэмжлэгч Х.О оос 2012 оны 04 дүгээр сарын 18,  2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” эсхүл “хүчин төгөлдөр бус гэж тооцуулах “гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн алин болох нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачлагаараа “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл “ гэж үзэж, дээрх зээлийн гэрээнүүдийг “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тооцсон нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “ Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн “ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тооцсон талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдийг “ хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл ” эсхүл, хийгдсэн үеэсээ “ хүчин төгөлдөр  бус байх хэлцэл” гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2014 оны 11 дүгээр сарын 7, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 2 185 000 000  төгрөгийг хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан үндэслэл буюу зээлийн гэрээ зохигчдын хооронд амаар болон бичгээр байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх ба энэ үйл баримт нь мөнгө зээлэх, зээлүүлэх харилцаа бус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэстэй байна гэж дүгнэн, нэхэмжлэгч Х.О-н хариуцагч Ц.Э оос 2 185 000 000  төгрөгийг   зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Э-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

 

Нотлох баримтаар нэхэмжлэгч Х.О оос нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж  2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар , 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдийг,/1-р хх-5,10 тал/ хариуцагч Ц.Э оос татгалзах үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж 2012, 2013 оны зээлийн гэрээнүүд болон  зээлийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “ Өр барагдуулах тухай харилцан тохиролцоо “,  2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төлбөр барагдуулах талаарх баримт /2-р хх-113-114 тал/ зэргийг шүүхэд гаргаж өгчээ. 

Үүнээс үзвэл дээрх баримтууд нь хэргийн оролцогч хэн алины шаардлагуудтай хамааралтай байх бөгөөд хариуцагч Ц.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон бол нэхэмжлэгч Х.О  нь зээлийн гэрээг “хүчин төгөлдөр бус  хэлцэлд тооцуулах” шаардлагын үндэслэл болгожээ. 

 

Гэтэл шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, уг гэрээний дагуу төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн талуудын гарын үсэгтэй баримтуудыг огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2-д  заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэснийг зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч зээлийн харилцаа үүссэн эсэх талаар  эрс зөрүүтэй тайлбар гаргаж маргаж байгаа нөхцөлд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны нөхцөл байдлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж чадаагүй, дээрхи баримтуудыг зохигчдын тайлбар болон хэргийн бусад баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзэж үнэлэлт өгөөгүй байна.

 

Талууд 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж,хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба дээрхи зээлийн гэрээг байгуулагдсаны дараагаар нэхэмжлэгч Х.О  нь зээлийн гэрээний үүрэг болон “өр”-ийг хүлээн зөвшөөрсөн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “ Өр барагдуулах тухай харилцан тохиролцоо “, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “ төлбөр барагдуулах талаарх баримт “-ууд дээр гарын үсэг зурж, /хурууны хээгээ дарж/ төлбөр барагдуулахаа хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан  байна.

Нэхэмжлэгч Х.О  нь дээрхи баримтууд болон 2012, 2013 оны зээлийн гэрээнүүдийн талаар үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй ба “ гэрээнд дарамтад орж гарын үсэг зурсан, хуурамчаар гарын үсэг зуруулсан, “ гэх тайлбараа нотолж чадаагүй , хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй  байна.

 

Мөн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу бэлнээр 1 200 000 000 төгрөг  аваагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний 12-д “ 2012.04.18-нд бэлнээр авсан “ гэж тусгагдсан, 2012, 2013 оны зээлийн гэрээний дараа төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн,  өрийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрөөс 834 000 000 төгрөгийг төлсөн, үлдсэн төлбөрийг төлөх  талаар талууд тохиролцож 2014 оны 1 дүгээр сарын 28, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн  баримтуудыг  үйлдсэн, Х. Ц.О-д  зээл өгсөн талаар хариуцагч нар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дурьдаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. /1-р хх-167-186-р тал/.

Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “ Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь  үүргийг хүлээн зөвшөөрсөн бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэсэн заалтын дагуу өрийг хүлээн зөвшөөрөх, зээлийн гэрээний талаарх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зохицуулалтад харшлаагүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Иймд хариуцагч Ц.Э, нэхэмжлэгч Х.О оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “ Өр барагдуулах тухай харилцан тохиролцсон нь “ гэсэн баримтад “...2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ...нэг тэрбум долоон зуун далан сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов...Жич Уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов “ гэснээс үзвэл Х.О  нь  зээлийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн, үүнээс хойш хүү, алданги тооцохгүй гэсэн нөхцөлийг талуудын хэн  алин нь зөвшөөрч гарын үсэг зурж бичгээр тохиролцсон байна.

Үүнийг талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэх, эсхүл талуудын гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн  2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн баримтад дээр “834 000 000 төгрөгийг төлж, үндсэн 1 049 000 000 төгрөгийг 2017 онд багтааж төлж барагдуулна “ гэсэн  байх ба 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн баримтаар “....Жич Уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов “ гэсэн байгаа учраас  1 770 000 000  төгрөгөөс 834 000 000 төгрөгийг хасч, 936 000 000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Ц.Э-н сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас  сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээнүүдийг “ илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд” , “хууран мэхэлж хэлцэл хийсэн”, “гэрээ хүчин төгөлдөр бус”,“хүчин төгөлдөр бусад тооцуулах “,” хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн”  гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч     Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан үндэслэлгүй, мөн зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1., 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан 2 тэрбум 185 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тогтоох хэсэг нь өөр хоорондоо зөрчилтэй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох дүгнэлт үндэслэх хэсэгт хийсэн атлаа тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Тус шүүх уг иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхээс шилжүүлснээр хүлээн авснаас хойш 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 5 удаа, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 6 удаа, хэргийн зохигчдын хүсэлтээр 13 удаа, нийт 24 удаа шүүх хуралдааныг  хойшлуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж,  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байжээ. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэх алдаа биш байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х.О-н шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх ёстой байсан улсын тэмдэгтийн хураамж 6 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар  хойшлуулсныг шийдвэрлээгүй орхигдуулсан, улсын тэмдэгтийн хураамжийн тооцооллыг буруу хийсныг залруулах нь зүйтэй байна.

Хэргийн оролцогч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасан  тул  улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 151/ШШ2019/00192 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.3., 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Э , хариуцагч Д.Уранчимэг нарт холбогдуулан гаргасан  “2012 оны 4 дүгээр сарын 18, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  зээлийн гэрээний үүрэгт 2 185 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай “ гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.О оос 936 000 000 төгрөг / есөн зуун гучин зургаа сая / гаргуулж, хариуцагч Ц.Э од  олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 404 000 000 төгрөгийн шаардлагыг / нэг тэрбум дөрвөн зуун дөрвөн сая/ хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар  заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.О-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19 040 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжийн 6 000 000 төгрөгийг Х.О оос нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Ц.Э оос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11 857 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О оос 4 837 950 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Э од олгосугай “ гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  нэхэмжлэгч Х.О-н 11 100 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-н 11 857 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

          ШҮҮГЧИД                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                 Т.ЭНХМАА