Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00428

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2020/00026 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Ц.Энхболд,******* нарт холбогдох,

Ц.Энхболдтой байгуулсан 2012.04.18-ны 463, 2013.05.13-ны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

-Ц.Энхболд,******* нараас 2,284,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

-2014.01.28-ны өдрийн Өр барагдуулах харилцан тохиролцооны дагуу зээлийн өр, төлбөр 1,770,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч*******,*******,*******, хариуцагч*******, түүний өмгөөлөгч*******, Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Ц.Энхболдтой байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463, 2013.05.13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч нараас зээлийн төлбөрт 2,284,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014.01.28-ны өдрийн Өр барагдуулах харилцан тохиролцооны дагуу зээлийн төлбөрт 1,770,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас 1,600,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, хариуцагч*******той байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463 тоот, 2013.05.13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, хариуцагч*******,******* нарт холбогдох 684,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар *******оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19,692,950 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 11,857,950 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, нэхэмжлэгч *******оос тэмдэгтийн хураамж 6,000,000 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, төрийн сангаас 157,050 төгрөг гаргуулж буцаан олгож, хариуцагч*******,******* нараас тэмдэгтийн хураамж 8,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2020/00026 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1-д зааснаар*******той байгуулсан 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч*******,******* нараас 2,284,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, *******оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн ...олгож... гэснийг ...олгосугай... гэж, мөн заалтын хариуцагч*******,******* нараас тэмдэгтийн хураамж 8,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,008,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******ын нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 223/МА2020/00026 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хэд хэдэн баримтыг буруу үнэлсэн байна. Үүнд: Хоёрдугаар хавтаст хэргийн 23-26 дугаар талд авагдсан Худалдахудалдан авах гэрээ-г буруу тайлбарлаж үнэлсэн. Хоёрдугаар хавтаст хэргийн 23-26 дугаар талд авагдсан Худалдахудалдан авах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт гэрээний талуудыг тодорхойлсон байх бөгөөд худалдагч тал нь Монгол Улсын иргэн ******* гэж тодорхой заасан байдаг. Мөн гэрээний 2-р зүйлийн 2.2 дахь хэсэгт гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөх бөгөөд бүрэн төлж дууссанаар Уян Ган ХХК-ийн хувьцааг худалдан авагчид бүрэн шилжүүлэхээр заасан байна. Үүнээс дүгнэхэд уг гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан бөгөөд худалдагч тал болох ******* Уян Ган ХХК-ийн өөрийн эзэмшлийн 100 хувь хувьцааг бусдад худалдахаар агуулгатай байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн гэрээгээр байгууллага үүрэг хүлээсэн, Уян Ган ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөх нөхцөл үүсэж байгаа, төлбөр нь байгууллагад орох ёстой мэтээр тайлбарласан байгаа нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүйн зэрэгцээ гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болох нь ямар ч эргэлзээгүй байгаа юм. Гуравдугаар хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан Тодорxойлолт гэх бичмэл нотлох баримтыг буруу тайлбарлаж үнэлсэн. Уг Тодорхойлолт гэх бичмэл нотлох баримт нь Уян Ган ХХК-ийн албан бланк дээр үйлдэгдсэн, Уян Ган ХХК-ийн эзэмшилд байдаг 12763А лиценз бүхий ашигт малтмалын ашиглах орд газрын тусгай зөвшөөрлийн 50 хувийг******* эзэмшдэг бөгөөд цаашид энэхүү тусгай зөвшөөрөлтэй орд газрын захиран зарцуулах эрхийг олгож байгааг тодорхойлов гэсэн агуулгатай бичиг байдаг. Давж заалдах шатны шүүх уг бичгэн нотлох баримтыг үндэслэн хариуцагч******* нь 1,600,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ******* Уян Ган ХХК-ийн хувьцааг худалдаж олсон орлогоос тодорхой хэсгийг авсныг******* Уян Ган ХХК-ийн тодорхой хувийг эзэмшдэг, тусгай зөвшөөрлийг зохигчид хуваан эзэмшдэг байсан мэтээр зөвтгөн тайлбарлаж дүгнэлтээ үндэслэсэн байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн мөн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйд хүргэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг; 4.1.22-т хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг ойлгоно гэж тус тус заасан байдаг. Үүнээс үзэхэд иргэн тусгай зөвшөөрөл эзэмших, бусадтай хамтран эзэмших боломж хуулиар олгогдоогүй байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, дүгнэлт хийхдээ дээрх хуулийн зохицуулалтыг харгалзан үзээгүй. Цаашлаад гагцхүү хариуцагчийн тайлбарт үндэслэн нотлох баримтыг үнэлсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 3-р хавтаст хэргийн 23-р талд авагдсан Тодорхойлолт нь гагцхүү хариуцагч*******ын хүсэлтээр компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авах боломжит худалдан авагчтай уулзалт хийхэд үзүүлэх баримт болгон ашиглах зорилгоор үйлдсэн гэдэг.******* нь Уян Ган ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан авах боломжит худалдан авагч байна. Гэхдээ би уулзахад үзүүлэх бичиг баримт байхгүй учраас төвөгтэй байгаа тул надад нэг тодорхойлолт хийгээд өгчих гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс уг тодорхойлолтыг гарган өгсөн байдаг. Энэ талаар тайлбарыг нэхэмжлэгч шат, шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар үнэлэх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ******* компанид хувьцаа эзэмшдэг эсэх, хөрөнгө оруулсан эсэх зэрэг чухал нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гагцхүү Тодорхойлолт гэх баримтыг үндэслэн*******ыг хувьцааны төлбөр болох 1,600,000,000 төгрөгийг өмчлөх эрхтэй мэт дүгнэсэн нь алдаатай болсон байна. Хоёрдугаар хавтаст хэргийн хэргийн 26 дугаар талын ард авагдсан Гэрээний хавсралт гэх бичмэл нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...худалдах, худалдан авах гэрээний хавсралтад З.Батбаатарын төлсөн төлбөрийг******* хүлээн авахыг ******* зөвшөөрсөн зэргээс үзэхэд хариуцагчийг 1,600,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хуульд заасан үндэслэлгүй болно гэжээ. Ийнхүү дүгнэхдээ Худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралтыг зохих ёсоор тайлбарлаж, үнэлээгүй байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 26-р талын ард талд авагдсан №01 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралт 1 гэх баримтын агуулгаас харахад ******* нь З.Батбаатартай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог хүлээн авах эрхийг*******од олгосон байна. Нэхэмжлэгч уг баримтыг үйлдэх болсон нь тухайн үед биеийн байдал муу байсны улмаас гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явах магадлалтай байсан тул өөрийн найз Ц.Энхболдод өөрийн өмнөөс мөнгийг хүлээн авах эрхийг олгосон гэж шат шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Энэ зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан этгээд болох******* нь мөнгийг *******од шилжүүлэн өгөх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй буюу мөнгөн хөрөнгийг дур мэдэн ашигласаар өнөөдрийг хүрээд байна. ******* худалдах, худалдан авах гэрээний дагуу авах хувьцааны төлбөрийг захиран зарцуулах эрхийг*******од олгоогүй. Өөрөөр хэлбэл хувьцааны төлбөр нь нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө байсан бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс даалгасны дагуу хүлээн авсан этгээд болох******* захиран зарцуулах эрхгүй болно. Энэхүү мөнгөн хөрөнгийг******* өөртөө үлдээн захиран зарцуулах аливаа үндэслэл хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтаар нотлогдоогүй болно.

4.2. Шүүх хэрэгт цугларсан, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй тухайд: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь, бүрэн, бодитой үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 203-204 дүгээр тал болон гуравдугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа. Лавлагаанд зааснаар ******* нь 2007 онд Уян Ган ХХК-ийг үүсгэн байгуулж, түүнээс хойш дангаар хувьцаа эзэмшдэг болох нь тодорхой харагддаг. Тиймээс *******ын өөрийн хувьцааг худалдсаны үндсэн дээр олж авсан мөнгөн хөрөнгө нь түүний өмчлөлийн зүйл болно. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг үнэлээгүй. Мөн 1-р хавтаст хэргийн 95-р тал, 186-186-р талд авагдсан баримтаар 1,600,000,000 төгрөгийг хариуцагч******* хүлээн авсан болох нь тогтоогддог бөгөөд үүнийг хариуцагч нар үгүйсгээгүй. Үүнээс харахад хариуцагч*******,******* нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болох хувьцаа худалдсаны төлбөр болох 1,600,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл шүүх энд дурдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. 2018.09.07, 2018.11.21, 2019.02.01, 2019.04.10-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл. Ц.Энхболд нь нэхэмжлэгч *******оос 684,000,000 төгрөг авсан гэдгээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурдсан байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдож, нотлох баримтаар үнэлэгдэх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлээгүй төдийгүй энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ огт дүгнэлт хийгээгүй байдаг.

4.3. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг хэрэгжүүлээгүй тухайд: ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс*******,******* нараас 684,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч хариуцагч нар аваагүй гэж маргадаг. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа хариуцагч******* нь уг мөнгийг авсан гэдгээ хэлсэн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөгийг*******т бэлэн мөнгөөр өгсөн, өгөх үедээ мөнгө өгч байгаа фото зураг авч байсан ба тэр нь байгаа, тухайн өдрөө гараар тооцоо хийсэн зүйл байдаг гэсэн тайлбар, мэдүүлгийг өгдөг. Ийнхүү шүүх хуралдааны явцад талуудын тайлбар, мэдүүлгээр 684,000,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн эсэхийг тогтоох боломжтой бичмэл нотлох баримт, фото зураг байгаа талаар дурдагдсан тохиолдолд анхан шатны шүүх маргааныг нэг мөр, үндэслэл бүхий шийдвэрлэхийн тулд ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг удирдлага болгон нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан баримтуудыг нотлох баримтаар гаргуулан авах боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Тиймээс шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг бүрдүүлэх нь шүүхийн нэг чиг үүрэг байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 223/МА2020/00026 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нараас нийт 2,284,000,000 (хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн *******ын үндсэн нэхэмжлэлтэй, иргэн*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 223/МА2020/00026 тоот магадлалыг хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй бүхий л талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

5.1. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журам зөрчсөн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт Хариуцагч*******ын *******оос сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,770,000,000 төгрөгийн шаардлагын талаар анхан шатны шүүх ...талуудын хооронд 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээ, мөн 2014 оны өр, барагдуулах тохиролцооны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй... гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх зохицуулалтын дагуу хийсэн эрх зүйн дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгджээ гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй бүхий л талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн. Учир нь 2012 оны 463 тоот Зээлийн гэрээний 12 дугаар хэсэгт зээлийн мөнгийг авсан талаар буюу 2012.04.18-нд бэлнээр авсан гэж маш тодорхой баримт байгаа. ******* нь гарын үсгээ зурсан байдаг болно. Гэтэл энэхүү баримтыг үнэлж дүгнээгүй. тэр байтугай энэ талаар шүүх хуралд гэрч нар нь иргэн*******оос иргэн ******* нь бэлнээр 1,2 тэрбум төгрөгийг авсан талаар мэдүүлсэн байхад эдгээр ач холбогдол бүхий баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгч, үнэлж дүгнэлгүй, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй тул энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.Байгалмаа, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар ч үндэслэлгүйгээр зөвтгөж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй илт нэг талыг баримталсан гэж үзэхээр байгаа юм. Мөн зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,2 тэрбум төгрөгийг ******* авсан гэдэг үг, үсэгтэй 463 тоот зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр хэвээр байхад тэрхүү нотлох баримтыг үгүйсгэж үнэлж, дүгнээгүй атлаа ямар ч үндэслэлгүйгээр авч хэлэлцсэнгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан 2012 оны 463 тоот гэрээнд 1,2 тэрбум төгрөгийг олгосон талаар тодорхой тусгагдсан асуудлыг шүүх үгүйсгээгүй атлаа түүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Иргэн******* нь сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн дагуу байгуулагдсан дараах зээлийн гэрээний үүргийг шаардсан. Үүнд:

Гэрээний нэр

дугаар

огноо

дүн

Хүчин төгөлдөр болсон байдал

1

Зээлийн гэрээ

463 тоот

2012.04.18

1,200,000,000

Бичгээр байгуулж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн

2

Зээлийн гэрээ

808 тоот

2013.05.13

1,500,000,000

Бичгээр байгуулж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн

3

Өр барагдуулах тухай харилцан тохиролцсон нь

-

2014.01.28

1,770,000,000

Бичгээр бичмэлээр байгуулж, гарын үсэг зурсан

4

Өр төлбөр барагдуулах тухай

-

2016.09.07

1,883,514,500

******* өөрөө бичиж, гарын үсэг зурж, хурууны хээ дарсан.

/834 сая төгрөг төлж, 1,049 төгрөгийг 2017 онд төлнө/

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, улмаар өр барагдуулах талаар талууд 2 удаа бичгээр тохиролцсон тул иргэн******* нь зээлийн гэрээг цуцлах тухай шаардлага гаргахгүйгээр гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд нэхэмжилсэн болно. Дээрх бичгээр хэлцлүүдийн сүүлийн 2 өр барагдуулах тухай хэлцлийг нотариат баталж өгөөгүй тул иргэн******* нь шүүхэд эх хувиар хүргүүлсэн. Иргэн *******ын хэлсэнчлэн нотариат хуурамчаар баталдаг бол сүүлийн хэлцлийг мөн батлах боломжтой байсан. Мөн өр барагдуулах хэлцлийг нотариат эх хувиас нь хуулбар үнэн дарж өгөхгүй байсан нь уг нотлох баримтыг шүүхэд эх хувиар өгөхөөс өөр аргагүй болсон. Иргэн ******* нь 2005.11.28-ны өдрийн 64,000,000 төгрөгийн дүнтэй, 1 жилийн хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй зээлийг өссөөр 1,2 тэрбум төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 64 сая төгрөгийн 1 сарын хүү 4.2 хувь, жилийн хүү 50.4 хувь буюу ойролцоогоор 32 сая төгрөг болно. Үүнийг 2005 оны 11 сараас 2012 оны 4 сар хүртэл нийт 6 жил 5 сар буюу 77 сараар тооцож үзэхэд 200 сая төгрөгөөс хэтрэхгүй байгаа нь даруй 1 тэрбум төгрөгийн зөрүү үүсгэж байна. Гэтэл иргэн ******* нь шүүхэд энэхүү 64 сая төгрөгийн зээл 1,2 тэрбум төгрөг болсон гэсэн худал тайлбар гаргасан. Хэрэв тийм бол сүүлд 4 удаа бичгээр гэрээ, хэлцэл байгуулахгүй байсан нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт үүссэн үүргийн харилцааг баталгаажуулан төлбөр барагдуулах гэрээ болон төлбөрөө төлөхийг баталгаажуулсан ач холбогдол бүхий баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв үнэлсэнгүй. Улмаар Х.Олонболд нь шүүхээр маргаан шийдвэрлэгдэх явцад анхны өгсөн тайлбараасаа буцаж дээрх 64 сая төгрөг нь төлөгдсөн гэсэн тайлбарыг өгсөн. Шүүх хуралд гэрч нар нь иргэн Ц.Энхболдоос иргэн ******* нь бэлнээр 1,2 тэрбум төгрөгийг авсан талаар мэдүүлсэн. Мөн 2012 оны 463 тоот гэрээнд 1,2 тэрбум төгрөгийг олгосон талаар тодорхой тусгагдсан байгаа бөгөөд энэхүү хэсгийг шүүх үгүйсгээгүй атлаа түүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Ц.Энхболдтой байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463, 2013.05.13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч нараас зээлийн төлбөрт 2,284,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014.01.28-ны өдрийн Өр барагдуулах харилцан тохиролцооны дагуу зээлийн төлбөрт 1,770,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Ц.Энхболд нь 2012 оны гэрээнд 1,200,000,000 төгрөгийг авсан, өгсөн зүйлгүй байхад гэрээнд нөхөж ...бэлнээр авсан гэж бичсэн, 2013 оны гэрээнд 1,200,000,000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг шаардаж гэрээ байгуулснаас үзэхэд эдгээр гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий, ойлгомжтой. ...иймд 463, 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулна. ...миний бие 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг******* болон түүний эхнэр******* нарт бэлнээр өгсөн, ...бид олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж мөнгө зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар зээлсэн нийт 2,284,000,000 төгрөгийг надад буцаан өгөхгүй байна... гэж тодорхойлсон байна.

Хариуцагчаас ...******* нь 2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000 төгрөгийг зээлж авсан, энэ мөнгөө хугацаандаа төлөөгүй учир бид үндсэн зээл, хүү, алдангийг тооцон, 1,560,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар 2014.01.28-ны өдөр өр төлбөрөө баталгаажуулж, ******* 1,770,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байсан тул эрүүгийн журмаар шалгуулсан. ...******* нь нэмэгдүүлсэн шаардлагадаа ...2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг*******, Д.Уранчимэг нарт бэлнээр өгч зээлдүүлсэн гэжээ. ...би санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой бөгөөд *******оос аливаа байдлаар зээл авч байгаагүй гэсэн тайлбар гарган маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч нараас 1,600,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгон, үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна.

10. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн маргаж буй дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийж чадаагүй, анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******,******* нарын ...итгэмжлэлээр олж авсан эд хөрөнгө нь *******, З.Батбаатар нарын гэрээний үүрэгт, мөн *******,******* нарын итгэмжлэлээр үүсэх үүргийн алинд хамаарахгүй тул нэхэмжлэгч 1,600,000,000 төгрөгийг шаардах эрхтэй..., харин 2014.11.07-ны өдрийн 684,000,000 төгрөгийн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хуулийн 282.4-д зааснаар ...зээлдэгч нь гэрээний зүйл мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх ...хэрэгт нотлох баримтаар авагдсан Уян ган ХХК-ийн 2014.09.15-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтад үндэслэн ...хариуцагчийг 1,600,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

12.1. Нэхэмжлэгч ******* нь 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг*******, Д.Уранчимэг нарт зээлдүүлсэн гэж марган хариуцагч нараас 2,284,000,000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч нь ...*******оос аливаа байдлаар зээл авч байгаагүй, ...*******оос 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг аваагүй, харин компанийн хувьцаа худалдах гэрээнд зааснаар 1,600,000,000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжилсэн 2,284,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан, шүүхүүд зохигчийн хооронд зээлийн эсхүл хамтран ажиллах, хөрөнгө оруулах зэрэг үүргийн ямар харилцаа үүссэн, үүнтэй уялдаж талууд харилцан үүрэг хүлээсэн эсэх, гэрээ зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх байжээ.

12.2. Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд, тодруулбал зохигч нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 463, 2013 оны 808 дугаар гэрээний талаар маргасан, тухайлбал, нэхэмжлэгч нь Ц.Энхболдтой байгуулсан эдгээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж, ...2005 оны гэрээний үүрэг биелэгдээгүй учир 2012, 2013 онд зээлийн гэрээ хийж, 64 сая төгрөгт хүү алданги нэмж 1,200,000,000 төгрөг, мөн 1,560,000,000 төгрөг болгож бичсэн... гэж, харин хариуцагч нар ...2005 онд зээлсэн 64 сая төгрөгийг нэхэмжлэгч төлж дууссан, ...2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000 төгрөг зээлж авсан, энэ мөнгийг төлөөгүй учир хүү, алдангийг тооцон, 2013.05.13-ны өдөр 808 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ******* зээлийн төлбөрт 1,560,000,000 төгрөг төлөхөөр, улмаар 2014.01.28-ны өдөр өр төлбөрийн талаар тооцоо нийлж, 1,770,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон... гэж марган, 2014.01.28-ны өдрийн Өр барагдуулах харилцан тохиролцооны дагуу 1,770,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардсан, иймээс шүүхүүд 2005 оны гэрээ дуусгавар болсон эсэх, 2012, 2013 оны гэрээтэй холбоотой эсэх, уг гэрээний дагуу мөнгө олгогдсон эсэх, эдгээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

12.3. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.05.08-ны өдрийн 001/ХТ2020/00207 дугаар тогтоолд тухайлан зааж дүгнэн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, гэвч шүүхүүд уг тогтоолыг хэрэгжүүлж, нотлох баримтад тулгуурлан дээр дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

13. Иймд хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2020/00026 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.03-ны өдөр төлсөн 11,577,950 төгрөг, хариуцагч*******оос 2021.02.03-ны өдөр төлсөн 9,007,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.03-ны өдөр төлсөн 702,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                 ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.ЦОЛМОН