Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00017

 

Х.О-ыннэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2023/00036 дугаар магадлалтай,

Х.О-ыннэхэмжлэлтэй

Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдох

Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2016.09.07-ны өдрийн баталгаа бичгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлсэн 683,514,000 төгрөг, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөг, нийт 2,695,874,000 төгрөгийг Ц.Э, Д.У, Ц.Б нараас гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний үүрэгт 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Х.О нь Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдуулан Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу Х.О-оос зээлийн төлбөр 1,770,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 /нэг тэрбум ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.О-оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.О-ын татгалзлыг баталж, хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2018/00351 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,130,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 6,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ц.Э, Д.У нараас 8,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгож шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2023/00036 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 /нэг тэрбум ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Б, Д.У нарт холбогдох 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,695,874,000 /хоёр тэрбум зургаан зуун ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.О-оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 232 дугаар зүйлийн 232.1, 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсэгт заасныг баримтлан Х.О-оос 1,770,000,000 /нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөг гаргуулж хариуцагч Ц.Б-д олгосугай гэж, 5 дах заалтад ...Ц.Э, Д.У нараас 8,157,950 /найман сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д... гэснийг ...нэхэмжлэгч Х.О-оос улсын тэмдэгтийн хураамж 9,007,950 /есөн сая долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж хариуцагч Ц.Э-д... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,638,000 /таван сая зургаан зуун гучин найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,008,000 /арван долоон сая найман мянган/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Х.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Х.О миний бие 1,200,000,000 төгрөг Ц.Э-оос аваагүй тухайд:

        1)  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно", 2012.04.18-ны өдрийн 463 дугаар гэрээний 3-р зүйлийн 2 дахь өгүүлбэрт Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл 1,200,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх бодит нөхцөл гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд 808 дугаар бүхий гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр барагдуулах тухай гэх бичгийг үндэслэжээ. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа цаг хугацааны дараалал, логикийг үл харгалзаж 463 дугаар бүхий гэрээний гол нөхцөл болох бэлнээр мөнгө шилжүүлсэн байх нөхцөлийг нотлох ямар нэг баримт болох боломжгүй бичгүүдийг үндэслэлгүйгээр үнэлж, угаас худал тул нотлох ч боломжгүй, сүүлийн 7-8 жилийн хугацаанд хангалттай хугацаа байсаар байхад нэг ч нотлох талаар хичээл зүтгэл гаргаагүй хариуцагч талыг хэт баримталж магадлал гаргасан байна.

        2)  Ц.Э, Д.У нар манай компанийн ажилтнуудад өгсөн хүнс, түлш, шатахууны тооцоо болох 83,811,000 төгрөгт хүү тооцож хувийн данс хөтөлж явсаар 200,000,000 төгрөг болсон гэж хэлж байсан удаатай (ХХ-2 108-110, 136-146 тахь тал Д.У-ийн гар бичмэл бүхий тооцоолол). Үүнээс хойш цагдаа шүүхэд өгнө, хилийн хорио тавиулна гэж өвчтэй байх үед сэтгэлзүйн дарамтад оруулдаг байсан. Үхэх сэхэхийн ирмэг дээр байсан надад хилээр орж, гарч эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй бол амь нас минь шууд эрсдэлд орох байсан. Тухайн үед амьд мэнд үлдэж байвал дараа нь эмчилгээ хийлгэж эрүүл болсны дараа үнэн зөв нь олдох биз гэж бодож хэдэн 200,000,000 төгрөг байсан ч гарын үсэг зурахаар эрүүл мэндийн хүнд нөхцөлтэй байсан (хэргийн материал дахь эмнэлэгт үзүүлж байсан бичиг баримт, паспортын хуулбар).

Ингээд 2012.04.18-ны өдөр заасан газар нь очиход Ц.Э, Д.У, болон 1 нотариатч хамт байсан. Надад зээлийн гэрээ гэх бичиг дээр гарын үсэг зуруулсан ба хэд хоногоос гэрээгээ авчихаарай гэж хэлсэн. Тухайн үед уг 463 дугаар бүхий гэрээнд 200,000,000 гэж бичигдсэн байсан. Гэтэл шүүхэд өгсөн гэрээг харахад 1,200,000,000 төгрөг зээлсэн мэтээр бичсэн байсан. 463 дугаар бүхий гэрээний 1-р зүйлд зээлийн үнийг тоогоор бичихдээ 200,000,000 төгрөгийн өмнө 1-ийн тоо нэмсэн байдал (гэрээг үзвэл шугамаас илүү гаргаж бичсэн байгаа нь харагдана), гэрээний 3-р зүйлд 200,000,000 төгрөгийн өмнө үсгээр нэг тэрбум гэж тоог бичмэлээр гэнэт илэрхийлсэн байдал, гэрээний 12-р зүйлд 2012.04.18-нд бэлнээр авсан гэж гараар бичиж илэрхийлсэн байдал зэрэг нь гэрээнд гарын үсэг зуруулсны эцэст нөхөн бичсэн болохыг харуулж байгаа бөгөөд Ц.Э, Д.У нарын хууран мэхэлсэн, сүрдүүлж, дарамталсан болохыг нотолж байна.

        3)    Давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-ыг зөрчиж үнэлсэн 808 дугаар бүхий гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр барагдуулах тухай гэх бичгүүдийг үзвэл бүгд 463 дугаар бүхий гэрээнээс хойших цаг хугацааны дараалалтай. Аль нь ч 463 дугаар бүхий гэрээний зүйл, заалт болон хуулийн урьдчилсан нөхцөл болох бэлнээр шилжүүлэн өгсөн байх нөхцөлийг нотлоогүй. 808 дугаар бүхий гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр барагдуулах тухай гэх бичгүүд үндсэндээ 463 дугаар бүхий гэрээг л үндэслэсэн гэсэн ойлголтыг хариуцагч тал гаргадаг. Тиймээс 808 дугаар бүхий гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр барагдуулах тухай гэх бичиг бүгд ач холбогдолтой эсэх нь 463 дугаар бүхий гэрээ хүчин төгөлдөр эсэхээс л хамаарна. Харин давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэрээнд үндэслэсэн бусад эрх зүйн үр дагавар үүсгэх нөхцөл болохгүй бичгийг үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр гэж үзээд түүгээрээ дамжуулан буцаагаад 463 дугаар бүхий гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь үндэслэл, логикгүй бөгөөд хэт нэг талыг баримталсан байна.

        4)    Нэг тэрбум 200 сая төгрөг гэдэг нь 10 жилийн өмнө ч, өнөөдөр ч асар их хэмжээний мөнгөнд тооцогдоно. Монгол Улсын хамгийн том мөнгөн тэмдэгтээр бодож үзэхэд 1 тэрбум 200 сая төгрөг гэдэг нь 20 мянгатын цаасан дэвсгэртээр 60 мянган ширхэг байна. Монгол банкны албан ёсны вэбсайтад мэдээлснээрээ 20 мянгатын дэвсгэртийн урт 15.3 см, өргөн нь 7.2 см, харин 20 мянгатын боодол бүхий 2 сая төгрөгийн жин нь 113.8 грамм болдог байна. Нэг тэрбум 200 сая төгрөг гэдэг нь 20 мянгатын боодол 600 ширхэг байна гэсэн үг. Үүнээс бодож үзвэл 113.8 граммыг 600 ширхэгт үржүүлэхэд 68 килограмм 280 грамм болно. Товчхондоо, 1,200,000,000 төгрөг гэдэг нь 68-70 килограммын жинтэй. Үүнд цүнх хайрцаг, чемодан, савыг оролцуулан тоовол 70-75 килограммын жинтэй болох юм. Олон улсын нисэх онгоцонд суухад нэг чемодан 20 килограммаас хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарыг ихэнх хүмүүс мэднэ. Тиймээс 1,200,000,000 төгрөг гэдэг нь жингийн хувьд зүйрлэвэл, 3-4 чемодан эсвэл 2 ширхэг 40- ийн бетонтой дүүрэн устай тэнцэх хэмжээний хүнд гэсэн үг юм.

       Өөрөөр хэлбэл Х.О над шиг нойр булчирхайны өвчтэй, хөлийн төвөнхий ясыг төмрөөр солиулсан, 5 килограммаас илүү хүнд юм өргөж болохгүй эмнэлгийн заалттай, мөн таягтай хүн байтугай мэргэжлийн тамирчин хүн ч өргөөд аваад явахад хэцүү зүйл юм. Гэхдээ энэ бол зөвхөн жингийн тухайд гэдгийг санах нь зүйтэй. Монгол банкнаас гаргасан мэдээллийн хүрээнд оврыг тооцоолох боломжтой ч хэр зай эзлэх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой болов уу. Аль нь ч байсан гэсэн 1,200,000,000 төгрөг гэдэг бол тоо, овор хэмжээ, жингийн хувьд нэг хүн өргөөд аваад явахад ямар ч боломжгүй, үнэмшилгүй зүйл. Үүнийг хэрвээ бэлнээр үнэхээр өгсөн нь үнэн юм бол ямар эх үүсвэрээс яаж гаргаж өгснийг өнгөрсөн 7 жилийн хугацаанд Ц.Э нотлох ёстой байсан. Гэвч өнгөрсөн 7 жилийн хугацаанд угаас худал тул Ц.Э нотолсонгүй. Учир нь энэ бол бодит үнэнд нийцэхгүй зүйл. Угаас надад өгөөгүй тул Ц.Э нотолж чадахгүй, боломжгүй. 2012 оны үеийн 1,200,000,000 төгрөг гэдэг бол асар их хэмжээний мөнгө буюу 2 ширхэг банк бус санхүүгийн байгууллага байгуулах хэмжээний мөнгө учир ямар нэгэн эх үүсвэр баримт заавал байх ёстой нь ойлгомжтой. Тодруулбал, 2012 онд банк бус санхүүгийн байгууллага байгуулахад 500 сая төгрөгийн дүрмийн сантай байх шаардлага тавьдаг байсан. Тиймээс энэ их мөнгийг үнэхээр өгсөн юм бол эх үүсвэр заавал байх ёстой. Үүнд: хадгаламжийн данснаас авсан юм уу, үл хөдлөх хөрөнгө зарсан юм уу,зээл авсан юм уу, хувьцаа зарсан юм уу, гэх мэт ямар нэгэн эх үүсвэр байх ёстой байтал байтал давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь, бодитой харьцуулж, эргэлзээгүй байдлаар дүгнэхгүй, хэт нэг талыг барьсан байдаг.

4.2 Х.О миний бие 683,514,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт өгсөн тухай: Нэхэмжлэлийн шаардлага дахь 683,514,000 төгрөг хангалттайгаас их нотлох баримттай гэж үзэж байна. 2014.11.07-нд бэлэн 683,514,000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж, хариуцагч тал яг тэр өдөр нь бэлнээр 680,000,000 төгрөг дансандаа хийсэн байдаг. Үүнд:

          -2014.11.07-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн баримт,

          -Тооцоо хийсэн Д.У гэсэн бичиг,

          -Ц.Эын 5128010928 тоот дансны хуулга дахь 680 сая төгрөгийг бэлнээр хийсэн орлого,

        -2016 онд эрүүгийн цагдаад өгсөн мэдүүлэгтээ Д.У нь 2014 оны 11 сард санагдаж байна, Х.О Батбаатар гэдэг хүнд хувьцаагаа зарж, 1,200,000,000 төгрөг авснаас нөхөр бид хоёрт өгөх мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн байдаг,

          -хуулийн сануулга сонссон Х.От 680 сая төгрөгийг үлдээгээд гарсан гээд мэдүүлэгт хэлчихсэн байгаа.

       Нотлох баримтуудыг үзвэл Ц.Э авсан мөнгөө дансандаа хийсэн нь илэрхий. Хэрэв энэ мөнгө Ц.Эын Х.О надаас авсан мөнгө биш өөр мөнгө юм бол он, сар, өдөр мөнгөний хэлбэр тоо нь яагаад яг таарч байгаа вэ? Нэг жил чинь 365 хоногтой. Хэрэв Х.О надаас авсан мөнгө биш юм бол үнийн дүн нь өөр эсвэл он, сар нь өөр эсвэл ядаж дансаар шилжүүлсэн байх ёстой биш гэж үү. Гэтэл бүх зүйл нь таарч байна.

Мөн түүнчлэн хариуцагч тал 680,000,000 төгрөгийн бэлэн орлого хийсэн шалтгаан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болохыг баримтаар няцааж чадаагүй. Энэ талаар ямар ч баримт хэрэгт гаргаж өгч мэтгэлцээгүй. Хадгаламж барьцаалсан зээл гэх мэт ядмагхан тайлбар хэлж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй.

Нотлох баримтыг тайлбараар няцаадаг, тэрийг нь шүүх хүлээж авдаг байж таарахгүй, Ц.Э, Д.У нар нь 2014.11.07-ны өдөр 680,000,000 төгрөгийг надаас аваагүй юм бол тухайн мөнгийг өөр ямар эх үүсвэрээс авч дансандаа хийсэн тухай баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэл анх гаргахаас эхлээд 2014.11.07-ны өдөр Х.О би 683,514,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн гэж байнга мэдүүлсээр байгаа. Энэ нэхэмжлэлд хариуцагч нар хариу тайлбар хэлэхдээ огт аваагүй гэдгээс өөрөөр няцаалт хийж чаддаггүй. Гэтэл шүүх хариуцагч талын хэлсэн мөнгө зүсгүй гэх мэт үндэслэлгүй тайлбарт хэт автаж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэнгүй гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

4.3 Х.О миний бие 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг Ц.Э, Д.У нарт өгсөн тухайд: Хариуцагч Ц.Э, Д.У нар иргэд хоорондын бус аж ахуйн нэгж хоорондын харилцаа мэтээр шүүхийг төөрөгдүүлэх зорилготой шаардах эрхийн үндэслэл ярьдаг. Гэвч нэхэмжлэгч тал хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буюу гэрээний бус үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаа. 2016 оны 09 дүгээр сард 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг Х.О миний бие Ц.Э-д өгсөн. Үүний шалтгаан нь Ц.Э хэлэхдээ, сонгууль болж байна мөнгө хэрэгтэй байна, чи лицензээ зарж байгаа юм чинь наад мөнгөө өгчих, би иргэдийн хуралд гарсан, чамаас авсан мөнгөндөө Өлийн давааны алттай газрыг авч өгье гэж итгүүлсэн. Гэвч сүүлдээ Өлийн давааны алттай газрыг авч өгөлгүй, мөнгөө нэхсэн ч өгөхгүйн тулд төрөл бүрийн тайлбар хэлж өнөөдрийг хүрсэн. Ийнхүү 2016.9.12-ны өдөр З.Б-аас хүлээж авсан мөнгөнөөс 1,600,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээж авсан болох нь хариуцагч Д.У, Ц.Э нарын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбар ба эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг болон фото зураг, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг бусад баримтаар давхар батлагдаж байна. Харин 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг Х.О надад буцааж өгөхгүй гэх тайлбараа хариуцагч Ц.Э, Д.У нар баримтаар нотолж чаддаггүй бөгөөд хоорондоо асар зөрүүтэй тайлбар өгдөг. Тиймээс Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талын 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг Х.О-д буцааж өгөх үүрэггүй гэх тайлбарыг доорх баримтаар няцааж байна.

  1)  Итгэмжлэлээр буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтад ... 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А тал буюу Х.О-ыг төлөөлж оролцох эрхийг Х.О-оос Ц.Э-д итгэмжилж байна гэсэн бичгийг үндэслэн 1.6 тэрбум төгрөгийг авах эрхтэй буцааж өгөх үүрэггүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэвч энэхүү итгэмжлэл нь буюу Иргэний хуулийн 63.2-т зааснаар итгэмжлэлээр олж авсан хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Ц.Эод олгохгүй бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн гэрээний үнийг Ц.Э хүлээж авсан гэхэд төлбөр хүлээн авах 1 удаагийн эрх үүсгэхээс бус мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, Х.О-д буцааж өгөх үүрэггүй гэж Ц.Э, Д.У нарт үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

  2)  У ХХК-ийн тодорхойлолт 2014.09.15 гэх баримтыг үндэслэн 1.6 тэрбум төгрөгийг авах эрхтэй, буцааж өгөх үүрэггүй гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч тал хэлдэг. Гэвч уг баримтын талаар Х.О-ынтайлбар болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон Лицензийн хуулбараар няцаагдана. Учир нь лиценз борлуулахтай холбоотой асуудлыг хөөцөлдөж байх үед Ц.Э хэлэхдээ лиценз худалдаж авах үнэ өгье, хүнд итгүүлж ярих шаардлагатай байна, компанийн лицензийг зарах эрхтэй гэсэн бичиг хийж өгөөч гэж хэлсэн бөгөөд түүний хүсэлтийн дагуу энэ бичгийг хийж өгсөн. Энэ бичгийг авч яваад Цэцэнбилэг гэж хүнтэй ярилцсан, өөр газар хэрэглээгүй гэж хэлдэг. Мөн түүнчлэн Ашигт малтмалын хайгуулын Заамарын эх-2 гэх тусгай зөвшөөрлийн хуулбарт 2009.03.29-ний өдрөөс Уян ган ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд /хх-204/ У ХХК-ийн хувьцааг Ц.Э гэж хүн хэзээ ч эзэмшиж байгаагүй бөгөөд Х.О 100 хувь ганцаараа эзэмшдэг болох нь нотлогдоно.

 3)  Лицензийн төлбөрийг төлж байсан, гэр бүлээрээ уг лицензийг хамтран худалдаж авсан гэж хариуцагч тал тайлбарладаг. Лицензийн төлбөрийг төлсөн нэг удаагийн баримт нь уг лицензийн 50 хувийг эзэмших эрхтэй улмаар зарж борлуулсан лицензийн 50 хувийг авах эрхтэй гэдгийг нотлохгүй юм. Гэр бүлээрээ хамтран худалдаж авсан гэх юм уу, анх лиценз авч байх үед мөнгийг нь би төлсөн юм гэх мэт хариуцагч талын тайлбар нь ямар нэг бичгийн баримтаар давхар тогтоогдох учиртай. Гэвч хамтран худалдаж авсан гэх гэрээ, компанийн хувьцаа эзэмшиж байсан гэх баримт огт байдаггүй. Тиймээс хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй бөгөөд У ХХК-ийн нэр дээрх Заамарын эх-2 лиценз зарсан төлбөрөөс 50 хувийг авах эрхгүй юм.

   4)  2016.09.01-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ. Уг гэрээний талууд нь Уян ган ХХК-ийг төлөөлж Х.О Уулс заамар ХХК-ийг төлөөлж З.Б нар байх бөгөөд Ц.Э уг гэрээнд ямар ч байдлаар оролцоогүй. Хариуцагч нар 2014.11.07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон хавсралтад заасан итгэмжлэлийн талаар л ярьдаг болохоос биш З.Б, Х.О нар лицензийн төлбөрийг 4,8 тэрбум төгрөг байсныг 4,3 тэрбум төгрөг болгон шинэчлэн тогтоож дахин гэрээ хийсэн 7-р хавтаст хэргийн 242 дугаар тал, 1 байсан лиценз 2 тусдаа лиценз болж салсан үйл баримтыг огт мэддэггүй. Энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй. Хэрэв Ц.Э, Д.У нар үнэхээр уг лицензийн 50 хувийг эзэмших эрхтэй байсан бол гэрээг шинэчлэн хийсэн үйл явдлыг мэдэх оролцох ёстой байсан өгөөд, лиценз 2 тусдаа лиценз болж бүртгэгдсэн үйл явдлыг ч ярих боломжтой байсан. Гэвч энэ олон үргэлжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа шүүх хурал дээр энэ талаар мэдэж ярьж байгаагүй, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр элдэв гомдол бичиж өгч байхдаа ч энэ талаар мэдэж дурдаж байгаагүй юм. Тиймээс Ц.Э, Д.У нар нь үнэхээр уг лицензтэй ямар ч хамааралгүй болох нь мэдээгүй, оролцоогүй байдлаас нь тодорхой харагдаж байгаа болов уу.

   5)  Гэрч Я.И-ын мэдүүлэгт: 2006 онд 2422Х Заамарын эх-2 гэх тусгай зөвшөөрлийн У ХХК, М ХХК-аас шилжүүлж авсан. 2007 оны 5 сараас У ХХК, А Х ХХК-д хамтран уг талбайд хайгуулын ажил хийсэн. 236,000,000 төгрөгийн хайгуулын ажил хийсэн... Заамарын эх-2 гэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой хайгуулын болон ашиглалтын ажилд Ц.Э, Д.У гэх хүмүүстэй уулзаж байгаагүй, огт мэдэхгүй, хамтарч ажиллаж байгаагүй, төлбөр мөнгө хүлээж авч байгаагүй..., Х.О уул уурхайн хайгуулын болон ашиглалтын ажилд байнга зөвлөгөө авдаг, талбайнуудыг авахдаа надтай зөвлөдөг. Х.О олон хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Гэхдээ Ц.Э гэж хүнтэй хамтарч ажиллаж байсан талаар сонсож байгаагүй. Ер нь лицензийн хамтран эзэмшинэ гэж байдаггүй. Хэрэв хамтран ажиллаж байсан бол би мэдэх учиртай. Учир нь талбай авахаас эхлээд хамтран ажилласан. Сүүлд уг лицензийг Уулс заамарт зарсан гэж сонссон... гэх мэдүүлгээр Ц.Э уг лицензийн дагуу хайгуулын ажил хийх үед ямар нэг оролцоогүй лицензэд ямар ч хамааралгүй байсныг нотолж байна. Мөн түүнчлэн гэрч Я.И-ыг асуух ажиллагаанд хариуцагч нар оролцоогүй бөгөөд гэрчийн мэдүүлгийг няцаах баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй юм.

  6)  У З ХХК-ийн захирал З.Б-ын 2022.11.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гэрчээр асуугдаж өгсөн мэдүүлэг. ...У З ХХК нь У ХХК-аас уул уурхайн тусгай зөвшөөрөл худалдаж авсан. У ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Х.О гэж хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулж дууссан. Харин Ц.Э-оос ямар нэг юм худалдаж аваагүй, тэр хүнд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. У ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ц.Э, Х.О хоёрын асуудалд би ямар ч хамааралгүй, яагаад Ц.Э энэ асуудалдаа намайг оролцуулаад байгааг мэдэхгүй байна. Надад хамаатуулж Ц.Э гомдол гаргаад байгааг гайхаж байна... лицензийн төлбөр 4 тэрбум төгрөгийг Х.Оод төлж барагдуулж дууссан гэх мэдүүлэг нь Ц.Э лицензийн 50 хувийг би эзэмшиж байсан, лиценз борлуулсан орлогоос 50 хувийг нь би авах ёстой, лицензийн хамтран эзэмшиж байсан гэх зэрэг тайлбаруудыг няцааж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт огт хамааралгүй, хэрэгт зохигч этгээдээр оролцоогүй З.Б-ыг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шаардах эрхтэй мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Ц.Э мэдүүлэг бүртээ Х.Ооос 1,600,000,000 төгрөг авсан гэж З.Б мэдүүлэг бүртээ Ц.Э-д өгөх төлбөргүй авах авлагагүй, Х.О, Ц.Э нарын хоорондын асуудалд би хамааралгүй гэж тайлбарладаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс ийм тодорхой үйл баримтыг анхаарч үзэхгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

  7)  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.27-ны өдрийн 102/ШШ2016/05553 тоот захирамж: З.Б, Х.О нарын хооронд үүссэн гэрээний төлбөрийг төлөхгүй, худалдаж авсан талбайг ашиглахгүй байгаатай холбоотой Х.О-ыннэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаанд Ц.Э хамтран оролцоогүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.27-ны өдрийн 102/ШШ2016/05553 тоот захирамжаар нотлогдоно. Үнэхээр хариуцагч талын тайлбарлаж байгаачлан лицензийг Энхболдтой хамтран эзэмшиж улмаар хамтдаа З.Бт зарсан юм бол гэрээнээс үүдэлтэй маргааныг ч мэдэх боломжтой, уг маргаанд хамтран оролцох учиртай. Гэвч Ц.Э нь лиценз худалдсан гэрээнд огт хамааралгүй учраас гэрээтэй холбоотой маргаан үүссэн, маргаан үүссэний дараа талууд гэрээний үнийг 4,3 тэрбум төгрөг болгон шинэчлэн тогтсон, гэрээг дахин байгуулсан учир З.Б, Х.О нарын маргаан хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн, төлбөр мөнгө бүрэн төлөгдөж дууссан зэрэг үйл баримтыг огт мэдэхгүй байгаа нь харагдаж байна. Лицензийн хуулбарт Ц.Эын эзэмшилд уг лиценз хэзээ ч байгаагүй гэдэг нь нотлогдож байна. /хэзээ ч Ц.Э-ын нэр дээр байгаагүй, илт худлаа, мигма нэр дээр 2422 дугаартай хайгуулын лиценз, маш их худлаа ярьдаг хүн байна гэдгийг/

   8)  Ц.Э-ын 2022.11.11-ний өдрийн мэдүүлэг, Цагдаагийн 1-р хэлтэст 2015.11.09-ний өдөр Ц.Э-ын өгсөн гэрчийн мэдүүлэг: 7 дугаар хавтаст хэргийн 220 дугаар талд Ц.Э-ын 2022.11.11-ний өдрийн мэдүүлэг байна. Уг мэдүүлэгт: МҮ012763 тоот Заамарын эх-2 нэртэй лицензийг бусдаас худалдаж аваад Х.О-ын У ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба 50 хувийг нь эзэмшиж байсан, 2014 онд Х.О-ын танил У З ХХК-ийн захирал З.Бт лицензээ заръя гэсэн 4,800,000,000 төгрөгөөр зарахаар болсон гэж мэдүүлж байжээ. Гэтэл 8 дугаар хавтаст хэргийн 193 дугаар талд байгаа Цагдаагийн 1-р хэлтэст 2015.11.09-ний өдрийн Ц.Эын өгсөн гэрчийн мэдүүлэгт: ...З.Б, Х.О нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээний асуудалд би огт хамааралгүй, З.Б-аас 1,2 тэрбум төгрөг авах үед хажууд нь байлцсан. Х.О хамт байгаад өгөөч гэж гуйсан, өөр зүйлгүй... гэх мэдүүлэгт Ц.Э нь миний ярьсан үнэн хэмээн бичиж гарын үсэг зуржээ.

   9)  Цагдаагийн 1-р хэлтэст 2016.03.11-нд Д.У гэрчээр асуугдаж байцаалт өгсөн тэмдэглэл: 8-р хавтаст хэргийн 203-р талд Цагдаагийн 1-р хэлтэст 2016.03.11-нд Д.У гэрчээр асуугдаж байцаалт өгсөн тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлд ...Х.О, З.Б нар компаниа нэг нэгэндээ зарж байгааг өөрсдийнх нь ярианаас ойлгосон, түүнээс биш энэ 2-н асуудалд би оролцоогүй, ... У ХХК-д манайх хөрөнгө оруулж байгаагүй, ...З.Б, Х.О нарын хоорондын асуудал бидэнд огт хамаагүй гэж яриад миний ярьсан үнэн зөв хэмээн бичиж гарын үсэг зуржээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэл нотлох баримт биш гэж тайлбарлаж худлаа ярьсан ч болно хэмээн тайлбарладаг. Гэвч гэрчээр байцаагдаж, хууль сануулж авсан мэдүүлэг тайлбарт ярьсан зүйл нь үнэн зөв хэмээн бичиж гарын үсэг зурсан эдгээр баримтыг нотлох баримт биш гэж тайлбарлах үндэслэлгүй болов уу. Мөн түүнчлэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээнд У ХХК, У З ХХК нар гэрээний талууд байх бөгөөд Ц.Э ямар нэг хэлбэрээр оролцоогүй байдал нь түүнийг уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хамааралгүй болохыг баталж байна. Энэ мэтчилэн хариуцагч Ц.Э өөрийн гараар бичсэн гомдол, өөрийн амаар өгсөн мэдүүлэг бүртээ зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй, хоорондоо уялдаа холбоогүй худал тайлбар хэлж нэхэмжлэгч Х.О-оос авсан 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг буцааж өгөхгүй байх арга хайдаг болон нь нотлогдож байна. Зээл авах шаардлагагүй болон Д.У хариуцагч биш талаарх үндэслэлд товч тайлбар хийе. Хэр их хөрөнгөтэй болохоо нотлох замаар үүргээс чөлөөлөгддөг хууль байхгүй. Тэгээд ч нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр гэрээний үүрэг үүсээгүй байхад надаас авчихаад буцааж өгөхгүй байгаа 320 мянган ам.доллар, 885 сая төгрөгийг, 682,514,000 төгрөгийг л буцааж гаргуулахаар шаардаж байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү гэжээ.5. Нэхэмжлэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг зөв хэрэглээгүй талаар:

Давж заалдах шатны шүүх Магадлалын 33 дугаар талд "... шүүх нэгэнт талуудын хооронд 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй гэж үзсэн тул эдгээр гэрээ хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус эсэх асуудал яригдахгүй бөгөөд үүнд дүгнэлт хийх боломжгүй... байгуулагдаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудал, өр барагдуулах тухай тохиролцоо хүчин төгөлдөр эсэх асуудал яригдахгүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг ойлгомжгүй хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ хэмээн тодорхой үндэслэл заахгүйгээр үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь бид 2012 оны 463 тоот зээлийн гэрээ болон түүнийг үндэслэж хийгдсэн бусад хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа томьёолон тодорхойлж гаргахдаа гол үндэслэлээ зээлийн гэрээний дагуу шилжүүлэх ёстой мөнгийг шилжүүлээгүй гэх үйл баримт дээр маргасан болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан гэж тооцно гэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан эрх зүйн зохицуулалтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Зээлийн гэрээний дагуух мөнгөн хөрөнгийг Ц.Э-оос Х.О-ын өмчлөлд шилжүүлээгүй нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 196.1-д заасны дагуу гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ хэмээн дүгнэсэнтэй санал нэг байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг бид хүлээн зөвшөөрсөн тул энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно. Гэтэл Зээлийн гэрээнд шилжүүлээгүй мөнгөө бэлнээр олгосон гэж бичсэн төдийгөөр Зээлийг шаардах эрхтэй хэмээн үзэж байгаа давж заалдах шатны шүүхийг дүгнэлтийг буруу гэж үзэж байна. Бидний дахин дахин нотлоод, тайлбарлаад байгаа зохигчдын хооронд мөнгөн хөрөнгө шилжээгүй гэх үйл баримтыг давж заалдах шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэнгүй. Гэрээ байгуулагдаж байсан үе болох 2012 оны 4 дүгээр сар гэдэг нь одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө бөгөөд 1,2 тэрбум төгрөг гэдэг бол нэг сая ам.доллар буюу маш хэмжээний мөнгөн хөрөнгө байсан ба хэн дуртай нь түрийвчнээсээ гаргаад тавьчихдаг зүйл биш байсан юм. Нэхэмжлэгч талаас шүүхэд хандан Ц.Э болон түүний гэр бүлийн гишүүдийн арилжааны банкин дах данснаас ийм их хэмжээний мөнгө гарсан эсэх талаар лавлагаа авах хүсэлт гаргахад тухайн өдөр аль ч банкин дахь Ц.Э болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг данснаас ийм хэмжээний мөнгө гарсан талаар баримт нотолгоо олдоогүй болно. Талууд ийм их хэмжээний мөнгө өгсөн, өгөөгүй хэмээн маргаж байгаа тохиолдолд ядаж ийм их хэмжээний мөнгийг хариуцагч Ц.Э хаанаас олсон, энэ орлогоо татварын байгууллагад бүртгүүлсэн эсэх, энэ их мөнгийг ямар банкны, аль данснаас гаргаж авсан гэх мэтээр гарал үүслийг тогтоож нотолгооны эрх зүйн хүрээнд хэргийн бодит үнэнийг тогтоох шүүхийн үндсэн үүргийг хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн Магадлалын 33 дугаар талын 3.3-т анхан шатны шүүхийн гэрээнд мөнгө шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 1,2 тэрбум төгрөгийн зээлийг ямар эх үүсвэрээс гаргаж өгсөн гэдгээ нотлоогүй зэрэг шууд бус нотлох баримт шаардсан нь 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд ойлгомжгүй байна. Бидний үзэж байгаагаар хариуцагч Ц.Э нь Х.О-д 1,2 тэрбум төгрөгийг бэлнээр өгсөн баримтаа шүүхэд гаргаж өгдөггүй юм гэхэд 1,2 тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрийг ядаж нотолж байж сөрөг нэхэмжлэл хангагдах ёстой юм. Бэлэн мөнгө өгсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй тохиолдолд бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл буюу Иргэний хуулийн 282.4-т заасан болзолт нөхцөл хангагдахгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Магадлалын 34 дүгээр талын 3.6-д нэхэмжлэгч Х.О 2014 оны Өр барагдуулах тухай тодорхойлолт, 2016 оны баталгаа болгож үйлдсэн баримтыг хариуцагч Ц.Э өмгөөлөгч Д.С-ын хамт ирж айлган сүрдүүлж бичүүлсэн гэж тайлбарлахдаа хүнд өвчтэй байхад ирээд цагдаад гомдол гаргаж хилийн хориг тавиулна шүүхэд өгнө гэх мэт үг, үйлдэл гаргаж дарамталсан гэж байгаа ч иргэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх цагдаад гомдол гаргах замаар эрхээ сэргээлгэх холбоотой үйлдлийг хууль бус гэж үзэхгүй... гэсэн эргэлзээтэй дүгнэлтийг хийж улмаар 1,770,000,000 төгрөгийг Х.О-оос гаргуулж Э-д олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Х.О нь нойр булчирхайн хурц үрэвсэл буюу энгийн үгээр тайлбарлавал нойр булчирхай үхжиж, ийнхүү үхжих явцдаа нойр булчирхайнаас нь шингэн ялгарч нойр булчирхай нь өөрийгөө болон хажуу эрхтнүүдээ идэж түлдэг байгаа юм. Манай улсын эмч нар хорт хавдар, бараг эмчилгээгүй гэж оношилж байсан бол Өмнөд Солонгосын эмч нар үзээд хорт хавдар биш гэж оношлоод 2013.11.28, 2014.01.07-ны өдрүүдэд 2 удаа үхжмэл нойр булчирхайн хэсгийн мэс засалд дурангаар орсон юм. /8-р хавтаст хэргийн 157 дугаар тал Солонгос хэлнээс Эмнэлгийн магадалгааг орчуулсан баримт/

Хариуцагч Ц.Э-ыг өмгөөлөгч н.Сүхбаатарын хамт Х.О-ынгэрт ирж Цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн хилийн хориг тавиулна гэж сүрдүүлэх үед буюу 2014 оны 1 дүгээр сарын 28-нд дөнгөж Өмнөд Солонгос Улсад хагалгаа хийлгээд Монголд гэртээ ирсэн, биеэрээ дүүрэн гуурстай, морфин тариулаад хэвтэж байсан гэж Х.О тайлбарладаг ба Намайг ямар хүнд байдалд байхад ирж 1,770,000,000 төгрөгийн баримт дээр гарын үсэг зуруулснаа шүүхэд хэлэхгүй ч энэ талаар Ц.Э өөрөө мэдэж л байгаа гэж Х.О тайлбарладаг юм. Өмнөд Солонгос Улсад хийлгэдэг өндөр үнэтэй энэ эмчилгээг тасалдуулж, хилийн хориг тавиулах тохиолдолд амь насаа алдахтай адил бодит аюул заналхийлэл байсан тул Ц.Э-ын ямар ч бичиг цаасан дээр гарын үсэг зурахад бэлэн байсан юм. Эрүүл мэндийн нөхцөл байдлыг нь нотлохын тулд өвчний түүх, эмнэлгийн магадалгаа, гадаад паспортын тэмдэглэлүүд зэрэг бүх нотлох баримтуудыг орчуулж, нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. /8-р хавтаст хэргийн -147-166/ Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр үйл баримтыг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад нотлох баримтад дүн шинжилгээ хийлгүйгээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. Хууль хяналтын байгууллагын хилийн хоригоос шалтгаалж Алтжин компанийн захирал эмэгтэй эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гарсныг зориуд тэмдэглэж байна.

5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Нэхэмжлэгч Х.О-оос хариуцагч Ц.Э-д 684,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн үйл баримтыг давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй орхисон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан нөхцөл байдлыг бий болгосон тул хяналтыг журмаар гомдол гаргах бидний нэг үндэслэл мөн гэж үзэж байна.

Хэргийн үйл баримтад болон уг үйл баримтын талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй явдал нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.3-т Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна. гэснийг ноцтойгоор зөрчиж байна.

Нэхэмжлэгч тал 684,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нарт өгсөн болохоо дараах баримтаар хэрэгт нотолсон юм. Үүнд: Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт /2014.11,7-ны өдөр, Тооцоо хийсэн Д.У гэх баримт, Ц.Э-ын 5128010928 тоот ХААН Банк ХХК-ийн дансны хуулга, ХААН Банкны 2023.4.27-ны өдрийн 29/4354 тоот албан бичиг, гэрч Х.Отгонбаярын мэдүүлэг, гэрч Д.Уийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтууд нь 684.000.000 төгрөгийг Ц.Э, Д.У нар хүлээж авсан болохыг нотолдог. Бүхэл бүтэн 684,0 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч тал ийнхүү хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргахад давж заалдах шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан нөхцөл байдлыг бий болгож байна.

Магадлалын 38 дугаар талын 4.3-т ...өөрөөр хэлбэл эд хөрөнгө олж авсан этгээд болох Ц.Э, Д.У болон үүрэг гүйцэтгэгч З.Б нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд Ц.Э, Д.У нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь бид З.Б-ыг хариуцагчаар эсхүл үүрэг хүлээгч этгээдээр татаагүй. Хариуцагч ч З.Б-т холбогдуулан ямар нэг шаардлага гаргаагүй, мөн З.Б ч энэ хэргийн зохигчдод холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй. Түүгээр үл барам З.Б цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тайлбар, мэдүүлэгтээ Ц.Э-той ямар нэг гэрээ байгуулаагүй, Ц.Э-д өгөх өр төлбөр байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх ямар учир шалтгаанаар зохигчдын хооронд үүссэн маргаанд З.Б-ыг шаардах эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаараас давж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Ц.Э, Д.У нар нэхэмжлэгч Х.О-оос 1,6 тэрбум төгрөг хүлээн авсан гэдгээ /тухайн үеийн ханшаар тооцвол 320.000 ам.доллар, 885,000,000 төгрөг нь 1.6 тэрбум төгрөг болно/ зөвшөөрдөг, үүнийгээ огт үгүйсгэж байгаагүй. Харин буцааж өгөхгүй байх үндэслэлээ шүүхэд өөр өөрөөр тайлбарлаад байдаг. Хамгийн анх 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг Х.О нь Ц.Э-д өгөх болсон шалтгаан нь: ... Иргэдийн хурлын сонгуульд би орох гээд мөнгө хэрэгтэй байна, чи лицензээ зарж байгаа юм чинь мөнгө зээлчих гэж хэлсэн байдаг. Харин иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа чамаас авсан мөнгөндөө Өлийн давааны алттай газрыг авч өгье гэж итгүүлсэн байдаг. Гэвч сүүлдээ Чамаас авах мөнгөө авсан, ер нь тэр чиний зарсан лицензийн талыг нь би авах ёстой байсан юм, анх гэр бүлээрээ нийлж авсан лиценз байсан, угаасаа миний нэр дээр байсан лицензийг Олонболд залилж авч зарчхаад мөнгийг минь өгөхгүй завшиж байна гэх мэт элдэв тайлбар хэлж, гомдол гаргаж явсаар өдийг хүрсэн. Ц.Э, Д.У нар 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг Х.Ооос хүлээж авах талаар гэрээ байгуулагдаагүй учир хариуцагч нараас Иргэний хуулийн 492.1-д зааснаар буцаан шаардаж байгаа болно. Х.О нь хариуцагч нарт 320,000 ам.доллар өгсөн тул ам.доллароор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх Монголбанкны албан ёсны ханшийг баримталсан болно. Нэхэмжлэгч Х.О-оос хариуцагч Ц.Э, Д.У нар тодорхой үүрэг хүлээхгүйгээр бэлэн мөнгө авсан үйл баримт нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг хангалттай нотолдог. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй юм.

Хэргийн зохигч биш этгээдийг шаардах эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаараас давсан дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны магадлалд оруулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024.01.04-ний өдрийн 001ШХТ2024/00048 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Х нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

 7.  Нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 8.  Нэхэмжлэгч Х.О нь Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдуулан 2012.04.18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014.01.28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2016.09.07-ны өдрийн баталгаа бичгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлсэн 683,514,000 төгрөг, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөг буюу нийт 2,695,874,000 төгрөгийг Ц.Э, Д.У, Ц.Б нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 Нэхэмжлэгч Х.О хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

 ... 2012.04.18-ны өдөр ... зээлийн гэрээний баримтад гарын үсэг зуруулсан ба хэд хоногийн дараа аваарай гэсэн. Тухайн үед зээлсэн мөнгөний хэмжээ гэрээнд бичигдээгүй байсан ... гэрээнд бичихдээ 200,000,000 төгрөгийн үнийг дарж, 1 тэрбум гэж үсгээр бичсэн тоогоор залруулсан ... би өөрөө мөнгөтэй байсан учир ... зээлэх хэрэгцээ байгаагүй. ... 1,200,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн мэтээр тайлбарладаг боловч мөнгө хүлээлцсэн ямар ч баримт байхгүй. ... хүнд өвчтэй, өвчиндөө шаналж, байнгын асаргаанд морфин, трамадол зэрэг хүчтэй тариа хийлгэж, эмчилгээтэй, Солонгос улс явж эмчлүүлдэг байсан. ... 2014.01.28-ны өдөр хэвтрийн дэглэмтэй, хэвтэж эмчлүүлж байх үед гэрт минь н.С гэх өмгөөлөгчтэйгөө ирж өр барагдуулах талаар харилцан тохиролцоно гэх баримтыг үйлдэж, огт аваагүй мөнгө болох 1,770,000,000 төгрөгийн төлбөр гарсан талаар бичүүлж, хурууны хээ даруулж, баримт үйлдсэн. ... амь нас эрсдэлд байгаа тул дарамтанд орсон, ... хуулийн байгууллагад хандаж хилийн хориг тавиулна гэх сүрдүүлэгт автсан. ... Иймд хүчин төгөлдөр бус 463 тоот гэрээний үндсэн дээр хийгдсэн зээлийн гэрээ болон өр төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцсон гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл. гэж тодорхойлсон.

Харин 2,695,874,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нарт дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2,695,874,000 төгрөг шилжүүлсэн. ... 684,000,000 /683,514,000/ төгрөгийг 2014.11.07-ны өдөр үндэслэлгүй шилжүүлсэн. ... Ц.Э сонгуульд нэр дэвших гээд мөнгө хэрэгтэй, Өлийн давааны газрыг авч өгнө, лицензээ зар гэж амласан тул 2016.09.12-ны өдөр 320,000 ам.доллар (тухайн үеийн ханшаар 715,000,000 төгрөг), 885,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн. ... энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул буцаан шаардана. 320,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулна. гэж тайлбарласан.

9.  Хариуцагч Ц.Э, Д.У нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... Х.О нь 2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг зээлж, бэлнээр хүлээж авсан. ... мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.Отой үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог тохиролцон 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, хугацааг 2012.04.18-ны өдрөөс 2013.10.18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгасан. ... Бид банк бус санхүүгийн байгууллагатай. ... олон жил алтны наймаа эрхэлж байгаа тул тухайн үед их хэмжээний мөнгө бэлэн байдаг байсан. ... гэрээ нь хүчин төгөлдөр. ... Х.О-ынэзэмшдэг У ХХК-ийн эзэмшдэг Заамар-2 ашиглалтын тусгай зөвшөөрлийг би түүнтэй хамт эзэмших учиртай тул түүнийг бусдад худалдсан төлбөрийг хувааж авахаар тохирсон. ... энэ үндэслэлээр 1,600,000,000 төгрөгийг З.Баас хүлээж авсан ... Х.О өгөөгүй тул шаардах эрхгүй. ... З.Б, эсхүл Уулсзаамар ХХК нь биднээс буцаан шаардах тухай асуудал яригдана. ... ... харин 684,000,000 төгрөгийг Х.Ооос хүлээж аваагүй. гэж маргасан байна.

10. Хариуцагч нар нэхэмжлэгчээс 1,770,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Ц.Э би Х.О-той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн ... түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн. ... 2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. ... мөнгөө төлөөгүй тул харилцан тохиролцож 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014.01.28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. ... үүний дагуу 1,770,000,000 төгрөгийг Х.Ооос шаардана гэжээ. Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөн мэтгэлцсэн.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас 2,695,874,000 төгрөг гаргуулах шаардлагаас 1,600,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх ... Зохигчийн хооронд үйлдсэн 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, ... гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, ... зохигчид зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй. ... Тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээний дагуу З.Баас 2016.09.12-ны өдөр Х.Оод 1,800,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн байх бөгөөд үүний 1,600,000,000 төгрөгийг нь хариуцагч Ц.Э, Д.У нар авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ үйл баримт нь хэрэгт авагдсан мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдоно. ... энэ нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн ... гэж үзэхгүй, харин хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх үндэслэлтэй байна. ... уг хөрөнгө нь хариуцагч нарын хөрөнгө болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул ... хөрөнгийг эзэмшигчид буцаан төлөх үүрэгтэй. ... Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан тул 2016.09.12-ны өдөр 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг хүлээн авсан үеийн ханшаар тооцож нийт 1,600,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нараас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зээлийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ... хариуцагч Ц.Э нь ... зээлийн гэрээ байгуулсан өдөр 1,200,000,000 төгрөгийг Х.О-д бэлнээр өгсөн тухай тайлбараа баримтаар нотлоогүй, мөн 1,200,000,000 төгрөгийг хаанаас, ямар эх үүсвэрээс гаргаж, шилжүүлж өгснөө нотлоогүй гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Б давж заалдах гомдол гаргасан байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ. Магадлалд ... зохигчийн хооронд үүссэн тусгай зөвшөөрлийн маргаан нь зээлтэй холбоогүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу байна. У ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах харилцаа маргалдагч талуудаас өөр этгээдийн хооронд явагдсан бөгөөд энэ гэрээний дагуу худалдан авагчаас шилжүүлсэн мөнгийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн этгээд буюу З.Б нь буцаан шаардах эрхтэй гэх агуулгаар дүгнэн 2,695,874,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээсэн боловч энэ талаарх гэрээ байгуулагдаагүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэж, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр тул зээлийн гэрээг үндэслэн хариуцагч нар нэхэмжлэгчээс 1,770,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

13. Хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт, зээлийн гэрээний дагуу мөнгө гаргуулах тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл, үндэслэлгүй шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдлийг тус тус эс зөвшөөрч, нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь, эргэлзээгүй байдлаар үнэлж чадаагүй, хуулийг зөрүүтэй, буруу тайлбарласан гэх агуулгатай, нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

14. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч нарт холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг анхан шатны шүүх мөнгө шилжүүлээгүй учир хэлцэл бодитой байгуулагдаагүй гэж, давж заалдах шатны шүүх хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэн тус тус нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхНэхэмжлэгч Х.О хариуцагч нартай байгуулсан хэд хэдэн зээлийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа өөрчилж, өөр өөр үйл баримтыг тайлбарлан ярьж байжээ.

Тэрээр 2016.11.16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан шалтгаанаа ... 2012 онд Ц.Э, эхнэр Д.У нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү алдангийн асуудлаа гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн. Намайг очиход нотариат дээр нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээн дээр үнийн дүн бичээгүй байсан. ... дараа нь миний зээлсэн мөнгийг 1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан, ... асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлсэн. гэж бичиж байжээ. Улмаар тус үндэслэлээ иргэний хэрэг үүсгэснээс хойш 2 жилийн хугацаанд огт өөрчилж, нэмэлгүйгээр дэмжин гэрээнд үнийн дүн бичээгүй байсан, 2005 оны гэрээгээ шинэчлэн байгуулна гэхэд нь итгэсэн гэж мэтгэлцсээр байсан нь хэргийг хэлэлцэж эхэлсэн боловч шийдвэрлэлгүй хойшлуулсан 2018.04.20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 203-208 дугаар тал/, хэргийг бүтэн хэлэлцэж шийдвэрлэсэн 2018.09.07-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх-ийн 181-190 дүгээр тал/-үүдэд тусжээ. Гэвч түүний өмгөөлөгч Ц.Б 2018.11.21-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралд цагдаагийн байгууллагад эрүү үүсгэнэ шүү гэж хэлээд гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг гаргаснаас хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөж айлган сүрдүүлсэн, дарамталсны улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэх агуулгаар мэтгэлцэх болсон байна. Түүнчлэн хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч дахин өөрчлөгдөх үед ... гэрээнд огт үнийн дүн бичээгүй байсан гэх тайлбар өөрчлөгдөж 200,000,000 төгрөг гэсэн тоо бичсэн байсан ба хожим нь 1-ийн тоог өмнө нь нэмж бичсэн гэх агуулгаар мэтгэлцэх болжээ.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үеэс эргэлзээгүй, бодитой, шууд илэрхийлж болох байсан хэргийн гол үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдсөн цаг мөч бүрт зөрүүтэй тодорхойлж, өөрчлөн мэтгэлцэж байсан нь илтэд эргэлзээ төрүүлж, бусад баримтаар хангалттай нотлогдохгүй үед үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна.

Маргааны зүйл болсон 2012.04.18-ны өдрийн 468 дугаартай зээлийн гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014.01.28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2016.09.07-ны өдрийн баталгаа бичигт удаа дараа гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдлаа нэхэмжлэгч сүрдүүлэгт автсаны улмаас хийсэн үйлдэл болохыг өөрийн эрүүл мэндийн байдал муу байсан он жилүүд (2009-2014 он)-тэй холбон тайлбарлаж байх боловч энэ нь дангаараа дарамт, сүрдүүлэгт автаж, хүсэл зоригийнхоо эсрэг гэрээ байгуулсныг нотлоно гэж шүүх дүгнэсэнгүй. Учир нь эдгээр гэрээ хэлцлийг нотариатчийн дэргэд байгуулсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нотариатчийн үйлдэлтэй холбоотой маргаан үүсгээгүй, нотариатчийг хариуцагчтай үгсэн нийлж, хууль бус үйлдэл хийсэн гэх тайлбараа өөр бусад байдлаар нотолсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.О 1,200,000,000 төгрөгийн овор хэмжээ, жинг тооцон шаардлагаа дэмжиж байх боловч энэ нь зохигч мөнгө зээлсэн, мөнгийг хүлээн авснаа баталгаажуулж удаа дараа гарын үсэг зурсан үйлдлийг бодитой бус гэх хангалттай үндэслэл биш байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь 2005 оноос эхлэн ашгийн төлөө идэвхитэй ажиллах болж, их хэмжээний буюу хэдэн арван саяас хэдэн тэрбум хүртэлх мөнгөн дүнтэй хэлцэл, арилжаа хийдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан иргэний ба эрүүгийн журмаар өгсөн олон удаагийн гэрчийн мэдүүлэг, зохигчийн хэн алины тайлбараар тогтоогдож байна.

15. Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ айлган сүрдүүлсэн, дарамталсан, түүнчлэн мөнгийг бодитой өгөөгүй атлаа гэрээнд өгсөн мэт тусгасан нь хууль бус болсон гэж тайлбарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дэх хэсгийг үндэслэл болгон мэтгэлцсэн байна. Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байдал ойлгомжгүй байх ба хэрэв мөнгийг бодитой өгөөгүй атлаа өгсөн мэтээр бичсэн гэж үзэж байгаа бол энэ нь гэрээний тухай заалтыг хүчингүй болгох үндэслэл бөгөөд гэрээг бүхэлд нь хүчингүй гэх үндэслэл бишийн зэрэгцээ энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлах боломжгүй, илүүтэй хүсэл зоригийн дутагдалд хамаарах бусад зүйл, заалтыг үндэслэл болгох байжээ. Гэвч энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдсонгүй, талууд тохиролцон бичгээр байгуулсан гэрээг үгүйсгэх үндэслэл байсангүй.

Түүнчлэн айлган сүрдүүлж, дарамталсан гэх агуулгаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол энэ нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлд хамаарах бөгөөд ийнхүү айлган сүрдүүлж хэлцэл хийснээс хойш 1 жилийн дотор эсрэг талдаа энэ талаар гомдлын шаардлага гарган мэдэгдсэн байхыг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгээр зохицуулсан. Нэхэмжлэгч 2012.04.18-ны өдрийн хэлцлийг байгуулахаас эхлэн хэлцэл байгуулах бүрт сүрдүүлэгт автсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагчид хандан гомдлын шаардлага гаргалгүйгээр 2016 онд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2018 оноос сүрдүүлгийн талаар тайлбарлах болсон нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан нөхцөлийг хангахгүй байгааг дурдах шаардлагатай.

16. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Х.О-ын 2012.04.18-ны өдрийн 468 дугаартай зээлийн гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014.01.28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2016.09.07-ны өдрийн баталгаа бичгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч үндэслэлээ талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж тодорхойлсон нь буруу байна.

17. Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан үндсэн нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээр, зээлийн гэрээний дагуу 1,770,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Тус тогтоолын 15, 16 дахь хэсэгт дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх бөгөөд 2014.01.28-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэн 1,770,000,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч шаардах эрхтэй гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгтэй нийцнэ гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 2,695,874,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 1,600,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хангаж, үлдэх хэсгийг шилжүүлсэн нь тогтоогдохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх маргаан бүхий мөнгөн төлбөрийн шилжүүлэг нэхэмжлэгчид хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна.

19. Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэл бүхий гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Э, Д.У нарт нэхэмжлэгчээс 1,600,000,000 төгрөгийг хүлээж авах эрхгүй, энэ хэмжээгээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч буцаан шаардах үндэстэй.

Нэхэмжлэгч 684,000,000 /683,514,000/ төгрөгийг 2014.11.07-ний өдөр шилжүүлсэн нь үндэслэлгүй болсон, ... Ц.Э сонгуульд нэр дэвших гээд мөнгө хэрэгтэй, Өлийн давааны газрыг авч өгнө, лицензээ зар гэж амласан тул 2016.09.12-ны өдөр 320,000 ам.доллар (тухайн үеийн ханшаар 715,000,000 төгрөг), 885,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн гэж тайлбарласан байна.

Харин хариуцагч ийнхүү мөнгө шилжүүлэх үндэслэлийг нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан У ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбон маргажээ. Тодруулбал, хариуцагч нар нэхэмжлэгч Х.О-ын үүсгэн байгуулсан У ХХК-ийн эзэмшиж байсан MV-12763A, MV-019031A тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд Ц.Э нь эд хөрөнгийн эрх эдлэх ёстой гэж үзэн уг тусгай зөвшөөрлийн, эсхүл түүнийг эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцааны борлуулалтын орлогоос 50 хувийг авахаар Х.О-той тохиролцсон гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцсэн байна.

Зохигчийн дунд дээрх тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэлцлийн орлогыг нэхэмжлэгч, хариуцагч нар хуваан авах тохироо бий эсэх, эсхүл хариуцагч хууль бус амлалт өгч, нэхэмжлэгч хууль бус бэлэглэл амалж гэрээ хийсэн эсэх асуудлаар маргаан үүсжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Ц.Э сонгуульд нэр дэвших гээд мөнгө хэрэгтэй, Өлийн давааны газрыг авч өгнө, лицензээ зар гэсэн тохиролцоо нь бүхэлдээ хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч ингэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч дээрх хууль бус амлалтуудыг өгсөн талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд тус иргэний хэргийн хувьд нэхэмжлэгчийн дурдаж байгаа үндэслэлээр мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин нэхэмжлэгч Өлийн давааны лицензийг авахын тулд үндэслэлгүйгээр хэн нэгэн этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байж болзошгүй үйлдлийг эрүүгийн болон бусад журмаар шалган тогтооход тус иргэний хэргийн энэхүү дүгнэлт саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, У ХХК-ийн эзэмшиж байсан лицензэд эд хөрөнгийн эрх эдлэх учиртай тул түүнийг, эсхүл У ХХК-ийн хувьцааг борлуулсан орлогоос тал хувийг нь шаардах эрхтэй, тухайн үед улс төрийн албан хаагч байсан тул тусгай зөвшөөрлийг найз Х.О-ын компанид эзэмшүүлсэн гэж мэтгэлцсэн үндэслэл нь хууль ёсны буюу хуулиар хамгаалагдвал зохих эрх ашиг гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв нийтийн алба эрхэлж байгаатай нь холбогдуулан нийтийн албан хаагчийн эд хөрөнгийн болон бусад эрхийг хуулиар хязгаарласан бол уг хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайн цаг мөчид уг хязгаарлалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан нь хожим тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, ажиллахаа больсон үндэслэлээр зөвтгөгдөх учиргүй.

Иймд хууль бус аргаар олж авсан эд хөрөнгийг хууль ёсны үндэслэлээр хамгаалах боломжгүй тул лицензийг хамтран эзэмшиж байсан, лиценз борлуулсны орлогын талыг хүртэх эрхтэй гэж үзэн Ц.Э, Д.У нарын шилжүүлэн авсан 1,600,000,000 төгрөгийг тэдгээрт үлдээх боломжгүй, үндэслэлгүй шилжүүлэг хийсэн тухайн этгээдэд буцаан олгох нь зүйтэй.

20. Хариуцагч нар 1,600,000,000 төгрөгийг хүлээн авснаа маргаагүй боловч уг мөнгийг Х.Ооос аваагүй З.Баас буюу У З ХХК-аас шилжүүлэн авсан тул биднээс буцаан шаардах эрх З.Бт, эсхүл У З ХХК-д бий гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх энэ үндэслэлийг зөв гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй байна.

Зохигчийн тайлбараар дээр дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг У ХХК эзэмшиж байсан, хувьцааг Х.О өмчилж байсан, улмаар тус компанийн хувьцаа эзэмшигч Х.О компаниа төлөөлөн У З ХХК-тай тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигч болох хувьдаа иргэн Х.О, У З ХХК-тай хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан үйл баримтууд тогтоогдсон. Эдгээр үйл баримтын тухайд зохигч маргаагүй, холбогдох гэрчийн мэдүүлэг, гэрээ хэлцлүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. У З ХХК, түүний захирал, хувьцаа эзэмшигч З.Б тусгай зөвшөөрөл болон хувьцааны хариу төлбөрийг төлөхдөө шаардах эрх бүхий этгээд болох У ХХК болон Х.О-ынзөвшөөрснөөр 1.6 тэрбум төгрөг (320 ам.доллар, 885,000,000 төгрөг)-ийг Ц.Э, Д.У нарт 2016.09.12-ны өдөр хүлээлгэн өгчээ. Мөнгө өгсөн бодит үйлдлийг З.Б хийсэн байж болох ч энэ нь хууль зүйн утгаараа хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч Х.О-ын зөвшөөрлөөр хийгдсэн үйлдэлд тооцогдоно. Харин Х.О ийнхүү мөнгө шилжүүлсэн үйлдлээ хүчин төгөлдөр бус байсан гэж үзэн буцаан шаардсан байна.

Нэхэмжлэгч Х.О уг мөнгийг сонгуулийн ажлыг дэмжих, Өлийн давааны лицензийг авахын тулд шилжүүлсэн гэх агуулгаар тайлбарлаж байгааг өмнө дурдсанчлан хариуцагч үгүйсгэсний зэрэгцээ энэ талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй бол хариуцагч У ХХК-ийн хувьцаа ба тусгай зөвшөөрлийн хувьд хамгаалагдах ашиг сонирхол байсан гэх агуулгаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Иймд Х.Ооос Ц.Э, Д.У нарт 1,600,000,000 төгрөг шилжүүлсэн нь хуулийн үндэслэлгүй байх тул 1,600,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх ба энэ үндэслэлээр мөнгийг З.Б буцаан шаардах боломжтой гэх агуулгаар үндсэн нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.

21. Харин Ц.Э нарт шилжүүлсэн 320,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар гаргуулна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, үүрэг гүйцэтгэх үеийн ханшийг баримтлах тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

22. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрчээ. Тус гомдлыг хангах боломжгүй, хоёр шатны шүүхийн энэ асуудлаар өгсөн дүгнэлт үндэстэй. Нэхэмжлэгчийн дүү гэрч Х.От тухайн өдөр 300 гаруй сая төгрөгийг өрөөнөөс авч гарсан гэх мэдүүлэг, энэ өдөр Д.У, Ц.Э нар дансандаа 680,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн үйл баримт нь хариуцагч нарыг энэ хэмжээний мөнгийг Х.О-оос хүлээж авсан болохыг шууд нотлохгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн дурдсан хариуцагч Д.У энэ хэмжээний мөнгийг хүлээж авснаа зөвшөөрсөн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан гэх тайлбар үндэслэлгүй, хэрэгт энэ талаар аливаа баримт авагдаагүй байна.

23. Эдгээр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс 1,600,000,000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлээс 1,770,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хангаж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2023/00036 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2012.04.18-ны өдрийн 463 дугаартай гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 дугаартай гэрээ, 2014.01.28-ны өдрийн Өр барагдуулах хэлцэл, эдгээр гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,095,874,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-оос 1,770,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Э, Д.У нарт олгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын ...олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэгч Х.О-оос улсын тэмдэгтийн хураамж 9,007,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Э-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.05-ны өдөр 22,640,000 төгрөг, 2024.01.02-ны өдөр 6,170,000 төгрөг, нийт 28,810,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                            Н.БАТЗОРИГ

                                                                   Н.БАЯРМАА

                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                       Д.ЦОЛМОН