Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 52

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00163/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  3 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Нэхэмжлэгч Д.Э-аас:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дархан-Уул аймаг дахь сумдын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны 372 дугаар шийдвэрээр Д.Х-, Д.Э- нараас 35.956.160 төгрөгийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай өрхийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007395 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 17-4-40 тоот 4 өрөө 50,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн тухай болон уг үнээс тооцон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай хөрөнгийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь Дархан-Уул аймагт өнөөгийн байдлаар манай байрны ижил, байршил, хэмжээ бүхий орон сууцны зах зээлийн ханш нь 130-150 сая төгрөгийн үнэтэй байгаа. Иймд Д.Э- миний өмчлөлд байгаа улсын бүртгэлийн Ү-2003007395 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 12 дугаар баг, 17-4-40 тоот 4 өрөө 50,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр Д.Х-, Д.Э- нараас 35.956.760 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үүнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/07 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2985, 03/3005, 01/2982, 01/2984 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа манай гэр бүлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007395 дугаар бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот 50,5 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдсэнийг эс зөвшөөрч манай хөрөнгийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэн тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээр анхны албадан дуудлага худалдаагаар санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй байна гэж үзэн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн томилсон үнэлгээгээр ахин шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Э- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан "Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх Д.Э-ын "Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдсан гомдолдоо: манай гэр бүлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007395 дугаар бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот 50,5 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдсэнийг эс зөвшөөрч манай хөрөнгийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2494 дүгээр шүүгчийн захирамж гаргаж, энэ өдөр 453 дугаар гүйцэтгэх хуудас бичсэн байна.

Гүйцэтгэх хуудас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт хамаарна. 

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 129, 141 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Х-, Д.Э- нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 44 дүгээр зүйлийн 44.2.5-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18070474/04 тоот мэдэгдэх хуудсаар “...барьцаа хөрөнгийг битүүмжилж хураах, харилцах болох болон хадгаламжийн дансыг хаах, үзлэг, нэгжлэг хийх..” гэж, мөн 18070474/05, 18070474/06, 18070474/08, 18070474/09, 18070474/13 тоот мэдэгдлээр “...Д.Х-, Д.Э- нарт “Газар капитал партнерс” ББСБ ХХК-д 36.408.494 төгрөгийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны дотор Төрийн банкны 140800158889 тоот дансанд тушаахыг ...” тус тус мэдэгдсэн байна.

Хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18070474/07  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот орон сууцыг битүүмжилсэн байна.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 18070474/11 дүгээр   тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот орон сууцыг хураан авчээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох 2 орон сууцыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1 дэх заалтад нийцсэн байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 07 ны өдөр “Газар капитал партнерс” ББСБ ХХК, Д.Болор-Эрдэнэ, Х.Даваасамбуу, Д.Х-, Д.Номундарь нарт барьцааны хөрөнгийн талаар үнийн санал авахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот орон сууцыг 150.000.000 төгрөгөөр үнэлжээ.

            Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинжээч томилсон бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот орон сууцыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үүргийнхээ дагуу шинжээч томилох тухай тогтоол гаргаж, үнэлгээ тогтоолгосон үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,  55.2.2, 55.3  дахь заалтыг зөрчөөгүй байна.

            Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно". заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Төлбөр төлөгч Д.Э- хуульд заасан хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй,  нөгөөтэйгүүр орон сууцны үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7,122 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.  

Иймд нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ                                      

                                                         ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ