Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00220

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар магадлалтай,

Д.Эын нэхэмжлэлтэй

ДУА дахь ШШГГ-445-р НХА д холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дархан-Уул аймаг дахь сумдын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны 372 дугаар шийдвэрээр Д.Х, Д.Э нараас 35.956.160 төгрөгийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай өрхийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 17-4-40 тоот 4 өрөө 50,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн тухай болон уг үнээс тооцон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай хөрөнгийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь Дархан-Уул аймагт өнөөгийн байдлаар манай байрны ижил, байршил, хэмжээ бүхий орон сууцны зах зээлийн ханш нь 130-150 сая төгрөгийн үнэтэй байгаа. Иймд Д.Э миний өмчлөлд байгаа улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 12 дугаар баг, 17-4-40 тоот 4 өрөө 50,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг 68.000.000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДУА дахь ШШГГ-445-р НХА шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр Д.Х, Д.Э нараас 35.956.760 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үүнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/07 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2985, 03/3005, 01/2982, 01/2984 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын хариуцагч ДУА дахь ШШГГ-445-р НХА д холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Хариуцагч орон сууцны үнийн тал дээр талууд тохиролцоогүй тул Капитал зууч ХХК-аар орон сууцны үнийг 68 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн., гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д ...заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна. Учир 55.1-д “төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ” гэж байхад төлбөр төлөгч бидний үнийг харгалзаагүй зөвхөн шинжээчийн үнэлгээгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үнэлгээг зөвтгөж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөж байна. Мөн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй маргаж байхад шүүхээс зах зээлийн үнэлгээг судлах, нотлох баримт бүрдүүлэлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журмаа биелүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Э нь 2019 оны 02 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ДУА дахь ШШГГ-445-р НХА д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг  гаргажээ. Хариуцагч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нараас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагааг хариуцагч хуульд заасан журмын дагуу явуулсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, шүүх Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

Д.Э нь Д.Хаш-Эрдэнийн хамт Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 35 956 160 төгрөгийг Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт төлөх үүрэгтэй ба шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нараас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ тогтоолгох, талуудад мэдэгдэл хүргүүлэх Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дугаар зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журмыг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Б, Х.Д, Д.Х, Д.Ннар барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6-р хорооллын 17 байр 40 тоот,50,5 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 130 000 000- 150 000 000 төгрөгөөр үнэлсэн бол шинжээч Капитал зууч ХХК 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 68 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэжээ.

Дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан тул хариуцагч нь хуулийн уг зохицуулалтын дагуу шинжээч томилжээ.

Шинжээчийн үнэлгээ бодитой тогтоогдоогүй гэх татгалзлаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүйгээс гадна “шүүх нотлох баримт бүрдүүлээгүй, ...төлбөр төлөгчийн саналыг харгалзан үнэлгээ тогтоох... тухай хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарласан” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэл муутай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д  зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч мөн зүйлийн 38.6.-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах үүрэгтэй байна. Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох зорилгоор нотлох баримт бүрдүүлэх талаар Д.Э нь хүсэлт гаргаагүй нөхцөлд шүүх санаачлагаараа баримт бүрдүүлэхгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заажээ. Шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны зүйлийг зээлийн үүрэгт суутгах ажиллагаа явуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзан үнэлгээ тогтоохгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА