Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 199

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00163/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,  дугаар хороолол,  дүгээр байр .. тоотод оршин суух, Д.Э / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ШШГ газар-445 дугаар нээлттэй хорих анги -д холбогдох

 

“Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Д.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Дархан-Уул аймаг дахь Сумдын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны  дүгээр сарын -ны  дугаартай шийдвэрээр Д.Х, Д.Э нараас 35,956,160 төгрөгийн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны .. дугаар сарын ..-ны өдөр манай өрхийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, тоот өрөө .. мкв үл хөдлөх хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай болон уг үнээс тооцон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдлээ.

Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай хөрөнгийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь Дархан-Уул аймагт өнөөгийн байдлаар манай байрны ижил, байршил, хэмжээ бүхий орон сууцны зах зээлийн ханш нь 130-150 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Иймд Д.Э миний өмчлөлд байгаа улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 12 дугаар баг, ... мкв үл  хөдлөх хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих нь шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ..дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаартай шийдвэрээр Д.Х, Д.Э нараас 35,956,760 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Д.Х, Д.Э нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, .. дугаар хороолол, ...тоотод байрлах .. мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай . өрөө орон сууцыг ..-ны өдрийн .. дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үүнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/07 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68,000,000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2985, 03/3005, 01/2982, 01/2984 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Өмнө нь нэхэмжлэгч Д.Э нь Капитал зууч ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлагыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 601 дугаартай захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”, 55.5-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр “...хариуцагч Д.Э, Д.Х нараас 35,956,760 төгрөгийг гаргуулан Газар капитал партнерс ББСБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 12 дугаар баг 6 дугаар хороолол 17 дугаар байрны 40 тоот 50.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...” шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2018 оны 08 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Д.Э, Д.Х нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003007395 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 12 дугаар баг 6 дугаар хороолол 17 дугаар байрны 40 тоот 50.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/07 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу Капитал зууч ХХК-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн Үнэлгээний тайлангаар дээрх орон сууцны нийт үнэлгээг 68,000,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ миний өмчлөлийн орон сууцыг хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Шинжээчийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Д.Эын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ТУНГАЛАГМАА