Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2019/00708

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 12 сарын 10 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00708

                Хэрлэн сум

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157/2019/00091/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: .....................тоот хаягт оршин суух,  С.ОО/РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............тоот хаягт оршин суух, Д.Ө /РД:..................../-д холбогдох,

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16 200 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өын нэр дээр шилжүүлэхийг С.ООтгончимэгт даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч С.О өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,

            хариуцагчийн төлөөлөгч А.Э Ж.Амгалан,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр сумын 1 дүгээр баг ............. тоотод байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дашнямын Өад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Бид тус гэрээгээр орон сууцыг 22 000 000 сая төгрөгөөр худалдах, төлбөрийн 2 000 000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 3 222 916 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 16 777 084 төгрөгийг Хас банкны барьцааны гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгах, орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдмөгц худалдан авагч Д.Өад өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэтэл Д.Ө нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгөх 3 222 916 төгрөгний төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй, байрыг чинь зарж байж үлдэгдэл мөнгийг өгье гэсэн. Миний өмчлөлд банкны барьцаанд байгаа байрыг чи зардаг юм, гэрээгээ цуцлаад урьдчилгаа мөнгийг чинь буцааж өгье байраа суллуулж аваад би өөрөө зарья гэхэд, Д.Ө нь би засвар хийсэн тавилга авч тавьсан тул шүүхээр шийдүүлээд аваарай гэсэн.

Мөн Д.Ө нь 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй ба би өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд 14 911 296 төгрөгийн зээлийг Хас банкинд төлсөн. Энэ бүх байдлыг харгалзан  Д.Өыг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний үүргээ одоо хүртэлх биелүүлээгүй байж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

5 222 916 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан, 1 030 000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Гэхдээ 30 000 төгрөгт нь бараа захиж байсан болохоор төлбөрт орохгүй. Гэрээнд заасан хугацаанд 5 сая төгрөгөө өгсөн бол би гэр аваад амьдрах байсан, үүнээс шалтгаалан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 36 сарын хугацаанд сарын 500 000 төгрөгөөр орон сууц түрээслэсэн. Энэ зардлаас 16 200 000 төгрөгийг нь нэхэмжилж байгаа, мөнгө өгсөн баримт нь бол байхгүй байна. Би одоо байраа авмаар байна. Надад өгөх ёстой мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг л авсан.

Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах байрыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.ООнь Хас банкны 17 600 000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулан 1 000 000 гаруй төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байгаа учир надад 22 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсанаас хойш 2015 оны 04 дүгээр сар хүртэл банкинд тогтмол төлбөрийг төлж байгаад, С.ООнь цонхоор орж цоож сольж янз янзын үйлдэл удаа дараа гаргасны улмаас авсан мөнгөө буцааж өгөөд байраа ав манайх одооноос банкны төлөлт хийхгүй гэж хэлсэн.

Шүлхий өвчин гараад хорио цээр гарсан учир өөрт нь өгөх ёстой үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд өгч чадаагүй, дараа нь мөнгө өгөх гэхээр дансыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зогсоосон учир болдоггүй байсан. Үлдсэн төлбөрийг өнөөдөр шууд өгсөн ч болно. Гэрээнээс татгалзаж байна гэж аливаа хэлбэрээр манайд мэдэгдээгүй. 2 000 000 төгрөгийн төлбөрийг нь одоо ч төлж болно нэхэмжлэгчид. Гэрээг манайх хүчинтэй гэж үздэг, орон сууц чөлөөлүүлэх асуудал нь хууль бусаар үүсээгүй, түрээсийн байр энэ гэрээтэй хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 768 587.63 төгрөг төлж Хас банкны зээлийг хаасан байгаа. Энэ байранд 5-6 сая төгрөгийн засвар хийсэн. Нэхэмжлэгчийн Хас банкинд төлсөн төлбөр баримтаар нотлогдвол төлж өгнө л гэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээгээр хүлээн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж үзэж байгаа болохоор Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өын нэр дээр шилжүүлэхийг С.О-т даалгуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол С.ООнь тухайн байрыг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих эрсдэл байна гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Д.Өад холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16 200 000 төгрөг гаргуулах  үндсэн нэхэмжлэл,

хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, .............. тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өын нэр дээр шилжүүлэхийг С.О-т даалгуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан бөгөөд харилцан эсрэг мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн байна.

Шүүхийн зүгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.О нь өөрийн өмчлөлийн Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг С.ОӨад худалдаж, С.ОӨ нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 222 916 төгрөгийг С.ООтгончимэгт төлж, үлдэх 16 777 084 төгрөгийг Хас банктай С.О-ийн байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн .......... тоот гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу Хас банкинд төлөхөөр талууд харицлан тохиролцож “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Энд дурдсан төлбөр төлөх 2013 он гэсэн нь 2014 он болох дээр талууд маргаагүй.

Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл гэдгийг Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр урьд тогтоожээ.

Харин гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхөөр заасан  нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацаатай гэрээний харилцаанд хамаарч байна.

 

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь түүнд төлөх ёстой 5 222 916 төгрөгөөс 2 222 916 төгрөгийг төлөөгүй, мөн Хас банктай С.О-ийн байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн .......... тоот гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх ёстой хариуцагчийн үүргийг 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд нэхэмжлэгч хариуцан 14 911 296 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсан болохоо илэрхийлэхдээ хариуцагчид энэ талаар  утсаар болон биечлэн мэдэгдэж байсан гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд Хас банкинд зээлийн төлбөрийг төлөөгүй гэдэг дээр маргаагүй, харин нэхэмжлэгчид өөрт нь төлөх ёстой төлбөрийг төлөх хугацаанд хорио цээрийн дэглэм тогтсон, дараа нь нэхэмжлэгчийн данс хаагдсан байсан учир төлбөр төлөгдөөгүй, гэрээнээс татгалзаж байна гэж албан ёсоор мэдэгдээгүй гэж маргасан. 

Аливаа гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэж байгуулагддаг бөгөөд хэрэв гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд мөн талууд харилцан тохиролцох, энэ талаар мэдэх эрхтэй байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнээс татгалзаж байгаа болохоо мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь Хас банктай С.О-ийн байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн............ тоот гэрээний төлбөр төлөх хуваариас хамааран урт хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд хариуцагч тал 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хас банкинд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ............ тоот барьцаат зээлийн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байна.

Урт хугацаатай гэрээнээс татгалзах хуулийн үндэслэлийг дараах байдлаар тусгажээ:

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно,

221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ,

221.3.Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.

Холбогдуулан авч үзвэл, урт хугацаатай гэрээ байгуулах үндэслэл болсон гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн талаар нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдээгүй, түүнчлэн хариуцагч Хас банкинд төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан цагаас эхлэн энэ талаар шаардлага тавьж гэрээнээс татгалзаагүй нь нэмэлт хугацаа тогтоосон гэж ойлгогдохоор байгаа бөгөөд үүний дагуу банкны зээлийн үлдэгдэл 13 768 587.63 төгрөгийг  2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь Хас банкинд төлж барагдуулсан байна.

Иймд урт хугацаатай гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгаанд үндэслэж зохих журмын дагуу гэрээний нөгөө талд мэдэгдэж татгалзаагүй байх тул  2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1......... тоотод байрлах орон сууцыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Гэрээнээс татгалзах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний хүрээнд Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах байрыг эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй болно. Үүнээс шалтгаалан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хохирол 16 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд  

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний харилцааны явцад үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэгчид болон Хас банкинд хариуцан төлөх ёстой байсан мөнгөн төлбөрийн үүргийг дутуу гүйцэтгэсэн гэрээний зөрчлийг гаргасан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

Гэхдээ нэхэмжлэгч нь орон сууц түрээсэлсний төлбөр гэх 16 200 000 төгрөгийн зардлыг бодитоор гаргаснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 26, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, мөн түрээслүүлэгч болон түрээсийн орон сууцны өмчлөгч нар нь зөрүүтэй, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйгээс шалтгаалан орон сууц түрээслэх болсон гэж шууд үзэх боломжгүй байгаа тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, ............ тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өын нэр дээр шилжүүлэхийг С.ООтгончимэгт даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой 5 222 916 төгрөгөөс 3 030 000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулсан, харин үлдэх 2 192 916 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь тус тус нотлогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнийг төлөх худалдан авагчийн үүрэг дуусгавар болоогүй байх учир Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг худалдагчаас шаардах эрх хариуцагчид үүсээгүй байна.

Харин Хас банктай С.ООтгончимэгийн байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14300001855 тоот гэрээ дуусгавар болсон байгаа учир хариуцагчийн тухайн гэрээний хавсралтад зааснаар төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэхэд одоо дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй байгаа боловч нэхэмжлэгч хүчин төгөлдөр урт хугацаатай гэрээнээс зохих журмаар татгалзаагүй гэрээний үндсэн дээр орон сууцыг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгааг буруутгахгүй, гэрээний харилцааны улмаас учирсан гэх хохирол нь гэрээтэй харилцан уялдаа бүхий болох нь, мөн гарсан зардал бодитой эсэх нь нотлогдоогүй гэж үндсэн нэхэмжэлийн шаардлагыг, гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгээгүй учраас шаардах эрх үүсээгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь Хас банкинд зээлийн төлбөр төлсөн асуудал тогтоогдсон бөгөөд энэ асуудлаар маргах эрх нээлттэй болохыг дурвал зохино.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1713 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр үйлчлэх болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

       ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Өад холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Д.Өын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өын нэр дээр шилжүүлэхийг С.О-т даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

                        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 348 950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж,

                        нэхэмжлэгчээс 29 400 төгрөг гаргуулан төрийн санд, төрийн сангаас 197 750 төгрөгийг хариуцагчид тус тус олгосугай.     

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ