Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2019/00011

 

2019           04            23                                       202/МА2019/00011

Э.О-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2019/00059 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ------ дугаар байрны ----- тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Боржигон овогт Энхбатын О /РД:УД-------201/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын 3 дугаар баг----- дугаар байрны 01 тоотод оршин байх, РД -------59 дугаартай, БЖ ХХК-д холбогдох

Гэрээ цуцлах, урьдчилгаа 10 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ч.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014-05-15-ны өдөр БЖ ХХК-ийн захирал Ч.Т-тай 02 дугаар орон сууцны захиалгын гэрээг байгуулж, Замын-Үүд сумын 1 дүгээр багт баригдсан, 48 айлын орон сууцны барилгаас 1 дүгээр орцны 1 давхарын 02 тоот, 39 кв/м 2 өрөө орон сууцыг 1 кв/м-ийг 850 000 төгрөгөөр тооцон нийт 33 150 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний 1.2, 1.3-т зааснаар нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 8 000 000 төгрөгийг 2014-04-24-ний өдөр, дахин 10 хувь буюу 2 515 000 төгрөгийг 2015-08-26-нд нийт урьдчилгаа 40 хувь буюу 10 515 000 төгрөгийг өгсөн.

БЖ ХХК нь гэрээний 9.2-т зааснаар барилгыг 2015-09-25 нд ашиглалтад өгөхөөр заасан атал 2016-09-15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан. Барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүйгээс миний биед зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 1.Миний нас 45 хүрч банкны 0,8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон, 2. Төрөөс олгогдож байсан 0,8 хувийн банкны зээл 2016 оноос эхлэн зогссон зэрэг нь ганц миний хувьд энэ бүхэн хүнд цохилт болсон.

Өнөөдрийг хүртэл хугацаанд банкнаас дахин зээл авах талаар хөөцөлдөж гарах зээлийн хэмжээ бага байсан болохоор хүүгийнхээ нэр дээр ипотекийн зээл хөөцөлдөж санаатай байгаагаа ч Т-т хэлсэн. Миний хувьд Ч.Т-ыг ойлгож өөрийгөө ч ойлгуулах энэ хүнд нөхцлөөс хэн хэнээ ойлгож хэрүүл маргаан, цагдаа шүүх гээд яах юм бэ гэсний үндсэн дээр 2 ч удаа дараах саналыг тавьж байсан. 1. Би байраа зараад чамд байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө олж аваад гаръя, 2. Би чамд өгөх үлдэгдэл 22 150 000 төгрөг дээр хамтарсан гэрээ байгуулж нотариатчаар батлуулан сар болгон мөнгө өгч байя /хувь лизинг байгуулвал өөрийн хүүтэйгээ хамтраад төлөөд явах боломж байна. Банк хамтран зээлдэгч хангалтгүй болохоор элдвийн бичиг баримт нэхээд байх юм аа гэж хэлсэн/. Би өөрийн байгаа байдал болон банк миний насны хязгаар заагаад урт хугацааны зээл гаргахад хүндрэлтэй байна гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл Орон сууц захиалгын гэрээгээ надтай албан ёсоор цуцлаагүй надтай юу ч ярилцаагүй хэрнээ өөрийн компанийн нэрийг ашиглан дур мэдэн Содномишийн Энхбаатар, Цэдэвийн Нарантуяа гэх хүмүүсийн нэр дээр миний байрны үл хөдлөхийн гэрчилгээг гараж өгснийг 2018-04-28 нд Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын албанд очиж асууж мэдлээ. Иймд миний бие БЖ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, байрны урьдчилгаанд өгсөн 10 515 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.О анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: ...Орон сууцны захиалгын гэрээний 1.2, 1.3-т зааснаар урьдчилгаа 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 08 дугаар сард 2 300 000 төгрөгийг мөн өгсөн. Иймд БЖ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, байрны урьдчилгаанд өгсөн 10 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа:  БЖ ХХК-ийн захирал Ч.Т миний бие 2014 оны 03 сард Хилийн мэргэжлийн хяналтын албатай ажилчдын орон сууц барихаар тохиролцон гэрээг байгуулсан болно. Мэргэжлийн хяналтын ажилчдын орон сууц захиалгын гэрээг 2014 оны 04 сарын 25-ны өдөр 02 тоот гэрээг байгуулж гэрээгээр тус байрны 2 тоот  38,4 м2 2 өрөө захиалж гэрээг байгуулсан байдаг юм. Манай компанид Хилийн мэргэжлийн хяналтын албатай ажилчдыг хямд үнэтэй орон сууц барьж ашиглалтад оруулах гэрээгээ 100 хувь биелүүлж орон сууцаа ашиглалтад оруулсан болно. Цаг үеийн эдийн засгийн давагдашгүй хүчин зүйл үүсч арилжааны бүх банкуудын хувьд барилгын зээлийн санхүүжилт зогсоосон тул барилгын ажлаа үргэлжлүүлэн дуусгах үүднээс өндөр хүүтэй зээлийг ББСБ-аас авч тус барилгыг 100 хувь хийж гүйцэтгэн 2016.08.31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, компанийн зүгээс шалтгаалж хугацаандаа ороогүй зүйл байхгүй юм. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр манай компани тус орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээг 20 жил тутамд хийх учиртай болохоос бусдаар халаалтын эх үүсвэрт холболт хийх эрхийг хилийн мэргэжлийн хяналтын алба хийх ёстой байсан болохоор тэр эрхээ авч өгөхгүй халаалт байхгүй 1 жилийн хугацаа хэтэрсэн тохиолдолд манай байгууллагын буруу биш. Тэгээд байраа 2016 оны 3 сард байнгын ашиглалтад оруулсан. Захиалагчид гэрээний дагуу 14 хоногийн дотор байрны үлдэгдэл төлбөр болох 70 хувийг төлөөд байрандаа орох ёстой байсан боловч захиалагч нар 30 хувь төлсөн болохоор орж байгаад үлдэгдэл төлбөрөө төлье гэдэг талаар удаа дараа хүсэлт тавьсны улмаас манай компани 70 хувиа авалгүй захиалагч нарыг тоотын дагуу оруулсан юм. Ингээд захиалагч Б.О нь тус байрны 2 тоот байрандаа 2016-09 сараас амьдарсан байдаг.  Орсон цагаас хойш О нь тус байранд нийт 30 сар буюу 870 хоног амьдарсан байна. Энэ хугацаанд захиалагч Б.О нь байрны үлдэгдэл төлбөрөө төл гэж байнга мэдэгдэж байсан. Энэ тохиолдол болгонд зээл бүтэхгүй байна гэсэн хариу тайлбар хэлээд ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Манай компани удаа дараалан маш их хэмжээний өндөр хүүтэй зээлийг ББСБ-аас авч байрыг дуусгасан болохоор үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулж байсан. Гэтэл захиалагч О гэрээний 4.1 дэх заалтыг зөрчиж одоо болтол 70 хувиа төлөөгүй байна. Мэдэгдэх хуудсуудыг 2016-11-01 ний өдрийн мэдэгдэх хуудсыг 11 сарын 02-ны өдөр өөрийн гарт нь өгч гарын үсэг зуруулсан, 2017-01-15 ны өдөр бас явуулж анхааруулж сануулсан, 2017-10-18-ны өдрийн мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар явуулсан байхад ямар ч хариу тайлбар өгөхгүй байсан болохоор хүлээн аваад хүлээн зөвшөөрч байна гэж үзээд 2018 онд худалдан борлуулахаас өөр зам байгаагүй учир худалдан борлуулсан болно. БЖ ХХК ИХШХШТхуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь заалтыг үндэслэн орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж байна. Мөн хуулийн 270 дугаар зүйлийн дагуу тус захиалагч талд удаа дараа мэдэгдсэн болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч БЖ ХХК-иас 10 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Од олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 810 төгрөг татварын 100060000957 данснаас буцаан гаргуулж, хариуцагч БЖ ХХК-иас 179 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн байгуулсан гэрээг бүхэлд нь хянан үзээгүй, шүүх гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 189.1, 196.1.2, 198.2, 205.1 дэх заалтуудыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн нэхэмжлэгчийн 10 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдал, нотлох баримтад үндэслээгүй, хуулийн зохицуулалттай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэснээс харахад гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан өгөх үүрэгтэйг зохицуулжээ. Гэтэл хариуцагч БЖ ХХК-ийн захирал Ч.Т-аас нэхэмжлэгч Э.О-д орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч орон сууцны захиалгын гэрээний 70 хувийг төлөөгүй, тухайн орон сууцанд 30 сар буюу 879 хоног ямар ч төлбөргүйгээр амьдарсан бөгөөд энэ хугацааны бодит ашиг /түрээс, гэрээний алданги/-ийг тухайн зах зээлийн үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс суутгаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчаас Орон сууцны захиалгын гэрээний гол нөхцөл болох төлбөрийн хуваарь, алданги зэргийг тооцож өгөхийг шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтууд болон сөрөг нэхэмжлэлийн талаар хүсэлт гаргасан боловч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хүсэлтийг шийдвэрт тодорхой тусгаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй, түүнчлэн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн хариуцагчаас...алданги, торгууль гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх, гэрээнд зааснаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүй нь тогтоогдоно.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглэхдээ зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар хуулийг хэрэглэж, хариуцагчид учирсан бодит хохирлыг тооцоогүй, гэрээний гол нөхцөл болох орон сууцыг шударга бус өмчлөгч өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.О-ийн 30 сар үнэ төлбөргүй амьдарсан бодит ашгийг тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй нь гэрээг бүхэлд нь хянаж үзээгүй байх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлд дурдсан 10 515 000 төгрөг нь нэхэмжлэгч Э.О, хариуцагч БЖ ХХК-ийн хооронд хийгдсэн Орон сууц захиалгын гэрээнээс үүссэн маргаан болохын хувьд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн хэргийн гол нотлох баримт болох гэрээг бүхэлд нь шинжлэн судалж, хэргийг бүрэн дүүрэн, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх ёстой. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч тал буюу нэхэмжлэгч Э.О биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчээс 3 удаа үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, удаа дараа үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байсан, мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт авагдсан нэхэмжлэгчийн “барилгын гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтад ороогүйгээс надад зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээний үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, мөн гэрээний үүргийг биелүүлэхгүйгээр орон сууцанд ямар ч хариу төлбөргүйгээр 30 сар амьдарч гэрээгээр далдлан өөрт ашигтай байдлыг үүсгэсэн зэрэг нь гэрээг хэрэгжүүлэхгүй гэсэн шууд санаатай хууль бус үйлдэл байгааг харж болохоос гадна гэрээнд заасан эрхийн дагуу гэрээг орон сууц хүлээлгэн өгөх хугацаанд гэрээг цуцлах санал гаргаж, урьдчилгаа төлбөрийг шаардах эрх нээлттэй байсан ч тухайн эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг хууль бус санаатай үйлдэлд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, нотлох баримт, хуульд үндэслээгүй хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул 137/ШШ2019/00059 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч хариуцагчаа бүрэн тодорхойлж чадаагүй. БЖ ХХК-иас хариуцагчаар татаад байгаа юм уу, Тыг хариуцагчаар татаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Яг энэ тодорхойгүй нөхцөл байдлын улмаас болоод хавтаст хэрэгт БЖ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон бусад холбогдох баримт бичгүүд авагдаагүй байхад шүүхээс БЖ ХХК-аас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх байтал мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх эргэлзээ төрүүлж байна. Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн талаар хүсэлт гаргаж байсан байх ба урьд төлсөн тэмдэгтийн хураамжаа Татварын байгууллагаас аваагүй гэсэн тодорхойлолтыг нь харж байж улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах эсэх асуудлыг шийдэх ёстой байсан байтал  ийм нөхцөл байдал байхгүй байхад нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд 2019.01.18-ны өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг тогтоож өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 22-ны өдрөөр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлсөн асуудал харагддаг. Хавтаст хэргийн 13, 17, 19 дүгээр хуудсанд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Гаалийн байгууллагатай байгуулсан гэрээ, байр хүлээлгэж өгсөн акт гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд авагдсан байгаа. Тухайн баримт дээр Гаалийн байгууллагын архивын дардас дарагдсан. Төрийн байгууллагаас гаргаж өгч байгаа нотлох баримтыг шүүх хангахдаа мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаж байж үнэлэгдэх эсэх асуудал нь яригдах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Шүүх хуралдаан дээр ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр асуулт хариултын шатанд талууд үнийн дүн дээр эвлэрэх эсэх асуудал яригдсан. Гэтэл талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гарахаас өмнөх аль ч шатанд эвлэрэх эрхтэй. Талууд үнийн дүн дээр ярилцах шаардлагатай байна гэж асуулт хариултаараа тодруулж өгсөн нь хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Гэтэл шүүх энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулж асуугаагүй байна, энэ үед талууд эвлэрэх боломжтой байсан байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би сөрөг нэхэмжлэл гаргаад, энэ амьдарсан хугацааны төлбөрийг суутгах, гэрээнд заасан алдангийнх нь асуудлыг тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой юм байна гэдэг агуулгыг ойлгоод энэ талаараа сөрөг нэхэмжлэл гаргая, өмгөөлөгч авъя гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн боловч яг энэ нөхцөл байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь эрхээ хамгаалуулах эрхийг нь хангалгүй, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна гэж харж байна. Мэдээж нөгөө тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байгаа. Ямар баримтыг гаргаж өгөх вэ, ямар баримт дээр яаж ярих уу, хэргийнхээ нөхцөл байдлыг яаж удирдан чиглүүлж явах вэ гэдгийг нэхэмжлэгч өмгөөлөгчөөрөө дамжуулаад эрхийн туслалцаагаа аваад хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч тэгш бус ийм нөхцөлд оролцсон. Шүүгч өмгөөлөгч авах уу гэдэг нөхцөл байдлыг тайлбарласан хэдий ч тэгш бус нөхцөл байдалд байна шүү гэдэг нөхцөл байдлыг ойлгуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч БЖ ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, орон сууц худалдах худалдан авах гэрээнийн урьдчилгаа төлбөрт төлсөн 10515000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10300000 төгрөг болгон багасгажээ.

            Хариуцагч БЖ ХХК-ийг төлөөлж захирал Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж орон сууцыг өөр хүнд худалдсан, төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүртэл нийт 879 хоног орон сууцанд амьдарсаар байгаа тул гэрээнд заасны дагуу хохирлоо гаргуулж авна гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч “... анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хариуцагч талын тайлбар хүсэлтийг ... шийдвэрлээгүй, ... нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэлд үнэлэлт дүгнэлт хийгээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэсэн тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ нэртэй гэрээ /хх 9-11/ байгуулагдаж, гэрээнд зааснаар хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт баригдах “48 айлын орон сууц”-аас 1 дүгээр давхарын 2 тоот байрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээ ёсоор гэрээ байгуулагдах үед төлбөрийн 30 хувь буюу 8000000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг орон сууц баригдаж дууссаны дараа орон сууцанд орсноор төлөхөөр тохиролцсон, уг орон сууцны нэгж талбайн үнэ нь 850000 төгрөг, нэхэмжлэгч нийт 33150000 төгрөг төлөх ёстойгоос 10300000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч гэрээг цуцалсан боловч маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч одоог хүртэл амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нэхэмжлэгчийг 70 хувийн төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах мэдэгдэл удаа дараа өгч гэрээг цуцалсан, одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа тул төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн байх боловч гэрээний агуулга, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь 39 кв/м 2 өрөө бүхий орон сууцыг нэгж талбайг 850000 төгрөгөөр тооцож нийт 33150000 төгрөгөөр худалдахаар тохиролцож нэхэмжлэгч Э.Оийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч төлбөрөөс 10300000 төгрөгийг урьдчилан төлж үлдэгдэл төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан тодорхой ажил гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээн авч хөлс тухай тохиролцоо хийгдээгүй бөгөөд орон сууцны үнэд төлөх төлбөрийг ажлын хөлс гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байснаас биш орон сууцыг бариулах ажлын үр дүнг захиалсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу Э.Оийн хүсэл зоригийн илэрхийллийг буруу тодорхойлж, орон сууцыг захиалж хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

            Нэхэмжлэгч Э.О нь орон сууц худалдан авахдаа урьдчилгаа 10300000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч БЖ ХХК буюу худалдагч нь төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж /хх-47, 49, 50/, улмаар гэрээг цуцалсан байх ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах журамд нийцсэн энэ талаар талууд маргаагүй байна.

Түүнчлэн ийнхүү гэрээнээс татгалзсан нь гэрээг цуцлах үндэслэл болсон ба түүний үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буюу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж үзэн 10300000 төгрөгийг хариуцагч буюу худалдагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Энэ нь нэхэмжлэгчийн 10300000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл нь гэрээ цуцалсаны үр дагаврыг шаардсан байх ба талууд гэрээг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нь цуцлагдсан талаар маргаагүйгээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад  гэрээ цуцлах тухай дурдсаныг нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

Харин зохигчид уг маргаан бүхий орон сууц нь одоогоор хэний эзэмшил, өмчлөлд байгаа талаар маргаагүйн гадна уг орон сууцыг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж, худалдсан  гэсэн зохигчдын тайлбарыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэрээнээс татгалзсан үр дагавар буюу орон сууцыг  буцаан гаргуулах нөхцөл шаардлага байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байх ба нэгэнт уг маргаан бүхий орон сууцыг өөр этгээдэд худалдаж, өмчлөлд нь шилжүүлсэн бол орон сууцыг буцаан гаргуулах үр дагавар үүсэхгүй болно.

Гэхдээ орон сууц хэрвээ нэхэмжлэгчийн эзэмшилд хэвээр байгаа нөхцөлд  орон сууц чөлөөлүүлэх тухай асуудал нь энэхүү гэрээ цуцалсаны үр дагаварт хамаарахгүй бөгөөд тусдаа бие даасан өөр нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжтой юм.

Улмаар хариуцагч нь давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхийг сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй гэх боловч ийм үндэслэл тогтоогдоогүйн гадна хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах талаар дурдаж байсан боловч энэ талаарх нэхэмжлэлээ гаргаагүйгээс хариуцагчийн тайлбарт дурдсан гэрээ цуцалснаас учирсан хохирлын талаар шүүх хэлэлцэж дүгнээгүй ба түүний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан зүйлгүй байна.

Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргийг биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж өөрт хохирол учирсан гэж үзвэл  түүний энэ талаарх нэхэмжлэл гаргах болон шүүхэд мэдүүлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд энэхүү эрх нээлттэй хэвээр байгааг дурдах нь зүйтэй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэнд холбогдуулж гаргасан нь тодорхойгүй буюу хариуцагчаа тодорхойлж чадаагүй, БЖ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, шүүх зохигчдод эвлэрэх боломж олгоогүй гэжээ.

Үүнд: 1. Нэхэмжлэгч Э.О нь нэхэмжлэлдээ хариуцагчийг БЖ ХХК-ийн захирал Ч.Т гэж дурдсан байх боловч шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа /хх-40/ нэхэмжлэлийг БЖ ХХК-д холбогдуулан гаргасан талаараа тодруулсан байх тул шүүх хариуцагчийг БЖ ХХК гэж тодорхойлон иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсаныг буруутгах үндэслэлгүй.

2. Хэдийгээр хэрэгт хариуцагч БЖ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй боловч зохигчид БЖ ХХК-ийн эрх зүйн байдлын талаар болон тус компанийг Ч.Т төлөөлөх эрхгүй талаар маргаагүй, Ч.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаанд БЖ ХХК-ийг үүсгэн байгуулагч төдийгүй тухайн компанийн захирлаар өөр хүн бүртгэгдээгүй талаар тайлбар гаргасан тул түүнийг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан улсын тэмдэгтийн хураамж төлөх ... хугацааг хойшлуулж болохоор зааснаас үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан зөвхөн ганц эд хөрөнгийн байдлыг харгалзан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулна гэж үзэхгүй бөгөөд бусад байдлыг буюу өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг буцаан авсаны дараа төлөхөөр хүсэлт гаргасныг шүүх хулээн авч шийдвэрлэсэн нь энэ талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

4. Хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд буюу “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ №01/2014” /хх13-16/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-17-18/, БЖ ХХК-ийн 2016.05.15-ний өдрийн 319 тоот албан бичиг /хх-19/ зэрэг хэргийн 13-22 дугаар талд авагдсан баримтуудад Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх боловч архивын ажилтан нь нэхэмжлэгч Э.О өөрөө гарын үсэг зурж тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т нийцээгүйгээс эдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй хэдий ч эдгээр баримтууд нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй буюу хэргийн бусад бусад нотлох баримтаар маргааны үйл баримт тогтоогдсон ба энэ нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй болно.

5. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд зохигчид шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэх нөхцөл боломжийн тухай хэлэлцсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй байх ба тэдний эвлэрэх боломжийг болон хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хассан хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Ч.Тын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2019/00059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1...” гэсний дараа “243 дугаар зүйлийн 243.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Г.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ