Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2019/00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 145 дугаар байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, 48 настай, Боржигон овогт Энхбатын Одгэрэл /РД: УД 71010201/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, 68 дугаар байрны 01 тоотод оршин байх, РД 3307859, “Булаг жирэм” ХХК-д холбогдох 

Гэрээ цуцлах, урдчилгаа 10,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Одгэрэл, түүний өмгөөлөгч С.Энхзул, хариуцагчийн төлөөлөгч Ч.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний бие 2014 оны 5 дугаар сарын 15-ний өдөр “Булаг жирэм” ХХК-ийн захирал Ч.Тогтохбаяртай Замын-Үүд сумын 1-р баг, 48 айлын орон сууцны барилгаас 1-р орцны 1 давхрын 02 тоот, 39 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 850,000 төгрөгөөр тооцон нийт 33,150,000 төгрөгөөр худалдан авах 02 дугаартай гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний 1.2, 1.3-т зааснаар урдчилгаа 10,300,000 төгрөгийг шилжүүлсэн. 
Барилга 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан бөгөөд барилгын гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүйгээс миний биед зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 
Гэтэл орон сууц захиалгын гэрээгээ надтай албан ёсоор цуцлаагүй, юу ч ярилцаагүй хэрнээ өөрийн компанийн нэрийг ашиглан дур мэдэн Содном-Ишийн Энхбаатар, Цэдэвийн Нарантуяа гэх хүмүүсийн нэр дээр миний байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгч гэрээг цуцласан, үүнд маргахгүй, бусдыг гуравдагчаар оролцуулахгүй. 
Иймд “Булаг жирэм” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, байрны урьдчилгаанд өгсөн 10,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагчийн төлөөлөгч Ч.Тогтохбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Булаг жирэм” ХХКомпани нь 2014 оны 3 сард Хилийн мэргэжлийн хяналтын албатай ажилчдын орон сууц барихаар тохиролцож, орон сууц захиалах гэрээг, мөн тус байгууллагын ажилтан Одгэрэлтэй тус барилгын 2 тоот, 2 өрөө байранд захиалгын гэрээ байгуулсан, компани гэрээгээ 100% биелүүлж, тус барилгын ажлыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, Одгэрэл нь үүний дагуу 2016 оны 9 дүгээр сараас тус байрны 02 тоот 2 өрөө байрандаа орсон.
Одгэрэл захиалгын гэрээний үүргийн дагуу 14 хоногийн дотор байрны үлдэгдэл төлбөр болох 70%-ийг төлөөд байрандаа орох ёстой байсан боловч захиалагч 30%-ийг төлсөн, орж байгаад үлдэгдэл төлбөр болох 70%-ийг төлье гэсэн хүсэлтийн дагуу байрандаа орж,  өнөөдрийг хүртэл 30 сар буюу 879 хоног амьдарч байна. Энэ хугацаанд Одгэрэлийг байрны үлдэгдэл төлбөрөө төл гэж байнга мэдэгдэж байсан. Энэ тохиолдол болгонд зээл бүтэхгүй байна гэх тайлбарыг амаар хэлж ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. 
Мэдэгдэх хуудсуудыг түүнд 2016 оны 11 дүгээр 01-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус өгсөн байхад ямар ч хариу тайлбар, хүсэлт өгөөгүй болохоор манай компани тус мэдэгдэх хуудас аваад хүлээн зөвшөөрч байна гэж үзээд 2017 онд худалдан борлуулсан. 

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 
Булаг жирэм ХХК тус орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээг 20 м хийх учиргүй, ... халаалтын эх үүсвэрт холболт хийх эрхийг Хилийн мэргэжлийн хяналтын алба хийх ёстой байсан болохоор тэр эрхээ авч чадахгүй халаалт байхгүй 1 жилийн хугацаа хэтэрсэн, үүнд манай байгууллагын буруу байхгүй. 
... манай компани Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлээр орон сууцны захиалгын гэрээний заалтыг тус тус үндэслэн гэрээнээс татгалзаж байна гэж  ... захиалагчид удаа дараалан мэдэгдсэн. Мөн хуулийн 270.2-т заасныг баримтлан тус орон сууцыг худалдан борлуулах ажил хийсэн. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Одгэрэл нь хариуцагч “Булаг жирэм” ХХК-иас гэрээг цуцлах, гэрээний урдчилгаанд төлсөн 10,515,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, /хх-1, 2/
шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 215,000 төгрөгөөр багасгаж 10,300,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг “...Барилга, орон сууц захиалгын гэрээг надтай албан ёсоор ярилцаагүй, бусдад байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн...” гэж,
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Тогтохбаяраас “...тус барилгын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, Одгэрэл 2016 оны 9 дүгээр сараас тус байрны 02 тоот 2 өрөө байрандаа орсон. Захиалгын гэрээний үүргийн дагуу 14 хоногийн дотор байрны үлдэгдэл төлбөр болох 70% төлөөд байрандаа орох ёстой байсан боловч захиалагч 30 сар буюу 879 хоног амьдарч байна. 
Энэ хугацаанд Одгэрэлийг байрны үлдэгдэл төлбөрөө төл гэж байнга мэдэгдэж байсан. ... захиалгын гэрээний 4.1 заалтыг зөрчиж одоог болтол 70% төлөөгүй байна. Мэдэгдэх хуудсуудыг 2016 оны 11 дүгээр 01-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус өгсөн байхад ямарч хариу тайлбар манайд хүсэлт өгөөгүй байсан болохоор манай компани тус мэдэгдэх хуудас аваад хүлээн зөвшөөрч байна гэж үзээд 2017 онд худалдан борлуулсан...” гэж тус тус маргажээ. /хх-33,34,43-46/
 
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж, Захилагч, ажил гүйцэтгэгч нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 02 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”, Орон сууцны урьдчилгаа 8,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний баримт, мөн нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын алба, хариуцагч нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 01/2014 тоот “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 28/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, “Булаг жирэм” ХХК-иас Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын албанд хандсан 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 319 тоот албан бичиг, Замын-Үүд хотын захирагчийн албанаас “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-т хандсан 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/109 тоот албан бичиг, тухайн барилгын талаарх техникийн болон чанарын дүгнэлт, нэхэмжлэгч, Капитал банк нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ-428 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ зэргийг,
-хариуцагчаас татгалзлаа нотлож:, Хариуцагчаас нэхэмжлэгчид хандсан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудас /үлдэгдэл 70%-ийг 2017.01.30-ны өдрийн доор төлөхийг, урьдчилгаа 30%-ийн төлбөрөөс хүү алданги тооцож байгаа бөгөөд түрээсийн төлбөр хэлбэрээр шилжүүлэн тооцох/ /хх-48/, Монгол шуудан ТӨХК-иар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Одгэрэлд шуудан хүргүүлсний төлбөр төлсөн баримт /хх-48/, хариуцагчаас нэхэмжлэгчид хандсан 2017.10.18-ны өдрийн 35 тоот мэдэгдэх хуудас /хх-49/, /үлдэгдэл төлбөрөө хүү, алдангийн хамт төлөхийг шаардсан, төлөөгүй тохиолдолд орон сууцаа чөлөөлөхийг/, Хариуцагчаас нэхэмжлэгчид хандсан 2016 оны 11.01-ний өдрийн 2 тоот мэдэгдэх хуудас /хх-50/, /үлдэгдэл 70%-ийг төлөх, төлөөгүй тохиолдолд орон сууц захиалгын гэрээг цуцалж, худалдан борлуулахыг мэдэгдсэн тухай/ зэргийг нотлох баримтаар тус тус цуглуулж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй. 
Зохигч хоорондоо 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичгээр нэр бүхий “Орон сууцны захиалгын гэрээ”-г хариуцагч-ажил гүйцэтгэгч “Булаг жирэм” ХХК нь өөрийн материалаар Замын-Үүд сум, 1 дүгээр баг, шинээр баригдах /1 дүгээр орцны 1 давхрын 2 өрөө 02 тоот/ орон сууцыг захиалагч Э.Одгэрэлд хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч-захиалагч Э.Одгэрэл нь төлбөрийг гэрээнд заасны дагуу 2 хувааж төлөхөөр, харилцан тохиролцож нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан байна. /хх-9-11/,
Зохигч орон сууцны хэмжээ, 1 мк.в талбайн үнийг гэрээгээр тодорхойлоогүй боловч талуудын тайлбар бусад нөхцөл,
-Э.Одгэрэлийн нэхэмжлэлийн үндэслэл, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч “Булаг жирэм” ХХК-ийн Хаан банкны 5099999656 тоот дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-12, 53/, мөн банкны 2,300,000 төгрөгийн орлогын мэдүүлэг, нийт баримтаар 31,5 %-ийг төлсөн, 
-2016 оны 9-р сарын 15-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтад орсон /хх-17, 18/,
хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн тухай тайлбар, гэрээний ерөнхий агуулгаар талууд 1 мкв талбайг 850,000 төгрөгөөр үнэлж, нийт 39 мкв талбай бүхий орон сууцыг 33,150,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон болохыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар тайлбарлаж, энэ талаар талууд маргаагүй байна. /хх-12/
Хариуцагч “Булаг жирэм” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төвтэй 43 айлын орон сууцны барилга барих гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар байгуулжээ. /хх-13-16/,
Түүнчлэн “Булаг жирэм” ХХК “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасан үүргээ 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулснаар гүйцэтгэсэн гэж үзнэ.
Зохигч дээрх гэрээний харилцааг Орон сууц худалдах худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ гэж өөрөөр тайлбарлах боловч шүүх гэрээний агуулга, хүлээх эрх, үүрэг, тохиролцсон нөхцөл байдал, цаг хугацаа, үр дүн, гэрээний зүйл бэлэн бус байсан зэргийг харьцуулан үзснээр талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв. 
  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 
Гэрээгээр хариуцагч өөрийн материалаар орон сууцыг ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэх, захиалагч 2 хувааж төлбөр /30%+70%/-ийг төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгчийн захиалсан тоот орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 28/2016 тоот барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтанд оруулж, захиалагч хүлээн авсан байна. 
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Одгэрэл гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөр /68,5 %/-ийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч тал гэрээг 2018 онд цуцалж, нэхэмжлэгчийн “барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хүргэсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.  Тодруулбал:, барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй нь хариуцагчийн буруу бус, захиалагч, байгууллагын үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэв. 
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн ...харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Э.Одгэрэл гэрээнд урьдчилан төлсөн 10,300,000 төгрөгийг, Булаг жирэм ХХК тоот орон сууцыг буцааж өгөх шаардах эрхтэй. 
 Хариуцагчаас “нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцанд 879 хоног амьдарсан, буруутай тул торгууль төлөх ёстой” гэж тайлбарлах бөгөөд тэрээр үндсэн нэхэмжлэлтэй тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул алданги торгууль гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх, гэрээнд зааснаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. 
Иймд Булаг жирэм ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 10,300,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,810 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 179,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Одгэрэлд олгож шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,
                                                 ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч “Б.ж” ХХК-иас 10,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,810 төгрөг татварын 100060000957 данснаас буцаан гаргуулж, хариуцагч "Б.ж" ХХК-аас 179,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.                  


 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН