Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00193

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2019/00059 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00011 дугаар магадлалтай,

Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Б Ж ХХК-д холбогдох

Гэрээ цуцлах, урьдчилгаа 10.515.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн  гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014.05.15-ны өдөр Б Ж ХХК-ийн захирал Ч.Т-тай 02 дугаар орон сууцны захиалгын гэрээг байгуулж, Замын-Үүд сумын 1 дүгээр багт баригдсан, 48 айлын орон сууцны барилгаас 1 дүгээр орцны 1 давхарын 02 тоот, 39 кв/м 2 өрөө орон сууцыг 1 кв/м-ийг 850.000 төгрөгөөр тооцон нийт 33.150.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний 1.2, 1.3-т зааснаар нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 8.000.000 төгрөгийг 2014.04.24-ний өдөр, дахин 10 хувь буюу 2.515.000 төгрөгийг 2015.08.26-ны өдөр нийт урьдчилгаа 40 хувь буюу 10.515.000 төгрөгийг өгсөн. Б Ж ХХК нь гэрээний 9.2-т зааснаар барилгыг 2015.09.25-нд ашиглалтад өгөхөөр заасан атал 2016.09.15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан. Барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүйгээс миний биед зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Миний нас 45 хүрч банкны 0,8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болсон. Төрөөс олгогдож байсан 0,8 хувийн банкны зээл 2016 оноос эхлэн зогссон зэрэг нь ганц миний хувьд энэ бүхэн хүнд цохилт болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд банкнаас дахин зээл авах талаар хөөцөлдөж гарах зээлийн хэмжээ бага байсан болохоор хүүгийнхээ нэр дээр ипотекийн зээл хөөцөлдөж санаатай байгаагаа ч Ч.Т-т хэлсэн. Гэтэл Орон сууц захиалгын гэрээгээ надтай албан ёсоор цуцлаагүй надтай юу ч ярилцаагүй хэрнээ өөрийн компанийн нэрийг ашиглан дур мэдэн Содномишийн Энхбаатар, Цэдэвийн Нарантуяа гэх хүмүүсийн нэр дээр миний байрны үл хөдлөхийн гэрчилгээг гараж өгснийг 2018.04.28-нд Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын албанд очиж асууж мэдлээ. Иймд миний бие Б Ж ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, байрны урьдчилгаанд өгсөн 10.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Т- шүүхэд гаргасан тайлбарт: ...Б Ж ХХК-ийн захирал Ч.Т- миний бие 2014 оны 03 сард Хилийн мэргэжлийн хяналтын албатай ажилчдын орон сууц барихаар тохиролцон гэрээг байгуулсан. Мэргэжлийн хяналтын ажилчдын орон сууц захиалгын гэрээг 2014 оны 04 сарын 25-ны өдөр 02 тоот гэрээг байгуулж гэрээгээр тус байрны 2 тоот 38,4 м2 2 өрөө захиалж гэрээг байгуулсан байдаг. Манай компанид Хилийн мэргэжлийн хяналтын албатай ажилчдыг хямд үнэтэй орон сууц барьж ашиглалтад оруулах гэрээгээ 100 хувь биелүүлж орон сууцаа ашиглалтад оруулсан болно. Цаг үеийн эдийн засгийн давагдашгүй хүчин зүйл үүсч арилжааны бүх банкуудын хувьд барилгын зээлийн санхүүжилт зогсоосон тул барилгын ажлаа үргэлжлүүлэн дуусгах үүднээс өндөр хүүтэй зээлийг ББСБ-аас авч тус барилгыг 100 хувь хийж гүйцэтгэн 2016.08.31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, компанийн зүгээс шалтгаалж хугацаандаа ороогүй зүйл байхгүй. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр манай компани тус орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээг 20 жил тутамд хийх учиртай болохоос бусдаар халаалтын эх үүсвэрт холболт хийх эрхийг хилийн мэргэжлийн хяналтын алба хийх ёстой байсан болохоор тэр эрхээ авч өгөхгүй халаалт байхгүй 1 жилийн хугацаа хэтэрсэн тохиолдолд манай байгууллагын буруу биш. Тэгээд байраа 2016 оны 3 сард байнгын ашиглалтад оруулсан. Захиалагчид гэрээний дагуу 14 хоногийн дотор байрны үлдэгдэл төлбөр болох 70 хувийг төлөөд байрандаа орох ёстой байсан боловч захиалагч нар 30 хувь төлсөн болохоор орж байгаад үлдэгдэл төлбөрөө төлье гэдэг талаар удаа дараа хүсэлт тавьсны улмаас манай компани 70 хувиа авалгүй захиалагч нарыг тоотын дагуу оруулсан. Ингээд захиалагч Б.Одгэрэл нь тус байрны 2 тоот байрандаа 2016 оны 09 сараас амьдарсан. Орсон цагаас хойш Одгэрэл нь тус байранд нийт 30 сар буюу 870 хоног амьдарсан байна. Энэ хугацаанд захиалагч Б.Одгэрэл нь байрны үлдэгдэл төлбөрөө төл гэж байнга мэдэгдэж байсан. Энэ тохиолдол болгонд зээл бүтэхгүй байна гэсэн хариу тайлбар хэлээд ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Манай компани удаа дараалан маш их хэмжээний өндөр хүүтэй зээлийг ББСБ-аас авч байрыг дуусгасан болохоор үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулж байсан. Гэтэл захиалагч Э.О- гэрээний 4.1 дэх заалтыг зөрчиж одоо болтол 70 хувиа төлөөгүй байна. Мэдэгдэх хуудсуудыг 2016.11.01-ний өдрийн мэдэгдэх хуудсыг 11 сарын 02-ны өдөр өөрийн гарт нь өгч гарын үсэг зуруулсан, 2017.01.15-ны өдөр бас явуулж анхааруулж сануулсан, 2017.10.18-ны өдрийн мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар явуулсан байхад ямар ч хариу тайлбар өгөхгүй байсан болохоор хүлээн аваад хүлээн зөвшөөрч байна гэж үзээд 2018 онд худалдан борлуулахаас өөр аргагүй болж худалдсан болно. Б Ж ХХК ИХШХШТхуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь заалтыг үндэслэн орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж байна. Мөн хуулийн 270 дугаар зүйлийн дагуу тус захиалагч талд удаа дараа мэдэгдсэн болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2019/00059 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Б Ж ХХК-иас 10 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 810 төгрөг татварын 100060000957 данснаас буцаан гаргуулж, хариуцагч Б Ж ХХК-иас 179 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00011 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2019/00059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1... гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Г.Тогтохбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ процессын хэд хэдэн алдаа гаргаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг болох тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс 2019 оны 01 сарын 19-ний дотор улсын тэмдэгтийн хураамжийг төлөх талаар захирамж гарган шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч захирамжид заасан хугацаанд улсын тэмдэгтийг хураамж төлөөгүй ба 2018 оны 01 сарын 22-ны өдөр төлсөн байгаагаас үзэхэд анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагад ач холбогдол өгөөгүй, процессын хуулийг мөрдлөг болгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-д заасан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэргийг мөн хуулийн 115.1-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хуульд заасан процессын алдаа гаргасан, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас Б Ж ХХК-г төлөөлж Ч.Т- гэрээ хийсэн байх хэдий ч тухайн Б Ж ХХК-тай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, захирал нь ямар субъект болохыг тодорхойлохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байх бөгөөд Ч.Т- нь компанийн гүйцэтгэх удирдлага мөн эсэх, мөн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект мөн эсэхийг тодорхойлохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн тайлбарыг үндэслэн Ч.Т- нь тус компанийн үүсгэн байгуулагч, ганц гишүүнтэй захирлаар өөрөө ажилдаг байсан гэх тайлбарыг өгсөн гэж байгаа боловч хариуцагчийн тайлбарыг баримт болгож уг тайлбараар шууд төлөөлөх эрхтэй субъект мөн болохыг тогтоож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тус компаний дүрэм, гэрчилгээ зэрэг холбогдох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн тодорхойлох боломжтой байхад эдгээр баримтуудыг холбогдох журмын дагуу гаргуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн учир дутагдалтай. Мөн талуудын гэрээний зүйл нь Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 48 айлын орон сууцны 1 дүгээр орцны 1 давхарын 02 тоот 39м2 2 өрөө орон сууц байх бөгөөд уг маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт авагдаагүй. Талууд хэдийгээр гэрээний үүргийн үнийн дүнд маргаж байгаа хэдий ч уг гэрээний зүйл болох орон сууцны гэрчилгээ хэний дээр байгаа эсэх, уг гэрчилгээг цаг хугацааны хувьд хэдий ч гарсан эсэхийг тогтоолгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэргийг дүгнэн харалгүй өнгөц байдлаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Хэргийн 13, 17, 19 дүгээр хуудсанд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Гаалийн байгууллагатай байгуулсан гэрээ, байр хүлээлцэж өгсөн акт гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байгаа. Тухайн баримт дээр гаалийн байгууллагын архивын дардас дарагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч уг гаалийн газар ажилладаг болно. Тухайн гаалийн баримттай холбоотой нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөөгүй, хэргийг тал бүрээс дүгнэн үзэлгүйгээр шийдвэрлэж хариуцагчийн эрх хууль ёсны ашиг зөрчсөн шийдвэр, магадлал гарсан байна. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.О-, Б Ж ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 10.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч зөвшөөрөөгүй,  “нэхэмжлэгч гэрээгээ зөрчиж орон сууцны үнийн 70 хувь төлөөгүй атлаа орон сууцыг эзэмшсээр байгаа тул хохирол гаргуулна” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчийн хооронд 2014.05.15-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-р хүлээсэн үүргээ хариуцагч Б Ж ХХК нь биелүүлж  орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч, нэхэмжлэгч Э.О- урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 10.300.000 төгрөгийг төлж, үлдэх 70 хувийн төлбөрийг төлөөгүйгээс Б Ж ХХК нь гэрээг цуцалж, орон сууцыг бусдад худалдсан үйл баримт  тогтоогджээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцээгүй ба  уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Э.О-ийн үүргээ зөрчсөнтэй холбоотой Б Ж ХХК-ийн санаачилгаар  зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “гэрээ цуцлах” шаардлага нь бие даасан шаардлага болохгүй, харин төлбөрийг буцаан гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзнэ. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Нэгэнт гэрээ цуцлагдсан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй, иймээс нэхэмжлэгч Э.О- нь урьдчилгаанд төлсөн төлбөрөө шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Б Ж ХХК-ийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ч.Т-ын бүрэн эрх, нотлох баримтын шаардлага, бүрдүүлбэртэй холбоотой хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд дурдсан гомдол үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00011 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 183.190 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ