Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00655

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00655

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух, ............... регистрийн дугаартай, Г. Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................... тоотод оршин суух, ............... регистрийн дугаартай,  Б.Э,

Хариуцагч: ............................ тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Н. Т нарт холбогдох шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С, Г.Өнөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Этай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Х................. тоот 1 өрөө байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 500,000 төгрөг өгч байхаар тохиролцон байрандаа орсон. Гэтэл гэрээ хийснээс хойш сар гарангийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Э нь надад мэдэгдэлгүйгээр уг байрыг эхнэр Н.Тынхаа нэр дээр шилжүүлэн мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан ............барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж зээл авсан байсан. Энэ гэрээ нь уг байрыг зарах хүсэл сонирхол байгаагүй, дүр үзүүлсэн хэлцэл юм. Энэ нь миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл болсон учир би нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар надад худалдсан байраа дахин цааш нь Г.Өгэдэг хүнд зарсан байсан.

Иймд би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Этай ярилцаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир уг байрны шударга эзэмшигчээр тогтоолгож, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг худалдана гэж зар тавьсны дагуу Г.Бийн эгч Г.Бнь над руу ярьж худалдан авахаар болсон. Улмаар Г.Бнь гадаад явахаар болж худалдах, худалдан авах гэрээг дүү Г.Бтэй хийж, байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэлийг нь сар бүр 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Г.Б нь манай байранд бүтэн 1 жил суучихаад 2018 оны 1 дүгээр сараас эхлэн гэрээнийхээ үүргийг зөрчиж, сар бүрийнхээ 500,000 төгрөгөө өгөөгүй. Тэгээд манай ээжийн бие өвдөж эмчилгээнд авч явах шаардлагатай болсон тул байраа барьцаанд тавьж зээл авах тухайгаа Г.Б, Г.Бнарт хэлэхэд юу ч дуугараагүй. Тэгээд уг байраа эхнэр Н.Тын нэр дээр шилжүүлж ...............банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Зээлийг Г.Б эгчээс байрны үлдэгдэл төлбөр болох 13,000,000 төгрөгийг авч төлөхөөр төлөвлөж байсан. Гэтэл 2018 оны хавар Г.Б нь байр худалдан авахаа больлоо, мөнгөө авья гэсэн. Тэгээд би байраа зараад мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Г.Б нь зөвшөөрсөн тул уг байрыг Г.Өнөрцэцэгт зарсан. Г.Өнь надад 18,500,000 төгрөгийг төлсөн тул энэ байр Г.Бд хамааралгүй, одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байр нь Г.Ө-ийн эзэмшлийн байр юм. Харин би Г.Бээс авсан 11,500,000 төгрөгийг буцааж өгнө гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувийн данснаасаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Т, Б.Э нарт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг барьцаалж 10,000,000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэмж мөнгө зээлээд нийт 14,700,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Би ........ББСБ-ын захирал ажилтай боловч байгууллагын нэр дээр биш хувийн данснаасаа энэ мөнгийг зээлүүлсэн. Одоо үлдэгдэл 5,045,000 төгрөг төлөгдөөгүй. Надад Б.Э хэлэхдээ барьцаанд тавьсан байраа зараад зээлийн үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Өшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу Б.Этай уулзаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр очиж үзсэн. Мөн би Г.Бтэй уулзаад энэ байрыг худалдаж авахаар болсон гэдгийг хэлэхэд тэрээр байрны мөнгөө Б.Эд биш надад өгөөрэй гэж хэлсэн. Би Б.Этай 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир мөнгөө Г.Бд биш Б.Эд өгсөн. Б.Э надад хэлэхдээ ...............банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би уг байрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон учир 11,000,000 төгрөгийг Н.Тд, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг ...............ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Би тус байранд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орсон. Одоог хүртэл амьдарч байна. Одоо байрны төлбөрөөс 1,500,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг төлөөд байрныхаа гэрчилгээг авах гэтэл Б.Э нь ...............банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөө төлөөгүй учир өдийг хүртэл байрны гэрчилгээгээ авч чадахгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Эд холбогдуулан орон сууцны шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү маргааны үйл явдлыг дурдахад:

-нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Эаас 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэлийг /хх-ийн 10/ үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 8/ байгуулж, төлбөрийг бэлнээр 10,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 09-ний өдөр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон,

- хариуцагч Б.Э нь ......................... тоот 1 өрөө байрыг эхнэр Н.Ттай худалдах, худалдан авах гэрээ хийж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уг байрны гэрчилгээг /хх-ийн 12/ Н.Тын нэр дээр гаргуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Сээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нийт 14,700,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

- хариуцагч Б.Э, Н.Т нар нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Өнөрцэцэгт худалдахаар тохиролцож, нийт 18,500,000 төгрөгийг авсан байх бөгөөд энэхүү үйл явдлууд нь хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 8/, итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 10/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-12/, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 47/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

Харин хэргийн оролцогчид дараах байдлаар мэтгэлцлээ. Үүнд:

-нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ........................тоот 1 өрөө байрыг худалдан авахаар хууль ёсны дагуу, түрүүлж худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул тус байрны шударга эзэмшигчээр тогтоолгоно, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь миний эрх ашгийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж,

-хариуцагч Б.Э нь ......................... тоот 1 өрөө байранд нэхэмжлэгч Г.Бийн ээж нь 1 жил амьдраад хүйтэн байна гээд гарсан, мөн Г.Б нь байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөө больсон, тэрээр уг байрыг өөр хүнд зарахыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Г.Б нь тус байрны эзэмшигч биш гэж,

-бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С н........................1 өрөө байр нь Б.Эын надаас зээлсэн зээлийн барьцаанд байгаа, үлдэгдэл 5,045,000 төгрөгөө төлвөл би байрыг барьцаанаас чөлөөлж өгнө, энэ байрны эзэмшигч хэн байх нь надад хамааралгүй гэж,

-бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Өнь би зарын дагуу ..........................тоот 1 өрөө байрыг үзээд Б.Эаас худалдан авахаар тохиролцож, нийт 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн, одоо 1,500,000 төгрөгөө төлөөд байрныхаа гэрчилгээг авна, Г.Б нь энэ байрыг авахгүй гэж хэлсэн учир Б.Э нь надад зарсан. Энэ байранд одоо би амьдарч байгаа, энэ нь миний байр гэж тус тус тайлбарлалаа.

Нэг. Шударга эзэмшигч болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Энэхүү шударга эзэмшигч гэдэгт өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшилээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг мөн хамааруулж ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Э нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5-д гэрээ нотариатаар гэрчлэгдэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заажээ. Энэхүү гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Э нарын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэхүү нөхцөл байдлыг гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Г.Б нь мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...энэ гэрээг заавал үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй гэх тайлбараар нотлогдож байх тул түүнийг хууль ёсоор эд хөрөнгийг эзэмших эрхтэй шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д ...хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэх юм. Хууль бус эзэмшигчийн шаардлага буюу Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтын шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл нь хууль ёсны эзэмшигч нь хууль бус эзэмшлээс буцаан өгөхийг шаардах эрхийн дагуу шаардах хүртэл эзэмшигч нь өөрийгөө эзэмших эрхтэй гэдэгт итгэлтэй байх ба шударга эзэмшигч байх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь маргаж буй Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйн дээр тэрээр эзэмшлээ хууль ёсны бус гэдгийг мэдсэн, тухайн байрыг эзэмших эрхгүй болохыг мэдэж байсан болох нь түүний тайлбараар тогтоогддог.

Иймд нэхэмжлэгч Г.Бийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрны шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй бөгөөд харин тус гэрээнээс учирсан хохирлоо хариуцагч Б.Эаас шаардах эрхтэй байна.

Хоёр. Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог бөгөөд хэрэв нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 58/-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй байна. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан .............................. тоот 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан хууль ёсны гэрээ байна. Мөн .....................тоот 1 өрөө байрныг нэхэмжлэгч Г.Б нь худалдан авахаа больсон тухайгаа хариуцагч Б.Эд хэлсэн, хариуцагч Б.Э нь цааш нь өөр хүнд худалдахыг тэрээр зөвшөөрсөн байх бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч Г.Б нь үгүйсгээгүй болно.

Тэрээр тус гэрээгээр талууд уг байрыг зарах хүсэл сонирхол байгаагүй, дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн хуулийн 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг тул нэхэмжлэгчээс энэхүү нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь гуравдагч этгээд болох, өмнө байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Г.Бийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Э.С, Г.Өнарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эд холбогдох шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МАРИНА