Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2020/00018

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 20 өдөр          Дугаар 226/МА2020/00018                              Хэрлэн сум

 

Б-ийн нэхэмжлэлтэй,

Э-, Н.Т- нарт холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00018/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Б-,  

Хариуцагч Э-,

Гуравдагч этгээд Ө- нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  8 дугаар сарын 20-ны өдрийн 655 дугаар шийдвэртэй Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э-, Н.Т- нарт холбогдох “шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Э-, Н.Т- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б-ийн давж заалдах гомдлоор 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-38 дугаар байрны 32 тоотод оршин 1 өрөө байрыг Н гэдэг хүнээс худалдаж авсан. Н итгэмжлэл өгсөн учраас итгэмжлэлийн дагуу Э-тай гэрээ байгуулан байрны урьдчилгаанд 10000000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 500000 төгрөг өгч байхаар тохиролцож байрандаа орсон.

            Гэтэл гэрээ хийснээс хойш 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э- нь надад мэдэгдэлгүйгээр уг байрыг эхнэр Т-н нэр дээр шилжүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан “З” ББСБ-д барьцаанд тавьсан байсан. Э- над дээр ирээд “би байраа өөр хүнд зарчхаад “З” болон өөрийн чинь мөнгийг өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Э- байраа Ө-т зарсан боловч надад мөнгө өгөөгүй.

            Би Э-тай 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38 дугаар байрны 32 тоотод орших 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Э- нь Т-д уг байрыг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Хариуцагч Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б-ийн эгч Б- над руу залгаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38 дугаар байрны 32 тоотод байрлах 1 өрөө байрыг үзэж худалдаж авахаар болсон. Б- нь гадаад явахаар болж худалдах, худалдан авах гэрээг дүү Б-тэй нь хийсэн бөгөөд байрны урьдчилгаанд 10000000 төгрөг өгсөн. Б- нь худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөө зөрчиж тохиролцсоны дагуу сар бүрийн төлөлтийг хугацаандаа хийлгүй бүтэн жил байранд маань амьдарсан. Б-, Б- нартай улсын бүртгэлийн гадаа таарч байрны гэрчилгээг барьцаанд тавьж ээжийгээ эмчилгээнд авч явах болсон тухайгаа хэлэхэд юу ч хэлэлгүй яваад өгсөн. Би банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээр зээл авах гэсэн боловч нөхцөл нь таарахгүй байсан учир эхнэр Т-ын нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлж зээл авсан. Уг зээлийг байрны үлдэгдэл төлбөр 13000000 төгрөгийг авч төлж дуусгаад гэрчилгээг Б-д шилжүүлж өгөх гэж байсан боловч Б- нь тус байрыг худалдаж авахаа болилоо гээд байрны урьдчилгаанд өгсөн 10000000 төгрөгөө надаас нэхсэн.

            Б- өөрөө эхэлж зээлийн гэрээний нөхцөлөө зөрчиж, гэрээнээсээ татгалзсан учир Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38 дугаар байрны 32 тоотод байрлах 1 өрөө байр одоо Б-д хамааралгүй. Би байраа зараад мөнгийг чинь өгье гэхэд Б- зөвшөөрсөн тул Ө-т байраа 18500000 төгрөгөөр зарсан. Б-ээс авсан 11500000 төгрөгийг буцааж өгнө” гэжээ.   

            Гуравдагч этгээд Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38 дугаар байрны 32 тоотод байрлах 1 өрөө байрыг Т-, Э- нараас 20000000 төгрөгөөр худалдан авахаар болж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Т-ын дансанд 11000000, “З” ББСБ-н дансанд 7500000, нийт 18500000 төгрөгийг төлсөн. Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байрандаа орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байна. Гэрээний дагуу байрны төлбөрөөс 1500000 төгрөг үлдсэн. Мөнгөө төлөөд байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл Э- нь байрыг “З” ББСБ-д барьцаанд тавьж зээлээ төлөөгүй учир өнөөдрийг хүртэл байрныхаа гэрчилгээг авч чадахгүй байна” гэжээ.  

            Гуравдагч этгээд Э.Санжаацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т-, Э- нарт 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38 дугаар байрны 32 тоотод байрлах 1 өрөө байрыг барьцаалж 10000000 төгрөгийн зээл өгсөн. Т-, Э- нар нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10000000 төгрөгийн зээлээ төлж дахин 14700000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлсэн.

            Би “З” ББСБ-н захирал ажилтай боловч байгууллагын нэр дээр биш өөрийн хувийн данснаасаа Э-д зээл өгсөн. Одоо 5045000 төгрөгийн зээл үлдсэн. Э- надад “барьцаанд тавьсан байраа зараад үлдэгдэл төлбөрөө төлнө” гэж хэлсэн. Э- үлдэгдэл 5045000 төгрөгийн зээлээ төлбөл би байрыг нь барьцаанаас чөлөөлж өгнө” гэжээ.  

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э-д холбогдох шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Э-, Н.Т- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Б- давж заалдах гомдолдоо: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Э-тай худалдах, худалдан авах гэрээ хийхдээ гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцон гэрээг байгуулсан бөгөөд энэ байрыг нөхцөл зааж хийсэн гэрээгээр буюу байрын мөнгөний 70 хувийг төлсний дараа байраа өөрийн нэр дээр шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр Э- бид хоёр ярилцаж тохиролцож хийсэн. Мөн би Э-тай түрүүлж худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба эзэмшилдээ түрүүлж авсан тул энэ хэлцэл нь хүчин төгөлдөр юм.

            Анхан шатны шүүх Э- Т- нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэрээ мөн гэж үзсэн нь хууль бус байна. Энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн. Өөрөөр хэлбэл Э-, Т- нар нь худалдах, худалдан авах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, зөвхөн уг байрны өмчлөлийг сольж, Т-ын нэр дээр зээл авах зорилготой байсан гэдгээ Э- өөрөө ч илэрхийлдэг.

            Анхан шатны шүүх нь энэ хэлцэл нь миний эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ энэ хэлцэл хийгдээгүй байсан бол өдийд би байрныхаа мөнгийг төлж дуусгачихсан байраа өөрийн нэр дээрээ авчихсан байх байсан. Иймд иргэний миний нэхэмжлэл нь хуулийн үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Э-, Н.Т- нарт холбогдуулан “орон сууцны шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Э-, Н.Т- нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Э-, Н.Т- нар нь “нэхэмжлэгч Б- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байранд 1 жил амьдраад хүйтэн байна гээд гарсан, байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөө больсон, уг байрыг өөр хүнд зарахыг мэдэж байсан хүлээн зөвшөөрсөн учраас  эзэмшигч биш” гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С- нь тайлбартаа “Э- нь уг байрыг барьцаанд тавьж зээл авсан одоо зээлийн үлдэгдэл 5045000 төгрөгөө төлчихвөл байрыг чөлөөлнө, энэ байрны эзэмшигч хэн байх нь надад хамааралгүй” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө- тайлбартаа “би зарын дагуу байрыг үзээд Э-тай тохиролцож худалдан авахаар болж 18500000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 1500000 төгрөгөө төлөөд гэрчилгээг авна. Б- энэ байрыг авахгүй гэсэн тул Э- надад худалдсан, би энэ байранд амьдарч байгаа тул миний байр” гэжээ.

                Нэхэмжлэгч Б- нь хариуцагч  Э-тай 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр байрны А38 дугаар байрны 31 тоот 1 өрөө байрыг 26000000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 10000000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 9-ний өдөр 500000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-н 8х/.

           Түүнчлэн дээрх худалдах худалдан авах гэрээний 5-д “гэрээ нотариатаар гэрчлэгдэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Гэвч энэхүү гэрээ эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

                Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж  хуульчилжээ.

                 Худалдах худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө учир гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох атал нэхэмжлэгч хариуцагч нарын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ  байх тул  Б-д гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй, харин өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.      Мөн нэхэмжлэгчийн  Э-, Н.Т- нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлага ч үндэслэлгүй байна. Учир нь орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх юм бол түүнд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу шаардах эрх үүсэх юм.

                 Хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хооронд эзэмшил өмчлөл шилждэг тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

 

                 Нэхэмжлэгч Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00655 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.