Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01085

 

 

 

 

 

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00655 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 226/МА2020/00018 дугаар магадлалтай,

Г.Бийн нэхэмжлэлтэй

Б.Э, Н.Т нарт холбогдох

Шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Г.Бийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.Б нь Б.Э, Н.Т нарт холбогдуулан шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00655 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эд холбогдох шударга эзэмшигч болохоо тогтоолгох, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 226/МА2020/00018 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00655 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Б хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг 2020.11.05-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Б.Э бидний хийсэн 2017.09.20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр юм. Шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.3-т Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана заасан. Өөрөөр хэлбэл худалдагч, авагч худалдагч талууд хамт очиж мэдүүлгийг бөглөж өгөхөөр заасан байна. Мөн энэ гэрээ нь нөхцөл зааж хийсэн гэрээ буюу энэ өдөр миний уг байрыг өмчлөх эрх бүрэн нээгдээгүй байсан ба 2017.09.20-ны өдрийн уг гэрээг Б.Э бид 2 хийгээд улсын бүртгэлд бүртгүүлэх эсэх талаар ярилцан, 2018.05.09-ний өдөр байрны мөнгөө төлж дуусгаад байраа худалдан авагч би өөрийн нэр дээр шилжүүлэхдээ уг гэрээгээ бүртгүүлэхээр тохиролцсон. Мөн Б.Э Н.Т нар нь дүр үзүүлэн гэрээ хийсэн гэдгээ өөрсдөө ч үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл зөвхөн Н.Тын нэр дээр уг байрыг шилжүүлж зээл авахын тулд худалдах худалдан авах гэрээг хийсэн. Ийм байхад уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр байна гэдгээр уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байхад шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй. Иймд нэхэмжлэгч миний гомдлыг хүлээн авч хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Эд холбогдуулан орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, түүний Н.Ттай байгуулсан 2017.10.31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг худалдан авахаар хууль ёсны дагуу, түрүүлж худалдах-худалдан авах гэрээ хийсэн тул тус байрны шударга эзэмшигчээр тогтоолгоно, Б.Э, Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь миний эрх ашгийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ.

Хариуцагч Б.Э, Н.Т нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж буй 1 өрөө байранд нэхэмжлэгч Г.Бийн ээж нь 1 жил амьдраад хүйтэн байна гээд гарсан, мөн Г.Б нь байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөө больсон, уг байрыг өөр хүнд зарахыг  нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж маргасан байна.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С тайлбар гаргахдаа “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байр нь Б.Эын надаас зээлсэн зээлийн барьцаанд байгаа, үлдэгдэл 5,045,000 төгрөгөө төлбөл би байрыг барьцаанаас чөлөөлж өгнө, энэ байрны эзэмшигч хэн байх нь надад хамааралгүй...” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ө нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргаж, “...зарын дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг үзээд Б.Эаас худалдан авахаар тохиролцож, нийт 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн, одоо 1,500,000 төгрөгөө төлөөд байрныхаа гэрчилгээг авна, Г.Б нь энэ байрыг авахгүй гэж хэлсэн учир Б.Э нь надад зарсан. Энэ байранд одоо би амьдарч байгаа, энэ нь миний байр” гэж хариуцагчийн талд, түүнийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцжээ.

8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, Г.Б нь 2017.09.20-ны өдөр Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандингэрэлтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн а-38 дугаар байрны 32 тоот 1 өрөө байрыг 26 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 09-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон, гэвч Б.Э нь сарын дараа, 2017.10.31-ны өдөр эхнэр Н.Ттай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцны өмчлөгч нь Н.Т болсон, Н.Т нь Э.Сгээс 2017.11.01, 2018.04.20-ны өдөр нийт 14,700,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үүний дараа Б.Э, Н.Т нар нь 2018.05.03-ны өдөр дээрх орон сууцыг Г.Өт худалдахаар тохиролцож, нийт 18,500,000 төгрөгийг авсан байх ба Г.Ө нь орон сууцыг эзэмшиж байгаа, харин маргааны зүйл болох орон сууц нь Н.Тын өмчлөлд, Э.Сгээс авсан зээлийн барьцаанд байгаа үйл баримт  тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх Г.Б болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 2017.09.20-ны өдрийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгч Г.Б нь шударга эзэмшигч биш, харин учирсан хохирлоо хариуцагч Б.Эаас шаардах эрхтэй гэж, түүнчлэн нэхэмжлэгч нь сонирхогч этгээдийн хувьд шаардлага гаргах эрхтэй боловч 2017.10.30-ны өдрийн Б.Э болон Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг залруулж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч Б.Э нар орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, харин үнийг төлснөөр эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байх тул “улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэлт хийх нь үндэслэл муутай байна. Иймд Г.Б болон Б.Э нарын хоорондох гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

Үүний дараа Б.Э нь Н.Ттай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. Б.Э болон Н.Т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хэлбэрийн шаардлага хангасан боловч Н.Т нь нөхөр Б.Эаас уг орон сууцыг худалдаж авахдаа Г.Бд худалдсан байсан гэдгийг мэдэж байсан байх боломжтой тул Н.Тыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх нь эргэлзээтэй, нөгөө талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байж болох хэдий ч Б.Э, Н.Т нар орон сууцыг Г.Өт худалдсан, Г.Ө нь орон сууцны үнийг төлж, сууцыг эзэмшиж байх тул нэхэмжлэгч Г.Б нь орон сууцны эзэмшигчээр тогтоолгохыг шаардах эрхгүй болжээ.

Учир нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж заасан, Г.Б нь түрүүлж гэрээ байгуулсан хэдий ч Г.Ө нь гэрээний дагуу орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан тул хуульд зааснаар Г.Ө нь давуу эрхтэй болжээ. Түүнчлэн Н.Т нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа тул Г.Ө нь түүнийг өмчлөгч гэж тооцох эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно...” гэж зааснаар Г.Өийн өмчлөх эрх хуулиар хамгаалагджээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болох эдгээр хуулийг зохицуулалтыг хэрэглэж чадаагүй нь учир дутагдалтай болсон байна. Харин уг орон сууцанд барьцааны үүрэг ногдуулсан, 5,040,000 төгрөгийн үүрэг байгаа, уг үүргийг хэн барагдуулах зэрэг асуудал нь энэ маргааны зүйлд хамааралгүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

11. Энэ үндэслэлээр “нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн” нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч нараас хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 226/МА2020/00018 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00655 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...90 дүгээр зүйлийн 90.1, 57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “...250 дугаар зүйлийн 250.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ