Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00564

 

 

156/ШШ2020/00564

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 156/2020/00504/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ....... тоотод оршин суух, ....... регистрийн дугаартай, Х........... овогт Б......... Б........ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, .......... тоотод оршин суух, ......... регистрийн дугаартай, Б овогт Э А холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оноос Э.А гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч нэг гэр бүл болсон. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болж мөн эд хөрөнгийн маргаанаар 4,010,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Хамт амьдарч байх хугацаанд амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор 2017 онд 4,000,000 төгрөг, 2018 онд 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг Хэнтий аймгийн Төрийн банкнаас хамтран зээлж авсан. Зээлж авсан мөнгөө гэр ахуйн хэрэглээ, хоол хүнс, хувцас, хүүхдийн ахуйн хэрэглээ, хүүхдийн үсний найр, байрны түрээсэнд зарцуулсан. Зээлийн төлөлтийг би өөрийн цалингаас ганцаараа төлж байсан. Э.А нэг ч удаа төлөлцөж байгаагүй. Иймд зээлсэн 8,000,000 төгрөгийн 50 хувь буюу 4,000,000 төгрөгийг Э.А гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар 2017, 2018 онд Б.Б нь Төрийн банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч байх, гарын үсэг зурах ёстой гэсэн тул миний бие гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч учир би энэ зээлийг төлөхгүй. Зээлийн мөнгийг Б.Б өөрөө захиран зарцуулсан. 2017 онд авсан 4,000,000 төгрөгийн зээлийг гэр бүлийн хэрэгцээндээ зориулж авсан. 2018 онд авсан 4,000,000 төгрөгийн зээлийг хүүхдийн үсний найранд болон байр түрээслэхэд зориулсан. Бид 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн тул уг түрээсийн мөнгө надад хамаагүй. Б.Б гэрийхэн амьдарч байгаа. Надад бэлнээр болон банкаар дамжуулан мөнгө өгөөгүй. Ямар нэгэн эд зүйл авч өгөөгүй. Иймд нэмэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.А холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...энэ зээл нь бид хоёрыг гэр бүл байх хугацаанд авсан зээл тул хариуцагч Э.А тал хувийг нь төлөх ёстой гэж, хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, мөн 2018 оны 11 дүгээр сараас би тусдаа амьдарч эхэлсэн, уг зээлийг Б.Б авч зарцуулсан тул төлөх ёсгүй гэж мэтгэлцлээ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.А нар нь 2017, 2018 онд Төрийн банкнаас нийт 8,000,000 төгрөгийн зээл авсан, энэхүү зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Б.Б төлдөг болох нь нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.А нар нь 2016 онд гэр бүл болж, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна. Тус шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн авсан гэх банкны зээлийн маргааныг хэлэлцэхгүйгээр орхисон байх тул нэхэмжлэгч Б.Б нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Э.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 974 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 889 дугаартай Барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулж зээл авсан хугацаанд зохигчид нь гэр бүл байсан, тус зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан болох нь нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан ...бид хамт амьдарч байх хугацаанд амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор нийт 8,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд энэхүү зээлийг гэр ахуйн хэрэглээ, хоол хүнс, хувцас, хүүхдийн ахуйн хэрэглээ, хүүхдийн үсний найр, байрны түрээсэнд зарцуулсан гэх тайлбар, хариуцагч Э.А шүүх хуралдаанд гаргасан ...2017 онд авсан зээлийг гэр ахуйн хэрэглээнд зарцуулсан, 2018 оны зээлийг хүүхдийн үсний найр болон байр түрээслэхэд зарцуулсан гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Гэр бүлийн гишүүдийн өрийг хуваахдаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваасан, тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хуваана. Өөрөөр хэлбэл зохигчдын банкны зээл нь гэр бүлийн гишүүдийн дундын буюу гэр бүлийн хэрэгцээнд авсан эд зүйлийн үнэ, хэрэглээний зардлаас үүдэлтэй үүрэг, зээлийн өр байх тул гэрлэгчидэд ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хариуцна.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хариуцагч Э.А нь өөрийн хуваарьт эд хөрөнгийн үнийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б нь өөрт ногдох хувийг авахыг татгалзсан байна. Дээрх банкны зээл нь гэрлэлт дуусгавар болоогүй байх хугацааны зээл тул гэрлэгчид хамтран хариуцах үүрэгтэй боловч хариуцагч Э.А нь 2018 оны 11 дүгээр сараас хойш нэхэмжлэгч Б.Б тусдаа амьдарсан, уг зээлийн мөнгөөр түрээслэсэн байранд нэхэмжлэгч Б.Б амьдардаг болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 974 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан 4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 889 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөгийн 0,5 хувь болох 500,000 төгрөгийг хариуцагчаар тус тус төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч нь дээрх банкны зээлийг хуваан төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзалаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар хариуцагч Э.А 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгож, үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар хариуцагч Э.А 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгож, үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.МАРИНА