Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 226/МА2020/00015

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр          Дугаар 226/МА2020/00015                              Хэрлэн сум

 

Б-ы нэхэмжлэлтэй,

А-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00015/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Б-,

Хариуцагч А- нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 564 дугаар шийдвэртэй Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч А-д холбогдох “4000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч А-ын давж заалдах гомдлоор 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 онд А-тай гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, миний бие хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаанаар 4010000 төгрөгийг төлөхөөр болсон. Хамт амьдарч байх хугацаандаа амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор 2017 онд 4000000, 2018 онд 4000000, нийт 8000000 төгрөгийн зээлийг Хэнтий аймгийн Төрийн банкнаас авсан. Зээлийн мөнгийг ахуйн хэрэглээ, хоол хүнс, хувцас, хүүхдийн үсний найр, байрны түрээсэнд зарцуулсан. Зээл төлөлтийг би өөрийн цалингаас ганцаараа төлж байсан. А- нэг ч удаа төлөлцөж байгаагүй. Иймд хамтран зээлсэн 8000000 төгрөгийн 50 хувь буюу 4000000 төгрөгийг А-аас гаргуулах хүсэлттэй байна” гэжээ.

            Хариуцагч А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар 2017, 2018 онд Б- нь Төрийн банкнаас нийт 8000000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч заавал байх шаардлагатай, гарын үсэг зурах ёстой гэсэн тул миний бие гарын үсэг зурсан. Зээлийн мөнгийг Б- өөрөө захиран зарцуулсан. Надад бэлнээр болон банкаар дамжуулан мөнгө өгөөгүй. Б- нь тогтмол ажилтай бөгөөд үүндээ тохирсон цалин хөлсөө барьцаалаад зээл авсан. Миний хувьд хамтран зээлдэгч боловч өөрийн цалин, тогтмол орлогоо барьцаалаагүй. Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох тохиолдолд хамтран зээлдэгч зээлийг төлөх ёстой гэж заасан. Гэтэл Б- өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөрөө хэвийн эрхлээд явж байгаа, мөн Б- нь ээж Г-н хамт Төрийн банкнаас дахин зээл авсан тул миний бие өмнөх хамтран зээлдэгчээс чөлөөлөгдсөн гэж үзэж байна” гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар хариуцагч А-аас 2500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, үлдэх 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-аас 2500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч А- давж заалдах гомдолдоо: “Б- нь Төрийн банкнаас цалингаа барьцаалж 2017 оны 10 дугаар сарын 24-нд 4000000, 2018 оны 10 дугаар сарын 04-нд 4000000 төгрөгийн цалингийн зээл авсан. Миний гэр бүлийн хүн гэдэг утгаараа хамтран зээлдэгч буюу батлан даагчаар тухай бүр гарын үсэг зурж байсан. Зээлийн мөнгөнүүд Б-ы дансанд орсон. Би бол захиран зарцуулаагүй. Эхний зээлийг авч БНХАУ-ын Эрээн хот руу явж ихэвчлэн гэртээ эд зүйл болон хүүхдэдээ хувцас, машин авсан. Миний бие өвлийн куртик, гутал авсан. Дараагийн зээлийг Хэрлэн хороололд 2 өрөө байрыг 6 сарын хугацаагаар буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл түрээсэлж, мөн хүүхдийн үсний найр хийхэд зориулсан. Байрыг сарын 600000 төгрөгөөр буюу 6 сарын хугацаатайгаар нийт 3600000 төгрөгөөр түрээсэлж байсан. Бид 2017 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч эхлээд гэрлэлтээ цуцлуулсан учраас байр түрээслэх хугацаанд би Б-тай хамт амьдраагүй, түүний ээж, эмээ нь хамт байсан. Нэхэмжлэлд намайг зээлээс нэг ч удаа төлөлцөж байгаагүй гэж дурдсан байна. Миний бие гэр бүл болохоосоо өмнө цалингийн зээлтэй байсан. Зээлээ төлөөд үлдэгдэл мөнгийг гэр бүлдээ зарцуулдаг байсан. 2017 онд аймгийн Huawai, Mi гэх гар утасны дэлгүүрээс Б-д 780000 төгрөгөөр, өөртөө 500000 төгрөгөөр гар утас банкны лизингээр авч өөрийн цалингаас төлж дуусгасан. Гэр бүл цуцлуулахдаа би байр болон машины үнийг нэхэмжлээгүй ба өөрийн айл гэр болохдоо авсан 8020000 гаруй төгрөгийн үнэ бүхий тавилгыг авалгүй зөвхөн үнийг нэхэмжилсэн боловч 4010000 төгрөгийг надад олгохоор шүүх шийдвэрлэсэн. Өрх гэрийн тэргүүн хүн гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Б- нь ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авч цалингаа барьцаалж зээл авсан нь түүнд хамааралтай. Миний хувьд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй. Банкны зээлийн барьцаанд гэрийн зүйл болон Б-ы цалин тусгагдсан. Мөн зээл болгосон банктай байгуулсан Зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болсон, алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлийг төлөхөөр заасан, Б- ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байгаа учраас миний бие төлөх үндэслэлгүй юм. Б- нь ээж Г-н хамт Төрийн банкнаас дахин зээлийн гэрээ хийж нэмж зээл авсан тул миний бие хамтран зээлдэгчээс чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Би одоо аймгийн Прокурорын газарт туслахаар ажиллаж байна. ТҮ-4-1 буюу 500000 төгрөгийн цалинтай. Хас банкны цалингийн зээлд 400000 төгрөг төлдөг. Үлдэгдэл мөнгийг өөртөө болон хүүдээ зарцуулж байна. Сарын цалин амьдралд бүрэн хүрэлцдэггүй 2500000 төгрөгийг төлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

            Нэхэмжлэгч Б- нь хариуцагч А-д холбогдуулан “4000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Зохигчид нь 2016 онд гэр бүл болж, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

            Б- болон хамтран зээлдэгч А- нар нь 2017, 2018 онд Төрийн банкнаас нийт 8000000 төгрөгийн цалингийн зээлийг авч, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг Б- төлдөг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар “Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох бөгөөд уг эд хөрөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөөс гаргуулна” гэсэн хамтран хариуцдаг хуулийн зохицуулалттай тул шүүх гэрлэгсэд нь хамтран амьдрах хугацаандаа цалингийн зээлийг авч гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан тул хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж 2017 оны зээл 4000000 төгрөгийн 50 хувь болох 2000000 төгрөгийг, харин 2018 онд авсан зээлийн тухайд хариуцагч А- нь 2018 оны 11 дүгээр сараас хойш Б-аас тустаа амьдарч байгаа бөгөөд зээлийн мөнгөний ихэнх хэсгийг байрны түрээсийн төлбөрт төлсөн, тус байранд нэхэмжлэгч нь одоог хүртэл амьдарч байгаа тул 2018 оны зээлээс 500000 төгрөгийг, нийт 2500000 төгрөгийг А-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хариуцагч А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ШШ2020/00564 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                   Я.АЛТАННАВЧ

 

 

 

.