Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022          11           08                                          001/ХТ2022/01068

 

 

 

Б ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00564 дүгээр шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2020/00015 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Б ы нэхэмжлэлтэй

Э д холбогдох

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Э д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00564 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар хариуцагч Э аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э аас 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2020/00015 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ШШ2020/00564 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 564 дугаартай шийдвэр, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Б  нь Хэнтий аймгийн Төрийн банкнаас цалингаа барьцаалж 2017.10.24-нд 4,000,000 төгрөг, 2018.10.04-нд дахин 4,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хийсэн. Миний бие гэр бүлийн хүн нь гэдэг утгаараа хамтран зээлдэгч буюу батлан даагчаар гарын үсгийг тухай бүр банкан дээр очиж зурсан. Зээлийн мөнгө Б ы дансанд орсон. Би захиран зарцуулаагүй. Гэхдээ зээлийг ахуйн хэрэгцээндээ зориулна гэж авсан. Нарийн тооцоог би мэдэхгүй байна. Гэхдээ эхний зээлийг авч БНХАУ-ын Эрээн хот руү явж ихэвчлэн гэртээ эд зүйл болон хүүхдэдээ хувцас, машин авсан. Харин би өвлийн куртик, гутал авсан. Өөр зүйл байхгүй. Дараагийн зээлийг Хэрлэн хороололд 2 өрөө байрыг 6 сарын хугацаагаар буюу 2017 оны 10 сараас 2018 оны 04 сар хүртэл түрээсэлж, мөн хүүхдийн үсний найр хийхэд зориулж авсан. Байрыг сарын 600,000 төгрөгөөр буюу 6 сарын хугацаагаар нийт 3,600,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Бид Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 255 дугаартай шийдвэрээр гэр бүл цуцалсан. 2017 оны 11 сараас тусдаа амьдарч эхлээд гэрлэлтээ цуцлуулсан учраас байр түрээслэх хугацаанд уг байранд би амьдраагүй. Б  болон түүний ээж, эмээ нар нь байсан. Эдгээрээс үзвэл би энэ мөнгөнөөс авч хэрэглээгүй. Б ы хэрэгцээ шаардлага болон хүүхдэд нь зарцуулагдсан. Хамт амьдрах 2 жилийн хугацаанд бид хэрүүлтэй, таарч тохирохгүй байсан тул ихэвчлэн тусдаа байсан, Б  хүүхдээ өсгөлцөж, эцгийн үүргээ биелүүлж чадаагүй. Нэхэмжлэлд намайг зээлээс нэг ч удаа төлөлцөж байгаагүй гэсэн байна. Миний бие гэр бүл болохоосоо өмнө цалингийн зээлтэй байсан. Зээлээ төлөөд үлдэгдэл мөнгийг гэр бүлдээ зарцуулдаг байсан. 2017 онд Б д 780,000 төгрөгөөр, өөртөө 500,000 төгрөгөөр гар утас банкны лизингээр авч өөрийн цалингаас төлж дуусгасан. Гэр бүл цуцлуулахдаа би байр болон машины үнийг нэхэмжлээгүй ба өөрийн айл гэр болохдоо авсан 8,020,000 гаруй төгрөгийн үнэ бүхий тавилгуудыг авах гэж 3 удаа холбогдсон боловч надад өгөөгүй учраас авалгүй өөрт нь үлдээж зөвхөн үнийг нэхэмжилсэн боловч 4,010,000 төгрөгийг надад олгохоор шүүх шийдвэрлэсэн. Миний хувьд тун хохиролтой байсан боловч би давж заалдаагүй, Б ыг ийм эр хүний ноён нуруугүй, үр хүүхдээ бодолгүй, дахин нэхэмжлэл гаргана гэж бодоогүй. Өрх гэрийн тэргүүн хүн гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Б  нь ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авч цалингаа барьцаалж зээл авсан нь түүнд хамааралтай. Миний хувьд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй. Банкны зээлийн барьцаанд гэр бүлийн эд зүйл болон Б ы цалин тусгагдсан. Уг зээлээс би хэрэглээгүй. Мөн Зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болсон, алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлийг төлөхөөр заасан байгаа, Б  ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байгаа учраас миний бие төлөх үндэслэлгүй. Б  нь ээж Гангансайханы хамт Төрийн банкнаас ахин зээлийн гэрээ хийж нэмж зээл авсан. Иймээс миний бие хамтран зээлдэгчээс чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Би аймгийн прокурорын газарт туслахаар ажиллаж байна. ТҮ-4-1 буюу 500,000 төгрөгийн цалинтай. Хас банкны цалингийн зээлд 400,000 төгрөг төлдөг. Үлдэгдэл мөнгийг өөртөө болон хүүдээ зарцуулж байна. Сарын цалин амьдралд бүрэн хүрэлцдэггүй. Иймд 2,500,000 төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие Б аас байр, машин бусад эд зүйлсийг нь хувааж авна гэж зарга үүсгээгүй, зөвхөн өөрийн хөрөнгөө авсан. Харин Б  нь надаас хэрэглээгүй зээлийн өрийг нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт банкны өр гэсэн байгааг анхаарч үзнэ үү. Б  нь урьд авсан цалингийн зээлүүдээ сайн дураараа үл маргах журмаар төлж байсан. Харин өр гэвэл одоо түүний цалингийн зээлийн үлдэгдлийг банканд төлөх ёстой гэж үзэж байна. Гэвч Б  нь зээлийн гэрээнд одоо хэдэн төгрөгийн өртэй байгаагаа өөрөө нотлох ёстой. Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Э д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан үндэслэлээ “...энэ зээл нь бид хоёрыг гэр бүл байх хугацаанд авсан зээл тул хариуцагч Э  тал хувийг нь төлөх ёстой” гэж тайлбарласан, хариуцагч Э  нь шаардлагыг эс зөвшөөрч, “...зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, мөн 2018 оны 11 сараас би тусдаа амьдарч эхэлсэн, уг зээлийг Б  авч зарцуулсан тул төлөх ёсгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Э аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

8. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б , хариуцагч Э  нар нь 2017, 2018 онд Төрийн банкнаас нийт 8,000,000 төгрөгийн зээл авсан, энэхүү зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Б  төлдөг тухайд талууд маргаагүй байна.

9. Нэхэмжлэгч Б , хариуцагч Э  нар нь 2016 онд гэр бүл болж, 2020.03.23-ны өдрийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахад гэрлэгчдийн авсан банкны зээлийн маргааны талаар хэлэлцэгдээгүй байх тул нэхэмжлэгч Б  нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн гэж үзнэ. 

10. Зээлдэгч Б , хамтран зээлдэгч Э  нар нь 2017.10.24-ний өдрийн 974 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2018.10.04-ний өдрийн 889 дугаартай Барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

11. Зээлийн гэрээний үүрэг нь гэрлэлт дуусгавар болоогүй байх хугацаанд хамаарах тул гэрлэгчид хамтран хариуцах үүрэгтэй боловч хариуцагч Э  нь 2018 оны 11 сараас хойш нэхэмжлэгч Б аас тусдаа амьдарсан, уг зээлийн мөнгөөр түрээсэлсэн байранд нэхэмжлэгч амьдардаг тухайд талууд маргаагүй байх тул  974 дугаартай гэрээний 4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг, 889 дугаартай гэрээний 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөгийн 0,5 хувь болох 500,000 төгрөгийг хариуцагчаар тус тус төлүүлэхээр  шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэрийн үндэслэл  нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасныг зөрчөөгүй байна.

12. Хариуцагч нь банкны зээлийг хуваан төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2020/00564 дүгээр шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2020/00015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                             

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН