Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/01165

 

2022 03 15 101/ШШ2022/01165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

109,832,409 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Амар /ӨҮ-2563/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Я.Батбаярт холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, гэрээгээр талууд 18657307175249, 18657307146259 нэгж талбарын дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28А, 3-28Б тоот хаяг дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар баригдах иж бүрэн барилгын хөрөнгө оруулалтыг 50/50 хувиар тооцож гаргахаар хүлээсэн боловч хариуцагч ямар ч хөрөнгө оруулаагүй, 2014-2015 онд барилга 85 хувийн гүйцэтгэлтэй барихад нийт 219,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэний 50 хувь болох 109,832,409 төгрөгийг хариуцагч төлөөгүй. Барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байхад хариуцагч Я.Батбаяр өөр бусдад өртэй гэснээр дундын компаний 50 хувийн хувьцааг аав Баясгаланд шилжүүлснээр түүнд 30,000,000 төгрөгийг өгсөн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийг уг барилгыг барихад хөрөнгө оруулаагүй гэдгийг дүгнэсэн тул гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлон тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж, талууд хамтран Элст цамхаг констракшн ХХК-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан талаар маргаагүй. Талуудын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилга барихад хариуцагч Отгонням гэх хүнээс нилээн хэмжээний зээл авч хөрөнгө оруулсан, мөн БНХАУ-аас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирснээр нийт 290,000,000 төгрөгийг Элст цамхаг констракшн ХХК-нд зарцуулсан. Нэхэмжлэгч цаашид хамтран ажиллах боломжгүй гэснээр хариуцагч өөрийн эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Ганболд, түүний аав Баясгалан нарт худалдах худалдан авах гэрээгээр 130,000,000 төгрөгт худалдаж, 30,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 100,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Отгонням гэх хүнээс авсан зээлийн төлбөрт 501,000,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, Б.Ганболд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргаснаар шүүх хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаар болон хариуцагчийн оруулсан хөрөнгө хувьцаанд хөрвөсөн талаар дүгнэсэн буюу нэгэнт шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 75.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөнө хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулгаар мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 100/1 дугаартай хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаартай магадлал, Элст цамхаг констракшн ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28А тоотод байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28 Бтоотод байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн компаний дүрэм, тус компаний 2014, 2015, 2016 оны жилийн санхүүгийн тайлан, компанийн эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17/12 тоот тогтоол, тус компаний хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00106 дугаартай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ганболд гэж гаргасан тайлбар, Элст цамхаг констракшн ХХК-ийн үйлдвэр агуулахын барилгын санхүүгийн тооцоо нэрт нүүр 1 хуудас, 2013-7-24-ний өдрийн 103,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Б.Ганболдын төрсний гэрчилгээний хуулбар, Элст цамхаг констракшн ХХК-иас Блак лэйк консалтанс ХХК-нд гэж хаягласан 2014-9-9-ний өдрийн мэдэгдэл, Ганханлиг констракшн ХХК-нд хаягласан 2014-10-02 өдрийн мэдэгдэл, Блак лэйк консалтанс ХХК-нд хаягласан тодорхойлолт, Пүрэв Энхжаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас, Дуламжав Баясгалангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгас 2 хуудас, Блак лэйк консалтанс ХХК нь Ганханлиг констракшн ХХК болж нэрээ өөрчилсөн лавлагаа, Ганханлиг констракшн ХХК-ийн БУ16-1993/14 дугаартай тусгай зөвшөөрөл, Блак лэйк консалтанс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ганханлиг констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ганрекс ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Элст цамхаг констракшн ХХК-ийн 2014-5-18-ны өдрийн орлогын баримт, тус компаний 2014-5-18-ны өдрийн зарлагын баримт, Үүр тээл ХХК, Ган Ханлиг констракшн ХХК нарын хооронд 2014-11-13-ны өдөр байгуулсан барилгын үндсэн материал нийлүүлэх гэрээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн 2014-11-13-ны өдрийн зарлагын баримт, 2014-11-13-ны өдрийн орлогын баримт, Хүннү конкерт ХХК, Ганханлиг констракшн ХХК нарын хооронд 2014-10-14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, Хүннү конкрет ХХК-ийн 2014-10-14-ний өдрийн барьцааны гэрээ, Элст цамхаг констракшн ХХК-ийн 2014-10-15-ны өдрийн орлогын баримт, 2014-10-15-ны зарлагын баримт, Блак лэйк консалтанс ХХК 2014-9-10-ны ажиллах хүчний тодорхойлолт, Элст цамхаг констракшн ХХК-ийн 2014-10-01-ний өдрийн зарлагын баримт, 2014-11-01-ний өдрийн зарлагын баримт, 2014-12-01-ний өдрийн зардлагын баримт, 2014-12-06-ны өдрийн зарлагын баримт, ,,,,,,,,, гэх иргэдтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах ХГ-06, 05, 08, 07, 03, 09, 04, 01, 02, 11 дугаартай гэрээ, тухайн иргэдийн иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүртгэлийн дэвтрийн хуулбар 36 хуудас, Элст цамхаг констракшн ХХК-ийн 2015-8-17-ны өдрийн дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017-8-4-ний өдрийн 3/19481 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, шүүхийн 2018-03-30-ны өдрийн Элст цамхаг констракшн ХХК-ийн агуулахад үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавсралт зураг 13 хуудас, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл,

хариуцагчаас Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ огноогүй, 2014 оны 03 дугаар сарын 01-ний огноотой гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй болно.   

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Я.Батбаяртай 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр /хариуцагч талаас гаргасан уг гэрээ огноогүй байгаа/ хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 18657307175249, 18657307146259 нэгж талбарын дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28А, 3-28Б тоотын газар дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар 85 хувийн гүйцэтгэлтэй барилга барихад 219,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт гарсны 50 хувь болох 109,832,409 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хамтран өмчлөх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд компаний хувьцааны үнэ өссөн гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дор дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Зохигчид хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр 18657307175249, 18657307146259 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28А, 3-28Б тоотын газар дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар барилга барих, хөрөнгө оруулалтыг 50/50 хувиар гаргахаар хамтран ажиллахаар тохиролцсон үйл баримтуудын талаар зохигчид харилцан маргаагүй /хх-5, 211-212, 213-214/.

 

Харин дээрх гэрээ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн Я.Батбаярын нэхэмжлэлтэй Б.Ганболд, Д.Баясгалан, Элст цамхаг констракшн ХХК нарт холбогдох иргэний хэрэгт огноогүйгээр авагдсан байхад Б.Ганболд тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа он, сар, өдөртэй гэрээ өгсөн талаар хариуцагч тал маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын нэртэй гэрээ нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, 100/1 дугаартай /хх-5/ байх бөгөөд хариуцагч талын нотлох баримтаар гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шүүхийн архив хуулбар үнэн тэмдэг дарсан гэрээ нь огноогүй, дугаар, гэрээний бичвэр нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх гэрээтэй адил /хх-211-212/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуулбарлав тэмдэг дарсан гэрээнд 2014-3-1-ний огноо бичигдсэн, дугаар, гэрээний бичвэр нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх гэрээтэй адил байна /хх-213-214/.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гарын үсэг зурсан, гэрээ дуусгавар болоогүй, нэхэмжлэгч буюу Я.Батбаяр гарын үсэг зураад он, сар тавиагүй өгсөн талаар асуултад хариулсан байх бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд тухайн гэрээг 2014-3-1-ний өдөр байгуулсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх хэлцлийн 2.1 дэх хэсэгт талууд нь барилга бүрэн баригдаж дуусах хүртэлх зардлыг 50/50 хувиар тооцож гаргана гэж, 2.5 дахь хэсэгт талуудын оруулж буй хөрөнгийг хавсралт 1-р зааж өгнө гэж, 4.1 дэх хэсэгт гэрээг хийхээс өмнө нэг талын оруулсан мөнгөн дүнг хавсралт1-д заагдсан бол барилгын зардалд тооцно гэж, 4.2 дахь хэсэгт гэрээний 2.3-д заасны дагуу 1 хүний өмч болсон тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болсонд тооцно гэж тохиролцжээ.

 

Уг хэлцлийн 2.5, 4.1 дэх хэсэгт тусгасан хавсралт байхгүй болохыг шүүх хуралдаанд оролцсон зохигчид тайлбарлаж, уг хөрөнгө оруулалтын гэрээний талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж хариуцагч тал маргасан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт

...Элст цамхаг констракшн ХХК-ийг 2014 оны 3-р сарын 5-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, газар эзэмших эрх нь Элст цамхаг констракшн ХХК-нд 2014-9-2-ны өдрийн шийдвэрээр үүссэн,

Элст цамхаг констракшн ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ 130,000,000 төгрөг болохыг уг гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилсөн болохыг, Элст цамхаг констракшн ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны газар дээр 2 давхар үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдсан боловч бүрэн ашиглалтад ороогүй болох нь үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Элст цамхаг констракшн ХХК-ийг байгуулсан нэхэмжлэгч Я.Батбаяр, хариуцагч Б.Ганболд нар компанидаа тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байх бөгөөд 2017 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Я.Батбаяр нь өөрийн өмчлөлийн 50 хувийн анхны үнэ нь 500,000 төгрөгийн үнэтэй хувьцаагаа 130,000,000 төгрөгөөр худалдахдаа өөрийнх нь болон хариуцагч Б.Ганболдын оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн хувьцааны үнэ өссөн гэж дүгнэхээр байх тул тоног төхөөрөмжийн үнийг компаниас шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр тоног төхөөрөмж компаний хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн байна... гэж дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

Тухайн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар талуудын хооронд үүссэн харилцааг хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэж байх боловч талууд Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Товчоо дэнж 3-28А, 3-28Б тоотын газар дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар баригдах иж бүрэн барилгын хөрөнгө оруулалт хийж, өмчилж авах зорилгоор талууд барилга бүрэн баригдаж дуусах хүртэлх зардлыг 50/50 хувиар тооцож гаргахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Тиймээс талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний үр дагаварыг үүсгэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан ба тус гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь дээрх гэрээгээр тохирсон барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэй барьж, Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгөнд 219,664,818 төгрөгөөр бүртгэж, санхүүгийн тайланд тусгасан дүнгийн 50 хувиар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж тайлбарлан Элст цамхаг констракшн ХХК-ийн 2014, 2015, 2016 оны жилийн санхүүгийн тайлан бусад баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч 2016 оны жилийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөд барилга байгууламж 219,664,818 гэж бүртгэгдсэн байх боловч энэ нь зохигчийн хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан барилга байгууламж мөн болох нь, нэхэмжлэгч Б.Ганболдоос 219,664,8178 төгрөгийн зардал дангаар гарсан гэх байдлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрээр Элст цамхаг констракшн ХХК-ийг байгуулсан нэхэмжлэгч Я.Батбаяр, хариуцагч Б.Ганболд нар компанидаа тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байх бөгөөд 2017 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Я.Батбаяр нь өөрийн өмчлөлийн 50 хувийн анхны үнэ нь 500,000 төгрөгийн үнэтэй хувьцаагаа 130,000,000 төгрөгөөр худалдахдаа өөрийнх нь болон хариуцагч Б.Ганболдын оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн хувьцааны үнэ өссөн буюу тоног төхөөрөмж компаний хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн талаар дүгнэсэн байна.

 

Харин талуудын байгуулсан хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээг хэзээ байгуулсан талаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-3-6-ны өдрийн шүүх хуралдаанд энэ хэргийн хариуцагч Я.Батбаяр оролцохдоо ...2012 онд газар худалдаж аваад байгуулсан... гэж, энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ганболд ...гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ дуусгавар болоогүй, энэ гэрээ огт хэрэгжээгүй учраас гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, нэхэмжлэгч /Я.Батбаяр/ гарын үсэг зураад он сар тавиагүй өгсөн... гэж тус тус хариулсан байх боловч энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ганболд энэ өдрийн шүүх хуралдаанд тухайн гэрээг 2014-3-1-ний өдөр байгуулсан гэж тайлбарласан.

 

Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч маргасан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд энэ хэргийн хариуцагч Я.Батбаярыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан, давж заалдах шатны шүүхийн магадлал 2020-3-6-ны өдөр гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж энэ хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ганболд нь 2014-3-1-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я.Батбаярын нэхэмжлэлтэй, Б.Ганболд, Д.Баясгалан, Элст цамхаг констракшн ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хамтран байгуулсан компаний хувьцаа худалдсан болон хамтран ажиллах гэрээгээр тохирсон барилгыг барихад оруулсан хөрөнгө оруулалтын хохиролд 501,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч Б.Ганболд нь зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ганболд нь 2014-3-1-ний өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн зохигчийн хамтарч барихаар тохирсон барилга бусдад зарагдсан, өмчлөгч нь өөрчлөгдсөн болохыг энэ хэргийн нэхэмжлэгч Б.Ганболд шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, зэргийг үндэслэн дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн 2021-9-22-ны өдөр төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Батбаяраас хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ