Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00221

 

 

О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/04442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Оын хариуцагч Э-т холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 62,803,672 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О нь Э-тай 2013 онд газар худалдах, худалдан авах замаар анх танилцсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 0-00А, 0-00Б тоот хаягтай 1400 м.кв бүхий газрыг худалдаж авах санал тавьж, улмаар эцэг Д.Баясгалантай хамтарч уг газрыг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Э- тухайн газар дээр зоорь барьж хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхлэх санал тавихад нь зөвшөөрсөн. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Э-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж зоорь, агуулахын зориулалттай баригдах иж бүрэн барилгыг хамтран барьж, өмчлөх, баригдаж дуусах хүртэлх зардлыг 50:50 хувиар гаргахаар тохиролцсон. 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Элст цамхаг констракшн ХХК-ийг 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр О, Э- нарыг бүртгүүлсэн. Оын 50 хувийн хувьцааг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эцэг Д.Баясгаланд шилжүүлсэн. Д.Баясгалан, О нар 2014-2017 оны хооронд өөрсдийн хөрөнгөөр 90 хувийн гүйцэтгэлтэй зоорь, агуулахын зориулалттай байгууламжийг барьж Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгөнд 219,664,818 төгрөгөөр бүртгэсэн талаар 2016 оны санхүүгийн тайланд тусгасан. Э- дээрх барилгыг барихад хөрөнгө оруулаагүй. Улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э-ын эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК-ийн 50 хувийн хугацааг шилжүүлэн авсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э- зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаруулах, хөрөнгө оруулалт болон хохиролд 501,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 91 дугаар шийдвэрээр Ооос 150,000,000 төгрөг гаргуулж Э-т олгож шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрт ... хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 130,000,000 төгрөг байсан гэж дүгнэлээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Баясгалан нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд буюу хүү Ооор төлүүлэхээр үүргээ шилжүүлжээ. О нь үүргийг гүйцэтгэхдээ Э-тай харилцан тохиролцож компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилж, уг зээлийн гэрээгээр О нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр тохиолцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд үүргийг солихоор тохиролцсон, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн. Түүнчлэн, шүүх Э- нь Элст цамхаг констракшн ХХК-аас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,400 м.кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1,152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр барихад Э- нь тухайн барилгад 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 160,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Хятад улсаас оруулж ирсэн хөрөнгө оруулалтын мөнгийг цаг тухайд төлөөгүй улмаас бусдаас зээлсэн мөнгөө хугацаа хэтрүүлж хүү алданги ханшийн алдагдал зэргээс болж 214,000,000 төгрөгийг төлж хохирсон гэж нийт 501,00,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ...Нэхэмжлэгчийн гаргасан баримтаар 130,000,000 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байна. ...Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Элст цамхаг констракшн ХХК-аас 501,00,000 төгрөг гаргуулахыг хүссэн Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ... гэж дүгнэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар Э- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,400 м.кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1,152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй болох нь тогтоогдсон. Э- нь Элст цамхаг констракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааг нь 130,000,000 төгрөгөөр худалдсан болж, О надаас 150,000,000 төгрөг авахаар болсон. Иймд Э-аас хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 67,196,328 төгрөгөөр багасгаж, 62,803,672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Отой хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай Элст цамхаг констракшн ХХК-ийг байгуулж О, Э- нар 50:50 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон. О нь 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Элст цамхаг констракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааг Д.Баясгаланд шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь: хамтран ажиллах гэрээнээс өмнө О нь гарсан. Хамтран ажиллах гэрээнд О гараад Д.Баясгалан гэрээний тохиролцоог үргэлжлүүлэхээр заагаагүй. Санхүүгийн тайланд 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан өгсөн. 2016 оны тайланг баталгаажуулаагүй. Уг тайлан засвартай. Элст цамхаг констракшн ХХК 2016 онд Х тайлан өгснийг засварлаж нотлох баримтаар шүүхэд өгсөн байна. Санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө 219,664,818 төгрөг гэж нэмж бичсэн. Тайланд эздийн өмч 1,000,000 төгрөг бүртгэгдсэн байсан. Эздийн өмч, өр төлбөр, хөрөнгө оруулалтын хэсэгт мөн адил гараар эздийн өмч 219,664,818 төгрөг гэж бичсэнээс ар талын эздийн өмчлөлийн хөрөнгийг 1,000,000 төгрөг гэж бичсэн. 220,664,818 төгрөгийг огт тусгаагүй. Мөн санхүүгийн тайлангийн блансын дүнг буруу хийснээс гүйлгээний тайлан, орлого, үр, дүн, санхүүгийн засвар оруулсан байна. Орлого үр дүнгийн тайланг Х тайлангаар өгөөд дараа нь оны эцэст 1,000,000 төгрөг байсныг 219,664,818 төгрөг гэж бүртгэсэн.

Мөн санхүүгийн тайлангийн тодруулгын хэсгийн 11-д дуусаагүй барилгыг 2013 онд эхлүүлсэн түүний төсөвт өртөг нь 300,000,000 төгрөг гэж тайлагнасан. 2020 онд дуусна гэж тайлагнаад түүнийгээ 219,000,000 төгрөгөөр бүртгэсэн. Хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэл гаргасан боловч дүрмээрээ удирдлагыг О авна гэж заасан учраас бүх гүйлгээг хийхээр заасан байсан. Тус компани нь 103,000,000 төгрөгийн сэндвичийг зээлээр авсан гэх боловч 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Элст цамхаг констракшн ХХК байгаагүй. Санхүүгийн тайлангийн 2 дугаар хэсэгт ажилчдын цалинд 36,250,000 төгрөгийг өгсөн гэх баримт авагдсан. Үүнийгээ ерөнхий удирдлагын зардалд тусгаж бүртгэсэн боловч 2014 онд барилга барьж ажилчдаа өгсөн гэх боловч 2016 оны тайланд цалингийн зардлыг тусгасан. Энэ компани нь 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй. Зардал болон орлогыг жил бүр тусгаж байх ёстой. Тухайн зардлыг ажилчдын төлбөрт өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Элст цамхаг констракшн ХХК-ийг О төлөөлж 10 ажилчныг хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Гэтэл тухайн ажлын хөлсийг өгсөн баримт нь Ган ханлиг ХХК буюу н.Оюунцэрэнд өгснөөс үзэхэд ажилчдын төлбөрийг өгөөгүй, хөлсөлж аваагүй нь харагдаж байна. Татварын ерөнхий хуулиар тухайн ажил үйлчилгээ хийснээр олсон мөнгөнөөс татвараа төлж, Татварын тухай хуульд заасны дагуу үүрэг нь автоматаар сунгагдаж Баянзүрх дүүргийн татварын хэлтэст энэ хүмүүст ногдох хувь хүний орлогын албан татварын 10 хувийг шилжүүлэх ёстой байсан. Татвар шимтгэл суутгасан баримтыг өгөөгүй байна. Тэгэхээр цалин хөлс олгосон гэдгийг нотлох боломжгүй байна. О өмнө нь Ган ханлиг ХХК-ийг үүсгэн байгуулсан. Элст цамхаг констракшн ХХК-аас өөрийн компанидаа мэдэгдэл хүргүүлсэн. Элст цамхаг констракшн ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байсан 25 хувиас хэтэрсэн хэмжээний ажил үйлчилгээ авъя гэж байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Үүнийг Оыг байхгүй байхад ТУЗ-ын шийдвэргүйгээр өөрийнхөө компанид мэдэгдэл өгсөн байна. ХААН банк ХХК-ийн баримтыг үндэслэн О хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх боломжгүй. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Баясгаланд өгөөд гарсан. 2017 онд эзэмшил шилжүүлэх үед Э-ын оруулсан хөрөнгөөс 130,000,000 төгрөгийг нь аваад компанийн өмчлөлөө Д.Баясгаланд шилжүүлэхээр тохирсон тусдаа харилцааг нэхэмжлэлийн шаардлагад холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Оын өгсөн 100/1 тоот хамтран өмчлөх, хөрөнгө оруулах гэрээ нь огноо байхгүй.

О хувьцаагаа 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бусдад шилжүүлсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э-аас 62,803,672 (жаран хоёр сая найман зуун гурван мянга зургаан зуун далан хоёр) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Оод олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 471,968 (дөрвөн зуун далан нэгэн мянга есөн зуун жаран найм) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Оод олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. О хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт зардлын 50 хувь болох 109,832,409 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. О Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгө 219,664,818 төгрөгийн 50 хувийг авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ооос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Элст цамхаг констракшн ХХК-аас 501,000,000 төгрөг гаргуулах, Оын 2017 оны 05 дугаар сарын 17-ын өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт 93,930,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баясгаланд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. О нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Элст цамхаг констракшн ХХК-ийн өөрийн эзэмшлийн 5 хувийг хувьцааг Д.Баясгаланд шилжүүлж 2014 онд байгуулсан хамтран өмчлөх хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа дуусгавар болсон. Харин Э- нь Д.Баясгалантай ямар нэгэн гэрээ байгуулахгүй үргэлжлүүлэн ажилласан. Тиймээс О нь нэхэмжлэх гаргах үндэслэлгүй.

О Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэрээр Элст цамхаг констракшн ХХК нь 2017 оны хөрөнгө оруулалтын өгөөж нь 260,000,000 төгрөг гэж тогтоосон учраас О одоо нэхэмжлэх гаргах үндэслэлтэй гэж тайлбарласан.

4.2. О шүүхэд нэхэмжлэх гаргахдаа Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулна. 2014-2017 оны хооронд эцэг Д.Баясгалангийн хамт өөрийн хөрөнгөөр 90 хувийн гүйцэтгэлтэй зоорь, агуулахын зориулалтай байгууламжийг барьж Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгө 219,664,818 төгрөгөөр бүртгэж, 2016 оны санхүүгийн тайландаа тусгасан гэж тайлбарласан. Шүүх 2016 оны санхүүгийн тайланг үндэслэл болгох шаардлагагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Элст цамхаг констракшн ХХК нь 2011 оноос Татварын газарт санхүүгийн тайланг цахимаар өгсөн байхад 2017 онд гаргасан, 2016 оны санхүүгийн тайланг гар тайлан ашиглан гаргасан. Тайланд засвар оруулсан, баланс нь тэнцээгүй, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан зөрүүтэй байхад, мөн тайланг хүлээн авч баталгаажуулсан газар байхгүй байхад Оыг 109,832,409 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн.

4.3. О хамтран ажиллах гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 707,113 төгрөг төлсөн. Мөн О нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 67,196,328 төгрөг гаргуулахаар багасгасан. Шүүх 67,196,328 төгрөгөөр багасгасан нь үндэслэлтэй гэж үзсэн тул 109,832,409 төгрөгөөс 67,196,328 төгрөгийг хасахад 42,636,081 төгрөг болох ёстой.

4.4. О нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахад эрх нь зөрчигдсөнөө мэдэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэгч нь Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгтэй холбоотой өөрийн эрхийг зөрчигдсөнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр гарч, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж Иргэний хуулийн 75.2.1, 76.1, 79.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. О нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх үед сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн.

Э- 2017 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний эх хувийг өгсөн бөгөөд огноо байхгүй байсныг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгч шинжээч томилуулж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнийг тогтоолгох гэсэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. О нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хамтран өмчлөх хөрөнгө оруулалтын гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон, мөн Элст цамхаг констракшн ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг эцэгтээ шилжүүлэн компаниас гарсан гэсэн нь үндэслэлгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн 91 дугаар шийдвэрт Э-ын өмгөөлөгч ... хоёр хүний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Элст цамхаг констракшн ХХК-ийг байгуулж хувьцаа эзэмших болсон. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас гадна хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хамтран ажиллах гэрээний дагуу тэнцүү хөрөнгө оруулж, ашгаа тэнцүү авах ёстой... гэж тайлбарласан. Э- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байхдаа Ооос энэхүү хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээг гаргаж тэнцүү хөрөнгө оруулж, адилхан ашиг хүртэх ёстой гэж тайлбарласан.

5.2. Элст цамхаг констракшн ХХК-ийн санхүүгийн тайлан санхүү татварын журамд нийцээгүй баримт тул нотлох баримтаар үнэлэхгүй гэх гомдол үндэслэлгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн 91 дугаар шийдвэрт 50 хувийн хувьцааны үнэ 130,000,000 төгрөг гэж тогтоосон. Мөн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4442 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас 2017 онд та 500,000 төгрөгийн үнэтэй байсан хувьцаа 130,000,000 төгрөгөөр Д.Баясгаланд зарсан компанийн нийт хөрөнгө 260,000,000 төгрөг учраас хувьцаагаа 130,000,000 төгрөгөөр зарсан уу гэх асуултад Тийм, хоорондоо ярилцаж байгаад үнийн дүн гаргасан гэж хариулсан. Элст цамхаг констракшн ХХК-ийн тайлан журамд нийцээгүй гэхээс илүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймд нотлох баримт үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 109,832,409 төгрөгөөс 67,196,328 төгрөгийг хасаж 42,636,081 төгрөг болгосон гэж гомдолд дурдсан. Нэхэмжлэлд дурдсан 109,832,409 төгрөг нь санхүүгийн тайланд тусгагдсан 219,664,818 төгрөг барилгын зардлын 50 хувь болно. Э-аас 67,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

5.4. 2020 онд шүүхийн шийдвэр гаргах үед энэхүү гэрээ хүчин төгөлдөр байсан, О гэрээнийхээ дагуу хөрөнгөө оруулсан тул ногдол ашгаа авах эрхтэй. Тиймээс 500,000 төгрөгийн хувьцаа 130,000,000 төгрөг болсон. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2020 оны 91 дугаар шийдвэрээр Э- хөрөнгөө оруулаагүй, гэхдээ дундын хөрөнгийн

тал хувь нь 130,000,000 төгрөг гэж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талуудын хоорондын маргаанд хамаарах Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

1.Нэхэмжлэгч О нь хариуцагч Э-т холбогдуулан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 62,803,672 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Зохигчдын хооронд Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 0-00А, 0-00Б тоот хаягт байрших газар дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар баригдах иж бүрэн барилгын хөрөнгө оруулалт, өмчилж авах, талууд нь барилга бүрэн баригдаж дуусах хүртэлх зардлыг 50:50 хувиар тооцож гаргах, талуудын саналыг харгалзан үзсэнээр барилгын ажил бүрэн дуусаагүй байх үед нэг талын зардлыг нөгөө тал олгосноор 1 хүний өмч болгох, 1 хүний өмч болсон тохиолдолд гэрээний хугацааг дуусгавар болгохоор тохиролцжээ. (хх-ийн 5)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хамтран ажиллах гэрээний 2.1-д заасан 50 хувийн зардлыг буюу хураамжийг хариуцагч биелүүлсэн эсэх талаар маргасан байна.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаартай магадлалаар Ооос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж, Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 6-15)

3.1.Уг шийдвэр, магадлалаар О, Э- нар нь 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Элст цамхаг констракшн ХХК-ийг 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э- нь өөрийн эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Баясгаланд (Оын эцэг) компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ 50 ширхэг хувьцааг 130,000,000 төгрөгөөр худалдах, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийг Ооор гүйцэтгүүлэхдээ зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.

3.2. Мөн шүүхийн шийдвэр, магадлалд Э- нь Элс цамхаг констракшн ХХК-аас хөрөнгө оруулалт хийсэн болон хохирсон гэж нийт 501 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг Элс цамхаг констракшн ХХК-ийн өмнөөс төлж, улмаар тухайн тоног төхөөрөмж хариуцагч байгууллагын өмчлөлд шилжсэн, түүний зардлыг гаргасан гэх байдлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн байна.

3.3. Харин О нь дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо хамтран ажиллах гэрээний 2.1-д заасан 50 хувийн зардлыг буюу хураамжийг Э-аас гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж байгаагүй байна.

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 350 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04163 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Э-аас JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулж Элс цамхаг констракшн ХХК д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.(2хх-ийн 83-89)

Дээрх шийдвэр, магадлалтай иргэний хэргийн зохигчдын маргааны зүйл нь 67,196,328.17 төгрөгийн үнэ бүхий JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигч компанийн эд хөрөнгөд тооцогдох эсэх, Элс цамхаг констракшн ХХК түүний үнийг шаардах эрхтэй эсэх талаар байх бөгөөд харин газар дээр баригдсан барилгад оруулсан хөрөнгө оруулалтын зардлын талаар хэн аль нь шаардлага гаргаж маргаагүй байна.

5. Зохигчдын хооронд байгуулсан Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 0-00А, 0-00Б тоот хаягт байрших газар дээр баригдсан, 85 хувийн гүйцэтгэлтэй, 1218 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204088391 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Элс цамхаг констракшн ХХК -ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. (2хх-ийн 76)

 

6.Үүний дараа Элст цамхаг констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар ....Э-ын гаргасан .... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 0-00А, Б тоот хаягт байрлах газар, мөн газар дээр баригдсан барилгыг иргэн Д.Баясгалантай харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэх санал гаргасныг .... Д.Баясгалан ...саналыг хүлээн авч байна.... гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан ба улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э- нь өөрийн эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Баясгаланд /Оын эцэг/ компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, шилжүүлсэн байна. (хх-ийн 83-86) Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дээрх магадлалд заасан бетон хольц зуурах машин төхөөрөмж болон ачигчийн талаар хэлэлцэгдээгүй байдаг.

 

7. Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд байгуулсан Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.2-т зааснаар буюу 1 хүний өмч болсноор гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ийнхүү дуусгавар болсон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хамтран ажиллах гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгч Оод үүссэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... зоорь агуулахын зориулалттай байгууламжийг барьж, Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгөнд 219,664,818 төгрөгөөр бүртгэж, 2016 оны санхүүгийн тайландаа тусгасан ... гэснээс үзэхэд ч компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд мэдэх боломжтой 2016 оны санхүүгийн тайлангийн жил дууссан үеэс гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхаарсан боловч ...нэхэмжлэгч нь Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгтэй холбоотой өөрийн эрх зөрчигдсөнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай шийдвэр гарч, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөр тооцон тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Зохигчдын хооронд дээрх байдлаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хамтран ажиллах гэрээний зардлыг буюу хураамжийг Э-аас гаргуулахаар шаардлага гаргаж байгаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх уг хугацааг сэргээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

9. Иймд нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх тухайн асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн, ямар нэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх байдлуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн тул ...нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын дүн бодитой биш үндэслэлгүй, тооцоолол алдаатай.. гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлын талаар дүгнэх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/04442 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э-т холбогдох 62,803,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 471,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ