Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00918

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00918

 

 

 

 

 

 

2022 05 13 210/МА2022/00918

 

 

****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01165 дугаар шийдвэртэй,

****ын нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

109,832,409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** нь Б-тай 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, гэрээгээр талууд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо дэнж 3-28А, *** тоот хаяг дээр ногооны зоорь, агуулахын зориулалтаар баригдах иж бүрэн барилгын хөрөнгө оруулалтыг 50, 50 хувиар тооцож гаргахаар үүрэг хүлээсэн. Улмаар бид Элст цамхаг констракшн ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн хувьцааг бид 50, 50 хувиар эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2014-2017 оны хугацаанд **** болон түүний эцэг Д.Баясгалан нар өөрсдийн хөрөнгөөр 90 хувийн гүйцэтгэлтэй зоорь, агуулахын зориулалттай байгууламжийг барьж, Элст цамхаг констракшн ХХК-ийн үндсэн хөрөнгөд 219,664,818 төгрөгөөр бүртгэж, 2016 оны санхүүгийн тайландаа тусгасан.

Энэхүү барилгыг барихад Б- нь ямар ч хөрөнгө оруулаагүй.

Улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б-ын эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК-ийн хувьцаа ****од шилжсэн. Гэвч хувьцааны эрх шилжүүлэхтэй холбоотойгоор Б- нь зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах, хөрөнгө оруулалт болон хохиролд 501,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 91 дугаар шийдвэрээр ****оос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөгийг гаргуулж Б-т олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр Б- нь агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулахад ямар ч хөрөнгө оруулаагүй болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагчаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд хамтран Элст цамхаг констракшн ХХК-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан. Талуудын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилга барихад би н.Отгоннямаас зээл авч хөрөнгө оруулсан. Мөн БНХАУ-аас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирснээр нийт 290,000,000 төгрөгийг би Элст цамхаг констракшн ХХК-д зарцуулсан.

**** нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэснээр Б- өөрийн эзэмшиж байсан Элст цамхаг констракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч ****, түүний аав Д.Баясгалан нарт 130,000,000 төгрөгөөр худалдаж, 30,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 100,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан.

Гэтэл н.Отгоннямаас авсан зээлийн төлбөрт 501,000,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, **** зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргаснаар шүүх хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан талаар болон хариуцагчийн оруулсан хөрөнгө хувьцаанд хөрвөсөн талаар дүгнэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

4.1. Нэхэмжпэгч **** би хариуцагч Б-ын танай компанид хөрөнгө оруулж, улмаар хамтран ажиллая гэх гуйлтын дагуу түүнийг компанийн хувьцаа эзэмшигч болгож, улмаар 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран өмчлөх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гэрээний агуулга нь Элст цамхаг констракшн ХХК-д бид 2 адил тэнцүү хөрөнгө оруулах, улмаар хөрөнгө оруулсны үндсэн дээр хувьцааг эзэмшихээр тохиролцсон. Гэрээ байгуулах үед тус компанид газраас өөр хөрөнгөгүй байсан ба уг газар дээр 1,215 м.кв бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж улмаар 2016 онд санхүүгийн тайланд бүртгэсэн. Үүнийг хариуцагч Б- үгүйсгэж маргаагүй, уг барилгыг барихад хэдэн төгрөг оруулсан болохоо нотолж чадаагүй байхад шүүх уг зардал ****оос дангаар гарсан гэх байдлыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шүүх нэхэмжлэгч **** нь хэлцлийг Б-тай байгуулсан байхад Элст цамхаг констракшн ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгийг дээрх иргэд хоорондын тохиролцсон хэлцлийн дагуу бий болсон хөрөнгө гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.2 Түүнчлэн тус компанид газар болон агуулахын зориулалттай барилгаас өөр хөрөнгө байхгүй байхад шүүх уг барилгыг Б-, **** нарын хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан байгууламж мөн эсэх нь тодорхойгүй, иргэдийн хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон барилга байгууламж нь хэрхэн хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Бид уг барилга байгууламж нь хэний хөрөнгө вэ гэж маргаагүй байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж байгаа нь илт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ талаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоож шийдвэрлэсэн 2020 оны 91 дүгээр шийдвэр хэрэгт авагдсан байхад шүүх ямар ч баримт байхгүй мэтээр дүгнэлт хийсэн.

4.3. Шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судалсан, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нэхэмжлэлийг шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна.

4.4. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шаардах эрх хэзээнээс эхэлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа гэрээний он сар өдөр зөрүүтэй байсан гэж, мөн гэрээ байгуулсан үес хөөн хэлэлцэх хугацааг тооцсон. Шүүх нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх Б-ыг шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааныг шүүхээр шийдэж дууссан үес эхэлж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн 530 дугаар магадлалаар өөр бусад үндэслэлээр шаардлага гаргах, эсхүл талуудын хооронд үүссэн өөр харилцааны талаарх асуудлыг энэ шүүхийн шийдвэр хөндөөгүй болно гэж дүгнэсэн учраас бид уг нэхэмжлэл, компанийн нэр дээр тоног төхөөрөмжийн үнийг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан.

4.5. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00350 дугаар магадлалаар Б-аас тоног төхөөрөмжийн үнэ 67,196,328 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул компанийн нэгж хувьцааны үнэ 130,000,000 төгрөгөөс уг мөнгийг хасч шийдвэрлэхийг хүсч байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 62,803,672 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 5.1. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. 2012 онд гэрээ байгуулагдсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2014 онд гэрээ байгуулаагүй, 2012 онд гэрээ байгуулагдсан. Тухайн үед он, сар, өдөр бичээгүй. Архивт байсан хэргээс гэрээг авч **** огноо бичиж, засаж хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон тэр асуудлыг дүгнэсэн учраас гомдол гаргах шаардлагагүй.

5.2. Б-ыг нэг ч төгрөг оруулаагүй гэж тайлбарладаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн асуудал нь талууд харилцан хөрөнгө оруулсаны үндсэн дээр компанийн нэгж хувьцаа өссөн үйл баримтыг дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Ингээд хувьцааг үнэ өсгөж 130,000,000 төгрөгөөр худалдсан нь тодорхой болсон. Өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт хэлэлцэж шийдвэрлэж дуусгавар болсон.

5.3. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч **** нь хариуцагч Б-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 109,832,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01165 дугаар шийдвэрийн агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн зүйлийн 118.3 дахь хэсгийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасны дагуу үйлдэгдээгүй.

 

Өөрөөр хэлбэл, шийдвэрийн 2 дахь хуудас хэрэгт авагдаагүй, 4 дэх хуудас 2 удаа авагдсан байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу батлагдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай 29 дүгээр тогтоолд заасан аргачлалтай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА