| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2017/01351/и |
| Дугаар | 00417 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 00417
И Д-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00130 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч И Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Ц-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 423 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
38 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн И Д Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 47 дугаар байрны зоорийн давхарт байрлах 405 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Уг үл хөдлөх эд хөрөнгөд караоке, паб-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч, ажиллуулж ирсэн. 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Т.Ц-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 700 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу караоке, паб-ын зориулалтаар ашиглах бүх тусгай зөвшөөрөл, эрхийн гэрчилгээг шилжүүлэхийн тулд 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр бүх тусгай зөвшөөрлийг шилжүүлж, баримт бичиг хүлээлцсэн акт үйлдэж Т.Ц-гийн эзэмшилд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар Т.Ц урьдчилгаа төлбөрт 400 000 000 төгрөг төлөх, үлдэх 300 000 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл тэрээр урьдчилгаа төлбөрт 350 000 000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр төлж, гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй.
Т.Ц 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 38 500 000 төгрөг төлсөн. Бид гэрээнд төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Ц-гийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Т.Ц одоо болтол уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, орлого олсоор байгаа мөртлөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учраас татварын албанаас татвар төлөх мэдэгдлийг надад өгч, хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж байсан учраас би Т.Ц-гийн өмнөөс 2015, 2016 оны татварт нийт 6 075 000 төгрөг төлж хохирч байна. Уг татварын төлбөрийг Т.Ц-г төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй болно.
Иймд Т.Ц-гоос худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 311 500 000 төгрөг, алданги 105 910 000 /1 557 500 х 68 хоног/ төгрөг, татварын төлбөрт төлсөн 6 075 000 төгрөг, нийт 423 485 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И Д, Т.Ц нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ“ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 350 000 000 төгрөгөөр, байгууламжийг 350 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, өнөөдрийн байдлаар Т.Ц барилгад 350 000 000 төгрөг, байгууламжийн үнэд 38 500 000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн биелэлт буюу үлдэгдэл төлбөр 311 500 000 төгрөг, алданги 105 910 000 төгрөг, татварын төлбөрт төлсөн 6 075 000 төгрөг, нийт 423 485 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон ч гэрээнд заасан байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх тохиролцоогоо өнөөдрийг болтол биелүүлээгүйн улмаас хариуцагчийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Түүнчлэн дээр дурдсан байгууламжуудыг хийж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгч И Д болон түүний бие төлөөлөгч буюу тухайн үед барилгын сууц өмчлөгчдийн холбооны дарга Э.Жаргалсайханд мэдэгдэж байсан боловч байгууламжийг хийж өгөх аливаа оролдлого гаргаагүй учир байгууламжийн үнэнд төлсөн 38 500 000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий байгууламжийг хийж гүйцэтгээгүй учраас хариуцагч гэрээний дагуу 311 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, алданги 105 910 000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй, үл хөдлөхтэй холбоотой татварыг өмчлөгч этгээд төлөх ёстой, байгууламжийг хүлээж аваагүй, манайд нэрээ шилжүүлж өгөөгүй тул өмчлөгч хариуцах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И Д, Т.Ц нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ“ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 350 000 000 төгрөгөөр, байгууламжийг 350 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, Т.Ц барилгад 350 000 000 төгрөг, байгууламжийн үнэд 38 500 000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч талаас байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх тохиролцоогоо өнөөдрийг болтол биелүүлээгүй зөвхөн агааржуулалтын хоолой гаргах болон гаднах хаалга гаргах хэмжээ авах, шугам татах ажил эхлүүлснээс өөрөө ямар ч үйлдэл хийгээгүйн улмаас хариуцагчийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадахгүй байна.
Дээр дурдсан байгууламжуудыг хийж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгч И Д болон түүний бие төлөөлөгч буюу тухайн үед барилгын сууц өмчлөгчдийн холбооны дарга Э.Жаргалсайханд мэдэгдэж байсан боловч байгууламжийг хийж өгөх талаар оролдлого гаргаагүй учир байгууламжийн үнэд төлсөн 38 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний зүйл доголдолтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд маргааны зүйл болох обьектын доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Т.Ц нь обьектыг эзэмшилдээ авсан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хугацаа дууссан байна. Хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваад 3 жил болсон байхад доголдлын талаар нэг ч удаа мэдэгдэл, шаардлага гаргаж байгаагүй. Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгө доголдолтлй гэдгээ баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Ц-гоос худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 311 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн И Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111 985 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Ц-гийн “38.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн И Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 2 272 875 төгрөг, 3 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид 1 715 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн И Д-д олгож, хариуцагч Т.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 350 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Дээрх хэргийн шүүх хуралдааан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон ба хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах АНУ руу 2019 оны 01 дүгээр сарын 09-18-ны өдрийг дуустал явсан ба өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болон хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй. Өмгөөлөгч АНУ улс руу явсан билет захиалга байсаар байтал виз байгаагүй гэдэг шалтгаанаар хүсэлт хүлээн аваагүй. Гэтэл АНУ-ын виз байхгүй бол билет захиалгыг хүлээн авдаггүй ба энэ нь нийтэд илэрхий үйл байдал юм. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хамт шуух хуралд оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг зөрчсөн үйлдэл болсон.
Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж буй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан уг хэргийг шударгаар шүүж чадахгүй гэдэг эргэлзээ үүссэн тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч эрх хэмжээгээ хэтрүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэлгүй, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлэж шийдвэрлэж, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг хаасан үйлдэл болсон гэж үзэж банна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах”-аар заасан бөгөөд сууц өмчлгчдийн холбоонд оногдох бусад хэсэг гэдэгт хэдэн м.кв орж байгаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах боломжтой барилгад хэдэн м.кв, байгууламж гэдэгт хэдэн м.кв байгааг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32017/13720 дугаар захирамжаар шинжээч томилсон боловч захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь: хариуцагч талаас Т.Ц нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч И Д-ний нэхэмжлэлтэй Т.Ц-д холбогдох иргэний хэрэгт уг захиргааны хэрэгт хамааралгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол гарсан атал захирамжийн биелэлтийг хангаагүй үндэслэлээ захиргааны хэрэгт хамаатуулан дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үүгэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн И Д /Lee Doosin/ нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 311 500 000 төгрөг, алданги 105 910 000 төгрөг, татварын төлбөрт төлсөн 6 075 000 төгрөг, нийт 423 485 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 38 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч И Д нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 47 дугаар байрны зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 700 000 000 төгрөгөөр /барилга 350 000 000 төгрөг, байгууламж 350 000 000 төгрөг/ худалдах, худалдан авагч Т.Ц нь 700 000 000 төгрөгийн 400 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлөх, үлдэгдэл 300 000 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагдсан байна.
БНСУ-ын иргэн И Д нь Э.Н-т 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл Монгол хэл дээр бичигдсэн байдлаар хэрэгт авагджээ. /1 х.х-ийн 21 дүгээр тал/ Иймд БНСУ-ын иргэнээс олгосон дээрх итгэмжлэл Монгол хэл дээр бичигдсэн байхад нэхэмжлэгч уг итгэмжлэлийг бүрэн ойлгосон гэж үзэх нь эргэлзээтэй төдийгүй, уг эргэлзээтэй байдлыг анхан шатны шүүх шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэрийг нэхэмжлэлд И Д /Lee Doosin/ иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид “Ли Д /Lee Doosin/” гэж, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжид “И Д” гэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Ли Дуушин” гэж өөр өөрөөр бичигдсэн байгааг шүүх тодруулж, залруулах шаардлагатай. /1 х.х-ийн 1-2, 11, 24, 32 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н “...үйлчилгээний зориулалтай 405 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн сууц өмчлөгчдийн холбоонд хэдэн м.кв оногдох, барилга болон байгууламж хэсэгт хэдэн м.кв талбай орж байгаа талаар шинжээч томилуулах хүсэлт” гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/13720 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч, Барилгын хөгжлийн төвөөс шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш гэж дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /1 х.х-ийн 162, 166-167, 189 дүгээр тал/
Шүүх дахин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. /1 х.х-ийн 207-208, 210 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, шинжээч томилсон шүүгчийн захирамж биелэгдээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.
Харин хариуцагчийн өмгөөлөгч Н.М нь “АНУ руу зорчих болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт” гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хэргийн оролцогч нь өөр өмгөөлөгч авах, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, ... шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө” гэж заасан. Уг хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааг нээж, татгалзан гаргах хүсэлтийг зохигчоос тодруулахад татгалзах хүсэлт шүүх хуралдааны оролцогчдоос гаргаагүй байна. /2 х.х-ийн 5 дугаар тал/
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүх шийдвэрлэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь ”...шүүгчээс татгалзах хүсэлт” гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүйгээс гадна мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дах хэсэгт хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийг татгалзаж болохгүй гэсэнтэй нийцэхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм. /2 х.х-ийн 6 дугаар тал/
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 715 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БАЙГАЛМАА