Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 53

 

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00191/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Х-, Б.Э- нарт холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн Б.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.Э-, хариуцагч Б.Э-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э-гаас:

Дархан сумын 16 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-237 тоот хашаа байшинг 30.000.000 төгрөгөөр авахаар Э-тай аман хэлцэл хийж худалдаж авахаар тохироод 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байшингийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг А.Х-д Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Манайх 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нүүж очсон. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байшиндаа байж чадахгүй байшин хөлдөөд түрээсийн байранд орсон. Б.Э-тай 01 дүгээр сард утсаар яриад байранд амьдрах боломжгүй юм байна, би түрээсийн байранд орлоо гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сард байшиндаа буцаад ирсэн гэтэл Хас банкнаас хүмүүс ирж энэ байр банкны зээлийн барьцаанд тавигдсан удахгүй суллаж өгөөрэй, та ямар учиртай хүн бэ гэхэд би энэ байрыг авах гээд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч Н.Б- гэж хүн ирээд Б.Э-ын шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Байрыг хурааж авах шийдвэр гарсан. Мөнгө төгрөгийн асуудлаа өөрсдөө шүүхээр яваад шийдүүл гэж хэлсэн. Манайх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байшингаа суллаж хүлээлгэж өгсөн. Одоо түрээсийн байранд амьдарч байна. А.Х-д 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны дансаар нь мөнгөө шилжүүлж өгсөн учир одоо түүнээс энэ мөнгөө нэхэмжилж байна. Би 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Олон улсын худалдааны төвийн нотариат дээр А.Х-тэй хамт ороод би байшин худалдаж авч байгаа юм, урьдчилгаа мөнгө өгсөн одоо нотариатаар  батлуулъя гэж хэлсэн. Нотариатч манайх худалдах худалдан авах гэрээ хийгээгүй нөхцөлд батлахгүй. Та нар мөнгө төгрөгөө банкаар шилжүүлээд банкны хуулгаа хадгал, ямар нэг асуудал үүсвэл тэр хуулга чинь баталгаа болж өгнө шүү гэж хэлсэн. Би А.Х-гийн данс руу 20.000.000 төгрөг шилжүүлж хуулгыг нь хадгалсан. Иймд А.Х-, Б.Э- нараас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э- түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нараас:

2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Дархан стек” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хас банкнаас 35.000.000 төгрөгийн зээл авсан. А.Х-, Б.Э-, У- нарын нэр дээр байдаг гурван хүний өмч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 3-216 тоот 181м.кв 5 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан байраа иргэн Ж.Э-д худалдсан. Зээлийн төлөлтийг хийгээд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 15.000.000 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаа доголдож эхлээд дээрх хувийн сууцаа банканд алдаж магадгүй гэж бодоод зарах талаар зар тавихад Ж.Э- ирж манай байшинг ирж үзээд байшин чинь таалагдаж байна танай байшинг худалдаж авъя гэж хэлээд 8 дугаар сарын 25-ны өдөр ирээд 25.000.000 төгрөгийг танайд өгье үлдсэн мөнгийг чинь би банканд төлөөд байрыг чинь авъя гэсэн. Би тухайн үед Ж.Э-д банканд байгаа байр шүү үнэхээр чи авч чадна гэвэл ав гэж хэлсэн. Би байраа 35.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Нэхэмжлэгч одоо 30.000.000 гэж байна. Ж.Э- 2015 оны 09 дүгээр сард нүүж орсон. Би банканд байрыг чинь авлаа шүү энэ асуудал надад хамаагүй боллоо шүү гэж хэлэхэд за гэж хэлсэн байсан. Хас банкнаас зээлээ төлөх талаар мэдэгдэхэд би Ж.Э-д банк мөнгөө нэхэж байна шүү гэж хэлэхэд би банктай ярьчихсан байгаа гэхээр нь итгээд явсан. Гэтэл банкнаас ахиад 10 дугаар сард зээлээ төл төлөхгүй бол шүүхэд өглөө гэж хэлэхээр нь Ж.Э-тай гэрт нь очиж уулзаад энэ талаар хэлэхэд энэ чамд хамаагүй би өөрөө банктайгаа ярьчихсан байгаа гэж хэлсэн. Ж.Э- өөрөө гуйж авсан. Нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийг өгөхгүй яагаад гэвэл би өөрөө хохирсон гэв.  Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан боловч уг орон сууцыг бүртгүүлээгүй ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж харилцан тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ж.Э- нь үүргээ зөрчсөнөөс болоод асуудал үүссэн учраас нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч А.Х-, түүний өмгөөлөгч Ч.Булган нараас:  

Талууд хэлцэл хийсэн гэж байна. Энэ хэлцэлд миний үйлчлүүлэгч А.Х- оролцоогүй. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А.Х-гийн дансаар 20.000.000 төгрөг шилжсэн гэж байна. Энэ мөнгийг А.Х- 4 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э-т бэлнээр өгсөн. Гэтэл Ж.Э-  А.Х-гээс нэхэмжлээд байна. Байранд Ж.Э- 2015 оны 09 дүгээр сард орчхоод 2 жил гаруй хугацаанд амьдарсан байна. 2 жил амьдарчхаад хүйтэн байна гэж...хэлээгүй. Хэрвээ мэдсэн юм бол мэдэгдээд зогсохгүй шүүхэд хандаж хэн хэн нь өгсөн авснаа буцаах боломж байсан. Тэр боломжоо ашиглаагүй хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Хариуцагчийн тайлбар болон өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч Ж.Э-гийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна. Банкны барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж худалдаж авсан. Өөрийнх нь хариуцлагагүй байдлаас энэ байдал үүссэн байна. ... Б.Э-, А.Х- нар өр авлага байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн үндэслэлээр гэр бүлээ захиргааны журмаар цуцлуулсан. Ийм учраас А.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа:

2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрнаас гарсан. Түүнээс хойш би түрээсийн байранд амьдарч байна. Дархан сумын хуучин хорооллын 7 дугаар байрны 47 тоотын хажуу өрөөг 2 жил түрээсэлж амьдарсан. Түрээсийг сарын 200.000 төгрөгөөр тохирч жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 47 сарын байрны түрээсийн төлбөр 9.400.000 төгрөг болж байгаа. 100.000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлээ бууруулж байна гэв.

Нэхэмжлэгч Ж.Э- шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдаж авсан байшин маань хүйтэн учраас бид нар өөрсдөө байр түрээсэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байшинд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байр түрээслэн амьдарсан. Зун нь байшинд байсан. 2016 оны 11 дүгээр сараас мөн адил байр түрээсэлсэн. Энэ байдлаараа 3 жил байр түрээсэлж амьдарсан. Адилхан байр түрээсэлж амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Э-аас 20.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгож, хариуцагч А.Х-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийн хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  168.550 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 257.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э-  давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Ж.Э- нь ... байшингийн хана нь хашааны блокоор барьж бүх газраараа усанд идэгдэж дээврээсээ гоождог, цан цохидог, хаягдал материалаар эвлүүлэн барьсан буюу биет байдлын доголдолтой учраас гэрээнээс татгалзаж, өгсөн 20.000.000 төгрөгөө буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх дүгнэхдээ “... нэхэмжлэгч нь байшин өвөл их  хүйтэн байсан тул гэрээнээс татгалзах саналаа хариуцагч Б.Э-т хэлж байсан, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Ж.Э- үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр амаар байгуулсан. Гэрээ байгуулах үед Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг Мангирт 9-р хэсэг 3-216 тоотод байрлах 181.0 м.кв талбайтай 5 өрөө хувийн сууц Хас банкны зээлийн барьцаанд байгаа болохыг худалдан авагч Ж.Э- тухайн үед мэдэж байсан, мэдсээр байж харилцан тохиролцож худалдан авсан болохоо шүүх хуралдаанд өөрөө ч мэдүүлдэг.

Б.Э- миний бие зээлийн төлөлтийг хийсээр 2015 оны 08 дугаар сарын байдлаар 15 сая орчим төгрөгийн төлөлт үлдсэн байдаг. ... Хас банкнаас авсан зээлээ төлж дуусгах зорилго тавьж ... “зарна” гэхэд Ж.Э- нь манай байшинг худалдаж авмаар байна, надад 35 сая төгрөгөөр зарчхаач гуйсан. Тэгэхээр нь би Э-д “энэ хувийн сууц маань Хас банкны барьцаанд байгаа шүү, гэрчилгээ бичиг баримт нь надад одоо бэлэн байхгүй банканд байгаа одоо 15 сая төгрөгийн зээл үлдсэн, тэрийг банканд төлнө гэвэл авч болно” гэж хэлсэн. Ж.Э- ч зөвшөөрч байшинг худалдаж авахаар харилцан тохиролцож, манай эхнэрийн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгмөгцөө л манайхыг яаралтай нүүж байшинг суллаж өгөхийг шаардаж, маргааш манайх нүүж ормоор байна гэсэн тул манайх гэдэг айл бүр яаралтай нүүхээс өөр арга байгаагүй тул түрээсийн байранд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл түрээсийн байраар л амьдарч байна.  

...Уг байшин, газрыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар үнэлгээ хийж нийт 75.324.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тогтоосон.

... Хэдийгээр бидний хооронд бичгээр гэрээ хийгдээгүй ч бодит байдал дээр Ж.Э- нь 2015 оны 09 дүгээр сард нүүж ороод 3 жил орчим хугацаанд амьдарсан, хувийн сууцны үнэ 20 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15 сая төгрөгийг Хас банканд төлөх болзолтойгоор... харилцан тохиролцсон зэрэг нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулсанд тооцогдохоор хуульд заасан байна. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 254.6-д доголдолтой холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байхаар заасан байна. Гэтэл худалдан авагч Ж.Э- нь энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш биет байдлын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү.

...нэхэмжлэгч нь үлдэгдэл үнийг төлөх ёстой хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх хувийн сууцаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хас банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Үүнд Ж.Э- нь зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөөгүй, өөрөө буруутай тул надаас болон А.Х-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.Э- хариуцагч А.Х-, Б.Э- нарт холбогдуулж, хашаа байшингийн төлбөрт шилжүүлсэн 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.Э- өөрт учирсан хохирол 9.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Хариуцагч А.Х- нэхэмжлэгч Ж.Э-гийн нэхэмжилж буй 20.000.000 төгрөгийг Б.Э-т бэлнээр хүлээлгэн өгсөн тул өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Э- нэхэмжлэгч Ж.Э-г хэлэлцэн тохиролцсон зээлийн төлбөрийг банкинд төлөх үүргээ биелүүлээгүйгээс хэлцлээр шилжүүлсэн хашаа байшин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, одоо түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд бусдын байр түрээсэлсний төлбөр 9.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Э-гаас гаргуулж өгнө үү гэж маргацгаажээ.

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч тал гэрээнээсээ татгалзсан тул гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнээд А.Х-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э-аас 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-д олгож шийдвэрлэжээ.

            Энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Э- эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Хариуцагч Б.Э-, А.Х- нар Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-216 тоотод 181м/кв талбай бүхий хувийн орон сууц, 0.7 га газрын хамт өмчилж байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сард Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн дээрх хувийн орон сууц, газрыг барьцаалжээ.

            Улмаар энэхүү барьцаат зээлийн гэрээний талаар банк шүүхэд маргаан үүсгэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1043 дугаартай “ Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, энэ дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссан байна.

            Энэ хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч Б.Э- нар харилцан тохиролцож, Хас банкны зээлийн барьцаанд байгаа дээрх эд хөрөнгийг 35.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээр  өгч авахаар амаар хэлцэл хийж тохиролцсон бөгөөд хэлцлийн талаар талууд маргаагүй бөгөөд үнийн талаар харилцан адилгүй тайлбарладаг болно.

            Дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч Ж.Э- хашаа байшингийн урьдчилгаа төлбөр болох 20.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А.Х-гийн эзэмшдэг ХААН банк дахь 5109011811 тоот данс руу  шилжүүлсэн, А.Х- 20.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Э-т дамжуулан бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь хэргийн  6 болон 26 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоно.

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч А.Х- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдоогүй тул А.Х-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э-аас 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-д олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Э- Хас банкны өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд хариуцагч Б.Э- банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний зүйл болох хашаа байшин шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Э- гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ”Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Хариуцагч Б.Э- Хас банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Э- төлөх үүрэг хүлээсэн гэж маргадаг боловч төлбөрийг ямар хугацаанд хэрхэн төлж барагдуулах, банкны үүргийг нэхэмжлэгч Ж.Э- шилжүүлэн авсан талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч хэлцлээр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн хохирол гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Б.Э-ын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзаж байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан биет байдлын доголдолтой холбогдуулж гэрээнээс татгалзах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            Л.АМАРСАНАА