Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00191/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, ...-гийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...- тоотод оршин суух, А.Ж,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....  тоотод оршин суух, Б.Э  нарт холбогдох, 

 

20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагч А.Ж-ийн өмгөөлөгч Ч.Б , хариуцагч Б.Э , хариуцагч Б.Э ын өмгөөлөгч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх би Дархан сумын 16 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-237 тоот хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр авахаар Э-тай аман хэлцэл хийж худалдаж авахаар тохироод 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байшингийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг А.Ж-д Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Манайх 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нүүж очсон байсан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байшиндаа байж чадахгүй байшин хөлдөөд түрээсийн байранд орсон. Э-тай 01 сард утсаар яриад “Байранд амьдрах боломжгүй юм байна, би түрээсийн байранд орлоо гэж хэлсэн. 2016 оны 04 сард байшиндаа буцаад ирсэн гэтэл Хас банкнаас хүмүүс ирсэн. Тэд “Энэ байр банкны зээлийн барьцаанд тавигдсан удахгүй суллаж өгөөрэй, та ямар учиртай хүн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би энэ байрыг авах гээд урьдчилгаа 20,000,000 төгрөг өсгөн байгаа гэж хэлсэн. Хас банкны хүмүүс байшингаа суллаж өгөөрэй гэсэн. Э- хөдөө гадаа яваад олдохгүй байсан. 2017 оны 07 сард Шийдвэр гүйцэтгэгч Б- гэж хүн ирээд “Э-ын шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Байрыг хурааж авах шийдвэр гарсан. Мөнгө төгрөгийн асуудлаа өөрсдөө шүүхээрээ яваад шийдүүл” гэж хэлсэн. Манайх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байшингаа суллаж хүлээлгэж өгсөн.

Одоо түрээсийн байранд амьдарч байна. А.Ж-д 2015 оны 09 сарын 01-ний өдөр Хаан банкны дансаар нь мөнгөө шилжүүлж өгсөн учир одоо түүнээс энэ мөнгөө нэхэмжилж байна. Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байшинд ороод 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Олон улсын худалдааны төвийн нотариат дээр А.Ж-тэй хамт ороод ”Би байшин худалдаж авч байгаа юм, би урьдчилгаа мөнгөө өгсөн одоо нотариатаар батлуулъя” гэж хэлсэн. Нотариатч хэлэхдээ Манайх худалдах худалдан авах гэрээ хийгээгүй нөхцөлд батлахгүй. Та нар мөнгө төгрөгөө банкаар шилжүүлээд, банкны хуулгаа хадгал, ямар нэг асуудал үүсвэл тэр хуулга чинь баталгаа болж өгнө шүү” гэж хэлсэн. Би А.Ж-гийн дансруу 20,000,000 төгрөгөө шилжүүлж хуулгыг нь хадгалсан. Иймд А.Ж-г, Б.Э  нараас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э  түүний өмгөөлөгч Д.Н  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ДТ-ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хас банкнаас 35 000 000 төгрөгийн зээл авсан. А.Ж-, Б.Э , У  нарын нэр дээр байдаг гурван хүний өмч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 3-216 тоот 181мкв 5 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан байраа иргэн Ж.Э д худалдсан. Зээлийн төлөлтийг хийгээд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 15 000 000 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаа доголдож эхлээд дээрх хувийн сууцаа банкинд алдаж магадгүй гэж бодоод зарах талаар зар тавихад Ж.Э  ирж манай байшинг ирж үзээд байшин чинь таалагдаж байна манай байшинг худалдаж авъя гэж хэлээд 8-25-ны өдөр ирээд 25 000 000 төгрөгийг танайд өгье үлдсэн мөнгийг чинь би банкинд төлөөд байрыг чинь авъя гэсэн. Би тухайн үед Ж.Э д банкинд байгаа байр шүү үнэхээр чи авч чадна гэвэл ав гэж хэлж байсан. Би байраа 35 000 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Нэхэмжлэгч одоо 30 000 000 төгрөг гэж байна. Ж.Э  2015 оны 09 дүгээр сард нүүж орсон. Би банкинд байгаа байрыг чи авлаа шүү энэ асуудал надад хамаагүй боллоо шүү гэж хэлэхэд за гэж хэлж байсан. Хас банкнаас намайг дуудаад зээлээ төлөх талаар мэдэгдэхэд би Ж.Э д банк мөнгөө гэж байна шүү гэж хэлэхэд Ж.Э  би банктай ярьчихсан байгаа гэхээр нь итгээд явсан. Гэтэл банк ахиад над руу 10 дугаар сард зээлээ төл төлөхүй бол шүүхэд өглөө гэж хэлэхээр нь Ж.Э тай гэрт нь очиж уулзаад энэ талаар хэлэхэд энэ чамд хамаагүй би өөрөө банктайгаа ярьчихсан байгаа гэж хэлсэн. Манай эхнэр тухайн үедээ байраа зараад хэрэггүй гэж хэлж байсан. Ж.Э  өөрөө гуйж авсан. Энэ байдлаас болоод манай гэр бүл хоёр тийшээ болсон. Энэ талаар Ж.Э  ч өөрөө мэдэж байгаа. Бид хоёр мөнгийг нь аваад хоёр тийшээ болсон. Одоо тус тусдаа байр түрээслээд амьдарч байна. Нэхэмжилж байгаа 20 000 000 төгрөгийг өгөхгүй. Яагаад гэвэл би өөрөө хохирсон гэв.

2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр амаар худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг хувийн сууц нь газартайгаа байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн үед Хас банкинд 15 000 000 төгрөгийн барьцаанд байсан. Талуудын хэлцлийн гол нөхцөл нь хариуцагчийн ярьж байгаагаар уг орон сууц нь Хас банкны барьцаанд үлдэгдэлтэй байгаа талаар талууд аль аль тал нь мэдэж байж хэлэлцэн тохиролцож биет байдлаар хүлээлгэж өгч мөнгөө дансаар шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж заасан. Талууд 5 000 000 төгрөгийн зөрүү дээр маргаж байна. Энэ орон сууцны эзэмших, ашиглах эрхийг тухайн үед нэхэмжлэгч Ж.Э д өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хашаа байшинг эзэмшиж ашиглаж байсан. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан боловч уг орон сууцыг бүртгүүлээгүй ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж харилцан тохиролцсон. Энэ талаар талууд маргахгүй байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өнөөдөр яагаад хариуцагч 20 000 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа вэ гэвэл хэрвээ энэ тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал болох Ж.Э  нь 15 000 000 төгрөгийн төлбөрийг тохиролцсон ёсоороо Хас банкинд төлчихсөн бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байх байсан. Ж.Э  нь үүргээ зөрчсөнөөс болоод асуудал үүссэн учраас нэхэмжилж байгаа 20 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч А.Ж-, түүний өмгөөлөгч Ч.Б  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд хэлцэл хийсэн гэж байна. Энэ хэлцэлд миний үйлчлүүлэгч А.Ж- оролцоогүй. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А.Ж-гийн дансаар 20 000 000 төгрөг шилжсэн гэж байна. Энэ мөнгийг А.Ж- 4 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э т бэлнээр өгсөн. Гэтэл Ж.Э  А.Ж-гээс нэхэмжилээд байна. Байранд Ж.Э  2015 оны 09 дүгээр сард орчхоод 2 жил гаруй хугацаанд амьдарсан байна. 2 жил амьдарчхаад хүйтэн байна гэж хэлсэн гэж байна. Энэ талаар Б.Э  ч хэлэхгүй байна. А.Ж- ч хэлээгүй. Хэрвээ мэдэгдсэн юм бол мэдэгдээд зогсохгүй шүүхэд хандаж хэн аль нь өгсөн авснаа буцаах боломж байсан. Тэр боломжоо ашиглаагүй хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Хариуцагчийн тайлбар болон өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч Ж.Э гийн буруутай үйл ажиллгаа харагдаж байна. Банкны барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж худалдаж авсан. Өөрийнх хариуцлагагүй байдлаас энэ байдал үүссэн байна. А.Ж-гийн оролцоо энд байхгүй. Б.Э , А.Ж- нар өр авлага байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн үндэслэлээр гэр бүлээ захиргааны журмаар цуцлуулсан. Ийм учраас А.Ж-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байрнаас гарсан. Түүнээс хойш би түрээсийн байранд амьдарч байна. Эхнэр бид хоёрын хоорондох асуудал хоёр тийшээ болсон. Дархан сумын хуучин хорооллын 7 дугаар байрны 47 тоотын хажуу өрөөг 2 жил түрээсэлж амьдарсан. Түрээсийг сарын 200 000 төгрөгөөр тохирч жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 47 сарын байрны түрээсийн төлбөр 9 400 000 төгрөг болж байгаа. 100 000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлээ бууруулж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөагүй байна. Худалдаж авсан байшин маань хүйтэн учраас бид нар өөрсдөө байр түрээслэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байшинд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байр түрээслэн амьдарсан. Зун нь байшинд байсан. 2016 оны 11 дүгээр сараас мөн адил байр түрээслэсэн. Энэ байдлаараа 3 жил байр түрээслэж амьдарсан. Адилхан байр түрээсэлж амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч А.Ж-, Б.Э  нарт холбогдуулан хашаа байшингийн төлбөрт шилжүүлсэн 20 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э  нь хохирол 9 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч А.Ж- нь төлбөрийг Б.Э т бэлнээр өгсөн тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсноор банкинд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас хашаа, байшин шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Ж.Э  нь хашаа байшин хураагдсанаас түрээсийн байранд амьдарч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч Б.Э тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, Б.Э , А.Ж-, Э.У  нарын өмчлөлийн Хас банкны зээлийн барьцаанд тавигдсан байсан Дархан сумын 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоот, 181,0 мкв талбайтай, хувийн сууц, 700 мкв газрын хамт худалдаж авахаар, байрны урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж дуусгахаар, төлбөр бүрэн төлөгдсөний дараа хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохирч нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хашаа, байшинг эзэмшилдээ авч нүүж орсон үйл баримт тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох Дархан сумын 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоот, 181,0 мкв талбайтай, хувийн сууц, 700 мкв газрыг Хас банк, Б.Э , ДТ-ХХК, А.Ж- нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн барьцаанд тавигдаж улмаар зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр Хас банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1043 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдэж, тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 869 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эд хөрөнгө хураасан тогтоолоор хураагдаж, дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь байшин өвөл их хүйтэн байсан тул гэрээнээс татгалзах саналаа хариуцагч Б.Э т хэлж байсан, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс үл шалтгаалах буюу Хас банкны өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Б.Э  биелүүлээгүй үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хашаа, байшин төлбөрт хураагдсан нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч А.Ж-гийн дансанд хашаа, байшингийн урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөг шилжиж орсон боловч 4 хоногийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э  нь бэлнээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Мөнгө өгч авалцсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч А.Ж-, нэхэмжлэгч Ж.Э  нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан эсэх нь тогтоогдохгүй, гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй байх тул А.Ж-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э аас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Э  нь 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуучин хорооллын 7 дугаар байрны 47 тоот орон сууцны хажуу өрөөг сарын 200 000 төгрөгөөр 47 сар түрээсэлсэн, төлбөрийг Энхжаргалаас байрны өмчлөгчид шилжүүлдэг байсан гэж нотлох баримтаар Ё.Э-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх төлбөрт хариуцагч Б.Э ын түрээсийн төлбөр орсон эсэх нь нотлогдохгүй, Ё.Э-тай хамт байр түрээсэлж байсан талаар нотлогдохгүй байна.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зохицуулсан боловч хариуцагч Б.Э  нь хашаа, байшин Хас банкны барьцаанд байгааг хэлж, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг Б.Энхтуяа төлж дуусгасны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон гэж маргаж байгаа боловч төлбөрийг ямар хугацаанд хэрхэн төлж барагдуулах талаар болон Хас банкны үүргийг Ж.Э  шилжүүлэн авсан талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Э аас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э д олгож, хариуцагч А.Ж-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, 9 500 000 төгрөгийн хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 550 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА