Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00236

 

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлалтай,

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй,

Х.А-, Б.Э- нарт холбогдох

Худалдах-худалдан авах хэлцлээр шилжүүлсэн 20.000.000 төгрөг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэл,

хохиролд 9.500.000 төгрөг гаргуулах тухай Б.Э-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Б.Э-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дархан сумын 16 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-237 тоот хашаа, байшинг 30.000.000 төгрөгөөр авахаар Б.Э-тай аман хэлцэл хийж худалдаж авахаар тохироод 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байшингийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг Х.А-д Хаан банкны дансаар шилжүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нүүж орсон. Тухайн байшингийн хана нь хашааны блокоор барьсан, бүх газраараа усанд идэгдэж, дээврээсээ ус гоождог, цан цохидог өвөл амьдрах боломжгүй байсан. Тус байшин нь зээлийн байрьцаанд байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас суллаж өгөхийг шаардсан тул 2017 оны 11 сарын 02-ны өдөр суллаж өгсөн. Иймд Х.А-, Б.Э- нараас хашаа, байшингийн урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан стек ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хас банкнаас 35.000.000 төгрөгийн зээл авсан. Х.А-, Б.Э-, Уянга нарын нэр дээр байдаг гурван хүний өмч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 3-216 тоот 181м.кв 5 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан байраа иргэн Ж.Э-д худалдсан. Зээлийн төлөлтийг хийгээд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 15.000.000 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаа доголдож эхлээд дээрх хувийн сууцаа банкинд алдаж магадгүй гэж бодоод зарах талаар зар тавихад Ж.Э- ирж манай байшинг үзээд танай байшинг худалдаж авъя гэж хэлээд 8 дугаар сарын 25-ны өдөр ирээд 25.000.000 төгрөгийг танайд өгье үлдсэн мөнгийг чинь би банкинд төлөөд байрыг чинь авъя гэсэн. Би тухайн үед Ж.Э-д банкинд байгаа байр шүү үнэхээр чи авч чадна гэвэл ав гэж хэлсэн. Би байраа 35.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Нэхэмжлэгч одоо 30.000.000 гэж байна. Ж.Э- 2015 оны 9 дүгээр сард нүүж орсон. Хас банкнаас зээлээ төлөх талаар мэдэгдэхэд би Ж.Э-д банк мөнгөө нэхэж байна шүү гэж хэлэхэд банктай ярьчихсан байгаа гэхээр нь итгээд явсан. Гэтэл банкнаас ахиад 10 дугаар сард зээлээ төл төлөхгүй бол шүүхэд өглөө гэж хэлэхээр нь Ж.Э-тай гэрт нь очиж уулзаад энэ талаар хэлэхэд энэ чамд хамаагүй би өөрөө банктайгаа ярьчихсан байгаа гэж хэлсэн. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан боловч уг орон сууцыг бүртгүүлээгүй ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж харилцан тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ж.Э- нь үүргээ зөрчсөнөөс болоод асуудал үүссэн учраас нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Х.А-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд хэлцэл хийсэн гэж байгаа боловч энэ хэлцэлд Х.А- оролцоогүй. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Х.А-гийн дансаар 20.000.000 төгрөг шилжсэн гэж байна. Энэ мөнгийг Х.А- 4 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э-т бэлнээр өгсөн. Гэтэл Ж.Э- Х.А-гээс нэхэмжлээд байна. Байранд Ж.Э- 2015 оны 9 дүгээр сард орчихоод 2 жил гаруй хугацаанд амьдарсан. 2 жил амьдарчихаад хүйтэн байна гэж ...хэлээгүй. Хэрвээ мэдсэн юм бол мэдэгдээд зогсохгүй шүүхэд хандаж хэн хэн нь өгсөн авснаа буцаах боломж байсан. Тэр боломжоо ашиглаагүй хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Банкны барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж худалдаж авсан. Өөрийнх нь хариуцлагагүй байдлаас энэ байдал үүссэн. Б.Э-, Х.А- нар өр авлага байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн үндэслэлээр гэр бүлээ захиргааны журмаар цуцлуулсан. Ийм учраас Х.А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байрнаас гарсан. Түүнээс хойш би түрээсийн байранд амьдарч байна. Дархан сумын хуучин хорооллын 7 дугаар байрны 47 тоотын хажуу өрөөг 2 жил түрээсэлж амьдарсан. Түрээсийг сарын 200.000 төгрөгөөр тохирч жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 47 сарын байрны түрээсийн төлбөр 9.400.000 төгрөг болж байгаа. 100.000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлээ бууруулж, нийт 9.300.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдаж авсан байшин маань хүйтэн учраас бид нар өөрсдөө байр түрээсэлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байшинд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байр түрээслэн амьдарсан. Зун нь байшинд байсан. 2016 оны 11 дүгээр сараас мөн адил байр түрээсэлсэн. Энэ байдлаараа 3 жил байр түрээсэлж амьдарсан. Адилхан байр түрээсэлж амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Э-аас 20.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгож, хариуцагч Х.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийн хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168.550 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 257.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж зарим хэсэг болох 10 сая төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Э- миний биед холбогдуулан Ж.Э- нь ... байшингийн хана нь хашааны блокоор барьж бүх газраараа усанд идэгдэж дээврээсээ гоождог, цан цохидог, хаягдал материалаар эвлүүлэн барьсан буюу биет байдлын доголтой учраас гэрээнээс татгалзаж, өгсөн 20.000.000 төгрөгөө буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх дүгнэхдээ “...нэхэмжлэгч нь байшин өвөл их хүйтэн байсан тул гэрээнээс татгалзах саналаа хариуцагч Б.Э-т хэлж байсан, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ж.Э-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2015.08.25-ны өдөр амаар байгуулсан. Үүнд зохигч хэн аль нь маргаагүй. Гэрээ байгуулах үед Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Мангирт 9-р хэсэг 3-216 тоотод байрлах 181,0 м.кв талбайтай 5 өрөө хувийн сууц Хас банкны зээлийн барьцаанд байгаа болохыг худалдан авагч Ж.Э- тухайн үед мэдэж байсан, мэдсээр байж харилцан тохиролцож худалдан авсан болохоо шүүх хуралдаанд Ж.Э- нь өөрөө ч мэдүүлдэг. Б.Э- миний бие зээлийн төлөлтийг хийсээр 2015 оны 8 дугаар сарын байдлаар 15 сая орчим төгрөгийн төлөлт үлдсэн байсан. Тухайн үед компаний үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул дээрх хувийн сууцаа банкинд алдчихаж магадгүй гэж бодоод 55 сая төгрөгөөр зарж борлуулаад эхний ээлжинд Хас банкинаас авсан зээлээ төлж дуусгах зорилго тавьж “зарна” гэхэд Ж.Э- нь манай байшинг үзэж хараад би худалдаж авмаар байна, надад 35 сая төгрөгөөр зарчихаач гэж зөндөө гуйсан. Тэгэхээр нь би Ж.Э-д “энэ хувийн сууц маань Хас банкины барьцаанд байгаа шүү, гэрчилгээ бичиг баримт нь надад одоо бэлэн байхгүй банкинд байгаа, одоо 15 сая орчим төгрөгийн зээл үлдсэн, тэрийг банкинд төлнө гэвэл авч болно” гэж хэлсэн. Ж.Э- ч зөвшөөрч байшинг маань худалдаж авахаар харилцан тохиролцож, эхнэрийн данс руу 20 сая төгрөгийг нь шилжүүлж өгөөд, үлдэгдэл 15 сая төгрөгийг Хас банкинд төлөхөөр тохиролцсон. Энхтуяа нь 20 сая төгрөгийг шилжүүлж өгмөгцөө л манайхыг яаралтай нүүж байшинг суллаж өгөхийг шаардаж, маргааш манайх нүүж ормоор байна гэсэн тул манайх яаралтай нүүхээс өөр арга байгаагүй тул түрээсийн байранд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл түрээсийн байраар л амьдарч байна. Тухайн үед нэхэмжлэгч Ж Энхтуяа нь манай гэр бүлийн хэвийн сайхан амьдарч байсан хувийн сууцыг маань үзэж харж болно, сайхан байшин байна гэж хэлж зах зээлийн үнээс хямд үнээр гуйж худалдан авч нүүж ороод амьдарч байсан мөртлөө одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хаягдал материалаар эвлүүлэн барьсан байшин гэж үл хөдлөх эд хөрөнгийг маань доромжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг байшин, газрыг ДУА дахь ШШГГ-ын захиалгаар үнэлгээ хийж нийт 75.324.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тогтоосон. Харин миний хувьд хувийн сууцаа зээлийн барьцаанд алдахгүйн тулд л зарахаар шийдсэн. Нэхэмжлэгч Ж.Э- нь банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж банкны зээлийн үлдэгдэл 15 сая төгрөгийг төлчихнө гэж манайхыг нүүлгэж байшинг худалдан авч нүүж орсон атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авагч хугацаанд нь үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хувийн сууцыг хурааж авсан байх тул худалдан авагч Ж.Э- өөрийнхөө буруутай эс үйлдлээс болж үл хөдлөх хөрөнгөгүй болсон гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч Ж.Э-гийн буруутай үйлдэл маш их нөлөөлсөн учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 20 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг нь зөвшөөрөхгүй байна. Энэ маргааныг шийдвэрлэхэд талуудын хэн нь эхэлж гэрээний үүргээ зөрчсөн бэ гэдгийг анхаарч дүгнэх нь зайлшгүй чухал ач холбогдолтой юм. Ж.Э- нь барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж худалдаж авчихаад, үлдэгдэл үнийг төлөх үүргээ эхэлж зөрчихөөд өнөөдөр гэрээнээс татгалзаж байгаа нь зүйд нийцэхгүй. Хэрэв худалдан авагч Ж.Э- нь хэлэлцэж тохиролцсон ёсоороо байшингийн үлдэгдэл үнийг надад эсхүл Хас банкинд төлчихсөн бол би бичиг баримт гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шипжүүлж өгөхөд ямар ч асуудалгүй байсан бөгөөд өнөөдөр хэн алинд нь ямар нэгэн маргаан гарахгүй байсан гэдэг нь маргашгүй үнэн билээ. Өөрөөр хэлбэл манай зарсан байшин муудаа биш, харин Ж.Э- нь өөрийнхөө буруугаас банкинд хураалгачихсандаа өгсөн 20 сая төгрөгөө буцааж авахаар худал тайлбар гаргаж бараг ширүүхэн салхинд хийсээд унахаар байшин мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байсан. Хэдийгээр бидний хооронд бичгээр гэрээ хийгдээгүй ч бодит байдал дээр Ж.Э- нь хувийн сууцыг үзэж харж хүлээж аваад 2015 оны 9 дүгээр сард нүүж ороод 3 жил орчим хугацаанд амьдарсан, хувийн сууцны үнэ 20 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15 сая төгрөгийг Хас банкинд төлөх болзолтойгоор, түүний дараа бичиг баримтыг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон зэрэг нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулсанд тооцогдохоор хуульд заасан байна. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар Ж.Э- нь дээрх биөт байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзах тухайгаа огт мэдэгдэж байгаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй болохыг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 254.6-д доголдолтой холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байхаар заасан байна. Гэтэл худалдан авагч Ж.Э- нь энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөс хойш биет байдлын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Түүнчлэн миний бие Ж.Э-д Хас банкинаас шүүхэд нэхэмжлэл гараад байгаа талаар удаа дараа хэлэхэд тэрээр “би банктай уулзаад ярьчихсан” гэсэн хариуг хэлдэг байсан. Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл үнийг төлөх ёстой хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх хувийн сууцаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хас банкины зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Үүнд Ж.Э- нь зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөөгүй. Өөрөө буруутай тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Э- хариуцагч Х.А-, Б.Э- нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг буцаан  гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Э- “...орон сууцаа шилжүүлснээс хойш 47 сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр байр түрээсэлсний хохирол 9.500.000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх 20.000.000 төгрөгийг хариуцагч Б.Э-аас гаргуулж, хариуцагч Х.А-д холбогдох нэхэмжлэл болон Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх  хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Б.Э-ын “...Ж.Э-гийн нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хасч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна уу” гэсэн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд хууль нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч Б.Э-тай 2015.08.25-ны өдөр амаар тохирч Б.Э-, Х.А-, Э.Уянга нарын өмчлөлийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-216 тоотод байрлах 181 м.кв талбай бүхий хувийн сууц, 0.7 га газрыг худалдан авахаар тохирч, үнийн урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг Х.Хажидсүрэнгийн дансанд шилжүүлснийг тэрээр мөнгийг Б.Э-т хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Дээрх байдлаас зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээ хүчин төгөлдөр бол зохигч хэн аль нь гэрээний үүргийг харилцан шаардах,  түүнчлэн хууль болон гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, мөн Б.Э-ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байгааг хоёр шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заажээ.

Орон сууц худалдах, худалдан авах талаар Ж.Э-, Б.Э- нар тохиролцсныг бусад өмчлөгч Х.А-, Э.У нар эсэргүүцээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч зохигч, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй байх тул гэрээ хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулах боломжгүй байна.

Дээр дурдсанаар зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус  байна.

Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд, үүнд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэсэн нөхцлийг хамааруулсан байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Э- хэлцлээр шилжүүлсэн 20.000.000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй тул Б.Э-аас мөнгийг гаргуулж нэхэмжлэлийг хангах нь зөв байна.

2. Тухайн орон сууц Б.Э- захиралтай Дархан стек ХХК болон  Х.А- нарын 2013.11.18-ны өдрийн Хас банк ХХК-с зээлсэн зээлийн үүрэгт барьцаалагдсан байсан бөгөөд зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны зүйлийг төлбөр авагчид шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11-р сард  дуусгавар болгожээ.

3. Б.Э-ын Дархан стек ХХК болон Х.А- нарын Хас банк ХХК-с авсан зээлийн үлдэх хэсгийг төлөх үүргийг Ж.Э- хүлээж талууд тохиролцсон гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн “Ж.Э-гийн мөнгө төлөөгүйгээс орон сууц төлбөрт шилжсэн” гэх татгалзал үндэслэлгүй байна. Хохиролд 9.500.000 төгрөг гаргуулах Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ