Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2018/00688/И |
Дугаар | 130/ШШ2020/00515 |
Огноо | 2020-05-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2020/00515
Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, И Еы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Х гол багт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК /захирал Б.Н/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч компанийн захирал Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч И.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие И.Е сантехникийн ажил үйлчилгээг хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэдэг. Би 2013 оны 10 дугаар сард Д ХХК-ийн захирал болох иргэн Б.Нтай харилцан тохиролцож Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, уг ажлыг миний бие хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэсэн. Урьд нь Б.Нтай байнга хамтран ажиллаж байсан ба түүний бариулсан гэх Ө сумын 3 дугаар багт байрлах шинэ захын хажуу дахь халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж мөнгө төгрөгийг нь тухайн үед авч байсан. Үүний дараа Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж бид 2000000 төгрөгөөр ажлыг үнэлэн тохиролцсон юм. Өмнө нь хамтран ажиллаж, ажлын хөлсөө хугацаанд нь авч байсан учраас би түүнд итгэж ажлыг ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй, урьдчилгаа хөлс авахгүйгээр эхлүүлэн хийж гүйцэтгэсэн. Манай талын зүгээс бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэрээр ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлбөрөө дараа нь өгнө гэсэн. Би түүнд итгэн дараа авна гэж бодож тухайн үед мөнгөө асуухгүйгээр хүлээцтэй хандаж ирсэн. Мөнгө асуух үед өгнө өгнө гэсээр байгаад миний бие Казахстан улсад явахаар болж мөнгөний шаардлага гарч түүнээс мөнгөө асуухад тэрээр 2015 оны зуун 200000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь өгнө хүлээж бай гэсээр байгаад өгөхгүй болохоор нь би 2015 оны 11 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан юм. Эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уригдах тал болох Б.Ныг эвлэрүүлэх ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гаргаж байсан юм. Миний бие одоо хүртэл дээрх мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа юм. Иймд иргэн Б.Наас 1800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И.Е шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие шүүхэд Б.Нд холбогдуулан Булган суманд шинээр баригдсан халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсний ажлын хөлснөөс үлдсэн 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг барилгын ажлыг тендерээр Б.Ны Д ХХК нь авсан байна. Иймд хариуцагчаар би Д ХХК-ний захирал Б.Н гэж тодорхойлж, миний нэхэмжилсэн уг маргаан бүхий Булган сумын халуун усны сантехникийн ажлын хөлснөөс үлдсэн 1800000 төгрөгийг Д ХХК-ний захирал Б.Наас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Д ХХК-ний захирал Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Барилга угсралтын Д компанийн захирал ажилтай иргэний хэргийн хариуцагч Б овогтой Н миний бие нэхэмжлэгч И.Еы тус шүүхэд 2018.10.03-ны өдөр надаас 1800000 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: би сантехникч И.Етай 2013 онд аман гэрээ хийж, Ө сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2.0 сая төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг ажлын хөлсийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан юм. Дээрх хоёр халуун усны барилгын ажил нь Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн мөнгөөр баригдсан ба би халууны усны барилгын төсөвт тусгагдсан батлагдсан халаалт болон усан хангамж /сантехникийн ажил/ сантехникийн ажлын хөлсийг тодорхой тусгаж өгсөн байгаа тул би уг төсөвт тусгасны дагуу цалин хөлсийг нь бүрэн олгосон юм. Тухайлбал Ө болон Булган суманд баригдсан 2 халуун усны барилгын төсөвт өртөг нь ижил бөгөөд барилгын зураг төсөв нь 2013 онд хийгдэж байсан. Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629.398 төгрөг тусгагдсан бөгөөд үүн дээрээ ИТА /инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас, хэрэгслийн зардлыг нэмж тооцвол нийт ажиллах хүчний зардал 1.121.788 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр би И.Ед 2 халуун усны ажлын хөлсөнд нийт 2.200.000 төгрөг төлсөн байдаг. Харин ажлаа хүлээлгэж өгөөд явсны дараа 4-5 жилийн дараа надаас үндэслэлгүй ажлын хөлс нэхээд байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. Мөн Булган суманд баригдсан халуун усны халаалтын шугамаас доголдол гарсан тул сумын ЗДТГазраас дуудсан тул бид дахин очиж, засвар, өөрчлөлт хийж, илүү зардал гаргасан. Иймд И.Еы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д ХХК-ний захирал Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч бид хоёр Ө сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2.000.000 төгрөгийн хөлсөөр хийлгэхээр аман гэрээгээр тохирч, уг ажлын хөлсийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан юм. Хийхэд чанаргүй хийсэн ба харин би нэхэмжлэл гаргах ёстой байсан гэдгийг нэхэмжлэгчид хэлж байсан. Булган сумын халуун усны газарт хийсэн ажил нь хангалтгүй болж үүнээс болж халуун усны үйл ажиллагаа зогссон. Халаалтын систем маш буруу хийгдсэн. Нэхэмжлэгч худлаа зүйл бичсэн байна. 2016 онд намайг шүүхээс дуудаж байгаагүй. Ямар нэгэн эвлэрлийн арга хэмжээ авагдаж байгаагүй. Надаас Казахстан улсад явахаас өмнө мөнгө гуйсан ба тухайн үед би 200,000 мянган төгрөг өгсөн маань үнэн. Урьд нь хоёр халуун усны газрын ажил гүйцэтгэсний хөлсөнд 2,000,000 төгрөг өгч өөрт нь ойлгуулж ярьсан та төсвөөс хуваарилагдсанаас илүү мөнгө авсан. Би танд төсөвт хуваарилагдсан мөнгөнөөс илүү мөнгө төлсөн гэсэн. Бүхэл бүтэн 7 жил өнгөрсний дараа ингэж шүүхэд хандаж байгаад нь би маш их гайхаж байна. Нэхэмжлэгч И.Еаар халаалтын ажил болон зуух хуваах, зуух суурилуулах, сантехникийн системүүдийг холбох, 4 өрөөнд шүршүүрийн усан хангамжийг суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлсэн маань үнэн. Халаалт агаар сэлгэлтийн төсвийг тусгайлан гаргахад сая гаргаж өгсөн баримтаар 600 орчим мянган төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчид би танд төсөвт тусгаснаас илүү мөнгө өгсөн. Та юунд нь гомдож байгаа вэ гэж өөрт нь бас уулзаж хэлж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлье гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс анх шүүхэд хариуцагч Б.Нд холбогдуулан Б аймгийн Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж Д ХХК-ний захирал Б.Наас Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргасныг шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-ЗДТГ-Ха/-2013/266 дугаар гэрээг захиалагч аймгийн ЗДТГазар болон гүйцэтгэгч Д ХХК-ний хооронд Б аймгийн Булган суманд шинээр баригдах халуун усны ажлыг нийт 69876355 /жаран есөн сая найман зуун далан зургаан мянга гурван зуун тавин таван/ төгрөгөөр 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар захиалагчийг төлөөлж Б аймгийн Булган сумын Засаг дарга Х.Шынарбек, гүйцэтгэгчийг төлөөлж Д ХХК-ний захирал Б.Н нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний дагуу Д ХХК нь Булган сумын халуун усны барилгын ажлыг гүйцэтгэж, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 131/13 дугаар актаар хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан Булган сумын халуун усны барилгыг ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан актуудаар нотлогдож байна.
Дээрх Б аймгийн Булган сумын халуун усны барилгын ажлыг гүйцэтгэхдээ хариуцагч Д ХХК-ний захирал Б.Н нь нэхэмжлэгч И.Еаар халаалтын сантехникийн ажил болон зуух хуваах, зуух суурилуулах, сантехникийн системүүдийг холбох, 4 өрөөнд шүршүүрийн усан хангамжийг суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлсэн нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Е.Батырбек, Е.Өзгерисбек, И.Хуланмерген, А.Азатхан, Х.Кенпейл нарын гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч И.Еы гүйцэтгэсэн ажлаас доголдол гарсны улмаас нэмэлт зардал гаргаж өөр хүнээр сантехникийн ажлыг гүйцэтгүүлсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хариуцагчийн эрх үүргийг биелүүлж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа гаргаж өгч, нотолж чадаагүй болно.
Нөгөөтээгүүр 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 131/13 дугаар акт болон хурлын тэмдэглэл, тус комиссын гишүүний саналын хуудас зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн сантехникийн ажилд дутагдал, доголдол гарсан талаар дурдаагүй ба 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №08 дугаар дотор цахилгаан угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагчийн сантехникийн ажлаас доголдол гарсны улмаас нэмэлт зардал гаргасан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч И.Е нь хариуцагч Д ХХК-ний захирал Б.Нтай аман гэрээ байгуулж Булган суманд баригдах халуун усны барилгын сантехникийн ажлыг 2013 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн байх ба тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид уригдах тал Б.Нд холбогдуулан 1.800.000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргаснаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 13 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр уригдах тал Б.Ныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд удаа дараа дуудсан боловч ирээгүй ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг нэг удаа сунгаж дахиж сунгах боломжгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч И.Е нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд хариуцагчид холбогдуулан өргөдөл гаргаснаар мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж тэрээр тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй юм байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ сантехникч И.Етай 2013 онд аман гэрээ хийж, Ө сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2.0 сая төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, Ө болон Булган суманд баригдсан 2 халуун усны барилгын төсөвт өртөг нь ижил бөгөөд барилгын зураг төсөв нь 2013 онд хийгдэж байсан. Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629398 төгрөг тусгагдсан бөгөөд үүн дээрээ ИТА /инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас, хэрэгслийн зардлыг нэмж тооцвол нийт ажиллах хүчний зардал 1.121.788 төгрөг болж байгаа ба И.Ед 2 халуун усны ажлын хөлсөнд нийт 2.200.000 төгрөг төлсөн гэж маргаж, тус хоёр халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын цалингийн зардлын тооцоог мэргэшсэн төсөвчин Б.Ермуратын гаргасан цалингийн зардлын тооцоог ирүүлжээ.
Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б аймгийн ЗДТГазрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ерболын 5-03/369 дугаар албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий Булган сумын халуун усны барилгын зураг төсөл, гэрээ, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-ийг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба уг халуун усны барилгын ажлыг нийт 69876355 төгрөгөөр баталж, үүнээс ажиллах хүчний зардлыг 16.458.012,3 төгрөгөөр, ажлын төрөл бүрийн ажиллах хүчний зардлын тооцоог тус тусдаа баталсан байна.
Шүүхээс хариуцагчийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Еаар халаалтын сантехникийн ажил болон зуух хуваах, зуух суурилуулах, сантехникийн системүүдийг холбох, 4 өрөөнд шүршүүрийн усан хангамжийг суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэсэн ба түүнийг үндэслэж Булган сумын халуун усны санхүүгийн материалын цалингийн зардлын тооцооны баганын 52-67, 72-75 дугаарт (халаалтын ажил, усан хангамжийн ажлууд, хий авагч хийснээс халаалтын тогоог суурилуулсан, эрүүл ахуйн шүршүүр байрлуулсан гэх хүртэлх) багана дээр бичигдсэн үндсэн ажилтан болон туслах ажилтны цалингийн тооцоогоор ажлын хөлс 1993375,764 (90130,02+9339,9528+173774,754+228015,65+14725,645+8254.6,143+125628,37+27181,494+50588,4,5+7863,72+13940,4+1405,42+27181,5+99045,4+92196,9+14067,2+16855,2+45030+1677,96+304,308+1990,8+8190,72+1066,9029+68715,78+2464,8+23178,6+1403,04+120,87+16,353+45,03+2317,86+459,78+329,43+331,8+248,85+1696,92) төгрөг гарч байна. Уг ажлыг нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт хийж гүйцэтгэсэн нь гэрч нарын болон талуудын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү мөнгөнөөс нэхэмжлэгч 200000 төгрөгийг авсан ба түүнд талууд маргаагүй, дээрх мөнгөнөөс инженер техникийн ажлын /ИТА/ цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас, хэрэгслийн зардлыг нэмж тооцох тухай зохигчид харилцан тохиролцсон ямар нэгэн бичгийн нотлох баримт байхгүй байх тул уг мөнгийг тооцож хасаагүй болно.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн мэргэшсэн төсөвчин Бакенайн Ермуратын[1] Булган болон Ө суманд баригдсан халуун усны халаалт болон усан хангамжийн ажлын цалингийн зардлын төсөв, мөн түүний гаргаж өгсөн мэргэшсэн төсөвчин Хабайн Холганатын[2] цалингийн зардлын төсөв нь хоорондоо зөрүүтэй, юуг үндэслэж гаргасан эсэх нь тодорхой бус тул шүүхээс эдгээр мэргэшсэн төсөвчдийн гаргасан төсвийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд маргаан бүхий Булган сумын халуун усны барилгын ажлын захиалагч болон гүйцэтгэгч хариуцагч Д ХХК нарын хооронд баталсан цалингийн тооцоог шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, шүүх хуралдааны шатанд өгсөн хариуцагч Д ХХК-ний захирал Б.Ны тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн зохигч нарын хооронд Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Хариуцагч Д ХХК-ний захирал Б.Н нь ...Ө болон Булган сумд 6 хүний халуун усыг нийтэд нь 2000000 төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч захиалагч аймгийн ЗДТГазар /Булган сумын ЗДТГазар/ болон гүйцэтгэгч Д ХХК-ний захирал Б.Н нарын хооронд байгуулсан маргаан бүхий Б аймгийн Булган сумын халуун усны барилгын зураг төсөл, гэрээ, цалингийн тооцоонд ажиллах хүчний зардлын болон хийгдэх ажлын ажиллах хүчний зардлын тооцоог тус бүр гаргаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба түүнээс халаалт ба усан хангамжийн ажлын тооцоог үндэслэсэн бөгөөд уг ажлын хөлснөөс хариуцагч нь нэхэмжлэгчид 200000 төгрөг өгсөн талаар маргаагүй тул үлдсэн 1800000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар И.Е нь тохиролцсоны дагуу ажил үйлчилгээг хийж, ажиллуулагч Д ХХК-ний захирал Б.Н хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байхад энэ үүргээ хариуцагч Д ХХК-ний захирал Б.Н нь зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул Д ХХК-ний захирал Б.Наас ажлын хөлсний үлдэгдэл мөнгө 1800000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан 2008.01.18-ны өдөр бүртгүүлсэн Д ХХКомпанийн улсын бүртгэлийн 211002072 дугаар гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөд хариуцагч Б.Ныг тус компанийн захирлаар бүртгээгүй байгаа боловч тус компанийн захирал Б.Н болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б аймгийн ЗДТГазрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ерболын 5-03/369 дугаар албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий Булган сумын халуун усны барилгын зураг төсөл, гэрээ, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч И.Еы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д ХХК /захирал Б.Н/-иас сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Ед олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч И.Еы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Ед олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч И.Еы дутуу төлсөн 50 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК /захирал Б.Н/-иас сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И күйк овогт Иын Ед олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч И.Еы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Ед олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч И.Еаас 50 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ