Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2020/00523

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын Засаг дарга (Засаг дарга С.Б, утас 00000)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух, Ц ХХК-ны захирал ажилтай, РД: Н овогт Хы Б,

 

Хариуцагч: Б аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух, Ц ХХК-ны гишүүн, РД:Н овогт Хы Х нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч А сумын Засаг дарга С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах тухай.

 

Нэхэмжлэгч Б аймгийн А сумын Засаг дарга С.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Новогт Халамжаны Б, Халамжаны Х нарт А сумын Хаш багийн нутаг дэвсгэр Б нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №020057524 тоот гэрчилгээ олгосон байна. Иргэн Х.Б, Х.Х нарт Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргав. Үүнд: 1.Иргэн Х.Б, Х.Х нарт Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, Х.Б, Х.Х нар өмчлүүлсэн Б гэх газар нь А сумын Газар тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм. 2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д ...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэжээ. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б, Х.Х нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар ноцтой зөрчсөн явдал мөн. 3.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар үнээр нь худалдах, эсвэл 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. 4.Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгний ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б, Х.Х нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан ...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэснийг ноцтой зөрчиж байна. 5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан юм. Гэтэл Х.Б, Х.Х нар нь Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар 200 га газрыг газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан мөртлөө 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг хадлангийн бус хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна. 6. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж хатуу заасан тул Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б, Х.Х нарт А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,47.3-д заасан үндэслэлээр А сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай А\47 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу танайд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ

 

 

 

Хариуцагч Х.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: А сумын Засаг дарга С.Бийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А\47 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй. Өмчилсөн газрыг хууль зөрсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Х.Б, Х.Х бид хоёр А сумын Хаш 1-р багийн нутаг болох Б хэмээх газраас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан. Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий Б хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос А сумын Хаш 1-р багт харьяалагдах болсон түүхтэй. Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн хашаа, саравч, эргүүлэгтэй худаг, склад, халуун ус, өвсний фондын чулуу хашаа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдсэн хэрэглэж байгаа. Тэрнээс хойш Б толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацарганы томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгний) ХХААХҮЯамны ЖДҮХСанд болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа. Доод хэсэгт миний аав болох Ансабайн Хы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Бурахадад) Х гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Б гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой байгаа юм. Б хэмээх газар газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан. Учир иймээс 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж ХААГазар, ХХААЯам, УИХ-ын ХХАА-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн Ц ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, МААхуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Бад амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Хы айлын Х.Б, Х.Х нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан. Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын ХАА-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулсан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн 000061574 тоот гэрчилгээг олгосон. Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модон ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх халдлагаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж Б хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан. Өмчлөл газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Б аймгийн А сумын Засаг дарга С.Б хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие, А сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр сараас ажиллаж байна. Сумын Засаг даргад ард иргэдээс ажил хүсэх тухай, газар олгох тухай өргөдөл их ирдэг. Ц ХХК-ийн захирал Х.Б, иргэн Х.Х нарт фермер байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлсэн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийг дараах үндэслэлээр илт хууль зөрчсөн эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт, иргэн Х.Б, Х.Х нарт А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан сумын газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, тухайн газар нь газар тариалангийн бүс нутагт ог хамааралгүй болно. Маргаан бүхий газрыг бэлчээр болон хадлангийн зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай газар мөн болно. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлнэ гэж заасан. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй ба тэд өмчлөлд авсан газрын суурь үнэ болох 230.770.200 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь Газрын тухай хууль 5.1, 8.1-т заасан заалтыг ноцтой зөрчсөн. Гуравдугаарт, хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх тохиолдолд Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т зааснаар үнээр нь худалдах эсхүл, 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх ёстой байтал хариуцагч нарт тухайн маргаан бүхий газрыг А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. Дөрөвдүгээрт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэлгээ 230.770.200 төгрөг байна. Гэвч Х.Б, Х.Х нар нь газрын суурь үнийг одоо хүртэл төлөөгүйн Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан Иргэн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авсан газрын үнийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэх заалтыг зөрчиж байна. Тавдугаарт, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах гэж заасан. Гэтэл хариуцагч Х.Б, Х.Х нар нь Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар газар тариалангийн зориулалтаар 200 га газар өмчилж авсан мөртлөө 2008 оноос хойш өнөөг хүртэл тухайн газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй, үр тариа тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй. Харин тухайн газраас байгалийн өвсийг хадаж, худалдан борлуулж ашиг олж байна. Иймд Х.Х, Х.Б нарт хууль бусаар олгосон газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байх тул хураан авах тухай нэхэмжлэл гаргасан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

 

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х бид нарын өмчилж авсан газар Б аймгийн А сумын 1 дүгээр баг буюу Хашийн Б гэх газар байрлалтай. Фермер байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар уг газрыг өмчилж авсан. Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамж нь хэрэгт авагдсан тул үүнтэй холбоотой тайлбар хэлэх нь илүүц байх. 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгэг олгохдоо А сумын Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчийн хурал холбогдох хуулийн этгээдүүдийн бичиг баримтуудыг үндэслээд олгож байсан. Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн байна уу, хууль бус өмчлүүлсэн байна уу, хуулийн дагуу өмчлүүлсэн эсэх талаар Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны шатанд тодорхой ярьж, мэтгэлцсэн. Захиргааны хэргийн шүүх энэ үйл ажиллагааг баталгаажуулж, эцэслэн шийдвэрлэхээр 2 сар гаруй ажиллагаа хийж, 3 дахь сардаа шүүх хуралдаан товлон зарласан. Захиргааны хэргийн шүүх холбогдох материалуудыг авч, эрх бүхий хүмүүсийг гэрчээр асуусан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийн дагуу өмчилж авсан газар байна гэж дүгнэсэн. Би тухайн маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байна гэх асуудалтай холбоотой тайлбар хэлмээр байна. Уг газар нь 1959-1969 он хүртэл Бугат сумын Буга багийн газар нутагт харьяалагдаж байсан. Харин 1997 оноос А сумын Хаш багт харьяалагдах болсон. Маргаан бүхий газрын байршил, онцлогийг тайлбарлахад уг газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнс хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн 20-25 га талбайтай байсан. Мөн дунд хэсэгт нь үхрийн фермийн хашаа саравч, эргүүлэгтэй худаг, склад, халуун ус, өвсний фондын чулуун хашаа бүхий барилга байгууламжтай байсан. Уг барилга байгууламжийн заримыг нь бид хариуцан авч, хэрэглэж байгаа. Б хэмээх газарт газар тариалан эрхлэх, фермер эрхлэхэд нэн тохиромжтой. 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, мод ургамал сөөх цөөрсөн цөлжилттэй, чулуутай ихтэй байсан. Бид маргаан бүхий газрыг 2008 онд өмчилж авсны дараа тухайн газрын төрх байдал өөрчлөгдсөн. Бид хүч хөдөлмөр зарцуулсан. Усалгаа хийх гээд ус гаргаж чадахгүй 2-3 жил явсан. Б аймаг болон Ховд аймгаас мэргэжлийн хүн аваачиж, шуудуй татаж байсан. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотой Ховд голын усны нөөц нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн 3-4 жил устай болсон. Бидний гаргасан шуудуйд гол урсах хэмжээний болсон. Уг газрын өнгө төрх 2008 онд анх өмчилж авснаас өөрчлөгдсөн. Чулуу багасаж, ялзмаг агууламж багассан учир зориулалтын дагуу усалгаа хийгээд фермерээ байгуулаад компани үйл ажиллагаа явуулж байна. Ц ХХК нь улсын бүртгэл болон татварын албанд бүртгэлтэй, жилд нэг удаа санхүүгийн тайлан өгдөг. Мөн татварын тайлан өгч татвар төлдөг. Тухайн газар амьдарч байгаа 4-5 айл хувь нийлүүлж Ц ХХК-ийг байгуулсан. Тэмээ, ямааны энгийн ферм ажиллуулж байгаа. Жил бүр мал тоолуулдаг. Бид Ховд аймгаас 2 удаа тэмээ худалдаж авсан. Мөн Ховд аймгаас 1000 толгой ямаа авчирсан. Ховд аймгаас эхний удаа 60 тэмээ, дараа нь 40 тэмээ худалдаж авчирсан. Эхний удаа авчирсан тэмээнийхээ талыг нь Хозыбай гэх хүнд худалдсан. Тухайн үед бидний явуулж байгаа бодит үйл ажиллагааг үнэлээд А сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчийн хурал, газрын даамал, байгаль орчны байцаагч нар бид нарын гаргасан хүсэлтийг хянаж үзээд шийдвэр гаргасан. Бид уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгийг татвар төлж байгаа баримт бичиг болон холбогдох нотлох баримтуудыг хараад мэдэх ёстой. Компани байгуулаад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байхад нэхэмжлэгч зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэж хэлэх ёсгүй. Нэхэмжлэгч төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлж байгаа хүн. Бид нарыг компанитай, хэдэн тооны мал хөрөнгөтэй, ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдгийг мэдэж байгаа мөртлөө зориуд ингэж хандаж байгаа гэж үзэж байна. Би улсын бүртгэлийн гэрчилгээг өөрөө үйлдэж авах боломжгүй. Улсын бүртгэлийн хэлтэс албан ёсны эрхийн актыг үндэслээд гэрчилгээ бичиж өгдөг гэдгийг хэлмээр байна. Үүнийг саяхан Захиргааны хэргийн шүүх нотолсон. Тухайн газар чацарганы мод тарих, хүнсний ногоо тарих асуудал шууд санхүүжилттэй холбоотой. Би 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хөтөлбөр боловсруулаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газарт өгсөн. Өнгөрсөн жил уг төсөл асуудал гараад шийдэгдээгүй, харин энэ жил төслийг шийдэж өгнө гэсэн ч сонгуультай холбоотой жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төслүүд гацсан байдалтай байна. Хэрэв дээрх төсөл хэрэгжээд эхэлбэл Өвөрхангай аймгийг Хархорин чацаргана компанитай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий газарт чацарганы цэцэрлэг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Компани байгуулаад мал аж ахуй, фермерийн үйл ажиллагааг эрхлээд явж байна. Анх газрыг өмчилж авах үед 5-6 машин өвс хаддаг байсан. Бид тухайн газрыг хамгаалж, усалсны үндсэн дээр одоо тухайн газраас 100 гаруй машин өвс хаддаг болсон. Бид ой модыг хамгаалж, тухайн газарт эзэн болсны үндсэн дээр 100 гаруй өвс хаддаг болсон. Би ард иргэдийг хөөсөн асуудал байхгүй. Хэрэв ийм асуудал байвал шүүхэд хандах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчид болон өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар тус сумын Хаш багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн байна.

 

 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар энэхүү Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж тухайн 200 га газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхий улсын бүртгэлийн байгууллагаас олгосон байна.

 

 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.

 

 

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №000067574 дугаартай Гэрчилгээ-гээр хариуцагч Х.Б, Х.Х нарын газар өмчлөх эрх баталгаажсан байх ба хуулийн дээрх заалтаар хариуцагч нар маргаан бүхий 200 га газрын өмчлөгчид мөн байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг Б аймгийн А сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 02 дугаартай тогтоолоор, мөн Б аймгийн А сумын Засаг дарга С.Б 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А/47 дугаартай Газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай захирамжаар тус тус хүчингүй болгосон байна.

 

 

 

Энэхүү Б аймгийн А сумын Засаг дарга /С.Б/-ын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай А/47 дугаартай захирамжийг Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон байна.

 

 

 

Иймд хариуцагч Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 3-т Өмчлөлийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, Зургаадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж тус тус заасан байх ба эдгээр заалтуудаар Монгол Улсын иргэн нь газар өмчлөх эрхтэй, энэ эрхийг нь хууль бусаар хязгаарлахгүй байх түүнд халдахгүй байхыг хуульчилсан байна.

 

 

 

Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нар 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс А сумын Хаш багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлөн авсан мөртлөө тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар иргэн өмчийнхөө ... газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан... гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн А сумын Хаш багийн Б гэдэг газраас 200 га газар нь тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар, мөн уг газар нь газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй гэдэг нь талуудын мэдүүлгээр нотлогдож байна.

 

 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д ...иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газарт хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлнэ гэж заасан байхад Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь иргэний эзэмшсэн тариалангийн газарт хамааралгүй бөгөөд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаанд оруулаагүй гэдэг нь тухайн үед А сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Нийн гэрчийн мэдүүлэг болон 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ахлах аудиторын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын хүсэлтийн дагуу хийсэн аудитын танилцуулга-аар тус тус нотлогдож байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт анх 200 га газрыг өмлүүлэхэд тухайн газрыг хэрхэн үнэлсэн талаарх хууль ёсны нотлох баримт байхгүй ба Б аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжинд газрын үнэлгээний талаар тусгаагүй байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарын өмчлөлд байгаа маргаан бүхий 200 га газрын үнэ 230707200 төгрөгөөр үнэлсэн тухай Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай үнэлгээний дүгнэлт нь хариуцагч Х.Б, Х.Х нарт тухайн газрыг өмчлүүлсний дараа гаргасан үнэлгээ байх тул маргаан бүхий 200 га газрын үнэ 230707200 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Б аймгийн А сумын Хаш багийн Б гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг өнөөдрийг хүртэл хадлангийн болон мал аж ахуйн зориулалтаар ашиглан эзэмшиж байгаа болох нь, мөн хариуцагч нар Ц ХХК-ийг байгуулан Б аймгийн Тирлик захад өвөл хаврын улиралд тэмээний сүү хормог, үхэр ямааны сүү их хэмжээгээр худалддаг, мөн үхэр ямааны сүү, цагаан идээ мах, хонины ноос ямааны ноолуур арьс шир зэрэг малын бүтээгдэхүүн худалдаж фермер байгуулан эзэмшиж, ашиглаж байгаа болох нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай Б аймгийн худалдаа үйлчилгээний Тирлик ХХК-ний тодорхойлолтоор, мөн чацарган суулгац суулгах зорилгоор гэрээ байгуулах болон фермерийн аж ахуй цогцолбор төсөл боловсруулан дэмжлэг хүсэж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 2001 оны 1-01/1099 дугаартай Б аймгийн Засаг даргын албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЧС-ХХ-АГ/2017/10 дугаартай Чацарган суулгац худалдах, худалдан авах гэрээ зэргээр тус тус нотлогдож байна.

 

 

 

Хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 5 дугаар сарын 20-ны 1/04 дугаартай Б аймгийн А сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгсөн боловч тус хурлыг хэн удирдсан, хэн хэн оролцсон, хэн тухайн тэмдэглэлийг хөтөлсөн нь тус тус тодорхой бус эргэлзээтэй байх тул тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

 

 

 

Иймд маргаан бүхий газар нь тариалангийн бус газар байхад тариалангийн зориулалттай гэж өмчлүүлсэн үйл баримт болон тухайн маргаан бүхий газрыг хариуцагч нарт өмчлүүлэх үед сумын болон аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулах журмаар өмчлүүлээгүй, газрын үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Х.Б, Х.Х нарыг буруутгах үндэслэл болохгүй байна.

 

 

 

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул хариуцагч Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Б аймгийн А сумын Хаш багийн Б гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-ийг баримтлан хариуцагч Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Б аймгийн А сумын Хаш багийн Б гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

 

 

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК