Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2020/00805

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, З Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв /дарга Х.Е/- д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.С, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус Өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1956326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.М миний бие 2004 оны 10 дугаар сард М Өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд орсон. 2013 оноос М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/8 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр Б аймгийн М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоогдож, ажиллаж байх хугацаанд хууль, дүрэм, журам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар нь өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг.

 

М Өрхийн эрүүл мэндийн төв нь 2005 оны 12 дугаар сарын 29-нд үүсгэн байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүнтэй болж, Эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулах-аар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. М Өрхийн эрүүл мэндийн төв /БГМХ/ нөхөрлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-т нөхөрлөлийн болон ӨЭМТөвийн даргыг үүсгэн байгуулагч нар тогтоолоор батална гэж заасан. М БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Еийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар М Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр томилсон. М БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хууль зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өрхийн эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн байгууллагууд дуудаж байсан тул хуулийн байгууллагын дуудсан үед хуулийн байгууллагад очиж шалгагдаж, мэдүүлэг өгч, шүүх хуралд оролцож байсан. Намайг өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1956326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус төвийн дарга Х.Е би Зн Мийн тус шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тус төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, цалин гаргуулах гэх шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй тайлбар гаргаж байна. Үндэслэл:

1.Миний 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан.

2.З.М нь нэг бус 4 сарын хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалж байсныг баримтжуулан тогтоосон бөгөөд баримтыг хавсаргав.

3.Би болон М Өрхийн эрүүл мэндийн төвийн МБМХН-ийн гишүүд бид З.Мийн хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж 2018 онд тус нөхөрлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгэлд оруулсныг З.Мийн нэхэмжлэлээс олж мэдсэн. Энэ тухай харьяаллаар нь шалгуулна гэжээ.

Нэхэмжлэгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төв 2005.12.29-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2018.11.19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүнтэй болсон. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е намайг 2020.01.16-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар их эмчээр томилсон болгож, 2020.02.13-ны өдөр уг тушаалыг шуудангаар явуулсан. 2020.02.14-ний өдрөөс эхлэн би ажлаа хэвийн хийж байгаад нэг ч удаа ажил таслаагүй, миний би Өрхийн их эмчээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Надад холбогдох эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн байгууллагууд дуудаж байсан тул хуулийн байгууллагын дуудсан үед хуулийн байгууллагад очиж шалгагдаж, мэдүүлэг өгч, шүүх хуралд оролцож байсан. Намайг өрхийн эмчээр томилсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Иймд Бн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020.05.01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, их эмчийн ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 978163 төгрөгийн цалинг 2 сараар тооцож, нийт 1956326 төгрөгийг М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е жирэмсний амралт авсан тул 2020.06.08-ны өдрөөс эхлэн даргын ажлыг түр орлож ажиллаж байна. З.М 1,2,3,4 дүгээр саруудад ажил давтан тасалсан. 2020.01.15-ны өдөр их эмчээр томилогдсоноос хойш дураараа дур мэдэн хэнд ч хэлэлгүй Улаанбаатар хот яваад ирсэн. Х.Е эмч уучилж цалинг бүтэн гаргаж өгсөн. 2 дугаар сард бол 6 өдөр тасалсан болохоор 2 өдрийн цалинг хасаж цалин олгосон. 2 дугаар сард цагийн бүртгэл хөтөлдөг ахлах сувилагч амаар бас сануулга өгсөн, 3 дугаар сард дахин ажил таслахад эмнэлгийн ажилчдын хурлаар хэлэлцэж, 3 өдрийн цалинг хасаж цалин олгосон. З.М эмчид 3 дугаар сард 2 дугаар багийн 2000 гаруй хүнийг хуваарилж өгсөн боловч хүмүүсээ үзэж, хяналт тавиагүй. 4 дүгээр сард засрахгүй ажил таслаад байсан. Өглөө ажилдаа 8:30 цагт ирээд 2, 3 цаг байж байгаад буцаагаад явчихдаг байсан. Юм хэлэхэд өөдөөс дандаа хэл амаар доромжилдог байсан. Хөдөлмөрийн хуулийн 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан бол гэдэг заалтыг барьж дотоод журам болон ажилчдын саналыг үндэслэн ажлаас халсан тушаал гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Мээс хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Ед холбогдуулан даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1956326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн газрын даргын Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Мийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус төвийн их эмчээр томилсон байна.

Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн газрын даргын Б/15 дугаар тушаалаар Их эмч З.М удаа дараа ажил тасалж, давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2, М Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн БГБХН-ийн болон ажилчдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, БГБХН-ийн болон ажилчдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн ба түүнийг нэхэмжлэгч З.М нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч З.М нь нэг бус олон хоног ажил тасалсан тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй гэж заажээ.

Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан ба хариуцагчаас буюу ажил олгогчоос ажилтан З.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд бичгийн нотлох баримтаар ирүүлж нотолж чадаагүй тул нэхэмжлэгч З.М нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан эсэх мөн түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил тасалсан зөрчил-ийг давтан гаргасан байна гэж дүгнэх боломжгүй болно.

Нөгөөтээгүүр хуулиараа ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар тушаалаар баталсан М Өрхийн Эрүүл мэндийн төвийн дотоод журмыг мөн өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэгч З.М нь тухайн өдөр ажил таслаагүй, ажил дээр байсан нь хариуцагчаас ирүүлсэн цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд тухайн өдөр хамт олны хуралтай эсэхийг ажил олгогчоос ажилтнуудад мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан тул хариуцагч буюу ажил олгогчоос ажилтан З.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргаж нотолж чадаагүй тул ажилтан З.Мтэй сахилгын хариуцлага хүлээлгэх эрхгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан ажил олгогчийн Цалин хөлсийг хийсэн цагаар нь олгох тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар болон мөн даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч З.Мд 02 болон 3 дугаар саруудад ажилласан хоногтой ноогдох цалин бодож, ажил тасалсан хоногийн цалинг суутгаж байсан ба энэ талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй байна.

Харин ажил олгогчоос 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын ажлын хоногоос 6 хоног буюу 48 цагийг үндэслэлгүйгээр давтан ажил тасалсан их эмч З.Мийн ажилласан 16 хоногийн цалинг бодож олгох, ажил тасалсан 6 хоногийн цалинг суутгасан байжээ.

Дээрх ажил олгогчийн тушаалуудаас үзэхэд ажил олгогчоос ажилтан З.Мийн 2,3,4 дүгээр сард ажил тасалсан зөрчил гаргасанд түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан цалин хөлсийг хийсэн цагаар нь олгож байгаа хэлбэр биш бөгөөд түүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа хэлбэр байна гэж шүүх үзлээ.

Ажил олгогчоос ажилтан З.Мийн 4 дүгээр сард ажил тасалсан зөрчилд нь түүний цалингаас тодорхой хоногийн мөнгөн дүнгээр хасалт хийж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсны 7 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уг зөрчилд нь ажлаас халах сахилгын шийтгэлийг дахин авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн ажил олгогчоос нэхэмжлэгч З.Мийг ажлаас халсан тушаалдаа М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн ажилчдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №2 дугаар тогтоолыг үндэслэл болгосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж хариуцагчаас уг тогтоолыг шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Ажил олгогчийн ажилтан З.Мтэй ажлаас халах шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан хэдий боловч мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах ба зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч З.М нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан гэж мөн З.Мд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж Б/14 дугаар тушаалаар түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж сахилгын шийтгэл ногдуулчхаад 7 хоногийн дараа түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. гэсэн заалтыг тус тус зөрчиж, хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар З.Мийг ажлаас халсан байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Мийг тус төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ЗШ/138 дугаар З.М, С.Амангүл нарт шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлээ.

Учир нь, нэхэмжлэгч З.М нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус төвийн их эмчээр томилогдсон ба томилсон тушаалдаа түүний цалинг зохих журмын дагуу тооцож олгохыг ня-бо-д зөвшөөрсөн байх бөгөөд тэрээр их эмчээр томилогдохоос өмнө нь тус төвийн даргаар ажиллаж байсан ба хавтаст хэрэгт М БГМХН Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн их эмчийн үндсэн цалин хэдэн төгрөг талаарх тодорхойлсон бичгийн нотлох баримтгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад заасныг баримталж шүүхээс нэхэмжлэгчийн НДД №А000158268 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2020 оны 2,3,4 дүгээр саруудын цалингийн дунджаар тооцоход түүний үндсэн цалин 959853 (926680+978163+9747160=2879559\3) төгрөг ба нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хоёр сарын цалинг нэхэмжилсэн тул уг хугацааны нөхөн олговор нь 1919706 (959853х2) төгрөг гарч байгаа тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 36620 (1956326-1919706) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Мийг тус Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1919706 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргад даалгаж, илүү нэхэмжилсэн 36620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116451(46251+70200) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээ болох 1919706 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 45665 төгрөгийг хариуцагч аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Мийг тус Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1919706 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргад даалгаж, илүү нэхэмжилсэн 36620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 70200 төгрөг, хариуцагч аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 45665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ