Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2020/00076

 

З.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух И овогт Зн Мийн нэхэмжлэлтэй, М өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Е, нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е, хариуцагчийн өмгөөлөгч С.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1.956.326.00 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай.

Нэхэмжлэлд: З.М миний бие 2004 оны 10 дугаар сард М Өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд орсон. 2013 оноос М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/8 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоогдож, ажиллаж байх хугацаанд хууль, дүрэм, журам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар нь өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг.

М Өрхийн эрүүл мэндийн төв нь 2005 оны 12 дугаар сарын 29-нд үүсгэн байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүнтэй болж, Эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулахаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. М Өрхийн эрүүл мэндийн төв /БГМХ/ нөхөрлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-т нөхөрлөлийн болон ӨЭМТөвийн даргыг үүсгэн байгуулагч нар тогтоолоор батална гэж заасан. М БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Еийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар М Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр томилсон. М БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хууль зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өрхийн эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн байгууллагууд дуудаж байсан тул хуулийн байгууллагын дуудсан үед хуулийн байгууллагад очиж шалгагдаж, мэдүүлэг өгч, шүүх хуралд оролцож байсан. Намайг өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд Баян-Өлгий аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1956326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 1.Миний 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан.

2.З.М нь нэг бус 4 сарын хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалж байсныг баримтжуулан тогтоосон бөгөөд баримтыг хавсаргав.

3.Би болон М Өрхийн эрүүл мэндийн төвийн МБМХН-ийн гишүүд бид З.Мийн хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж 2018 онд тус нөхөрлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгэлд оруулсныг З.Мийн нэхэмжлэлээс олж мэдсэн. Энэ тухай харьяаллаар нь шалгуулна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Мийг тус Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1919706 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргад даалгаж, илүү нэхэмжилсэн 36620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: М бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай /цаашид БГБХ/ өрхийн эрүүл мэндийн төв болж 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эмнэлгийн үзлэг шинжилгээ хийх үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй Өлгий сумын одоогийн 2 дугаар багт байгуулагдсан байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000075457, улсын бүртгэлийн дугаар нь 0220001006 бөгөөд нөхөрлөлд шинээр гишүүд элсэн нийт гишүүдийн тоо 15 болж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн тогтоол гарч байжээ. Тэр үед нөхөрлөлийн дарга өмнөх сонгогдсон Х.Б байсан ба одоогийн энэ хэргийн маргааны нэхэмжлэгч Зн М дөнгөж тэр өдөр нөхөрлөлийн гишүүнээр элсэн байна. Гэтэл З.М нь Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болонгуутаа Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.8, 31.3, 34.4 дүгээр зүйлүүд болон бусад холбогдох хууль, журам, тус төвийн дагаж мөрдөх дүрмүүдийг тус тус зөрчин, тодруулбал хэсэг хүмүүсийг хамруулан нөхөрлөлийн хурал хийсэн мэт болж уг хурлаар өөрийгөө нөхөрлөлийн даргаар сонгож улмаар хуурамч баримт бичиг бүрдүүлж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өгч дээрх нөхөрлөлийн гэрээнд өөрийгөө нөхөрлөлийн дарга болгож бичүүлж шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 'Энэ асуудал нь илэрч М Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид буюу БГБХ нөхөрлөлийн гишүүд мэдээд аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолын хамт өгч уг хэргээр гэрч болж мэдүүлэг өгснөөр Аймгийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 230 дугаартай тогтоолоор З.Мийн үйлдэл нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж З.Мийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд одоо хэрэг нь яллах дүгнэлт үйлдэгдэж шүүхэд шилжээд байгаа юм. Энэ хэргийн улмаас шүүх З.Мийн М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг хийхийг нь түдгэлзэж байсан юм. Энэхүү оршлыг бичихийн учир нь буюу гомдлын үндэслэл нь:

1. З.М нь Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болсноос хойш ажилчдыг 4-5-аар нь үндэслэлгүйгээр ажлаас халж чөлөөлсөн. Мөн Монгол улсын хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёстой ММ5- 5292:2017 стандартын журмыг зөрчиж төсөв, хөрөнгө хэтрүүлэн хувийн ашиг сонирхол харж 2-3 эмч, 3 сувилагч зэрэг эмч, мэргэжилтнүүдийг бүтэц орон тооноос гадуур авч ажиллуулан тус Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын нэмэгдэл, урамшил шагналд олгогдох болон бусад ашгийн мөнгө төгрөгийг дээрх байдлаар үндэслэлгүйгээр орон тооноос гадуур оруулж ирэгсдийг цалинжуулахаас гадна хамт олныг 2-3 тал болгон хагаралдуулан, хашхирч зандран, дээрэлхэн дарамтлах, хараан зүхэх, доромжлох зэрэг байдлаар байнга ширүүн харьцаж гэмт хэрэг үйлдэж ирсэнд гомдсон хамт олон буюу М БГБХ нөхөрлөлийн гишүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал нэгтэй З.Мийг даргын ажлаас чөлөөлөх санал хүсэлт гаргасныг хуралдаанд тэмдэглэл үйлдэн баримтжуулан тэр өдөр нөхөрлөлийн дарга Н.Бнь БГБХ нөхөрлөлийн №01 дугаартай тогтоол гаргаж З.Мийг даргын ажлаас чөлөөлж их эмч Х.Е намайг томилсон юм. Энэ №01 дүгээр тогтоолыг Аймгийн Эрүүл мэндийн Газрын дарга С.Айгүл нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар баталгаажуулсан байдаг. Гэхдээ З.М нь тус төвд их эмчээр ажиллахаар болж ажлаа авчхаад шүүхэд даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж марган нэхэмжлэл өгчхөөд байсан үедээ "М" Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр орж нэр төдий, дуртай үедээ ирж, дургүй үедээ явж, огт ажил хийхгүй ажил тасалж, улмаар дэмий байж сул цалинжин, 4-5 сар дураараа байсныг тус төвийн дарга Х.Е би баримтжуулан тогтоогоод 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/15 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн билээ.

2. З.Мийн ажил тасалсан талаар нотлогдсон байдлын тухай: З.М нь 2020 оны 1 дүгээр сард 14 хоног ажил тасалсан байхад шинээр томилогдсон дарга Х.Е би .Мийн өөрт нь хувийн сануулга өгч тус сард арга хэмжээ аваагүй, мөн цалинг нь ч хасалгүй уучилсан юм. Гэхдээ тасалсан цагийг нь бүртгэсэн. З.М нь 2020 оны 02 дугаар сард ажлын 2 хоног буюу 16 цаг. 3 дугаар сард ажлын 3 хоног буюу 24 цаг. 4 дүгээр сард ажлын 6 цаг буюу 48 цаг нийт 11 хоног буюу үндэслэлгүйгээр 88 цаг хөдөлмөрлөх ёстой ажлын цагийг тасалсан нь цаг бүртгэгчийн бүртгэлийн тэмдэглэл, камерын бичлэг зэргээр нотлогдсон байна. /хх-18-19-р тал/.

3. З.Мд ажил тасалсан үед шууд арга хэмжээ авах, хариуцлага тооцох гэлгүйгээр ажил тасалсан сар болгонд нь тасалсан цагийн тооцоо хийж цалинг нь бодож олгож байх талаар М Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Еийн 2020 оны 02 дугаар сарын 21 ний өдөр №Б/12, 3 дугаар сарын 18-ний өдрийн Б/13, 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дугаартай тушаалууд нотолдог /хх талд/.

4. З.Мийн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн 11 хоног буюу 88 цагийн ажил тасалсан байдлыг нягтлан бодогч К.Нурбек тооцоо хийж нягтлаад цалингаас нь тасалсан хоногийн цалин мөнгийг суутгаж авсан байхад З.М нь 3 сар цалинг минь үндэслэлгүйгээр суутгалаа гэж нэг ч удаа маргаан дэгдээгээгүй, мөн гомдол гаргаагүй байна.

5. М БГБХН, Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 2 дугаар сарын 21- ний өдрийн №Б/12, 3 дугаар сарын 18-ний өдрийн Б/13, 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дугаартай тушаалууд нь их эмч З.Мд М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас арга хэмжээ авсан сахилгын шийтгэл оногдуулсан хариуцлага хүлээлгэсэн байдал огт биш юм. Тодруулбал: Их эмч З.М нь 2020 оны 2,3,4, дүгээр саруудад ажлын хоногийн буюу ажиллах цагийг бүрэн ажилласан байх ёстойгоос дутуу ажилласан ажлын хоног, цагийн хөлсийг л олгох талаар байгууллагын нягтлан бодогчид эмч З.Мийн цалинг суутгуулах тухай гаргаж өгсөн эрхийн акт л байгаа юм байна гэж эрхэм шүүх бүрэлдэхүүн ойлгоно уу. Уг тушаалуудын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.8 дугаар заалтыг дурдсан бөгөөд Үүнд: Ажилтны цалин хөлсийг хийснээр нь, Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэсэн заалтыг үндэслэж ажиллаагүй цагийн цалин хөлсийг суутгаж авахыг нягтлан бодогчид даалгасан байна. Харин М Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5.2 д Тухайн ажилд шалтгаангүйгээр 3 өдөр буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, мөн дүрмийн 5.2-ыг тасалснаар тооцож цалин хөлсийг хийсэн цагаар нь олгох болно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн их эмч З.Мийн ажил тасалсан цагийн мөнгийг суутгуулсан байгаа.

6. Анхан шатны шүүх хуралдаанд З.М нь: Би зүгээр нэг их эмч биш би төвийн дарга бөгөөд хэлмэгдэж огцорсон. Би зүгээр л нэг тус төвд орж гарч явах бөгөөд цагаа бүртгүүлсэн болж харагдах ёстой хүн. Би гомдлоо шүүхэд өгчихсөн болохоор М Ө Өрхийн эрүүл мэндийн төвд даргаас өөр ажил хийх ёсгүй хүн гэж зүгээр нэг харагдчихаад цалингаа авч байх ёстой хүн, буцаж дарга болж төвд очих болно гэсэн утгатай юм хэлж байсан. Дашрамд дурдахад З.М нь өвчтэй С.Агэгч үйлчлүүлэгчийн хамтаар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө М Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Етэй өрөөнд нь ажлын зохион байгуулалтын талаар ярилцаж байхад нь орж ирээд Б, Р нар энэ өрөөнөөс гарахгүй шүү. Чи дарга биш би дарга нь, миний өрөө болон тамгыг өг гэж хэрүүл марган үүсгэн өвчтөн үйлчлүүлэгч С.А-ээр бичлэг хийлгүүлэн биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин танхайрсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар 1.1 дэх заалтаар 100.000 төгрөгөөр торгуулан шийтгэгдсэн билээ. Үүнийг дурдаж буй учир нь бол З.М нь өөрийгөө өнөөдөр хүртэл дарга хэвээрээ гэж сэтгэн эмч, мэргэжилтнүүдийг тэр сэтгэхүйгээрээ дээрэлхэн хандан харьцаж, улмаар томилсон их эмчийн ажлыг голж хийлгүй, дураараа байж ажил тасалж сул цалин авч байгаа нь энэ зөрчлийн хэрэгдэх үйлдлээрээ ч тодорхой нотлогдож байгаа бийлээ. М БГБХ Нөхөрлөлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь 2020 оны ... дугаар сарын ..-ны өдрийн дугаартай тушаалаар З.Мийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн заалтыг баримталсан байна. Анхан шатны шүүх нь Та нар З.Мд давхардуулж цалин хасаж арга хэмжээ авсан, мөн давхар арга хэмжээ авчхаад дээр нь ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан. Харин З.Мийн ажил тасалсан нь тогтоогдсон гэж шүүгч хурлын дараа тайлбар хэлсэн бөгөөд үүнийгээ ч 130/ШШ2020/00805 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ. Иймд дахин тайлбарлаж байна. Тасалсан ажлын хоногийн цалинг л тооцож хассан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын Б/12, Б/13, Б/14 дүгээр тушаалууддаа дурдаагүй ба хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулаагүй байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч хянаж үзнэ үү.

7. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолын тайлбарын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх ёстой шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ноогдуулсан байхыг шаардахгүй. гэжээ.

 

Тэгвэл, З.Мийн 2020 оны 2,3,4 дүгээр саруудад ажил тасалсан нь, мөн тасалсан цагийн хөдөлмөрийн хөлсийг суутгасан тухай, Б/12, Б/13, Б/14 дүгээр тушаалуудаар мөн тасалсан цагийн хөдөлмөрийн хөлс мөнгө нь суутгагдсан тодорхой байхад түүнээс гадна З.М нь ажил тасалснаа хүлээн зөвшөөрч цалин хөлсний талаар гомдол гаргаагүй зэрэг байдлуудаар тус тус нотлогдож байна. Зөрчил тус бүрд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ноогдуулаагүй байгаа нь нотлогдож байна. Харин .М нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй, байсан нь хөдөлмөрийн тухай хулийн 100 дугаар зүйлийн 40.1.4 зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлээр гомдол гаргах эрхгүй байгаа гэж үзэж байна. Мөн энэ талаар шүүхэд нэхэмжлэгч тал маргаагүй байна. Анхан шатны шүүх нь:

1. Их эмч З.Мийн 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудад М БГБХ нөхөрлөл, Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах ёстой ажлаасаа 11 хоног буюу 88 цагаар тасалсан тухай нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй.

2. З.М нь даргын ажлаас огцорсны дараа өөрийгөө шүүхээр маргаад дарга болох ёстой хүн гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг байгуулахыг зөвшөөрөөгүй юм. Хэд хэдэн удаа шаардлага тавихад хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гэсэн. Энэ тухай шүүх хуралд хэлж З.Мийн үйлдлүүд болон авир занг буюу дураараа байдаг талаар нотлохоор тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ЗШ/138 дугаартай З.М С.А  нарт шийтгэл оногдуулах тухай шийтгэврийг хавсаргасан байхад нотлох баримтаар үнэлээгүй.

3. З.М нь өөрөө Өрхийн эрүүл мэндийн төвд дарга хийж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэдгээ мөн их эмч нар хэчнээн төгрөгийн цалин авдаг талаар маш сайн мэддэг ба энэ талаар Шүүхэд мэдээн будилж, Шүүхийг төөрөгдүүлэн, хууран мэхэлсэн зэрэг аашилсныг Шүүх мэдсээр байж З.Мийн талд шийдвэр гаргасан нь нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр дутуу үнэлсэн гэж үзэж байна.

4. Тус М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02,03,04 дугаар саруудад Б/12, Б/13, Б/14 тоот тушаалаар гаргасан Цалин хөлсийг хийснээр олгох тухай тушаалуудыг З.Мд хөдөлмөрийн сахилгын давхар шийтгэл оногдуулсан гэж нотлох баримтыг буруугаар буюу хариуцагчид эсрэг байдлаар дүгнэж үнэлсэн. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтууд болон дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож З.Мийн нэхэмжлэлийг хангахгүй орхино уу. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч З.М нь Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1956326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2, М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, БГБХН-ийн болон ажилчдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн их эмч З.Мийг удаа дараа ажил тасалж, давтан зөрчил гаргасан гэх гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тушаалдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... боловч ажил олгогч нэхэмжлэгч З.Мтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдсон ба ажилтны гаргасан зөрчил нь тушаалд дурдсан давтан зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч, уг зөрчилд нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/12, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дугаар Цалин хөлсийг хийсэн цагаар нь олгох тухай тушаалаар ажилтан З.Мийн цалинг 2, 3, 4 дүгээр саруудад хасаж байгаа нь түүний ажил тасалсанд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй. Учир нь З.Мийг 2020 оны 4 дүгээр сард 6 хоног үндэслэлгүйгээр давтан ажил тасалсан гэж 6 хоногийн цалинг суутгаж сахилгын шийтгэл ногдуулсан боловч 7 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдөр давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасан Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэх заалтыг зөрчжээ.

 

Хариуцагчийн ...шүүх З.М нь ажил тасалсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн, 2, 3, 4 дүгээр сард шийтгэл ногдуулаагүй, тасалсан сар болгонд тооцоо хийж цалинг суутгуулах тухай тушаал гаргасан байхад сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж дүгнэсэнд гомдолтой гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажилтантай цалин хөлсийг хийснээр нь олгох талаар тохиролцоогүй атлаа ажилтны ажил тасалсан сар болгонд цалин хасах тухай тушаал гаргаж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан байна гэж дүгнэж ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД М.НЯАМБАЯР

Д.КӨБЕШ