Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00718

 

 З.Маржангүлийн нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2020/00076 дугаар магадлалтай, 

З.Маржангүлийн нэхэмжлэлтэй,

Мейрим БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох 

Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1,956,326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Х.Еркегүлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Маржангүл, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч З.Маржангүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 оны 10 дугаар сард Мейрим Өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд орсон. 2013 оноос Мейрим Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/8 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Мейрим Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон. Мейрим Өрхийн эрүүл мэндийн төв /БГМХ/ нөхөрлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-т нөхөрлөлийн болон ӨЭМТөвийн даргыг үүсгэн байгуулагч нар тогтоолоор батална гэж заасан. Мейрим БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Еркегүлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Мейрим Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр томилсон. Мейрим БГХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хууль зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өрхийн эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Иймд Баян-Өлгий аймгийн Мейрим БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1,956,326 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Мейрим БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан. З.Маржангүл нь нэг бус 4 сарын хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалж байсныг баримтжуулан тогтоосон бөгөөд баримтыг хавсаргасан. Би болон Мейрим Өрхийн эрүүл мэндийн төвийн МБМХН-ийн гишүүд бид З.Маржангүлийн хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж 2018 онд тус нөхөрлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгэлд оруулсныг З.Маржангүлийн нэхэмжлэлээс олж мэдсэн. Энэ тухай харьяаллаар нь шалгуулна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Мейрим БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Маржангүлийг тус Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1,919,706 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч аймгийн Мейрим БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргад даалгаж, илүү нэхэмжилсэн 36,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 70,200 төгрөг, хариуцагч аймгийн Мейрим БГБХН Өрхийн Эрүүл Мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 45,665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2020/00076 дугаар магадлалаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Еркегүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оныдугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2020/00076 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Маржангүл нь 2020 оны 2 дугаар сард 2 хоног, 3 дугаар сард 3 хоног ажил тасалсан тул ажил олгогчоос түүний ажил тасалсан өдрүүдийн цалинг олгохоос татгалзаж сахилгын хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Дараа нь З.Маржангүл нь 2020 оны 4 дүгээр сард дахиад үндэслэлгүйгээр 6 хоногажил тасалсан зөрчил гаргасан тул 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь халсан. Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн Тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2020/00076 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

З.Маржангүл нь Мейрим өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан тушаал хүчингүй болгож, их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

З.Маржангүл нь Мейрим өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан ба ажил олгогч 2020.05.01ий өдөр Б/15 тоот тушаал гаргаж, түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ажилчдын хурлын шийдвэр, тогтоолыг үндэслэн удаа дараа ажил тасалж давтан зөрчил гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2020.05.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-г зөрчөөгүй байна.  

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл, хариуцагчийн тайлбарт дурдсан удаа дараа ажил тасалж, давтан зөрчил гаргасан эсэх талаар зохигч маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн байна.  

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 2,3,4 дүгээр сард ажил тасалсан гэж үзэж, тасалсан цагийн цалинг суутгасан тооцох тухай тушаал гаргасан, үүний дараа удаа дараа ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь тогтоогджээ.  

Цалингаас суутгал хийсэн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан.  

Шүүх, цалингаас суутгал хийснийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэн, улмаар уг зөрчлийг ажлаас халах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой дурдсаныг буруутгах боломжгүй байна.  

Түүнчлэн дээрх тушаалд заасан ажилчдын хурлын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл, тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.  

Ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан.  

Нэхэмжлэгч 2020.05.01-ний өдрөөс 2020.06.30-ны өдөр хүртэл хугацааны олговор нэхэмжилсэн, мөн хугацааны цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас 1.919.706 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ.  

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00805 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2020/00076 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Еркегүлийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД