Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00425

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2018/00425 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н ХХК 

Хариуцагч: Э.М-д холбогдох

Хөрөнгө итгэмжилсэн хөрөнгө 250,000,000 төгрөг, ашиг 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, нарийн бичгийн М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Y.Амарбат шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Баялгийн хувь ХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэйшнл секюритис ҮЦК ХХК-тай 1/8 дугаартай Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г байгуулж, 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг уг компанид итгэмжлэн олгож, хөрөнгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар захиран зарцуулах эрх олгож, cap тутам тодорхой хэмжээний ашиг авахаар харилцан тохиролцсон байдаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г Нэйшнл секюритис ҮЦК ХХК-тай байгуулж, гэрээнд тус компанийг төлөөлж тус компанийн арилжааны албаны ахлах ******* гарын үсэг зурж, компанийн тэмдгийг даран баталгаажуулсан байдаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөрөнгийг 'Баялгийн хувь ХК нь 4 удаагийн гүйлгээгээр бэлнээр болон Нэйшнл секюритис ҮЦК ХХК-ийн арилжааны банкны дансаар дамжуулан бүрэн шилжүүлсэн байдаг. Тухайлбал:

1. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50 000 000 (тавин сая) төгрөгийг бэлнээр Нэйшнл секюритис ҮЦК ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авсан болохыг 63 дугаартай Бэлэн мөнгөний баримтаар баталгаажуулсан,

2. 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102 000 000 (нэг зуун хоёр сая) төгрөгийг бэлнээр Нэйшнл секюритис ҮЦК ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авсан болохыг 81/13 дугаартай Бэлэн мөнгөний баримтаар баталгаажуулсан,

3. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 78 000 000 (далан найман сая) төгрөгийг Нэйшнл секюритис ҮЦК ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энэ нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар баталгаажсан,

4. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 000 000 (хорин сая) төгрөгийг Нэйшнл секюритис ҮЦК ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энэхүү гүйлгээ Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордероор баталгаажсан болно.

Нэйшнл секюритис ҮЦК ХХК дансны зарлагын гүйлгээ хаагдсан гэдэг шалтгаанаар эхний 152 000 000 (нэг зуун тавин хоёр сая) төгрөгийг бэлнээр харин үлдэгдэл мөнгөн хөрөнгийг дансны зарлагын гүйлгээ хэвийн болсон нөхцөлд дансаар дамжуулан авах хүсэлт гаргасны дагуу Баялгийн хувь ХК мөнгөн ийнхүү шилжүүлсэн байдаг.

Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2,2-т заасны дагуу нэхэмжилсэн хөрөнгийг Итгэмжлэгдсэн өмчлөгч буюу Нэйшнл секюритис ҮЦК ХХК-д бүрэн шилжүүлснээс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын эхээр Нэйшнл секюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г дуусгавар болгох тухай мэдэгдэж, итгэмжилсэн хөрөнгө болон ашгийг буцаан өгөхөөр болсон. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71/14 тоот албан бичгээр манай байгууллагын нэрийг барьж, уг үйлдлийг хуурамчаар хийсэн ... уг асуудал нь иргэн *******тай холбоотой асуудал тул манай байгууллагатай хамааралгүй болохыг ... мэдэгдэж байна" гэж гэсэн албан бичгийг Нэйшнл секюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Гантулга манай компанид ирүүлсэн.

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баялгийн хувь ХК-н зүгээс нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байдаг.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх явцад талууд шүүхэд хүсэлт гарган нэмэлтээр нотлох баримтуудыг гаргуулан авсан бөгөөд эдгээрт:

1. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Нэйшнл секьюритис ҮЦК ХХК-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк дахь нийт долоон дансны хуулгыг гаргуулан авсан. /Энэхүү нотлох баримт нь Нэйшнл секьюритис ҮЦК XXК нь Баялгийн хувь ХК-аас мөнгө хүлээн авсан гэдгийг нотлох ач холбогдолтой./

2. Хамтран хариуцагч *******ыг компанийн арилжааны брокер, арилжааны ахлах брокер, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгэх захирлаар томилсон тухай шийдвэр /Уг нотлох баримтууд нь Нэйшнл секьюритис ҮЦК-аас *******д бүрэн эрх олгож уг бүрэн эрхийн хүрээнд Баялгийн хувь ХК хувь хүний хувьд биш хуулийн этгээдийг төлөөлсөн этгээдийн хувьд гэрээг байгуулсан гэдгийг нотлох ач холбогдолтой./

3. Нэйшнл секьюритис ҮЦК ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд хандсан албан бичгүүдийн хувийг Баялгийн хувь ХК-аас тус тус гаргуулан авсан.

Мөн хамтран хариуцагч ******* нь нэхэмжлэлээр шаардаж буй үнийн дүн болох мөнгийг эхний удаад 2015 оны 03 дугаар сарын 01-ний дотор барагдуулахаа дараагийн удаад 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаа мэдэгдэж бичиг гаргаж байсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг гаргаж өгөөгүй байгаа байдлыг харгалзан шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хугацаа дуусгавар болсон тул тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу итгэмжлэгдсэн хөрөнгө болох 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын ашиг болох 50 000 000 (ерэн сая) төгрөгийг тус тус хариуцагч Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК болон хамтран хариуцагч ******* нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нэйшнл сэкюритис ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баялагийн хувь ХК-ийн нэхэмжлэлтэй Нэйшнл сэкюритис ХХК болон иргэн *******д холбогдуулан гаргасан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний дагуу итгэмжилсэн хөрөнгө 250,000,000 төгрөг, тус гэрээний 4.2, 4.3-д заасны дагуу сүүлийн 3 сарын ашиг болох 90,000,000 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үл зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тус компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон 03/06 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-т үнэт цаасны брокерийн. 24.1.2-т унэт дилерийн. 24.1.3-т унэт цаасны херенгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13-д хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно.

Тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан иргэн Эрдэнэ овогтой Мөнхзул нь бичиг баримтыг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, Компанийн тухай хуулд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж Баялгийн хувь ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250,000,000 төгрөгийг авч ашигласан байна. Компанийн тухай хуулийн 83.8-д заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Гэтэл Нэйшнл сэкюритис ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас 2013.12.06-ны өдрийн байдлаар *******д итгэмжлэл болон компанийг хууль ёсоор төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй байсан байна.

3. Нэйшнл сэкюритис ХХК-ийн Санхүүгийн Зохицуулах хороонд хандан сан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот Захиран зарцуулах этгээд томилох тухай, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот Гарын үсгийн баталгаа гаргах тухай албан бичгүүд нь манай компанийн хэргийн архивт байхгүй хуурамч албан бичиг байна. Дараах үндэслэлээр нотлогдоно. Үүнд:

а. Тус албан бичгүүдэд Нэйшнл сэкюритис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан ирын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайлган зурсан.

б. Нэйшнл сэкюритис ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгийг Санхүүгийн Зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгийг Санхүүгийн Зохицуулах хороонд явуулж байгаагүй бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгээр ПРҮДЕНТ ТРАСТ-д Мэдэгдэл хүргүүлж байсан байна. Мөн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар 05-ны өдрийн албан бичгээр ҮЦТТТХТ ХХК-д Хүсэлт гаргах тухай албан бичиг хүргүүлж байсан байна. Мөн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрйн 78/13 тоот Санхүүгийн зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тооталбан бичгээр ҮЦТТТХТ ХХК-д Хүсэлт гаргах тухай албан бичиг хүргүүлж байсан байна.

Э. Мөнхзул нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу Баялагийн хувь ХК-иас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102,000,000 /нэг зуун хоёр сая төгрөгийг бэлнээр авсан байна. Тус 152.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч бэлнээр өгсөн эргэлзээтэй, гэрээний дагуу Баялагийн Хувь ХК-ийн данснаас бэлнээр өгсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******ыг Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг томилсон бөгөөд ингэснээр ******* нь компанийн банкан дахь харилцах данснаас гүйлгээ хийх компанийн тамга тэмдгийг ашиглах бүрэн эрхтэй болсон байна. Хөрөнгө итгэмжлэх үлдэгдэл төлбөр болох 98,000,000 /ерэн найман сая/ төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нэйшнл сэкюритис ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банк дахь  тоот дансаар хүлээн авч хувьдаа ашигласан байна. Энэ нь Баялагийн хувь ХК-тай байгуулсан гэрээ, бэлэн мөнгө хүлээн баримт болон Нэйшнл сэюоритис ҮЦК ХХК-ийн дансыг ашиглан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан байдал зэргээр нотлогдох боломжтой байна.

Хөрөнгө итгэмжлэх гэрээний 4.2-т Итгэмжилсэн хөрөнгийг захиран зарцуулснаас олсон үр шим нь сард нийт итгэмжилсэн хөрөнгийн 12 хувь буюу 30,000,000 /гучин сая/ төгрөг талууд харилцан тохиролцож, улирал тутамд нийлбэр дүнгээр Баялагийн Хувь ХК-д шилжүүлэхээр гэрээгээр тохирсон байна. Баялагийн Хувь ХК-иас Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний дагуу эхний 1,2,3-р улирлын ашгийг Нэйшнл сэюоритис ҮЦК ХХК-иас авснаа хүлээн зөвшөөрсөн гэтэл Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК-ний банкинд дахь харилцах данснаас Баялагийн Хувь Хөрөнгө итгэмжлэх гэрээ-нд заасны дагуу ашиг шилжүүлж байгаагүй байна. Баялагийн хувь ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот харилцах дансанд *******аас гэрээний ашиг гэсэн утгатайгаар шилжүүлгүүд хийгдэж байсан байна. Энэ нь Баялагийн хувь ХК-ийн хөгжлийн банкин дахь ******* тоот дансны хуулгаас нотлогдоно.

Мөн Баялагийн хувь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны ээлжит хурлын материалд 2013 оны 10 сараас эхлэн Нэйшнл сэкюритис ХХК-тай Хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж эхэлсэн. Нэйшнл сэкюритис ХХК-д Хөрөнгө оруулалтын гэрээ хийж богино хугацаанд 15,200,000 төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнээс үүдэн жилийн хугацаатай 250,000,000 төгрөгийн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан талаар дурдсан байна. Үүнээс харахад Баялагийн Хувь ХК нь *******тай 2013 оны 12 дугаар 06-ны өдрөөс өмнө хамтран ажиллаж байсан, холбоотой байсан нь харагдаж байгаа юм. Баялагийн хувь ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ нь Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК-тай ямар ч холбоогүй бөгөөд талууд гэрээнээс үүдэлтэй маргаандаа манай компанийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэ овогтой Мөнхзул миний бие Нэйшнл сэкюритис БДК-д ажиллаж байх хугацаандаа "Баялгийн хувь" ХК-тай 250.000.000 төгрөгийн Хөрөнгө Итгэмжлэх Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан ажилласан. Гэрээнд зааснаар үндсэн итгэмжилсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг ашиглан Олон Улсын Валютын Арилжаанд оруулж олсон ашгийг улирал тутамд 90.000.000 төгрөгийг Баялгийн хувь" ХК-д, үлдсэн ашгийг Нэйшнл сэкюритис БДК-д оруулж байсан. Гэрээний дагуу "Баялгийн хувь" ХК-д эхний 3 улирлын байдлаар 252.700.000 төгрөгийг ашгийг бүрэн өгсөн байдаг.

Гэвч 2014 оны сүүлээс дэлхийн эдийн засгийн хямрал тохиолдож дэлхий нийтээр сая сая арилжаачид дампуурсны адил миний арилжаа мөн хаагдаж дампуурсан. Тиймээс сүүлийн 90.000.000 төгрөгийг, үндсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болсноо зарласан. Гэвч "Баялгийн хувь" ХК-ийн 2015 оны 10 дугаар сард гаргасан нэхэмжлэлд "Нэйшнл Сэкюритис" БДК нь өөрийн гэсэн арилжааны дансгүй учир бүх арилжаа миний хувийн дансаар хийгдэж байсан намайг ажлаас гарснаас хойш арилжаагаар мөнгө босгох чадамжгүй, мөн "Баялгийн хувь" ХХК-тай гэрээнээс өмнөх хэд хэдэн удаагийн амжилттай арилжаа хийлцэж байсан итгэлцлийг нэхэмжилсэн хөрөнгийн тодорхой хувийг барагдуулахаа хариу тайлбартаа бичиж өгч байсан. Гэвч энэ хэрэг 2016 оны 7-р сард хэрэгсэхгүй болж хаагдсан учир төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно.Одоогоор миний санхүүгийн байдлаар нэхэмжилсэн дүнг барагдуулах боломжгүй байна гэжээ.

Нэйшнл сэкюритис ҮЦК ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 -24.1.3 заасан брокер, диллер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компани юм. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.1.13-д заасан үнэт цаасны итгэмжлэн удирдах болон хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно.

Өөрөөр хэлбэл, Баялгийн хувь ХХК-тай байгуулсан гэх 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 1-р зүйлийн 1.1-д заасан итгэмжлэгдсэн хөрөнгийг зөвхөн хөрөнгийн зах зээл дээр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг болон хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компани хэрэгжүүлэх эрхтэй байдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.5, 15.3-д зааснаар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Мөн 2002 оны 12 дугаар сарын 12- ны өдөр батлан гаргасан (хүчингүй болсон) Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19, 20-р зүйл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24-р зүйлд заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгохоор заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 29-р тогтоолын хавсралтаар батлан гаргасан Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан иргэн Эрдэнэ овогтой Мөнхзул нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж Баялгийн хувь ХК-ай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250.000.000 төгрөгийг авч ашигласан байна.

Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулж өгсөн байдаг.

Гэтэл ******* нь эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж дараах бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрээг зөвшөөрөлгүйгээр байгуулж компанийн дансыг ашиглан Баялгийн хувь ХХК-аас мөнгө авч, Forex арилжаанд өөрийн хувийн дансаараа дамжуулан оролцож хувьдаа ашигласан байна. Үүнд:

1.1. Нэйшнл сэкюритис ХХК-ийн бланк, тамга тэмдэг, бичиг хэргийн дугаарыг ашиглаж 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 65/13 гэсэн албан тоотыг Санхүүгийн зохицуулах хороонд гэж компанийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан гэсэн гарын үсгийн тайлал хийж, Баярсайханаас өөр нэр дуурайлган зурсан хуурамч албан тоотыг үйлдсэн. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хороонд 65/13 гэсэн албан тоотыг явуулж байгаагүй бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ПРҮДЕНТ ТРАСТ ХХК-д 65/13 гэсэн албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байсан болно.

1.2. Нэйшнл сэкюритис ХХК-ийн бланк, тамга тэмдгийг ашиглаж 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 78/13 гэсэн албан тоотыг Санхүүгийн зохицуулах хороонд гэж компанийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан гэсэн гарын үсгийн тайлал хийж, Баярсайханаас өөр нэр дуурайлган зурсан хуурамч албан тоотыг үйлдсэн. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хороонд 78/13 гэсэн албан тоотыг хүргүүлж байгаагүй бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 10 өдөр ҮЦТТТХТ ХХК-д 78/13 гэсэн албан тоотоор хүсэлт хүргүүлж байсан болно.

1.3. Нэйшнл сэюоритис ХХК-ийн бланк, тамга тэмдэг, ТУЗ-ийн даргын нэрийг ашиглан хуурамчаар байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу Баялгийн хувь ХК-иас хөрөнгө хүлээн авах эрхийг өөрөө өөртөө олгосон Баталгаа гаргах тухай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 331/13 албан тоот зэргийг хуурамчаар үйлдсэн байна.

Мөн дээрх хуурамчаар үйлдсэн гэрээ болон албан тоотууд нь манай компанид байхгүй байгаа бөгөөд Баялгийн хувь ХК-аас 2014 оны 12 дугаар сард манай компанид хандаж дээрх баримтуудын хуулбарыг ирүүлснээр бид мэдсэн болно.

2. ******* нь Баялгийн хувь ХК-аас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102.000.000 төгрөгийг тус тус бэлнээр, компанийн дансыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 78.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан байдаг.

Манай компанийн зүгээс дараах үндэслэлээр тухайн хуурамч албан тоот, хөрөнгө итгэмжлэх гэрээг нөхөж хийсэн байх магадлалтай гэж үзэж байна.

1. ******* нь тус компанид арилжааны брокероор ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллахаар болж компанийн тамга тэмдгийг хүлээн авсан байдаг. Гэтэл түүнээс өмнө үйлдсэн хуурамч албан тоот болон гэрээнд компанийн тамга, тэмдгийг дарсан байгаа байдлаас харахад тухайн баримтуудыг нөхөж хийсэн байх магадлалтай байгаа болно.

2. *******ын хуурамчаар байгуулсан Хөрөнгө итгэмжлэх хуурамч гэрээнд зааснаас харвал мөнгийг компанийн дансанд 2 хоногийн дотор шилжүүлэхээр зохицуулсан байх атлаа бэлнээр авч, өгөлцсөн байх бөгөөд компанийн тамга тэмдэгийг шилжүүлэн аваагүй байх үедээ мөнгөний баримтад компанийн тамга, тэмдгийг ашиглан дарсан, үүрэг гүйцэтгэгч болсноос хойш компанийн дансыг ашиглах боломжтой болмогц компанийн дансаар үлдэгдэл мөнгө зэргийг авсан байгаа нь гэрээг нөхөж хийсэн байх магадлалтайг харуулж байна.

Хэрэв гэрээг нөхөж хийсэн байвал тэрхүү нөхөж хийж буй гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд нь аливаа байдлаар холбоотой болох нь харагдаж байна. Тийм ч учраас мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг нөхөж бичсэн байх талтай байгаа юм.

Иймд дараах үндэслэлээр Хөрөнгө итгэмжлэх гэрээг хуурамчаар үйлдэхэд Баялгийн хувь ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонжаргал болон холбогдох бусад хүмүүсийн оролцоо байх магадлалтай гэж компанийн зүгээс үзэж байна. Үүнд:

1. Баялгийн хувь ХК-ийн цахим хуудсандаа байршуулсан 2014 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалд 2013 онд Нэйшнл сэкюритис ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ богино хугацаанд хийж 15.200.000 төгрөгийн ашигтай ажилласан талаар тайлагнасан байдаг. Гэтэл манай компани нь хууль ёсны дагуу ерөөсөө Баялгийн хувь ХК-тай ямарваа нэгэн гэрээ байгуулж байгаагүй болно. Тэгэхлээр эдгээр хүмүүс өмнө нь бас манай компанийн нэрийг ашиглан гэрээ байгуулж, Баялгийн хувь ХК-ийн дансан дахь мөнгийг авч хувийн журмаар ашиглаж байсан байх магадлалтай байна.

2. Мөн *******д 2013 оны 12 дугаар сарын 11, 12 өдөр бэлнээр үнэхээр мөнгө өгсөн эсэх, Баялгийн хувь ХК-ийн данснаас хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу мөнгө гарсан эсэх зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Иймд хэрэв тухайн үед Баялгийн хувь ХК-ийн данснаас мөнгө гарсан бол тухайн үйлдлээ хууль ёсны дагуу болгохын тулд манай компанийн нэрийг ашиглаж хуурамч гэрээ байгуулсан байх магадлалтай гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Баялагийн хувь ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн 6 үндэслэлд тус бүрт нь тайлбар өгье. Нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн эрхгүй байсан гэсэн тайлбарыг гаргадаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөл авах уу үгүй юу гэдгийг 2002 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тухайн үеийн буюу 2002 оны үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага гэдэгт үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн бирж болон диллерүүдийн арилжааны төв, хөрөнгө оруулалтын менежментийн төв, болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах компани байна гэж заасан. 2002 оны буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа үнэт цаасны зах зээлд оролцогч компани нь хөрөнгийн бирж, диллерийн арилжаа, хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа болно гэж тусгай зөвшөөрөлгүйгээр үндсэн үйл ажиллагаанд оруулж заасан байдаг. Тухайн үед Нэйшнл сэкюритис ХХК нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр хөрөнгө итгэмжлэх эрхтэй байсан. Харин 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр үнэт цаасны тухай хууль батлагдсан байдаг. Энэ 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан хууль буюу гэрээ байгуулсанаас хойш 24 хоногийн дараа шинэчлэн бий болж байгаа эрх зүйн орчны хүрээнд Нэйшнл сэкюритис ХХК хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх шаардлагатай болсон. Тэгэхээр гэрээ байгуулсанаас хойш эрх зүйн орчин өөрчлөгдсөн учраас, тусгай зөвшөөрөлтэй болох шаардлагатай болсон учраас нэгэнт гэрээ байгуулсан үед буюу хөрөнгө итгэмжлэх эрхтэй байх үед гэрээ байгуулсан Нэйшнл сэкюритис ХХК маань 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах үүрэг нь үүссэн. Тийм учраас бид нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй үед гэрээ байгуулсан учраас сөрөг нэхэмжлэлийн нэг дүгээр шаардлага нь үгүйсгэгдэнэ. Гэрээ байгуулах үед авах шаардлагагүй үгүйсгэгдэнэ. Хоёрдугаарт энэ гэрээ маань Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх харилцааны үндсэн дээр байгуулагдсан. Хөрөнгө итгэмжлэх гэрээг уг хуулиар 6 үндсэн шаардлагыг тавьсан байдаг. Нэг дүгээр итгэмжлэгч болон итгэмжлэгдэгч нар байх ёстой. Бичгээр хийнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэйшнл сэкюритис ХХК бичгээр хийсэн бөгөөд итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжлэгдсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгчийн зардал эрсдэлээр захиран зарцуулах үүрэгтэй. Итгэмжлэгчийн эрх ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсаны улмаас түүнд учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалт байдаг. Хөрөнгө итгэмжилсний төлөө хөлс авахгүй. Итгэмжлэгдсэн хөрөнгөөр олсон орлого үр шимийг итгэмжлэгч өмчилнө гэсэн агуулга байгаа. Энэ 6 үндсэн агуулгын хүрээнд хийгдсэн гэрээ учраас гэрээ хүчин төгөлдөр мөн гэж үзэж байна. Үнэт цаасны тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байсан гэдэг нь 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нэйшнл сэкюритис ХХК тусгай зөвшөөрөл баталж байгаа бөгөөд энэ нь өмнөх хавтаст хэргийн 86-132 талд авагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос Нэйшнл сэкюритис ХХК-д албан тоотыг хувилаад шүүхэд ирүүлсэн. Үүнд танай компани Баялагийн хувь ХХК-тай хөрөнгө итгэмжлэх гэрээ хийхдээ 2014 оны 07 дугаар сард батлагдсан санхүүгийн зохицуулах хорооны журмыг зөрчсөн байна гэсэн хариу ирсэн. Тэгэхээр журам нь 2014 оны 07 дугаар сард батлагдсан. Гэрээ бол 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Тусгай зөвшөөрөл авах хууль зүйн болон эрх зүйн орчинууд нь гэрээ хийснээс хойш үүссэн байна. Гэрээ хийснээс хойш үүссэн учраас нэгэнт эхний гэрээ хүчин төгөлдөр бөгөөд харин тусгай зөвшөөрлүүдийг үнэт цаасны компани өөрсдөө авах үүрэг нь байсан. Гурав дугаарт нь Хуурамч материал дээр үндэслэж гэрээ хийсэн гэсэн байна. Гэтэл 2013, 2014, 2015, 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Эрүүгийн хуулийн дагуу хуурамчаар бичиг баримт үйлдсэн бол гэмт хэрэг болох хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасны дагуу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн улмаас үлэмж их хэмжээний хохирол учирсан бол ялын санкцтай. Хэрвээ Нэйшнл сэкюритис ХХК нь үнэхээр хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байгаа бол хуурамч бичиг баримт үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Ингэж шалгуулаагүй, цагдаагийн байгууллагад хандаагүй байж хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзвэл энэ нь Нэйшнл сэкюритис ХХК нь өөрсдөө сонгон шалгаруулж аваад өөрсдөө Хөлөлмөрийн гэрээ байгуулсан өөрийнх нь ажилтны эс үйлдэл байна. Энэ үйлдэл нь Баялагийн хувь ХХК-ийн оролцож хийсэн үйлдэл биш. Гэтэл үүнд цагдаагийн байгууллагад хандаагүй төдий 2017 оны 09 дүгээр сард манай Баялагийн хувь ХХК-ийн захирал н.Отгонжаргалтай Нэйшнл сэкюритис ХХК-ийн одоогийн удирдлагууд уулзсан. *******ыг та нар цагдаад өгвөл бид нар дэмжинэ гэсэн яриа хүртэл хийж байсан. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа бол яг ямар бичиг баримтыг ямар байдлаар хуурамчаар үйлдсэн вэ гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд нотлох баримт, тайлбарыг өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу өөрсдөө бүгдийг нотлох шаардлагатай. *******тай гэрээ байгуулах болсон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******д эрх олгосон 2 албан бичиг байдаг. Энэ хоёр албан бичиг бол Нэйшнл сэкюритис ХХК-аас Баялагийн хувь ХХК-д ирсэн албан тоот биш. Нэйшнл сэкюритис ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороо руу явуулсан албан тоотын хуулбарыг бид нарт олгосон. Нэгэнт тамга тэмдэг дарсан, он сар дугаар тавьсан, холбогдох тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан албан тоотыг бид нар ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр мөн эсэхийг шалгах эрх нь Баялагийн хувь ХХК-д хууль зүйн утгаар үүрэг байхгүй. Баримт бичгийг Нэйшнл сэкюритис ХХК хуурамч гэж нотлохдоо энэ хоёр албан тоотын дугаараар өөр албан тоот явсан гэж маргадаг. Тэр өөр албан тоот нь Фруд энд Траст гэх компанид өөр албан тоот явуулсан гэж тайлбарладаг. Гэтэл Фруд энд Траст нь өөрөө Нэйшнл сэкюритис ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхол нэгтэй этгээдүүд юм. Тэгэхээр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бичгийг Нэйшнл сэкюритис ХХК нь Фруд энд Траст компанид бичиг явуулсан мэтээр зассан ч байх хууль зүйн бололцоо байна гэж үзэж байна. Дараах тайлбаруудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байна. Танайх гэрээ байгуулсан бол яагаад мөнгийг дансаар биш бэлнээр өгсөн вэ гэж маргадаг. Яагаад 250.000.000 төгрөгийн 152.000.000 төгрөгийг бэлнээр олгосон вэ гэхээр хариуцагч ******* өөрөө энэ талаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байдаг. Энэ тайлбар нь өмнө нь буцаагдсан хавтаст хэргийн 69 дүгээр талд байгаа. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан захирал нь ажлаа өгсөн бөгөөд захирал солигдож байсан тул төлөөлөн удирдах зөвлөлөөс аудит оруулж байсан ба данс хаасан үед бэлнээр зарим хэсгийг авахаас өөр арга байгаагүй гэж мэдэгдсэн байдаг. Талууд тохиролцсон учраас бэлнээр аваачиж өгсөн. Кассын баримт үйлдэж тамга тэмдгээр баталгаажсан учраас хүчин төгөлдөр мөн. Хэрэв бид мөнгө огт өгөөгүй бол логикийн хувьд ч гэсэн бодоод үзэхээр ******* буцаагаад гэрээгээр тохирсон үр ашгийг өгөхгүй байх нь харагдаж байна. Хөрөнгө итгэмжлэх гэрээний ерөнхий зүйл буюу 1.1-д хөрөнгийг хөрөнгийн зах зээлд зарцуулахаа мэдэгдсэнээс биш ямар данс ашиглах хэрэглэх тухай гэрээнд тодорхой заагаагүйг анхаарах хэрэгтэй. Өмнөх хавтаст хэргийн 69 дүгээр талд байгаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *******ын хариу тайлбарт манай компани данс нээхэд хүндрэлтэй байсан тул уг арилжааг ******* өөрийн дансаар явуулж байсан бөгөөд олсон ашгийг нэг хэсгийг Нэйшнл сэкюритис ХХК руу нөгөө Баялагийн хувь ХК-руу оруулж байсан гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн 6 дахь үндэслэлийн хариу тайлбарт: Манай Баялагийн хувь ХК-тай 2014 оны хувьцаа эзэмшигчийн хурлын материалын талаар дурдсан. Энэ материал дээр Нэйшнл сэкюритис ХХК-тай өмнө хамтран ажиллаж ашиг хийсэн тухай мэдээлэл оруулсан гэдэг боловч үүнийг нотолж чаддагүй. Нэйшнл сэкюритис ХХК нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний талаар сүүлд буюу 2014 оны 12 дугаар сард мэдсэн гэж байгаа боловч ийм байх хууль зүйн боломжгүй. Яагаад Нэйшнл сэкюритис ХХК бол жил бүхэн улирал бүхэн санхүүгийн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг холбогдох байгууллагуудад мэдээллэж байгаа. Тэгэхээр 2013 болон 2014 онуудых дансаар болон бэлнээр 4 удаагийн мөнгө шилжсэн байхад энэ талаар Нэйшнл сэкюритис ХХК хангалттай мэдэж байсан. Ийм үндэслэлүүдээр бид Нэйшнл сэкюритис ХХК сөрөг нэхэмжлэл буюу гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг няцааж байна гэв

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баялагийн хувь ХК нь Нэйшнл сэкюритис ХХК, хариуцагч ******* нарт холбогдуулан Хөрөнгө итгэмжилсэн гэрээний үндсэн дээр үндсэн дүн 250.000.000 төгрөг, ашиг 90.000.000 төгрөг нийт 340.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед ашгийг 2.700.000 төгрөгөөр багасгаж 87.300.000 төгрөг, үндсэн дүн 250.000.000 төгрөг нийт 337.300.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэйшнл сэкюритис ХХК сөрөг нэхэмжлэл гаргасныг Баялагийн хувь ХК нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баялагийн хувь ХК нь Нэйшнл сэкюритис ХХК-ууд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 дугаартай Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г харилцан тохиролцож байгуулжээ. /хх-ийн 8-15 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.2-т заасан хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Баялагийн хувь ХК нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 102.000.000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нэйшнл сэкюритис ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* дансанд 78.000.000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ******* дансанд 20.000.000 төгрөгийг нийт 250.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 16-19 дүгээр талууд/

Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.6-д заасны дагуу Итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчилнө. гэж заажээ.

Итгэмжлэгдсэн өмчлөгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т тус тус зааснаар итгэмжлэгчид гэрээнд заасан хөрөнгийг захиран зарцуулснаас олсон үр шимийг ашгийг нэхэмжлэгч талд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Баялагийн хувь ХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ******* дансанд *******аас 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 11.000.000 төгрөгийг, 06 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 06 дугаар сарын 11-ний өдөр 27.540.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 18.700.000 төгрөгийг гэрээний ашиг, гэрээний үлдэгдэл төлбөр, орлого, торгууль гэх утгатайгаар нийт 216.240.000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 20-21 дүгээр тал/

Хариуцагч Нэйшнл сэкюритис ХХК нь хариуцагч *******ыг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот гадаад болон дотоод арилжааны бүх дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээдээр нэг жилийн хугацаатай томилсон нь *******, хариуцагч Нэйшнл сэкюритис ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна.

Нэйшнл сэкюритис ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ыг бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, Компанийн тухай хуульд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж хуурамч гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй болно.

Иймд Нэйшнл сэкюритис ХХК-аас Хөрөнгө итгэмжлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 250,000,000 төгрөг, ашиг 67,300,000 төгрөг нийт 317.300.000 төгрөгийг гаргуулж Баялагийн хувь ХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэйшнл сэкюритис ХХК нь Баялагийн хувь ХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг Баялагийн хувь ХК хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэйшнл сэкюритис ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Арилжааны албаны ахлах ажилтан *******ыг гадаад болон дотоод арилжааны бүх дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээдээр нэг жилийн хугацаатайгаар томилж, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр данс захиран зарцуулахтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын зориулалтаар компанид орж ирж буй хөрөнгийг өөрийн хувийн дансаар хүлээн авч компанийн дотоод арилжааны дансуудад шаардлагатай хэмжээгээр хуваарилах, валютад хөрвүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ, данс нээх гэрээ, өв залгамжлалын гэрээ, гурвалсан гэрээ, онлайнаар захиалга хүлээн авах гэрээ, бусад харилцагчтай байгуулах шаардлагатай бүх гэрээнд, компанийн данснаас мөнгө хүсэх өргөдөлд гарын үсэг зурах эрхийг тус тус олгожээ.

Хөрөнгө итгэмжлэх гэрээг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр талууд харилцан тохиролцон байгуулж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нар гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарсан болох нь баримтаар нотлогдож байна.

Нэйшнл сэкюритис ХХК-ийн арилжааны албаны ахлах ажилтай ******* нь Нэйшнл сэкюритис ХХКаас олгосон эрхийн хүрээнд Баялагийн хувь ХКтай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г байгуулсан нь хууль зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон хуралдааны товыг Хариуцагч Нэйшнл сэкюритис ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундармаа хариуцагч ******* нарт мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хариуцагч нар хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг ирүүлээгүй, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 406 дугаар зүйлийн 406.1-д заасныг баритлан Нэйшнл сэкюритис ХХКаас 317.300.000 төгрөгийг гаргуулж Баялагийн хувь ХК-д олгож, *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нэйшнл сэкюритис ХХК-аас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Баялагийн хувь ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.857.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нэйшнл сэкюритис ХХК-аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.744.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/02824 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ