Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1021

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01021

 

 

“БХ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00425 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “БХ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М,

Хариуцагч:  “НС” ХХК-д тус тус холбогдох,

 

Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу шилжүүлсэн 250 000 000 төгрөгийг, ашиг 90 000 000 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хөрөнгө итгэмжлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч “НС” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Амарбат

Хариуцагч “НС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ундармаа

Хариуцагч НС” ХХК-ийн өмгөөлөгч: Р.Болдбаатар, П.Еркебулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баялгийн хувь” ХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “НС” ХХК-тай 1/8 дугаартай хөрөнгө итгэмжлэх гэрээг байгуулж, 250 000 000 төгрөгийг уг компанид итгэмжлэн олгож, хөрөнгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар захиран зарцуулах эрх олгож, cap тутам тодорхой хэмжээний ашиг авахаар харилцан тохиролцсон байдаг. “НС” ХХК-ийг төлөөлж тус компанийн арилжааны албаны ахлах Э.М гарын үсэг зурж, компанийн тэмдгийг даран баталгаажуулсан байдаг. Гэрээний 3.1-д заасан хөрөнгийг “Баялгийн хувь” ХК нь 4 удаагийн гүйлгээгээр бэлнээр болон “НС” ХХК-ийн арилжааны банкны дансаар дамжуулан бүрэн шилжүүлсэн.

2014 оны 12 дугаар сарын эхээр “НС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М нь гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэж, итгэмжилсэн хөрөнгө болон ашгийг буцаан өгөхөөр болсон. Гэтэл “НС” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Гантулгаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71/14 тоот албан бичгээр “Манай байгууллагын нэрийг барьж, уг үйлдлийг хуурамчаар хийсэн, уг асуудал нь иргэн Э.Мтай холбоотой асуудал тул манай байгууллагатай хамааралгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг манай компанид ирүүлсэн.

Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон тул итгэмжлэгдсэн хөрөнгө болох 250 000 000 төгрөгийг, мөн гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын ашиг болох 90 000 000 төгрөгийг тус тус хариуцагч “НС” ХХК болон хамтран хариуцагч Э.М нараас тус тус гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тухайн үед “НС” ХХК нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр хөрөнгө итгэмжлэх эрхтэй байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Үнэт цаасны тухай хууль батлагдсан. Тэгэхээр гэрээ байгуулсанаас хойш эрх зүйн орчин өөрчлөгдсөн учраас, тусгай зөвшөөрөлтэй болох шаардлагатай болсон учраас нэгэнт гэрээ байгуулсан үед буюу хөрөнгө итгэмжлэх эрхтэй байх үед гэрээ байгуулсан “НС” ХХК 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах үүрэг нь үүссэн. Тиймээс тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй үед гэрээ байгуулсан. Санхүүгийн зохицуулах хорооноос “НС” ХХК-д ирүүлсэн албан тоотод “танай компани “Баялагийн хувь” ХХК-тай хөрөнгө итгэмжлэх гэрээ хийхдээ 2014 оны 07 дугаар сард батлагдсан санхүүгийн зохицуулах хорооны журмыг зөрчсөн байна” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр журам нь 2014 оны 07 дугаар сард батлагдсан. Гэрээ бол 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Тусгай зөвшөөрөл авах хууль зүйн болон эрх зүйн орчинууд нь гэрээ хийснээс хойш үүссэн байна.

“НС” ХХК нь үнэхээр хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байгаа бол хуурамч бичиг баримт үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаагүй.

Э.Мтай гэрээ байгуулах болсон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Э.Мд эрх олгосон 2 албан бичиг байдаг. Энэ хоёр албан бичиг бол “НС” ХХК-аас “Баялагийн хувь” ХХК-д ирсэн албан тоот биш. “НС” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороо руу явуулсан албан тоотын хуулбарыг бид нарт олгосон. Нэгэнт тамга тэмдэг дарсан, он сар дугаар тавьсан, холбогдох тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан албан тоотыг бид нар ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр мөн эсэхийг шалгах эрх нь “Баялагийн хувь” ХХК-д хууль зүйн утгаар үүрэг байхгүй.

Гэрээний 1.1-д хөрөнгийг хөрөнгийн зах зээлд зарцуулахаа мэдэгдсэнээс биш ямар данс ашиглах хэрэглэх тухай гэрээнд тодорхой заагаагүй. “НС” ХХК бол жил бүхэн улирал бүхэн санхүүгийн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг холбогдох байгууллагуудад мэдээллэж байгаа. Тэгэхээр 2013 болон 2014 онуудых дансаар болон бэлнээр 4 удаагийн мөнгө шилжсэн байхад энэ талаар “НС” ХХК хангалттай мэдэж байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч НС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан Э.М нь бичиг баримтыг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж “Баялгийн хувь” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250 000 000 төгрөгийг авч ашигласан.

“НС” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Э.Мд итгэмжлэл болон компанийг хууль ёсоор төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй байсан. “НС” ХХК-ийн Санхүүгийн Зохицуулах хороонд хандан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот Захиран зарцуулах этгээд томилох тухай, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот Гарын үсгийн баталгаа гаргах тухай албан бичгүүд нь манай компанийн хэргийн архивт байхгүй хуурамч албан бичиг байна.

Э.М нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу “Баялагийн хувь” ХК-иас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50 000 000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102 000 000 төгрөгийг бэлнээр авсан байна. Тус 152 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч бэлнээр өгсөн нь эргэлзээтэй, гэрээний дагуу “Баялагийн хувь” ХК-ийн данснаас бэлнээр өгсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Э.Мыг “НС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг томилсон бөгөөд хөрөнгө итгэмжлэх үлдэгдэл төлбөр болох 98 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “НС” ХХК-ийн дансаар хүлээн авч хувьдаа ашигласан байна.

“Баялагийн Хувь” ХК-иас гэрээний дагуу эхний 1,2,3-р улирлын ашгийг “НС” ХХК-иас авснаа хүлээн зөвшөөрсөн гэтэл “НС” ХХК-ийн банкинд дахь харилцах данснаас “Баялагийн Хувь” гэрээнд заасны дагуу ашиг шилжүүлж байгаагүй. “Баялагийн хувь” ХХК-ийн дансанд Э.Маас гэрээний ашиг гэсэн утгатайгаар шилжүүлгүүд хийгдэж байсан. “Баялагийн хувь” ХК болон Э.М нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ нь “НС” ХХК-тай ямар ч холбоогүй бөгөөд талууд гэрээнээс үүдэлтэй маргаандаа манай компанийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй.

Иймд “НС” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Э.М нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж “Баялгийн хувь” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250 000 000 төгрөгийг авч ашигласан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр Хөрөнгө итгэмжлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “НС” ХХК-д ажиллаж байх хугацаандаа "Баялгийн хувь" ХК-тай 250 000 000 төгрөгийн хөрөнгө итгэмжлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан ажилласан. Гэрээнд зааснаар үндсэн итгэмжилсэн хөрөнгө болох 250 000 000 төгрөгийг ашиглан валютын арилжаанд оруулж, олсон ашгийг улирал тутамд 90 000 000 төгрөгийг “Баялгийн хувь" ХК-д, үлдсэн ашгийг “НС” ХХК-д оруулж байсан. Гэрээний дагуу "Баялгийн хувь" ХК-д эхний 3 улирлын байдлаар 252 700 000 төгрөгийг ашгийг бүрэн өгсөн.

Гэвч 2014 оны сүүлээс дэлхийн эдийн засгийн хямрал тохиолдож дэлхий нийтээр арилжаачид дампуурсны адил миний арилжаа мөн хаагдаж дампуурсан. Тиймээс сүүлийн 90 000 000 төгрөгийг, үндсэн хөрөнгө болох 250 000 000 төгрөгийг төлөх боломжгүй болсноо зарласан. Гэвч "Баялгийн хувь" ХК-ийн 2015 оны 10 дугаар сард гаргасан нэхэмжлэлд "НС" ХХК нь өөрийн гэсэн арилжааны дансгүй учир бүх арилжаа миний хувийн дансаар хийгдэж байсан ба "Баялгийн хувь" ХХК-тай гэрээнээс өмнөх хэд хэдэн удаагийн амжилттай арилжаа хийж байсан. Гэвч энэ хэрэг 2016 оны 7 дугаар сард хэрэгсэхгүй болж хаагдсан учир төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно. Одоогоор миний санхүүгийн байдлаар нэхэмжилсэн дүнг барагдуулах боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 406 дугаар зүйлийн 406.1-д заасныг баримтлан “НС” ХХК-аас 317 300 000 төгрөгийг гаргуулж “Баялагийн хувь” ХК-д олгож, Э.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “НС” ХХК-аас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “Баялагийн хувь” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 857 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “НС” ХХК-аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 744 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/02824 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2  дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “НС” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй "НС" ХХК-иас Э.Мд эрх олгосон гэх 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот албан бичгүүд нь хуурамч бөгөөд манай компанийн бичиг хэргийн архивт хадгалагддаггүй, манай компани огт явуулж байгаагүй болохоор эх хувиар байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Манай компани нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 65/13 тоот албан бичгээр "Прүдент траст" ХХК-д мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд уг албан бичгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32016/1336 тоот захирамжтай, хэргийн 77 дугаар хуудсанд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32016/1336 тоот захирамжтай, хэргийн 85 дугаар хуудсанд "НС" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайханы албан ёсны гарын үсэг зурагдсан албан бичиг авагдсан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, гарын үсэг ялгаатайгаар зурагдсан байдлыг авч үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд манай компаниас гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байсан.

Мөн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдэд, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтуудад тус тус зааснаар зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгохоор байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар батлан гаргасан "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам"-ын 1.6-д зааснаар үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32016/1336 тоот захирамжтай, хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр манай компанийг хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тодорхойлсон. Мөн хэргийн 86-88 дугаар хуудсанд авагдсан "НС" ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг олгож байгаагүй нь нотлогддог. Өөрөөр хэлбэл манай компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах тусгай зөвшөөрлийг албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооноос аваагүй тул 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ"-г байгуулаагүй, Э.М нь бичиг баримт хуурамчаар үйлдэн, компанийг төлөөлөх эрхгүй атлаа уг гэрээг байгуулсан юм.

Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус гаргасан. Гэтэл шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй хэмээн үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн төдийгүй манай компанийн хууль, эрх зүйн туслалцаа авах эрхийг ноцтойгоор зөрчлөө.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, "НС " ХХК-иас 2 700 000 төгрөгөөр багасгахад шүүх хариуцагч нараас тайлбар авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч “БХ” ХК нь хариуцагч “НС” ХХК, Э.М нарт холбогдуулан хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу шилжүүлсэн 250 000 000 төгрөг, ашиг 90 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “НС” ХХК нь эс зөвшөөрч хөрөнгө итгэмжлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх баримтад хариуцагч байгууллагыг төлөөлж ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан гэж зурсан гарын үсэг нь мөн компанийн менежер Э.М гэж зурсан гарын үсэг адилхан байгаагаас тус компанийн менежер ажилтай Э.Мыг уг гэрээг байгуулах эрх олгосон эсэхээс гэрээний хүчин төгөлдөр байдал шалтгаалах юм.

  

            Хэргийн 115, 116 дугаар талд хариуцагч “НС” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13, “Захиран зарцуулах этгээд томилох тухай”, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот албан бичгүүд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ. Гэтэл уг баримтууд нь хуулбар хувь байгаагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримт нь эх хувиар, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар байх шаардлагыг хангаагүй байна. Иймд бичмэл нотлох баримтад тавигдсан хуулийн зохицуулалтыг зөрчиж, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.  

 

            Түүнчлэн хариуцагч талаас дээрх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудад өөрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярсайханы гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2017/08833 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хүсэлтийг хангахгүй талаар дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгт орхигдуулсан байгаагаас дүгнэвэл хариуцагч байгууллагын гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэх юм.  

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан боловч зарим үндэслэлгүй гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч “НС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг анхан шатны шүүх шуудангаар хүргүүлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч талын хүсэлтэд хавсаргасан баримт болох эмнэлгийн хэт авианы гэрэл зураг болон англи хэл дээр үйлдсэн хэнд олгогдсон, юу тодорхойлсон нь ойлгомжгүй баримтыг үндэслэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирэх боломжгүй болох хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлохгүй юм. Түүнчлэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийн талаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулсан, шүүх удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан байдлаас үзвэл өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг шүүх эдлүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлээр хариуцагчийн холбогдох хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл өөрчлөгдөөгүй, харин  хариуцагчаас шаардаж байгаа мөнгөн дүн багасгаж байгаа тохиолдолд заавал бичгээр гаргуулж, тайлбар авах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжтой юм. Ийм учраас энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00425 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “НС” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 774 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА