Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01331

 

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00425 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1021 дугаар магадлалтай

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй

Э.М, “Н” ХХК-д холбогдох

Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу шилжүүлсэн 250 000 000 төгрөгийг ашгийн 87 300 000 төгрөгийн хамт гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хөрөнгө итгэмжлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн төлөөлөгч М.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Н” ХХК-тай 1/8 дугаартай Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г байгуулж, 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг уг компанид итгэмжлэн олгож, хөрөнгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар захиран зарцуулах эрх олгож, cap тутам тодорхой хэмжээний ашиг авахаар харилцан тохиролцсон байдаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г “Н” ХХК-тай байгуулж, гэрээнд тус компанийг төлөөлж тус компанийн арилжааны албаны ахлах Э.М гарын үсэг зурж, компанийн тэмдгийг даран баталгаажуулсан байдаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөрөнгийг “Б” ХК нь 4 удаагийн гүйлгээгээр бэлнээр болон “Н” ХХК-ийн арилжааны банкны дансаар дамжуулан бүрэн шилжүүлсэн байдаг. Тухайлбал:

1. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50 000 000 (тавин сая) төгрөгийг бэлнээр “Н” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авсан болохыг 63 дугаартай Бэлэн мөнгөний баримтаар баталгаажуулсан,

2. 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102 000 000 (нэг зуун хоёр сая) төгрөгийг бэлнээр “Н” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авсан болохыг 81/13 дугаартай Бэлэн мөнгөний баримтаар баталгаажуулсан,

3. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 78 000 000 (далан найман сая) төгрөгийг “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499207976 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энэ нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар баталгаажсан,

4. 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 000 000 (хорин сая) төгрөгийг “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499207976 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энэхүү гүйлгээ Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордероор баталгаажсан болно.

“Н” ХХК дансны зарлагын гүйлгээ хаагдсан гэдэг шалтгаанаар эхний 152 000 000 (нэг зуун тавин хоёр сая) төгрөгийг бэлнээр харин үлдэгдэл мөнгөн хөрөнгийг дансны зарлагын гүйлгээ хэвийн болсон нөхцөлд дансаар дамжуулан авах хүсэлт гаргасны дагуу “Б” ХК мөнгөн ийнхүү шилжүүлсэн байдаг.

Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2,2-т заасны дагуу нэхэмжилсэн хөрөнгийг Итгэмжлэгдсэн өмчлөгч буюу “Н” ХХК-д бүрэн шилжүүлснээс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын эхээр “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.М нь Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г дуусгавар болгох тухай мэдэгдэж, итгэмжилсэн хөрөнгө болон ашгийг буцаан өгөхөөр болсон. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71/14 тоот албан бичгээр манай байгууллагын нэрийг барьж, уг үйлдлийг хуурамчаар хийсэн ... уг асуудал нь иргэн Э.Мтай холбоотой асуудал тул манай байгууллагатай хамааралгүй болохыг ... мэдэгдэж байна" гэж гэсэн албан бичгийг “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Гантулга манай компанид ирүүлсэн.

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б” ХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байдаг.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх явцад талууд шүүхэд хүсэлт гарган нэмэлтээр нотлох баримтуудыг гаргуулан авсан бөгөөд эдгээрт:

1. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч “Н” ХХК-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк дахь нийт долоон дансны хуулгыг гаргуулан авсан. /Энэхүү нотлох баримт нь “Н” XXК нь “Б” ХК-иас мөнгө хүлээн авсан гэдгийг нотлох ач холбогдолтой./

2. Хамтран хариуцагч Э.Мыг компанийн арилжааны брокер, арилжааны ахлах брокер, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгэх захирлаар томилсон тухай шийдвэр /Уг нотлох баримтууд нь “Н” ХХК-иас Э.Мд бүрэн эрх олгож уг бүрэн эрхийн хүрээнд “Б” ХК хувь хүний хувьд биш хуулийн этгээдийг төлөөлсөн этгээдийн хувьд гэрээг байгуулсан гэдгийг нотлох ач холбогдолтой./

3. “Н” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хандсан албан бичгүүдийн хувийг “Б” ХК-иас тус тус гаргуулан авсан.

Мөн хамтран хариуцагч Э.М нь нэхэмжлэлээр шаардаж буй үнийн дүн болох мөнгийг эхний удаад 2015 оны 03 дугаар сарын 01-ний дотор барагдуулахаа дараагийн удаад 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаа мэдэгдэж бичиг гаргаж байсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг гаргаж өгөөгүй байгаа байдлыг харгалзан шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хугацаа дуусгавар болсон тул тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу итгэмжлэгдсэн хөрөнгө болох 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын ашиг болох 50 000 000 (ерэн сая) төгрөгийг тус тус хариуцагч ”Н” ХХК болон хамтран хариуцагч Э.М нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК болон иргэн Э.Мд холбогдуулан гаргасан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний дагуу итгэмжилсэн хөрөнгө 250,000,000 төгрөг, тус гэрээний 4.2, 4.3-д заасны дагуу сүүлийн 3 сарын ашиг болох 90,000,000 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үл зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тус компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон 03/06 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-т үнэт цаасны брокерийн. 24.1.2-т үнэт дилерийн. 24.1.3-т унэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13-д хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно.

Тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан иргэн Эрдэнэ овогтой Мөнхзул нь бичиг баримтыг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, Компанийн тухай хуульд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж “Б” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250,000,000 төгрөгийг авч ашигласан байна. Компанийн тухай хуулийн 83.8-д заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Гэтэл “Н” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас 2013.12.06-ны өдрийн байдлаар Э.Мд итгэмжлэл болон компанийг хууль ёсоор төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй байсан байна.

3. “Н” ХХК-ийн Санхүүгийн Зохицуулах хороонд хандан сан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот Захиран зарцуулах этгээд томилох тухай, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот Гарын үсгийн баталгаа гаргах тухай албан бичгүүд нь манай компанийн хэргийн архивт байхгүй хуурамч албан бичиг байна. Дараах үндэслэлээр нотлогдоно. Үүнд:

а. Тус албан бичгүүдэд “Н” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан гарын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайлган зурсан.

б. “Н” ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгийг Санхүүгийн Зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгийг Санхүүгийн Зохицуулах хороонд явуулж байгаагүй бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот албан бичгээр Прүдент траст-д мэдэгдэл хүргүүлж байсан байна. Мөн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар 05-ны өдрийн албан бичгээр ҮЦТТТХТ ХХК-д Хүсэлт гаргах тухай албан бичиг хүргүүлж байсан байна. Мөн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот Санхүүгийн зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот албан бичгээр ҮЦТТТХТ ХХК-д Хүсэлт гаргах тухай албан бичиг хүргүүлж байсан байна.

Э.М нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу “Б” ХК-иас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102,000,000 /нэг зуун хоёр сая төгрөгийг бэлнээр авсан байна. Тус 152.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч бэлнээр өгсөн эргэлзээтэй, гэрээний дагуу “Б” ХК-ийн данснаас бэлнээр өгсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Э.Мыг “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг томилсон бөгөөд ингэснээр Э.М нь компанийн банкан дахь харилцах данснаас гүйлгээ хийх компанийн тамга тэмдгийг ашиглах бүрэн эрхтэй болсон байна. Хөрөнгө итгэмжлэх үлдэгдэл төлбөр болох 98,000,000 /ерэн найман сая/ төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Н” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банк дахь 499207976 тоот дансаар хүлээн авч хувьдаа ашигласан байна. Энэ нь “Б” ХК-тай байгуулсан гэрээ, бэлэн мөнгө хүлээн баримт болон “Нэйшнл сэюритис ҮЦК” ХХК-ийн дансыг ашиглан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан байдал зэргээр нотлогдох боломжтой байна.

Хөрөнгө итгэмжлэх гэрээний 4.2-т итгэмжилсэн хөрөнгийг захиран зарцуулснаас олсон үр шим нь сард нийт итгэмжилсэн хөрөнгийн 12 хувь буюу 30,000,000 /гучин сая/ төгрөг талууд харилцан тохиролцож, улирал тутамд нийлбэр дүнгээр “Б” ХК-д шилжүүлэхээр гэрээгээр тохирсон байна. “Б” ХК-иас Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний дагуу эхний 1,2,3-р улирлын ашгийг “Нэйшнл сэюритис ҮЦК” ХХК-иас авснаа хүлээн зөвшөөрсөн гэтэл “Н” ХХК-ний банкинд дахь харилцах данснаас “Б” ХК Хөрөнгө итгэмжлэх гэрээ-нд заасны дагуу ашиг шилжүүлж байгаагүй байна. “Б” ХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 495058143 тоот харилцах дансанд Э.Маас гэрээний ашиг гэсэн утгатайгаар шилжүүлгүүд хийгдэж байсан байна. Энэ нь “Б” ХК-ийн хөгжлийн банкин дахь 495058143 тоот дансны хуулгаас нотлогдоно.

Мөн “Б” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны ээлжит хурлын материалд 2013 оны 10 сараас эхлэн “Н” ХХК-тай Хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж эхэлсэн. “Н” ХХК-д Хөрөнгө оруулалтын гэрээ хийж богино хугацаанд 15,200,000 төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнээс үүдэн жилийн хугацаатай 250,000,000 төгрөгийн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан талаар дурдсан байна. Үүнээс харахад ”Б” ХК нь Э.Мтай 2013 оны 12 дугаар 06-ны өдрөөс өмнө хамтран ажиллаж байсан, холбоотой байсан нь харагдаж байгаа юм. “Б” ХК болон Э.М нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ нь “Н” ХХК-тай ямар ч холбоогүй бөгөөд талууд гэрээнээс үүдэлтэй маргаандаа манай компанийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр “Н” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэ овогтой Мөнхзул миний бие “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Б” ХК-тай 250.000.000 төгрөгийн Хөрөнгө Итгэмжлэх Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан ажилласан. Гэрээнд зааснаар үндсэн итгэмжилсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг ашиглан Олон Улсын Валютын Арилжаанд оруулж олсон ашгийг улирал тутамд 90.000.000 төгрөгийг “Б” ХК-д, үлдсэн ашгийг “Н” ХХК-д оруулж байсан. Гэрээний дагуу “Б” ХК-д эхний 3 улирлын байдлаар 252.700.000 төгрөгийг ашгийг бүрэн өгсөн байдаг.

Гэвч 2014 оны сүүлээс дэлхийн эдийн засгийн хямрал тохиолдож дэлхий нийтээр сая сая арилжаачид дампуурсны адил миний арилжаа мөн хаагдаж дампуурсан. Тиймээс сүүлийн 90.000.000 төгрөгийг, үндсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болсноо зарласан. Гэвч “Б” ХК-ийн 2015 оны 10 дугаар сард гаргасан нэхэмжлэлд “Н” нь өөрийн гэсэн арилжааны дансгүй учир бүх арилжаа миний хувийн дансаар хийгдэж байсан намайг ажлаас гарснаас хойш арилжаагаар мөнгө босгох чадамжгүй, мөн “Б” ХХК-тай гэрээнээс өмнөх хэд хэдэн удаагийн амжилттай арилжаа хийлцэж байсан итгэлцлийг нэхэмжилсэн хөрөнгийн тодорхой хувийг барагдуулахаа хариу тайлбартаа бичиж өгч байсан. Гэвч энэ хэрэг 2016 оны 7-р сард хэрэгсэхгүй болж хаагдсан учир төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно.Одоогоор миний санхүүгийн байдлаар нэхэмжилсэн дүнг барагдуулах боломжгүй байна гэжээ.

Хариуцагч “Н” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 -24.1.3 заасан брокер, диллер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компани юм. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.1.13-д заасан үнэт цаасны итгэмжлэн удирдах болон хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно.

Өөрөөр хэлбэл, “Б” ХК-тай байгуулсан гэх 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний 1-р зүйлийн 1.1-д заасан итгэмжлэгдсэн хөрөнгийг зөвхөн хөрөнгийн зах зээл дээр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг болон хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компани хэрэгжүүлэх эрхтэй байдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.5, 15.3-д зааснаар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Мөн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлан гаргасан (хүчингүй болсон) Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19, 20-р зүйл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24-р зүйлд заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгохоор заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 29-р тогтоолын хавсралтаар батлан гаргасан Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан иргэн Эрдэнэ овогтой Мөнхзул нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж “Б” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэх хуурамч гэрээ байгуулж 250.000.000 төгрөгийг авч ашигласан байна.

Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулж өгсөн байдаг.

Гэтэл Э.М нь эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж дараах бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрээг зөвшөөрөлгүйгээр байгуулж компанийн дансыг ашиглан “Б” ХК-иас мөнгө авч, Forex арилжаанд өөрийн хувийн дансаараа дамжуулан оролцож хувьдаа ашигласан байна. Үүнд:

1.1. “Н” ХХК-ийн бланк, тамга тэмдэг, бичиг хэргийн дугаарыг ашиглаж 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 65/13 гэсэн албан тоотыг Санхүүгийн зохицуулах хороонд гэж компанийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан гэсэн гарын үсгийн тайлал хийж, Баярсайханаас өөр нэр дуурайлган зурсан хуурамч албан тоотыг үйлдсэн. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хороонд 65/13 гэсэн албан тоотыг явуулж байгаагүй бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Прүдент траст” ХХК-д 65/13 гэсэн албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байсан болно.

1.2. “Н” ХХК-ийн бланк, тамга тэмдгийг ашиглаж 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 78/13 гэсэн албан тоотыг Санхүүгийн зохицуулах хороонд гэж компанийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан гэсэн гарын үсгийн тайлал хийж, Баярсайханаас өөр нэр дуурайлган зурсан хуурамч албан тоотыг үйлдсэн. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хороонд 78/13 гэсэн албан тоотыг хүргүүлж байгаагүй бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 10 өдөр ҮЦТТТХТ ХХК-д 78/13 гэсэн албан тоотоор хүсэлт хүргүүлж байсан болно.

1.3. Н ХХК-ийн бланк, тамга тэмдэг, ТУЗ-ийн даргын нэрийг ашиглан хуурамчаар байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу “Б” ХК-иас хөрөнгө хүлээн авах эрхийг өөрөө өөртөө олгосон Баталгаа гаргах тухай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 331/13 албан тоот зэргийг хуурамчаар үйлдсэн байна.

Мөн дээрх хуурамчаар үйлдсэн гэрээ болон албан тоотууд нь манай компанид байхгүй байгаа бөгөөд “Б” ХК-иас 2014 оны 12 дугаар сард манай компанид хандаж дээрх баримтуудын хуулбарыг ирүүлснээр бид мэдсэн болно.

2. Э.М нь “Б” ХК-иас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102.000.000 төгрөгийг тус тус бэлнээр, компанийн дансыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 78.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан байдаг.

Манай компанийн зүгээс дараах үндэслэлээр тухайн хуурамч албан тоот, хөрөнгө итгэмжлэх гэрээг нөхөж хийсэн байх магадлалтай гэж үзэж байна.

1. Э.М нь тус компанид арилжааны брокероор ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллахаар болж компанийн тамга тэмдгийг хүлээн авсан байдаг. Гэтэл түүнээс өмнө үйлдсэн хуурамч албан тоот болон гэрээнд компанийн тамга, тэмдгийг дарсан байгаа байдлаас харахад тухайн баримтуудыг нөхөж хийсэн байх магадлалтай байгаа болно.

2. Э.Мын хуурамчаар байгуулсан Хөрөнгө итгэмжлэх хуурамч гэрээнд зааснаас харвал мөнгийг компанийн дансанд 2 хоногийн дотор шилжүүлэхээр зохицуулсан байх атлаа бэлнээр авч, өгөлцсөн байх бөгөөд компанийн тамга тэмдгийг шилжүүлэн аваагүй байх үедээ мөнгөний баримтад компанийн тамга, тэмдгийг ашиглан дарсан, үүрэг гүйцэтгэгч болсноос хойш компанийн дансыг ашиглах боломжтой болмогц компанийн дансаар үлдэгдэл мөнгө зэргийг авсан байгаа нь гэрээг нөхөж хийсэн байх магадлалтайг харуулж байна.

Хэрэв гэрээг нөхөж хийсэн байвал тэрхүү нөхөж хийж буй гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд нь аливаа байдлаар холбоотой болох нь харагдаж байна. Тийм ч учраас мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг нөхөж бичсэн байх талтай байгаа юм.

Иймд дараах үндэслэлээр Хөрөнгө итгэмжлэх гэрээг хуурамчаар үйлдэхэд “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонжаргал болон холбогдох бусад хүмүүсийн оролцоо байх магадлалтай гэж компанийн зүгээс үзэж байна. Үүнд:

1. “Б” ХК-ийн цахим хуудсандаа байршуулсан 2014 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалд 2013 онд “Н” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ богино хугацаанд хийж 15.200.000 төгрөгийн ашигтай ажилласан талаар тайлагнасан байдаг. Гэтэл манай компани нь хууль ёсны дагуу ерөөсөө “Б” ХК-тай ямарваа нэгэн гэрээ байгуулж байгаагүй болно. Тэгэхлээр эдгээр хүмүүс өмнө нь бас манай компанийн нэрийг ашиглан гэрээ байгуулж, “Б” ХК-ийн дансан дахь мөнгийг авч хувийн журмаар ашиглаж байсан байх магадлалтай байна.

2. Мөн Э.Мд 2013 оны 12 дугаар сарын 11, 12 өдөр бэлнээр үнэхээр мөнгө өгсөн эсэх, “Б” ХК-ийн данснаас хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу мөнгө гарсан эсэх зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Иймд хэрэв тухайн үед “Б” ХК-ийн данснаас мөнгө гарсан бол тухайн үйлдлээ хууль ёсны дагуу болгохын тулд манай компанийн нэрийг ашиглаж хуурамч гэрээ байгуулсан байх магадлалтай гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Хөрөнгө итгэмжлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ”Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн 6 үндэслэлд тус бүрт нь тайлбар өгье. Нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн эрхгүй байсан гэсэн тайлбарыг гаргадаг. Хөрөнгө итгэмжлэх гэрээ 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөл авах уу үгүй юу гэдгийг 2002 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тухайн үеийн буюу 2002 оны үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага гэдэгт үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн бирж болон диллерүүдийн арилжааны төв, хөрөнгө оруулалтын менежментийн төв, болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах компани байна гэж заасан. 2002 оны буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа үнэт цаасны зах зээлд оролцогч компани нь хөрөнгийн бирж, диллерийн арилжаа, хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа болно гэж тусгай зөвшөөрөлгүйгээр үндсэн үйл ажиллагаанд оруулж заасан байдаг. Тухайн үед “Н” ХХК нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр хөрөнгө итгэмжлэх эрхтэй байсан. Харин 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр үнэт цаасны тухай хууль батлагдсан байдаг. Энэ 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан хууль буюу гэрээ байгуулснаас хойш 24 хоногийн дараа шинэчлэн бий болж байгаа эрх зүйн орчны хүрээнд ”Н” ХХК хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх шаардлагатай болсон. Тэгэхээр гэрээ байгуулснаас хойш эрх зүйн орчин өөрчлөгдсөн учраас, тусгай зөвшөөрөлтэй болох шаардлагатай болсон учраас нэгэнт гэрээ байгуулсан үед буюу хөрөнгө итгэмжлэх эрхтэй байх үед гэрээ байгуулсан “Н” ХХК маань 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах үүрэг нь үүссэн. Тийм учраас бид нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй үед гэрээ байгуулсан учраас сөрөг нэхэмжлэлийн нэг дүгээр шаардлага нь үгүйсгэгдэнэ. Гэрээ байгуулах үед авах шаардлагагүй үгүйсгэгдэнэ. Хоёрдугаарт энэ гэрээ маань Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх харилцааны үндсэн дээр байгуулагдсан. Хөрөнгө итгэмжлэх гэрээг уг хуулиар 6 үндсэн шаардлагыг тавьсан байдаг. Нэг дүгээр итгэмжлэгч болон итгэмжлэгдэгч нар байх ёстой. Бичгээр хийнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Н” ХХК бичгээр хийсэн бөгөөд итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжлэгдсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгчийн зардал эрсдэлээр захиран зарцуулах үүрэгтэй. Итгэмжлэгчийн эрх ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалт байдаг. Хөрөнгө итгэмжилсний төлөө хөлс авахгүй. Итгэмжлэгдсэн хөрөнгөөр олсон орлого үр шимийг итгэмжлэгч өмчилнө гэсэн агуулга байгаа. Энэ 6 үндсэн агуулгын хүрээнд хийгдсэн гэрээ учраас гэрээ хүчин төгөлдөр мөн гэж үзэж байна. Үнэт цаасны тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байсан гэдэг нь 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Н” ХХК тусгай зөвшөөрөл баталж байгаа бөгөөд энэ нь өмнөх хавтаст хэргийн 86-132 талд авагдсан. Санхүүгийн зохицуулах хорооноос “Н” ХХК-д албан тоотыг хувилаад шүүхэд ирүүлсэн. Үүнд танай компани ”Б” ХК-тай хөрөнгө итгэмжлэх гэрээ хийхдээ 2014 оны 07 дугаар сард батлагдсан санхүүгийн зохицуулах хорооны журмыг зөрчсөн байна гэсэн хариу ирсэн. Тэгэхээр журам нь 2014 оны 07 дугаар сард батлагдсан. Гэрээ бол 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Тусгай зөвшөөрөл авах хууль зүйн болон эрх зүйн орчинууд нь гэрээ хийснээс хойш үүссэн байна. Гэрээ хийснээс хойш үүссэн учраас нэгэнт эхний гэрээ хүчин төгөлдөр бөгөөд харин тусгай зөвшөөрлүүдийг үнэт цаасны компани өөрсдөө авах үүрэг нь байсан. Гурав дугаарт нь Хуурамч материал дээр үндэслэж гэрээ хийсэн гэсэн байна. Гэтэл 2013, 2014, 2015, 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Эрүүгийн хуулийн дагуу хуурамчаар бичиг баримт үйлдсэн бол гэмт хэрэг болох хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасны дагуу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн улмаас үлэмж их хэмжээний хохирол учирсан бол ялын санкцтай. Хэрвээ  “Н” ХХК нь үнэхээр хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байгаа бол хуурамч бичиг баримт үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Ингэж шалгуулаагүй, цагдаагийн байгууллагад хандаагүй байж хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзвэл энэ нь “Н” ХХК нь өөрсдөө сонгон шалгаруулж аваад өөрсдөө Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өөрийнх нь ажилтны эс үйлдэл байна. Энэ үйлдэл нь “Б” ХК-ийн оролцож хийсэн үйлдэл биш. Гэтэл үүнд цагдаагийн байгууллагад хандаагүй төдий 2017 оны 09 дүгээр сард манай “Б” ХК-ийн захирал н.Отгонжаргалтай “Н” ХХК-ийн одоогийн удирдлагууд уулзсан. Э.Мыг та нар цагдаад өгвөл бид нар дэмжинэ гэсэн яриа хүртэл хийж байсан. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа бол яг ямар бичиг баримтыг ямар байдлаар хуурамчаар үйлдсэн вэ гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд нотлох баримт, тайлбарыг өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу өөрсдөө бүгдийг нотлох шаардлагатай. Э.Мтай гэрээ байгуулах болсон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Э.Мд эрх олгосон 2 албан бичиг байдаг. Энэ хоёр албан бичиг бол “Н” ХХК-аас “Б” ХК-д ирсэн албан тоот биш. “Н” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороо руу явуулсан албан тоотын хуулбарыг бид нарт олгосон. Нэгэнт тамга тэмдэг дарсан, он сар дугаар тавьсан, холбогдох тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан албан тоотыг бид нар ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр мөн эсэхийг шалгах эрх нь “Б” ХК-д хууль зүйн утгаар үүрэг байхгүй. Баримт бичгийг “Н” ХХК хуурамч гэж нотлохдоо энэ хоёр албан тоотын дугаараар өөр албан тоот явсан гэж маргадаг. Тэр өөр албан тоот нь Фруд энд Траст гэх компанид өөр албан тоот явуулсан гэж тайлбарладаг. Гэтэл Фруд энд Траст нь өөрөө “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхол нэгтэй этгээдүүд юм. Тэгэхээр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бичгийг “Н” ХХК нь Фруд энд Траст компанид бичиг явуулсан мэтээр зассан ч байх хууль зүйн бололцоо байна гэж үзэж байна. Дараах тайлбаруудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байна. Танайх гэрээ байгуулсан бол яагаад мөнгийг дансаар биш бэлнээр өгсөн вэ гэж маргадаг. Яагаад 250.000.000 төгрөгийн 152.000.000 төгрөгийг бэлнээр олгосон вэ гэхээр хариуцагч Э.М өөрөө энэ талаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байдаг. Энэ тайлбар нь өмнө нь буцаагдсан хавтаст хэргийн 69 дүгээр талд байгаа. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан захирал нь ажлаа өгсөн бөгөөд захирал солигдож байсан тул төлөөлөн удирдах зөвлөлөөс аудит оруулж байсан ба данс хаасан үед бэлнээр зарим хэсгийг авахаас өөр арга байгаагүй гэж мэдэгдсэн байдаг. Талууд тохиролцсон учраас бэлнээр аваачиж өгсөн. Кассын баримт үйлдэж тамга тэмдгээр баталгаажсан учраас хүчин төгөлдөр мөн. Хэрэв бид мөнгө огт өгөөгүй бол логикийн хувьд ч гэсэн бодоод үзэхээр Э.М буцаагаад гэрээгээр тохирсон үр ашгийг өгөхгүй байх нь харагдаж байна. Хөрөнгө итгэмжлэх гэрээний ерөнхий зүйл буюу 1.1-д хөрөнгийг хөрөнгийн зах зээлд зарцуулахаа мэдэгдсэнээс биш ямар данс ашиглах хэрэглэх тухай гэрээнд тодорхой заагаагүйг анхаарах хэрэгтэй. Өмнөх хавтаст хэргийн 69 дүгээр талд байгаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Э.Мын хариу тайлбарт манай компани данс нээхэд хүндрэлтэй байсан тул уг арилжааг Э.М өөрийн дансаар явуулж байсан бөгөөд олсон ашгийг нэг хэсгийг “Н” ХХК руу нөгөө “Б” ХК-руу оруулж байсан гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн 6 дахь үндэслэлийн хариу тайлбарт: Манай “Б” ХК-тай 2014 оны хувьцаа эзэмшигчийн хурлын материалын талаар дурдсан. Энэ материал дээр “Н” ХХК-тай өмнө хамтран ажиллаж ашиг хийсэн тухай мэдээлэл оруулсан гэдэг боловч үүнийг нотолж чаддаггүй. “Н” ХХК нь Хөрөнгө итгэмжлэх гэрээний талаар сүүлд буюу 2014 оны 12 дугаар сард мэдсэн гэж байгаа боловч ийм байх хууль зүйн боломжгүй. Яагаад “Н” ХХК бол жил бүхэн улирал бүхэн санхүүгийн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг холбогдох байгууллагуудад мэдээллэж байгаа. Тэгэхээр 2013 болон 2014 онуудын дансаар болон бэлнээр 4 удаагийн мөнгө шилжсэн байхад энэ талаар “Н” ХХК хангалттай мэдэж байсан. Ийм үндэслэлүүдээр бид “Н” ХХК сөрөг нэхэмжлэл буюу гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг няцааж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 406 дугаар зүйлийн 406.1-д заасныг баримтлан “Н” ХХК-иас 317 300 000 төгрөгийг гаргуулж “Б” ХК-д олгож, Э.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Н” ХХК-иас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ”Б” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 857950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Н” ХХК-иас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 744 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1021 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00425 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 774 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Б” ХК нь 2016 онд “Н” ХХК болон иргэн Э.М нарт холбогдуулан “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон тул тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу итгэмжилсэн хөрөнгө болох 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг, мөн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2, 4.3-т заасны дагуу сүүлийн 3-н сарын ашиг болох 90 000 000 (ерэн сая) төгрөгийг тус тус хариуцагч “Н” ХХК болон хамтран хариуцагч Э.Мөнхзаяа нараас тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байсан.

Энэхүү нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэж 2018 оны 02-р сарын 21-ны өдөр “Иргэний хуулийн 56- р зүйлийн 56.1.8, 406-р зүйлийн 406.1-д заасныг баримтлан “Н” ХХК-иас 317.300.000 төгрөгийг гаргуулж “Б” ХК-д олгож, Э.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Н” ХХК-иас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн агуулга бүхий шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрт хариуцагч “Н” ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус гомдлыг хянан үзээд 2018 оны 05-р сарын 02-ны өдрийн 1021 тоот магадлал гаргаж “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 21-ний өдрийн 181/Ш2018/00425 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай” гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалд "... Түүнчлэн хариуцагч талаас дээрх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудад өөрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярсайханы гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06-р сарын 15-ны өдрийн 181/Ш32017/08833 дугаар захирамжийн ундэслэх хэсэгт хүсэлтийг хангахгүй талаар дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгт орхигдуулсан байгаагаас дүгнэвэл хариуцагч байгууллагын гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй талаар дүгнэсэн атлаа захирамжлах хэсэгт орхигдуулсан байгаагаас дүгнэвэл хариуцагч байгууллагын гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэх юм...” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талууд өөрсдөө нотлох баримтаа цуглуулах, өөрсдөө цуглуулах боломжгүй бол түүнийгээ шүүхэд хандан цуглуулах зарчмаар хэрэгждэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй хэмээн үзвэл хариуцагчийн зүгээс уг захирамжид гомдол гаргах боломжтой болно. Гэтэл энэхүү эрхээ хариуцагчийн зүгээс эдлээгүй бөгөөд шүүгчийн захирамжийг үйл баримтын хувьд хүлээн зөвшөөрсөн, үүний талаар дахин маргаагүй атал давж заалдах шатны шүүх уг асуудлыг хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болгох нь хуульзүйн үндэслэлгүй юм.

2. Магадлалд “...хэргийн 115, 116-р талд хариуцагч “Нейшнл сэкюритис” ХХК-ийн ... албан бичгүүд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ. Гэтэл уг баримтууд нь хуулбар хувь байгаагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар ... бичмэл нотлох баримтад тавигдсан хуулийн зохицуулалтыг зөрчиж, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосноор...” гэсэн байна. Гэтэл уг баримтууд нь дан ганц манай компаниас гаргаж өгснөөс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж өгсөн хувь хавтаст хэрэгт байх бөгөөд үүнийг нь давж заалдах шатны шүүх үнэлж үзээгүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Н” ХХК, Э.М нарт холбогдуулан Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу шилжүүлсэн 250 000 000 төгрөгийг ашгийн 87 300 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Нэйшнл секюритис ҮЦХ” ХХК 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

“Б” ХК нь талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1/8 дугаартай “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчаас тус гэрээг эс зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргахдаа гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээ байгуулсан гэх Э.Мд компанийн удирдах зөвлөлөөс эрх олгоогүй гэжээ.

Гэрээнд “Нэйшнл секюритис ҮЦХ” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрх олгогдсон Э.Мын эрх зүйн байдлыг нотлох баримт нь хуулийн шаардага хангасан хэлбэрээр авагдаагүй байна.

Нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх дээрх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1., 40.2.,116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх шинжээч томилуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь зохицуулалтад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1021 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХК-ийн төлөөлөгч М.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 774 450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД