Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 142/шш2018/00162

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2018/00162

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Ү-д ХХК-нд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.о , нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.о , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.о шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бГ.Е нь 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Э Ү ХХК-д МТХБаазын даргаар ерөнхий захирлын Б/118 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байхад нь 2015 оны 05 дугаар сард үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулжээ. Түүнийг 2013, 2014 онуудад МТХБ-д хадгалагдаж байсан хайлшийн орцын нэмэгдэл болох фөрромарганец-75-ыг зохих зөвшөөрөлгүй 3 удаа 90 тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ашиг олох зорилгоор өгч үрэгдүүлсэн гэж яллагдагчаар татаж шалгаад хэргийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын Б\189 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үүнээс 2 хоногийн дараа буюу 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Б/750 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн бГ.Е-г ажлаас нь халсан. бГ.Е нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж байгаа учир түүнээс надад олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийг Э Ү ХХК-ийн МТХБ-ын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. бГ.Е нь сард 2 200 000 төгрөгийн, 2315 ам долларын цалин авдаг тухай нотлох баримт хэрэгт байгаа. Тэгэхээр цалин 2 200 000*31сар=68 200 000 төгрөг байна. Харин ам долларыг өнөөдрийн ханшаар тооцож бодвол ам доллын цалин нь 71 765 ам доллар байгаа бөгөөд Монгол банкны ханшаар тооцоход 71 765*2420.08=173 677 041 төгрөг байна. Иймд хариуцагч Э Ү ХХК-иас нийт 241 877 109 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ОХУ-ын иргэн б .Г.Е нь Э Ү ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ажилтан б .Г.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

ОХУ-ын иргэн б .Г.Е нь Э Ү ХХК-ийн Материал техник хангамжийн баазын даргын албан тушаалд ажиллаж байхдаа тус компанийн Э Ү ХХК-ийн МТХБ-ын агуулахуудад бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам-ыг зөрчсөний улмаас ажил олгогчид онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ОХУ-ын иргэн б .Г.Е-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/750 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: бГ.Е-ийн нэхэмжлэлтэй, Э Ү ХХК-нд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Ж.Отгонбаяр миний охин өвдсөн, охиноо асарч байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаа дуусч байгаа тул уг хэргийг миний оролцоогүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй. Энэхүү иргэний хэрэгт болон эрүүгийн хэрэгт нь анхнаас нь бүрэн төлөөлж оролцсон, хэргийг сайн мэдэж байгаа тэргүүлэх хуульч Д.т оролцож байгаа учраас хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

Зохигчийн тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч бГ.Е нь хариуцагч Э Ү ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 241 877 109 төгрөг, 71 765 ам доллар гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч бГ.Е нь 2010.07.02-ны өдрөөс Э Ү ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаартай тус үйлдвэрийн ерөнхий захиралын тушаалаар ажлаасаа халагдсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

бГ.Е-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Э Ү ХХК-ийн дотоод журмын 8.2 дахь заалт, бГ.Е-тэй байгуулсан 57 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус баримталжээ./хх9х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бГ.Е нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй байна. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд хэзээ ямар ямар зөрчил гаргасныг нь нотлоогүй болно.

Түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг: гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх,

Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэгт: хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай.

Харин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогоогүй, бГ.Е-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар нэрлэн заагаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Мөн Э Ү ХХК-ийн дотоод журмын 8.2 дахь заалтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа баримталсан боловч хариуцагч байгууллага нь дотоод журмаа хэрэгт ирүүлээгүй болно.

Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцална гэж заасан байх ба, 10.2-д нэг тал нөгөө талын шаардсанаар гэрээний нөхцөлийг биелүүлэхгүй байх: ажилтан гэрээний нөхцөлийг биелүүлээгүй бол ажил олгогч гэрээг цуцлах тухайгаа 2-оос доошгүй сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан.

Эндээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний 10.2-т заасан гэрээний нөхцөлийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ажил олгогч гэрээг цуцлах тухайгаа 2-с доошгүй сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэдгийг зөрчсөн байна.

Харин хөдөлмөрийн болон компанийн дотоод журам, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бол ажил олгогчийн зүгээс гэрээг цуцлах шийдвэрийг ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй байж болохоор хөдөлмөрийн гэрээнд зохицуулагджээ.

Нэхэмжлэгч Б Г.Е-т 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж бараа материалд тавих хяналтыг сулруулж, зохих зөвшөөрөлгүй гадны байгууллагад бараа материал олгож үргэдүүлсэн гэж Орхон аймгийн Прокурорын газар 201514000293 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Прокурорын газрын 5/135 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 1/77 дугаартай Улсын Ерөнхий Прокурорын газрын тогтоолоор Орхон аймгийн Прокурорын газрын 5/135 дугаартай тогтоолын Олсон нь хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. /хх54-58, 70-106/

Хариуцагчийн төлөөлөгч Б Г.Е-г Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, Э Ү ХХК-д хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн талаар болон, Э Ү ХХК-д ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг нотлоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлоогүй байна.

Иймд Б Г.Е-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Э Ү ХХК-ийн ерөнхий захиралын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Б Г.Е-г Э Ү ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хэргийн 27-28 дугаар хуудасд авагдсан Э Ү ХХК-ийн тодорхойлолтын дагуу 31 сараар тооцож гарав.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнээс буюу долларын төгрөгтэй харьцах ханш хэргийг шийдвэрлэсэн 2018.02.09-ны байдлаар /Монгол банкны сайтаас/ 2 405.35 байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо төгрөгт шилжүүлэн Э Ү ХХК-с 2 230 435 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан бГ.Е-г Э Ү ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 241 877 041 төгрөг, 71 765 долларыг Э Ү ХХК-с гаргуулан бГ.Е-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Э Ү ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 2 230 435 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА