Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02668

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02668

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.М-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

 

1 916 415 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

1 927 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Д нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг автомашинаар мөргөж, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 676 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагчийг гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулж, эмчилгээний зардалд 6 314 728 төгрөг гаргуулсан. Ослын улмаас нэхэмжлэгчийн баруун хөлний чагтан холбоос, дотор холбоосын хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясанд үений гадаргуу дайрсан шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, тахилзуур ясны шаанттай үе үүсгэж байгаа хэсгийн хугарал, хоёр өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тахимд зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Эрүүгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш буюу 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт нийт 717 415 төгрөг зарцуулсан. Мөн дээрх 2018 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нь явж чадахгүй, эмчилгээнд хийлгэхээр эмнэлэгт очиход бусдын автомашинд шатахуун хийж явсан бөгөөд уг зардалд 200 000 төгрөг зарцуулсан. Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа өвсөн бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн. Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид нийт 1 927 200 төгрөгийн зардал гарсан. Үүнээс эмчилгээний зардалаас 16 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх нийт 1 916 415 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолын дагуу эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого, аудитын зардалд нийт 6 314 728 төгрөгийг шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч Ж.Л нараас гаргуулан И.М-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд миний бие түүнд болон түүний эхнэрийн дансаар ослын улмаас нийт 8 242 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр төлбөл зохих хэмжээнээс хэтэрсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ослын улмаас нэхэмжлэгчийн хэрэглэсэн гэх эм, тариа нь хөлний зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээтэй ямар ч хамааралгүй байна. Шатахууны зардлын хувьд уг шатахуун нэхэмжлэгчээс гарсан эсэх, мөн түүнийг нэхэмжлэгч хэрэглэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Өмгөөлөгчид төлсөн хөлсний тухайд өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг. Тэрээр өөрөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хөлс төлснийг хариуцагч тал хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор биднаас 6 314 728 төгрөг гаргуулж И.М-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 460 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр  682 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын сүүлээр 300 000 төгрөг, нийт 8 242 000 төгрөг төлсөн. Иймд илүү төлсөн 1 927 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болсон. Энэ хурлаас өмнө хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 460 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 682 000 төгрөг, нийт 2 142 000 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл тухайн төлбөр нь эрүүгийн хэрэгт И.М-ын гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн байдаг. Шийтгэх тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин, аудитын дүгнэлт гарсан нэхэмжлэхийг үндэслэн Б.Д-гээс 6 314 728 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс шүүх хурал болохоос өмнө гаргаж өгсөн эмчилгээний зардал болон шатахууны зардлыг төлсөн төлбөрийг одоо нэхэмжилж буй гэм хорын хохирлоос гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 1 932 415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 16 000 төгрөгөөр багасгаж, нийт 1 916 415 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс илүү төлсөн 1 927 200 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 1 916 415 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 199 000 төгрөг, шатахууны зардалд 717 415 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 1 916 415 төгрөг гаргуулахаар тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...эмчилгээний болон шатахууны зардал баримтаар тогтоогдоогүй, ...нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр авсан тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг төлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 676 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Долгорсүрэнг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч И.Мөнхбатын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнг 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Б.Долгорсүрэн болон иргэний хариуцагч Ж.Лхамдулам нараас 6 314 728 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хариуцагчийн гэм буруутай эсэхийг шүүх дахин нотлох шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдэлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд буюу түүний баруун өвдөгний урд чагтан холбоос, дотор холбоосын хэсэгчилсэн урагдалт, тахилзуур ясанд үений гадаргуу дайрсан шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, тахилзуур ясны шаанттай үе үүсгэж байгаа хэсгийн хугарал, хоёр өвдөгний үений зөөлөн эдийн нацрал, зулгаралт, баруун тахимд зулгаралт учирсан үйл баримт илэрхий болсон байна.

 

Шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор хариуцагчийг тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсанаас эмчилгээний зардалд 541 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг шүүхийн шийтгэх тогтоолоос хойш хугацааны эмчилгээний зардалд 199 000 төгрөг шаардсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд үүнд эмчилгээний зардал мөн адил хамаарах хэдийн боловч энэ нь баримтаар тогтоодсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгчээс эмчилгээний зардалд нийт 199 000 төгрөг зарцуулсанаа нотлохоор төлбөр төлсөн баримтууд болон “амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, энгийн эмийн жор зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 9-17 дугаар тал/. Дээрх баримтуудаас шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хугацаанд үйлдэгдсэн энгийн эмийн жорын дагуу олгогдсон нийт 81 910 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралтай байна. Харин бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэлд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойшх хугацаанд нэхэмжлэгчээс эмчилгээний зардалд гарсан 81 910 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчээс эмчилгээ хийлгэхэд бусдын автомашинаар зорчиж, 717 415 төгрөгийн шатахуун худалдан авсан гэх боловч уг баримтуудын зарим нь уншигдахгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх 13 дугаар тал/ Мөн үлдэх баримтыг хэрэг хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн шатахууныг нэхэмжлэгч худалдан авсан эсэх, мөн тухайн шатахууныг нэхэмжлэгч эмчилгээ хийлгэхдээ автомашинд хэрэглэсэн зэрэг нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 68 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч О.Баярбаясгалантай байгуулсан байх бөгөөд гэрээнд өмгөөлөгчийн хөлсийг 1 000 000 төгрөг байхаар заажээ. Улмаар нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон байна.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу өмгөөлөгчид 1 000 000 төгрөг төлсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин нэхэмжлэгчийг сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тул уг төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөдЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч нь өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилготой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс  өмгөөлөгчийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч уг эрхээ хамгаалуулахад дээрх хэмжээний зардал гарсан буюу хохирол учирсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн “нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой зардлыг хариуцахгүй” гэх татгалзал хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

2. 1 927 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчаас 6 314 728 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч нийт 8 242 000 төгрөг төлсөн. Илүү төлсөн зөрүү 1 927 200 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь уг шаардлагыг үгүйсгэн маргажээ.

 

Шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 541 240 төгрөг, аудитын үнэлгээний төлбөрт 240 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлогод 5 533 488 төгрөг, нийт 6 314 728 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн банкны бэлэн бус гүйлгээгээр нэхэмжлэгчид 2 142 000 төгрөг төлсөн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад буюу эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд нийт 2 442 000 төгрөг авсан болох нь эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд уг 2 442 000 төгрөгөөс 1 927 200 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүссэн, үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид хохирол төлсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс хохиролд илүү төлсөн гэх зөрүү 1 927 200 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 1 082 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 833 505 төгрөг болон нэхэмжлэгчээс 1 927 200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Томилогдсон иргэний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч талын иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-гээс 1 082 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 833 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Мөнхбатад холбогдох 1 927 200 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Долгорсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30 540 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН

                            

                                ШҮҮГЧИД                                Т.ГАНДИЙМАА

 

      М.МӨНХТӨР