Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00481

 

 

 

И.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02668 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2076 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: И.Мөнхбат

Хариуцагч: Б.Долгорсүрэн

 

нэхэмжлэл: 1,916,415 төгрөг гаргуулах тухай,

сөрөг нэхэмжлэл: 1,927,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2020.01.06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхамдуламаас гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Долгорсүрэн нь 2018.05.30-ны өдөр И.Мөнхбатыг автомашинаар мөргөж, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан. Хариуцагч нь 2018.06.18-ны өдөр 500,000 төгрөг, 2018.06.22-ны өдөр 300,000 төгрөг, 2018.07.01-ний өдөр 200,000 төгрөг, 2018.07.11-ний өдөр 460,000 төгрөг, 2018.08.20-ны өдөр 682,000 төгрөг, нийт 2,142,000 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл тухайн төлбөр нь эрүүгийн хэрэгт И.Мөнхбатын гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн. Ослын улмаас нэхэмжлэгчийн баруун хөлний чагтан холбоос, дотор холбоосын хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясанд үений гадаргуу дайрсан шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, тахилзуур ясны шаанттай үе үүсгэж байгаа хэсгийн хугарал, хоёр өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тахимд зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.28-ны өдрийн шүүх хуралдаанаар 676 дугаар шийтгэх тогтоол гарч, хариуцагчийг гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулж, И.Мөнхбатад Б.Долгорсүрэнгээс 6,314,728 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2018 оны 09 сараас 2019.06.30-г хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт нийт 717,415 төгрөг зарцуулсан. Мөн дээрх 2018 оны 09 сараас 10 сарын хооронд нэхэмжлэгч нь явж чадахгүй, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт очиход бусдын автомашинд шатахуун хийж явсан бөгөөд уг зардалд 200,000 төгрөг зарцуулсан. Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа өвсөн бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн. Иймд 2018 оны 09 сараас 2019.06.30-г хүртэлх хугацааны эмчилгээний төлбөр 717,415 төгрөг, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт очиход зарцуулсан автомашины шатахууны зардал 200,000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 1,916,415 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс шүүх хурал болохоос өмнө гаргаж өгсөн эмчилгээний зардал болон шатахууны зардалд төлсөн төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: шийтгэх тогтоолоор хариуцагчаас 6,314,728 төгрөг гаргуулж, И.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл бид ХХША-ны явцад болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018.06.18-ны өдөр 500,000 төгрөг, 2018.06.22-ны өдөр 300,000 төгрөг, 2018.07.01-ний өдөр 200,000 төгрөг, 2018.07.11-ний өдөр 460,000 төгрөг, 2018.08.19-ний өдөр 682,000 төгрөг, 2018.10.16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.11.28-ны өдөр 600,000 төгрөг, 2018.12.28-ны өдөр 600,000 төгрөг, 2019.01.29-ний өдөр 600,000 төгрөг, 2019.02.28-ны өдөр 600,000 төгрөг, 2019.03.29-ний өдөр 600,000 төгрөг, 2019.04.28-ны өдөр 600,000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 600,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 600,000 төгрөг, 2018.06 сарын сүүлээр 300,000 төгрөг, нийт 8,242,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр төлбөл зохих хэмжээнээс хэтэрсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ослын улмаас нэхэмжлэгчийн хэрэглэсэн гэх эм, тариа нь хөлийн зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээтэй ямар ч хамааралгүй байна. Шатахууны зардлын хувьд уг шатахуун нэхэмжлэгчээс гарсан эсэх, мөн түүнийг нэхэмжлэгч хэрэглэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хөлс төлснийг хариуцагч тал хариуцахгүй тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Иймд илүү төлсөн 1,927,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 102/ШШ2019/02668 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Долгорсүрэнгээс 1,082,910 төгрөг гаргуулан И.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс үлдэх 833,505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 30,540 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, 45,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2076 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Лхамдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..хэргийн үйл баримтад нийцүүлэн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал болох 1сая төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу өмгөөлөгчид 1сая төгрөг төлсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин нэхэмжлэгчийг сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тул уг төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монголын улсын иргэн Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалахаар хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч нь өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилготой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд 1сая төгрөг төлсөн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч нь уг эрхээ хамгаалуулахад дээрх хэмжээний зардал гарсан буюу хохирол учирсан гэж үзэхээр байна. Иймд ... нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497.1-д зааснаар өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй. гэжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д хохирогч өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж зааснаас гадна эрүүгийн болгоомжгүй гэмт хэргийн улмаас И.Мөнхбатын эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотойгоор өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч төлбөр төлснийг учирсан эд хөрөнгийн хохирол гэж дүгнэх юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1сая төгрөгийг Иргэний хуулийн 510.1-д зааснаар хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан нь зөв байна. гэжээ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14- д заасан иргэний хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дах хэсгийн 1 1-д заасан заасан өмгөөлөгч авах эрх нь өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэгжүүлсэн эрх болохоос биш хохирол нэхэмжлэх субъектив эрх биш юм. Иргэний хуулийн 497.1-д заасан гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо бодит хохирлыг тооцох ёстой. Эрүүгийн хэрэгт хохирогч өмгөөлөгч оролцуулсан нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөс гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229.1-д заасан хохиролд хамаарахгүй болно. Тээврийн хэрэгслийн ашиглалтын буруугаас И.Мөнхбатын эрүүл мэндэд учирсан бодит хохирол, түүнийг сэргээн эмчлэхэд зориулсан эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан бөгөөд бусад хохирогчийн өөрийн хүсэл зоригоор сайн дурын үндсэн дээр гаргасан зардлыг хуулийн дагуу хариуцан төлөх үүрэггүй тул өмгөөлөгчийн хөлсийг хохиролд тооцсон нь буруу. Мөн хэрэгт авагдсан баримтаар өмгөөлөгчийн зардалд 1сая төгрөг төлсөн гэх баримт байхгүй байхад шууд нэг талын байр суурийг барьж өмгөөлөгчийн хөлсөнд 1сая төгрөг бодитоор төлсөн гэж дүгнэсэн ИХШХШТХ-н 25.2.2, 37.1,40.2-т заасантай нийцэхгүй байна. Хариуцагч нар нь И.Мөнхбатын эрүүл мэндэд гэм хор учруулсанд маргаагүй бөгөөд эрүүл мэндийг нөхөн сэргээх хууль ёсны, эмчийн жор зөвлөмжийн дагуу эрүүл мэндийг сэргээхэд гарах зардлыг төлөхөөс татгалзаагүй, гэм буруугийн хувьд маргаагүй билээ. Иргэний хуулийн 497.1, 499.1 дэх хэсэгт зааснаар зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөх үүрэг үүсч байгаа болохоос биш хохирогч сайн дураараа хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг тус ослын хохиролд оруулан тооцохгүй байтал шүүх хуулийг буруу хэрэглэж шууд хохиролд тооцогдохгүй бусад зардлыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримт, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн бодитоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Анхан шатны шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд нийт 2,442,000 төгрөг авсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд уг 2,442,000 төгрөгөөс 1,972,200 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгах үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүссэн, үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол төлсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс хохиролд илүү төлсөн гэх зөрүү 1,927,200 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна. гэжээ. Давж заалдах шатны шүүх Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Долгорсүрэн нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд төлөгдөөгүй үлдэх хохирлыг 6,314,728 төгрөгөөр тодорхойлж Б.Долгорсүрэн, Ж.Лхамдулам нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс дүгнэвэл шийтгэх тогтоол гаргахаас өмнө төлөгдсөн 2,142,000 төгрөгийн талаар хүчин төгөлдөр шийдвэр гарсан, энэ мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан шаардах эрхгүй юм. гэжээ. Хариуцагч Б.Долгорсүрэн, Ж.Лхамдулам нар нь зам тээврийн осол болмогц эмчилгээнд шаардлагатай зардлуудыг хохирогч, мөрдөгчийн шаардсанаар тухай бүр өгч байсан, ингэхдээ эмчилгээнд зарцуулагдаж байгаа гэж бодож байсан боловч хожим хэргийн материалтай танилцахад тус баримтууд нь эмчилгээнд зориулагдаагүй өөр өвчнийг эмчлэх зориулалттай эм тариа, хохирогч хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй шатахууны баримт, сүлжээний бүтээгдэхүүн кофе, шүдний оо, жирэмснээс хамгаалах эм, ханиадны, гэдэсний, сэтгэцийн өвчинд уудаг эм зэрэг баримтууд байсан тул хохиролд хамааралгүй байсан ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын үед төлөгдсөн төлбөрийг хохирогч нар нэхэмжлээгүй, энэ талаар шүүхийн дүгнэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр буцаан нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нар эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө мөрдөн байцаалтын шатанд хохиролд тооцсон тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргадаг. Мөн И.Мөнхбат нар баримтаар гаргаж өгсөн тус эмүүдийг эмчийн үзлэг жорын дагуу хэрэглэсэн гэдгээ нотолж чадаагүй болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хохирогч болон түүний өмгөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжилсэн эмчилгээний зардалд 541,240 төгрөг, аудитын зардалд 240,000 төгрөг, олох ёстой байсан орлого 5,533,488 төгрөгийг л гаргуулж шийдвэрлэсэн болохоос биш урьд мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн 2,442,000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй нээлттэй орхисон байдаг. Ийнхүү Иргэний хуулийн 8,9 дүгээр зүйл, 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд мэдүүлэх эрхийн үүднээс хууль бус хуурамч баримтыг үндэслэн төлсөн 2,442,000 төгрөгийн 1,972,200 төгрөгийг И.Мөнхбатаас буцаан нэхэмжилсэн. Үүнтэй холбогдуулан хэрэгт авагдсан хохирол нэхэмжлэхэд баримт болгон ирүүлсэн хуурамч нотлох баримтуудыг эрүүгийн хэргийн материалаас нотлох баримтаар татуулан шинжлэн судлуулсан. Б.Долгорсүрэн, Ж.Лхамдулам нар нь бусдад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөөс татгалзаж цааргалсан зүйлгүй, гагцхүү хууль ёсны үндэслэл бүхий шууд хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байсан. Гэвч И.Мөнхбат болон түүний эхнэрийн мөрдөгчид гаргаж өгсөн баримтууд зам тээврийн осолд хамаарахгүй, учирсан гэмтлийг эмчлэхэд холбоогүй байсан учир төлөх үүрэггүй байсан болохыг шүүх зүй ёсоор нь үнэлсэнгүй. Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас И.Мөнхбатын эрүүл мэндэд учруулсан хохирол, түүнийг арилгахад чиглэсэн бодит зардлыг төлөх үүрэгтэй боловч ослоос шалтгаалаагүй ердийн өвчин, гэр бүлийн бусад гишүүдийн эм тариа, шатахуун зэргийг төлөх үүрэггүй байтал шүүх бүхэлдээ хохирогч шаардсан л бол учирсан гэмтэлд ямар ч хамаагүй зардал хохирлыг төлөх үүрэгтэй мэтээр тайлбарлан Иргэний хуулийн 492.1-г бодит байдалд нийцэхээргүй буруу тайлбарласан нь хууль бус байна. Иймд шийдвэрийн зарим хэсгийг, магадлалыг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулан, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.Мөнхбат 2019.07.19-ний өдөр Б.Долгорсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 1,916,415 төгрөг шаардахдаа ...зам тээврийн осолд орж хохирол учирсан... 2018.09 сараас 2019.06.30-ны өдөр хүртэл хугацааны эмчилгээний төлбөр 717,415 төгрөг, шатахуунд 200,000 төгрөг зарцуулсан, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг төлсөн... гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...эм, тариа нь зам тээврийн осолтой хамааралгүй байна... мөн шатахууныг нэхэмжлэгч гаргасан, хэрэглэсэнг нотлох баримт байхгүй... өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа гаргасан нэхэмжлэгчийн зардлыг хариуцагч төлөх ёсгүй... гэж марган, ...шийтгэх тогтоолд зааснаас илүү мөнгө төлсөн.. гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж 1,927,200 төгрөгийг шаардсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас эмчилгээний зардал 82,910 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг нийт 1,082,910 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шийдвэр, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагчийн гомдлын хэмжээнд И.Мөнхбатын нэхэмжлэлтэй хэргийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Долгорсүрэн 2018.05.30-ны өдөр 36-41 УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, И.Мөнхбатын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.28-ны өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогджээ.

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

И.Мөнхбат нь 2018.09 дүгээр сараас 2019.06.30-ны өдрийг хүртэл хугацаанд зам тээврийн осолтой холбоотой эмчилгээнд 82,920 төгрөгийн зардал гаргаж хохирсон тухай шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн, гэмт хэргийн хохирогч И.Мөнхбат нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан нь нотлогдсон байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн болон эмчилгээний зардалтай холбоотой шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд нийцсэн гэж үзлээ.

 

3. ...Шийтгэх тогтоолоор 6,314,728 төгрөг төлөх болсон...шийтгэх тогтоолоос өмнө нэхэмжлэгчид 2,442,000 төгрөг төлсөн... тогтоолын дараа 5,800,000 төгрөг нийт 8,242,000 төгрөг төлсөн.. гэсэн үндэслэлээр хариуцагч 1,927,200 төгрөг шаардсаныг шүүх хэлэлцэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба үүнийг буруутгах баримтгүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө хуульд заасан тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.08.28-ны өдөр 676 дугаар шийтгэх тогтоолоос өмнө төлөгдсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэх үйл баримт нь төлөгдсөн мөнгийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй буюу И.Мөнхбат бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хяналтын гомдлыг хангах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчинө.

4. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02668 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2076 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 61,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ