Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2076

 

И.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02668 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: И.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Дэнд холбогдох,

 

Гэм  хорын хохирол 1 916 415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд илүү төлсөн 1 927 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Лхамдулам,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Дэн нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр И.Мыг автомашинаар мөргөж, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан.

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 460 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 682 000 төгрөг, нийт 2 142 000 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл тухайн төлбөр нь эрүүгийн хэрэгт И.Мын гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн.

Ослын улмаас нэхэмжлэгчийн баруун хөлний чагтан холбоос, дотор холбоосын хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясанд үений гадаргуу дайрсан шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, тахилзуур ясны шаанттай үе үүсгэж байгаа хэсгийн хугарал, хоёр өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тахимд зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар 676 дугаар шийтгэх тогтоол гарч, хариуцагчийг гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулж, И.Мад Б.Дэнгээс 6 314 728 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш буюу 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт нийт 717 415 төгрөг зарцуулсан. Мөн дээрх 2018 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нь явж чадахгүй, эмчилгээнд хийлгэхээр эмнэлэгт очиход бусдын автомашинд шатахуун хийж явсан бөгөөд уг зардалд 200 000 төгрөг зарцуулсан. Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа өвсөн бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн

Иймд 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээний төлбөр 717 415 төгрөг, эмчилгээнд хийлгэхээр эмнэлэгт очиход зарцуулсан автомашины шатахууны зардал 200 000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 1 916 415 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс шүүх хурал болохоос өмнө гаргаж өгсөн эмчилгээний зардал болон шатахууны зардалд төлсөн төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчаас 6 314 728 төгрөг гаргуулж И.Мад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 460 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр  682 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын сүүлээр 300 000 төгрөг, нийт 8 242 000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэ нь шүүхийн шийдвэрээр төлбөл зохих хэмжээнээс хэтэрсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ослын улмаас нэхэмжлэгчийн хэрэглэсэн гэх эм, тариа нь хөлийн зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээтэй ямар ч хамааралгүй байна. Шатахууны зардлын хувьд уг шатахуун нэхэмжлэгчээс гарсан эсэх, мөн түүнийг нэхэмжлэгч хэрэглэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хөлс төлснийг хариуцагч тал хариуцахгүй тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Иймд илүү төлсөн 1 927 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дэнгээс 1 082 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 833 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Мад холбогдох 1 927 200 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Дэнгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30 540 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч авах эрх нь өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэгжүүлсэн эрх болохоос биш хохирол нэхэмжлэх эрх биш юм. Иргэний хуульд зааснаар гэм хорын хохирлыг хэмжээг тогтоохдоо бодит хохирлыг тогтоох ёстой. Эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан, бусад хохирогчийн өөрийн хүсэл зоригоос сайн дурын үндсэн дээр гаргасан зардлыг хуулийн дагуу хариуцан төлөх үүрэггүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримт, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн бодитоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч Б.Дэн, Ж.Лхамдулам нар нь зам тээврийн осол болмогц эмчилгээнд шаардлагатай зардлуудыг хохирогч, мөрдөгчийн шаардсанаар тухай бүр өгч байсан ба ингэхдээ эмчилгээнд зарцуулагдаж байгаа гэж бодож байсан. Гэтэл хожим хэргийн материалтай танилцахад эмчилгээнд зориулагдаагүй өөр өвчнийг эмчлэх зориулалттай эм тарианы төлбөр, хохирогч хэрэглэсэн гэдэг нь эргэгзээтэй шатахууны баримтууд байсан учраас хохиролд хамааралгүй гэдэг үндэслэлээр буцаан нэхэмжилсэн.

И.М нь баримтаар гаргаж өгсөн тус эмүүдийг эмчийн үзлэг, эмийн жорын дагуу хэрэглэсэн гэдгээ нотолж чадаагүй.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хохирогч болон түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжилсэн эмчилгээний зардалд 541 240 төгрөг, аудитын зардалд 240 000 төгрөг, олох ёстой байсан орлого 5 533 488 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болохоос урьд мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн 2 442 000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй нээлттэй орхисон.

Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас И.Мын эрүүл мэндэд учруулсан хохирол, түүнийг арилгахад чиглэсэн бодит зардлыг төлөх үүрэгтэй боловч ослоос шалтгаалаагүй ердийн өвчин, гэр бүлийн бусад гишүүдийн эм тариа, шатахуун зэргийг төлөх үүрэггүй байтал шүүх хохирогч шаардсан л бол төлөх үүрэгтэй мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Б.Дэнд холбогдуулан гэм хорын хохирол 1 916 415 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэм хорын хохиролд илүү төлсөн 1 927 200 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Б.Дэн нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Лхамдуламын эзэмшлийн 36-41 УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа И.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 676 дугаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Дэн болон иргэний хариуцагч Ж.Лхамдулам нараас 6 314 728 төгрөг гаргуулан И.Мад олгож шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Анхан шатны шүүх И.Мад учруулсан хохиролд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн гүйлгээгээр 2 142 000 төгрөгийг хариуцагч Б.Дэн төлсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, уг төлбөрийн баримтаас дүгнэвэл төлбөрийг 5 удаагийн гүйлгээгээр хариуцагч Б.Дэн нь Ж.Лхагвадуламтай хамтран төлсөн байна. Шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 800 000 төгрөгийг И.Мад төлсөн болохыг анхан шатны шүүх тогтоохдоо Ж.Лхагвадуламыг мөн орхигдуулан дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч И.М нь эрүүл мэндэд учирсан хохиролд 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээнд төлсөн төлбөр 717 415 төгрөг, эмчилгээнд хийлгэхээр эмнэлэгт очиход зарцуулсан автомашины шатахууны зардалд 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 1 916 415 төгрөгийг гаргуулана гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 9-17 хуудсанд авагдсан 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамааралтай эмчилгээний зардлыг И.Мын амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн онош, эмчилгээг энгийн эмийн жорд бичсэн эм худалдан авсан байдалтай харьцуулан дүгнэж хариуцагчаас эрүүл мэндийн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт хохирлын хэмжээг дүгнэхдээ 81 920 төгрөг гэж алдаа гаргасныг 82 920 төгрөг байна гэж залруулах нь зүйтэй.

 

Харин автомашинд шатахуун хийж зардал гаргасныг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болон эх хувь буюу нотариатаар гэрчлүүлсэн гэснийг хангаагүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч мөн шийдвэрийг үндэслэх хэсэгт шатахууны зардлыг нэхэмжлэгч 200 000 төгрөг гэж тодорхойлсон байхад шүүх 717 415 төгрөг гэж тооцооллын хувьд алдаатай дүгнэснийг залруулав.

 

Учир нь, баримтаар авагдсан тухайн шатахууны төлбөрийг нэхэмжлэгч төлсөн, нэхэмжлэгч эмчилгээ хийлгэхдээ автомашинд авч хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгч О.Баярбаясгалантай 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд өмгөөлөгчийн хөлсийг 1 000 000 төгрөг байхаар тохиролцож, нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д “хохирогч өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж зааснаас гадна эрүүгийн болгоомжгүй гэмт хэргийн улмаас И.Мын эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотойгоор өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч төлбөр төлснийг түүнд учирсан эд хөрөнгийн хохирол гэж дүгнэх юм.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан нь зөв болжээ.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 676 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагчаас 6 314 728 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, И.Мад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 442 000 төгрөг, шүүхийн шийтгэх тогтоол гарсны даргаа 5 800 000 төгрөг, нийт 8 242 000 төгрөг төлсөн байх тул 1 927 200 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлажээ.

 

Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Дэн нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд төлөгдөөгүй үлдэх хохирлыг 6 314 728 төгрөгөөр тодорхойлж Б.Дэн, Ж.Лхамдулам нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс дүгнэвэл шийтгэх тогтоол гарахаас өмнө төлөгдсөн 2 142 000 төгрөгийн талаар хүчин төгөлдөр шийдвэр гарсан, энэ мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан шаардах эрхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчээс 1 927 200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА