Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л ХХК

 

Хариуцагч: Х ХХК

 

Хариуцагч: М ХХК

 

            50.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсоныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л ХХК нь кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа багаад хамтран ажиллах гэрээний дагуу 2013, 2014 оны ашгаас өөрт оногдох хэсэг 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Л ХХК нь БНСУ-ын ГХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт хийж, кабелийн шугамаа татах бүхий л ажлаа хийж хамтран ажилласан. Хамтран ажиллаж байсантай холбоотойгоор гэрээний дагуу ногдол ашгаа 60%, 40%-иар авахаар тооцож 60%-ийн ашгийг Л ХХК авахаар болсон. Гэтэл гэрээний дагуу ашгаа өгөөгүй тул 100.000.000 төгрөгийн ашиг гаргуулахаар шүүхэд хандаж Баянгол дүүргийн шүүх 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн .. тоот шийдвэрээр шаардах эрхтэй  гэж үзээд 100.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр гарснаас хойш Л ХХК нь тухайн гэрээний дагуу, ашгаа авах, үйл ажиллагаанд оролцох боломжийг Х ХХК, М ХХК нь олгоогүй тул 2015 оны 02 сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ц ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Х ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 563.636.364 төгрөгийн борлуулалтын орлого, 89.573.720 төгрөгийн зардлыг ил болгож тайлагнаснаар нийт цэвэр ашиг нь 474.063.644 төгрөг гэж гарсан. М ХХК-ийн хувьд ч гэсэн ашиг олсон. Х ХХК, М ХХК нь Л ХХК-ийн анхны хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр бий болсон интернэт, кабел дамжуулалт, хэрэглэгчдээс үйлчилгээ үзүүлсний дүнд төлбөр авч ашиг олдог байгууллага. Энэ ашиг олох үндэслэлийг нь Л ХХК тавьж өгсөн бөгөөд 3 шатны шүүх ч дүгнэсэн байгаа.  Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон орлого ашгиас Л ХХК гэрээний дагуу ашгаа шаардах эрхтэй. Эдгээр компаниуд нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай, энэ улсын хуулийг дээдэлдэг байгууллага гэж хариу тайлбар өгдөг боловч олсон ашгаасаа Монгол улсад татвар төлдөггүй, дандаа алдагдалтай ажилладаг гэж байгаа боловч эдийн засгийн өршөөлд хамрагдаж гаргаж өгсөн тайлан дээр их хэмжээний ашиг олдог. Түүнийгээ нуун дарагдуулдаг үйл баримт харагдаж байгаа.  Хамтран ажиллах гэрээний хугацаа хүчинтэй байгаа бөгөөд хариуцагч талаас ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлт гаргаж байгаагүй учир  50,000,000 төгрөгийн ашгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Иймд 2013, 2014 оны ашигаас хариуцагч Х ХХК, М ХХК-иас тус бүрээс 25.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Х, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан Аж ахуй эрхлэх гэрээ БНСУ-ын Гкомпани Монгол улсын Л ХХК-тай хамтарч байгуулсан. Гэрээг байгуулахын өмнө 2003 онд хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичиг үйлдэж, гэрээг байгуулсан. Аж ахуй эрхлэх гэрээгээр 4 төрлийн ажил буюу кабелын телевизийн сүлжээ тавих, нэвтрүүлгийн төвтэй холбоотой түрээс эрхлэх,  нэвтрүүлгийн нээлттэй их сургууль байгуулах, интернэт ба валлпиг тусгай гэрээ байгуулахаар гэрээний хамрах хүрээг тооцож байгуулсан. 2004 онд талууд кабелын телевизийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ гэрээний 3 дугаар зүйлд  үүрэг хувиарлах, зардал хувиарлах, угсралтын ажил хувиарлах, бусад хэсэг гэсэн үндсэн тохироо хийсэн. Үүрэг хувиарлах хэсэгт А тал буюу Солонгос тал нь кабелын телевизийн сүлжээ болон нэвтрүүлгийн төв байгуулах, угсралтын ажиллагааны төлөвлөгөөг нь зохиох, кабелын телевизийн сүлжээний түрээс болон бусад ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, нэвтрүүлгийн төв байгуулснаар нэвтрүүлгийн хөтөлбөрөөр хангах, Монгол улсад амьдарч байгаа Солонгос хэрэглэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлгийн сувгуудын хөтөлбөрийг нийлүүлэх, сүүлийн үеийн Солонгос драмыг Монгол болон Солонгос хэлээр орчуулсан текстээр нь нийлүүлэх, нэвтрүүлгийн хөтөлбөр нийлүүлэх үед Б тал хариуцах ёстой зардлыг тохиролцож хийнэ гэсэн байгаа. Б тал нь үүрэг хувиарлах хэсэгт А талд аж ахуйн болон угсралтын ажлын шаардлагатай Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлийг Б тал авч өгнө. Энэхүү ажлаар бий болсон тоног төхөөрөмж ба сүлжээ нь гэрээний хугацааны үед А талын өмч ба Б тал нь А талаас ашиглалтын зардлыг төлж зээлээр хэрэглэнэ. Ашиглалтын зардлыг төлөх арга нь А талын тавьж буй кабелын сүлжээг хэрэглэж буй хэрэглэгчдээс шууд авч буй телевизийн нийт орлогын 40% А тал, 60%-ыг Б тал авах байсан. Зардал хувиарлах хэсэгт Монгол улсын хуулийн этгээд байгуулах зардлыг гаргана. Тоног төхөөрөмжийг Монголд буулгаж, тээвэрлэлт, гаалийн татварыг Б тал даана. Нэвтрүүлгийн төвийн барилга болон газрыг 5 жилийн турш үнэгүй хангана. Нэвтрүүлгийн барилгыг гал түймрийн даатгалд хамруулна. Энэхүү угсралтын ажилд Монголын хөдөлмөрлөх хүч болон тоног төхөөрөмжөөр хангана. Солонгосоос илгээсэн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангана. Угсралтын ажилд А болон Б тал нь үүргээ хувиарласан. Б тал нь тоног төхөөрөмжийг хамгаалж, хадгалж, алдасны хариуцлагыг хүлээх, А талаас тогтоож өгсөн стандарт, баримт бичгийн дагуу угсралтын ажлыг хийх ба А талын зааврыг дагах ёстой. А талын оруулсан угсралтын ажлын хөдөлмөрлөх хүчийг нийтэд нь хариуцах ба угсралтын ажлын аюулгүй байдлын, ослын хариуцлагыг бүхэлд нь Б тал хариуцна. Б тал аюулгүй байдлын сургалтыг байнга явуулж, осол гарахаас урьдчилан сэргийлнэ. Нэхэмжлэгч тал өмнөх шүүх хурлуудад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, тогтоосон үйл баримт байгаа гэж ярьж байна. Гэхдээ нэхэмжлэлийн гол үндэслэл болсон зүйл нь Б талын буюу нэхэмжлэгч байгууллагын кабелын сувагчлалыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр тайлбарласан. Ийм үйл явдал болоогүй гэдгийг ашиглалтын гэрээний бусад хэсэгт нь тодорхой заасан. Үүнд Б тал буюу Л ХХК нь суурьлуулсан, ашиглаж байгаа дамжуулах сүлжээг огт ашиглах боломжгүй тул А тал нь шинээр тоног төхөөрөмж оруулж ирэн дамжуулах сүлжээг хийх ба угсралтын ажил эхэлснээс 15 жилийн турш А талын бүрэн өмчлөлд байна. Уг гэрээг Б тал зөрчсөн үед уг гэрээгээр үүссэн угсралтын ажлын тоног төхөөрөмж, үйлчилгээтэй холбогдсон Б талын бүх эрхийг А тал эзэмшинэ гэсэн байгаа. Б тал гэрээгээ зөрчсөн буюу тухайн үед мөнгөгүй болж гэрээнээс гарах үед өөрсдийнх нь эдэлж байсан бүх эрх, үүрэг нь А талд шилжих ёстой байсан гэдгийг анхны гэрээнд тохирсон. Мөн А тал нь Б талын өмнө нь суурьлуулсан кабелын дамжуулах сүлжээг бизнесийн ашиг нэмэгдүүлэх ба дамжуулах сүлжээний угсралтын ажлын тулд уг гэрээний хугацаагаар 15 жил ашиглах эрхтэй гэж заасан. Ингээд 2013, 2014 оны ашиг өгөх ёстой юу, ёсгүй юу гэдгийг ярихын тулд Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг ярих ёстой. Анх үйл ажиллагаа явуулснаас хойш бүх түрээсийн төлбөрийг Х ХХК дангаараа төлж ирсэн. Компанийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад шинжээч томилж дүгнэлтээр Х ХХК нь 2013 онд нийт 188.877.971 төгрөгийн орлого олж  234.253.842 төгрөгийн зардал гаргаж, 45.374.871 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 212.164.246 төгрөгийн орлого олж 217.588.245 төгрөгийн зардал гаргаж, 5.423.999 төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа. М ХХК нь 2013 онд 215.310.562 төгрөгийн орлого олж  218.315.654 төгрөгийн зардал гаргаж, 3.005.091 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 115.679.900 төгрөгийн орлого олж, 113.313.763 төгрөгийн зардал гаргаж, 2.366.137 төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаарх тайланг ярьж байгаа боловч энэ нь 2013, 2014 онд нуусан, тайлагнаагүй байсан орлогоо тайлагнасан гэсэн үг биш. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь 2015 оны 08 дугар сарын 17-ноос өмнө улсад тайлагнаагүй, тайлан, мэдээ, мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор тайлагнах эрхийг олгосон нэг удаагийн хүчин чадалтай хууль гарсан. Тэгэхээр энэ хуульд өмнөх үргэлжлэх хугацааг заагаагүй учраас зөвхөн 2013, 2014 оны орлогыг нуусан, хөрөнгөө тайлагнаагүй зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2004 оноос хойш хууль батлагдах хүртэлх хугацаанд тайлагнаж чадаагүй байсан тайлангаа гаргаж ирсэн. Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2013, 2014 оны тайланг бүрэн нуусан гэдэг нь нотлогдохгүй байгаа учир үүнийг харгалзан үзнэ үү. Хамтран ажиллах гэрээний дагуу Л ХХК нь Х ХХК-ийн кабелийн шугамыг айл өрх рүү оруулах ёстой, зардлыг өөрөө гаргаж тухайн айл нь кабел үзсэний төлбөрийг төлсөн тохиолдолд тус төлбөрийн 60%-ийг авах ёстой байсан. 2013, 2014 онд гэрээний дагуу хоёр тал хамтарч ажиллаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хамтран ажиллаж байсан хугацаа буюу 2005-2010 оны ашгийг Л ХХК авч үүнээс хойш хамтын гэрээ үргэлжилээгүй. Х, М ХХК нь кабелийн сүлжээ, интернет сүлжээ, мэдээллийн сүлжээ, засвар үйлчилгээ хийх гэсэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Л ХХК нь зөвхөн кабелийн үйл ажиллагаа явуулсан орлогоос 60%-ийн ашгаа авах байсан гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дан ганц кабелийн үйл ажиллагаанаас орлого орсон гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оноос хойш хамтарч үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: БНСУ-ын ГХХК, Л ХХК нарын хооронд 2004 онд Аж ахуй эрхлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд хамтран ажиллаж байсан боловч Л ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү дуусгавар болгохдоо 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани юм. А ба Б талын өмчлөлд 80%, 20/-ийг даган бүх хөрөнгө оруулалтын хэмжээг А тал 80, Б тал 20%-иар хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Хуучин гэрээ хэрэгжих боломжгүй болсон учир тус тохиролцооны бичиг байгуулахын өмнө Б талын бүх өр зээлийг эс тооцох буюу нэхэмжлэгчийн дурдаж байгаа өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт маш олон санхүүгийн баримт авагдсан байсан. Энэ баримтаар Л ХХК нь өөр компаниас маш их хэмжээний зээл авч тэр зээлийг нь тухайн үед Х ХХК төлөөд өмнөх гэрээ нь хэрэгжих боломжгүй болж тохиролцооны бичиг байгуулсан юм. Энэ нь талууд тохиролцож үүргийн гүйцэтгэлийг солихоор тохирсон. Иймд анхны 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэ хамтран ажиллах гэрээний бүх үйл ажиллагаа нь Л стар ХХК руу шилжсэн ба БНСУ-ын иргэн Л 80%, Л ХХК 20%-ийг хувьцаа эзэмшихээр болсон. Иймд 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тохиролцооны бичиг нь 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг илэрхийлж байгаа гэх боловч 2010  онд Л ХХК шүүхэд хандаад явж байхад энэ үйл баримт бүгд яригдаж Х, М ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйл байхгүй байгаа. 3 шатны шүүхийн шийдвэрт Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг зүйл ч дурьдаагүй гэв. 

 

 

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Х, М ХХК-д холбогдуулан 50.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгч Л ХХК-д холбогдуулан 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Х, М ХХК-тай Улаанбаатар хотод кабелийн телевизийн сүлжээ болон кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллахаар 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээг тус тус байгуулж, кабелийн сүлжээ ашиглалтын зардлын 60 хувийг авахаар тохиролцсон.

 

            Нэхэмжлэгч нь цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнд заасны дагуу 2005-2010 он дуусталх хугацааны кабелийн телевизийн сүлжээний үйл ажиллагаанаас олсон орлогод 100.000 төгрөг нэхэмжилснийг 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, Хяналтын шатны тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ”шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор үйл баримтууд тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийг үндэслэн 2013, 2014 оны ашиг нэхэмжилсэн. Цын шинжээчийн дүгнэлтээр Х ХХК 474.063.644 төгрөгийн, М ХХК 160.919.103 төгрөгийн  цэвэр ашиг /орлого/-ийг ил болгож тайлагнасан тул 50.000.000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлан маргажээ.

 

            Нэхэмжлэгч Л ХХК нь 2013, 2014 онуудад хариуцагч Х, М ХХК-тай хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлж ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажилласан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нэхэмжлэгч 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон” гэж тайлбарлан гэрээнээс татгалзаж, энэ хугацааны  орлогын ашгаас 100.000 төгрөг нэхэмжилсэн, талууд 2010 оноос хойш хамтын ажиллагааг үргэлжлүүлсэн гэх баримтгүй, хариуцагч нь 2013, 2014 онуудад кабелийн сүлжээгээр интернетийн орлого болон сувгийн түрээсийн орлогын талаар алдагдалтай ажилласан бөгөөд Х, М ХХК-ийн байгууллагын дансаар орж ирсэн орлогын хэдэн хувь нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний ашигт орж ирсэн болох нь тодорхойгүй, үзлэгээр Л ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтаар гэрээний дагуу түрээсийн төлбөр, ажиллагсадын цалин хөлс, кабелийн сувагчлал, татварт зэрэгт зардал гарсан баримтгүй байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Ц ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч нараас ашигт 50.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

            Иймд Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Х, М ХХК-иудаас тус бүр 25.000.000 төгрөг буюу нийт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэгч Л ХХК-д холбогдуулан 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч түүнд үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хариуцагч компаниас олгоогүй, шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр М ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс 7.500.000 төгрөгийг хариуцагч Х, М ХХК-иудаас гаргуулах нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

                      

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Х, М ХХК-иудаас тус бүр 25.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

 

     3. Л ХХК-д холбогдох 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот дансаас гаргуулж Х ХХК-д буцаан олгосугай.

 

 

 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Х, М ХХК-иудаас 7.500.000 төгрөгийг гаргуулж Монста Аудит ХХК-д олгосугай.

 

 

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

            

 

        

 

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА