Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00895

 

Л- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03221 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00281 дугаар магадлалтай,

Л- ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХК- ХХК, МЖ- ХХК-д тус тус холбогдох,

50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Л- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Л- ХХК нь кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-ын Гүгжэ Гигун тунсан ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт хийж, кабелийн шугам татах бүхий л ажлыг хийж хамтран ажилласан. Хамтран ажиллах гэрээний дагуу ногдол ашгаа 60%, 40%-иар авахаар тооцож 60%-ийн ашгийг Л- ХХК авахаар болсон. Гэтэл ашгаа өгөөгүй тул 100.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 тоот шийдвэрээр 100.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Шийдвэр гарснаас хойш Л- ХХК нь тухайн гэрээний дагуу ашиг авах, үйл ажиллагаанд оролцох боломжийг ХК- ХХК, МЖ- ХХК нь олгоогүй тул 2015 оны 02 сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЦЭСБ Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр ХК- ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 563.636.364 төгрөгийн борлуулалтын орлого, 89.573.720 төгрөгийн зардлыг ил болгож тайлагнаснаар нийт цэвэр ашиг нь 474.063.644 төгрөг гарсан. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон орлого ашгаас Л- ХХК гэрээний дагуу ашгаа шаардах эрхтэй. Хамтран ажиллах гэрээний хугацаа хүчинтэй байгаа бөгөөд хариуцагч талаас ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй учир 50.000.000 төгрөгийн ашгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Иймд 2013, 2014 оны ашгаас хариуцагч ХК- ХХК, МЖ- ХХК тус бүрээс 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ХК- ХХК болон МЖ- ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2004 оны 8 сарын 19-ний өдөр Аж ахуй эрхлэх гэрээг БНСУ-ын Гүгжэ гигун тунсан компани нь Л- ХХК-тай хамтарч байгуулсан. Гэрээ байгуулахын өмнө 2003 онд хэрхэн хамтарч ажиллах талаар санамж бичиг үйлдсэн. Аж ахуй эрхлэх гэрээгээр 4 төрлийн ажил буюу кабелын телевизийн сүлжээ тавих, нэвтрүүлгийн төвтэй холбоотой түрээс эрхлэх, нэвтрүүлгийн нээлттэй их сургууль байгуулах, интернэт ба валлпиг тусгай гэрээ байгуулахаар гэрээний хамрах хүрээг тооцож байгуулсан. 2004 онд талууд кабелын телевизийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ гэрээний 3 дугаар зүйлд үүрэг хуваарилах, зардал хуваарилах, угсралтын ажил хуваарилах, бусад хэсэг гэсэн үндсэн тохироо хийсэн. Нэхэмжлэлийн гол үндэслэл болсон зүйл нь Б талын буюу нэхэмжлэгч байгууллагын кабелын сувагчлалыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр тайлбарласан. Ингээд 2013, 2014 оны ашиг өгөх ёстой юу, ёсгүй юу гэдгийг ярихын тулд Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг ярих ёстой. Анх үйл ажиллагаа явуулснаас хойш бүх түрээсийн төлбөрийг ХК- ХХК дангаараа төлж ирсэн. Компанийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад шинжээч томилж дүгнэлтээр ХК- ХХК нь 2013 онд нийт 188.877.971 төгрөгийн орлого олж, 234.253.842 төгрөгийн зардал гаргаж, 45.374.871 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 212.164.246 төгрөгийн орлого олж 217.588.245 төгрөгийн зардал гаргаж, 5.423.999 төгрөгийн алдагдалтай ажилласан. МЖ- ХХК нь 2013 онд 215.310.562 төгрөгийн орлого олж, 218.315.654 төгрөгийн зардал гаргаж, 3.005.091 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 115.679.900 төгрөгийн орлого олж, 113.313.763 төгрөгийн зардал гаргаж, 2.366.137 төгрөгийн ашигтай ажилласан. Хамтран ажиллах гэрээний дагуу Л- ХХК нь ХК- ХХК-ийн кабелийн шугамыг айл өрх рүү оруулах ёстой, зардлыг өөрөө гаргаж тухайн айл нь кабел үзсэний төлбөрийг төлсөн тохиолдолд тус төлбөрийн 60%-ийг авах ёстой байсан. 2013, 2014 онд гэрээний дагуу хоёр тал хамтарч ажиллаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хамтран ажиллаж байсан хугацаа буюу 2005-2010 оны ашгийг Л- ХХК авч үүнээс хойш хамтын гэрээ үргэлжлээгүй. ХК- ХХК, МЖ- ХХК нь кабелийн сүлжээ, интернет сүлжээ, мэдээллийн сүлжээ, засвар үйлчилгээ хийх гэсэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Л- ХХК нь зөвхөн кабелийн үйл ажиллагаа явуулсан орлогоос 60%-ийн ашгаа авах байсан гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дан ганц кабелийн үйл ажиллагаанаас орлого орсон гэсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ХК- ХХК болон МЖ- ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: БНСУ-ын Гүгжэ гигун тунсан ХХК, Л- ХХК-ийн хооронд 2004 онд Аж ахуй эрхлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд хамтран ажиллаж байсан боловч Л- ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгохдоо 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани юм. А ба Б талын өмчлөлд 80%, 20%-ийг даган бүх хөрөнгө оруулалтын хэмжээг А тал 80, Б тал 20%-аар хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Хуучин гэрээ хэрэгжих боломжгүй болсон учир тус тохиролцооны бичиг байгуулахын өмнө Б талын бүх өр зээлийг эс тооцох буюу нэхэмжлэгчийн дурдаж байгаа өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт маш олон санхүүгийн баримт авагдсан. Энэ баримтаар Л- ХХК нь өөр компаниас маш их хэмжээний зээл авч тэр зээлийг нь тухайн үед ХК- ХХК төлөөд өмнөх гэрээ нь хэрэгжих боломжгүй болж тохиролцооны бичиг байгуулсан. Талууд үүргийн гүйцэтгэлийг солихоор тохиролцсон. Иймд 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэ хамтран ажиллах гэрээний бүх үйл ажиллагаа нь Л- стар ХХК руу шилжсэн ба БНСУ-ын иргэн Ли Сон Үг 80%, Л- ХХК 20%-ийн хувьцаа эзэмшихээр болсон. Иймд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Тохиролцооны бичиг нь 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг илэрхийлж байгаа гэх боловч 2010  онд Л- ХХК шүүхэд хандаад явж байхад энэ үйл баримт бүгд яригдаж ХК- ХХК, МЖ- ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйлгүй. 3 шатны шүүхийн шийдвэрт Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг ч зүйл дурдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03221 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ХК- ХХК, МЖ- ХХК тус бүрээс 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, Л- ХХК-д холбогдох 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуй эрхлэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот дансаас гаргуулж ХК- ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч ХК- ХХК, МЖ- ХХК-аас 7.500.000 төгрөг гаргуулж Монста Аудит ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00281 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л- ХХК-ийн төлсөн 408.000 төгрөг, хариуцагч ХК- ХХК-ийн төлсөн 134.950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Магадлалд “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримтад хамааралттай, ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, маргааны зүйл болж байгаа ашиг орлоготой холбоотой, хамтын үйл ажиллагааны талаархи гэрээ болох аж ахуй эрхлэх гэрээ хэрэгт авагдаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бөгөөд Л- ХХК БНСУ-ын “Гүгжэ гигүн тунсан” компанитай 2004 оны 8 сарын 19-ний өдөр байгуулсан “Аж ахуй эрхлэх гэрээ”-г үндэслэл болгож 2013, 2014 оны ашиг гэж 50 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй” гэж дүгнэж шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд компанид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр орлого нэхэмжилсэн зүйл байхгүй. Мөн магадлалд “...аж ахуй эрхлэх гэрээ хэрэгт авагдаагүй байна” гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд 2-р хавтаст хэргийн 115 дугаар талд байгаа. Анхан шатны шүүх “Монста аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5-т хариуцагчаас 7.500.000 төгрөгийг гаргуулж “Монста аудит” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчсөн байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л- ХХК хариуцагч ХК- ХХК болон МЖ- ХХК-с 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аж ахуй эрхлэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Магадлалд, “...нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй...” гэсэн үндэслэл заажээ.

Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан нь өмнө үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна. Энэ хэрэгт дээрх шийдвэрийн үндэслэл болсон хамтран ажиллах гэрээнээс гадна талуудын хооронд байгуулагдсан өөр хоорондоо холбоотой байж болох хэд хэдэн гэрээ  авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч эдгээрийн алийг үндэслэж, ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон шинжээч гаргасан дүгнэлтээ гарын үсгээр баталгаажуулаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, тухайн шинжээчийн дүгнэлт нотлох чадвараа алдах тул шүүх энэхүү баримтыг хүлээн авсан нь нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Харин зохигчийн хооронд байгуулагдсан 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аж ахуй эрхлэх гэрээ 2-р хавтаст хэргийн 205 дугаар талд авагдсан атал хэрэгт авагдаагүй гэж магадлалд заасан нь үндэслэлгүй байна. Гэсэн хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх гэрээг анхан шатны шүүх хуралдаанд “хэрэгт авагдаагүй үндэслэлээр” шинжлэн судлаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байх тул шүүх хэргийн баримтыг харьцуулан үнэлэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн бүрэн дүгнэлт өгөөгүй гэж үзлээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 543.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ