Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 424

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03274 дугаар шийдвэртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М”    ХХК, “Х”   ХХК-д холбогдох,

“Л” ХХК нь “Х”   ХХК, “М”    ХХК-иудад хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоолгох, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч нарын 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах санамж бичиг”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ” дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

                       

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: “Л” ХХК нь БНСУ-ын “Гүгжэ Гигун тунсан” ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Аж ахуйн эрхлэх гэрээ”-г тус тус байгуулж, кабелийн телевиз болон интернетийн сүлжээг өргөтгөх, сүлжээний чанарыг сайжруулах,үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үзүүлж, ашиг орлоготойгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Х”   ХХК-ийг байгуулсан ба гэрээнүүдэд заагдсан эрх, үүрэг, хариуцлага нь шинээр байгуулагдаж буй “Х”   ХХК-д шилжихээр тохирсон. Мөн 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Х”   ХХК-ийн охин компаниар “М”    ХХК-ийг байгуулсан.

Хамтран ажиллаж байсантай холбоотойгоор гэрээний дагуу ногдол ашгаас 60 хувийг  “Л” ХХК авахаар болсон. Гэтэл “Х”   ХХК, “М”    ХХК-иуд нь ногдол ашгаа өгөөгүй тул 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Л” ХХК-ийг ашиг шаардах эрхтэй гэж үзээд 50 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

Шийдвэр гарснаас хойш хариуцагч нар “Л” ХХК-ийг тухайн гэрээний дагуу ашиг авах, үйл ажиллагаанд оролцох боломжийг олгоогүй тул 2015 оны 2 сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ЦЭСБ Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Х”   ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 563 636 364 төгрөгийн борлуулалтын орлого, 89 573 720 төгрөгийн зардлыг ил болгож тайлагнаснаар нийт цэвэр ашиг нь 474 063 644 төгрөг гэж гарсан. “М”    ХХК-ийн хувьд ч гэсэн ашиг олсон. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон орлого ашгаас “Л” ХХК гэрээний дагуу шаардах эрхтэй. Хамтран ажиллах гэрээний хугацаа хүчинтэй байгаа бөгөөд хариуцагч талаас хамтран ажиллах гэрээг цуцлах хүсэлт гаргаж байгаагүй учир 2013, 2014 оны ашгаас тус бүр 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч доорх байдлаар өөрчилж байна. 

Хариуцагч компаниудыг байгуулах буюу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах ажлууд болон уг ажиллагаанд шаардагдах бүхий л зардлыг “Л” ХХК гаргасан. Хариуцагч тал кабелийн утас л нийлүүлсэн. Үүнийг нь холбох ажил, түүнд гарсан зардлыг мөн л нэхэмжлэгч гаргасан. Мөн “Аж ахуй эрхлэх гэрээ”-ний 3-т “Х”   ХХК-ийг үүсгэн байгуулахад 10 000 ам.доллар нэхэмжлэгч төлсөн талаар нотлогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.   Хариуцагч нараас мөнгө нэхэмжлэхээр нэг ч санхүүгийн баримт гаргаж өгдөггүй учраас мөнгөн хөрөнгө шаардсан нэхэмжлэл хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн агуулга нь хөрөнгө оруулсан нь үнэн тул үүнээс ашиг авах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Ашгаа олж авахын тулд хөрөнгө оруулагч болохоо тогтоолгох шаардлагатай байна. Энэ байдал тогтоогдвол Компанийн тухай хууль, бусад тодорхой зүйлүүдийг үндэслэж бид эрхээ эдлэх боломжтой болно.

Санхүүгийн баримтуудыг гаргуулж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дахин нотлох баримт шаардсан ч баримт байхгүй гээд гаргаж өгөөгүй, бүх баримтаа гаргаж өгсөн гэж байгаа боловч нэг ч хэрэглэгчтэй байгуулсан гэрээг өгөөгүй. Иймд хариуцагч компаниудад нэхэмжлэгч “Л” ХХК хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоолгож, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дах хэсэгт зааснаар “Х”   ХХК, “М”    ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулахаар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар тайлбартаа: “Х”   ХХК нь БНСУ-ын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/, Ли Сок Ён /Lee Seok Yoon/ нарын хөрөнгө оруулалттайгаар 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн компани байгуулах тухай гэрээ, дүрэм, үүсгэн байгуулагчдын 1 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдаж 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Х”   ХХК нь 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ”-нээс өмнө байгуулагдсан. Харин “М”    ХХК нь БНСУ-ын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-ийн 40 хувийн, “Х”   ХХК-ийн 60 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.

БНСУ-ын “Гүгжэ Гигун Тунсан” ХХК, Монгол Улсын “Л” ХХК-тай 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтарч ажиллах зөвшилцлийн бичиг” байгуулсан, мөн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Аж ахуй эрхлэх гэрээ”-г хамтарч байгуулсан. “Гүгжэ Гигун Тунсан” ХХК-ийн тавьж буй кабелийн сүлжээг түрээсээр ашиглаж хэрэглэгчидтэй гэрээ байгуулсны нийт орлогын 60 хувийг “Л” ХХК суутган авч, сүлжээ ашигласны төлбөрт 40 хувийг “Гүгжэ Гигун Тунсан” ХХК-д төлөхөөр, “Гүгжэ Гигун Тунсан” ХХК-ийн үүсгэн байгуулсан Монгол дахь хуулийн этгээд байгуулагдвал энэхүү гэрээнд заасан талуудын эрх, үүрэг, хариуцлага Монгол дахь хуулийн этгээдэд шилжихээр заасан.

Дээрхээс үзвэл хариуцагч нар 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах зөвшилцлийн санамж бичиг”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ”-тэй хамааралгүй, “Х”   ХХК-ийг БНСУ-ын 2 иргэн байгуулсан тул “Л” ХХК-ийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй. “Л” ХХК нь “Гүгжэ Гигун Тунсан” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд цаашид биелүүлэх боломжгүй болсон тул БНСУ-ын иргэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-тэй хамтран ажиллах санал тавьж 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Зөвшилцлийн бичиг”-ийг байгуулсан. Уг бичгээр өмнөх “Аж ахуйн эрхлэх гэрээ”-нд заасан ашиг хуваарилалт болон үүргийг дахин шинэчилсэн байдаг. Зөвшилцлийн бичгийг үндэслэн Ли Сон Үк /Lee Soung Wook/-ийн 80 хувь, “Л” ХХК-ийн 20 хувийн хөрөнгө оруулалттай “Лха стар” ХХК-ийг 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах зөвшилцлийн бичиг”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ”-ний эрх, үүрэг, хариуцлага “Лха стар” ХХК-д шилжсэн.

“Х”   ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба дүгнэлтээр 2013 онд нийт 188 877 971 төгрөгийн орлого олж 234 253 842 төгрөгийн зардал гаргаж, 45 374 871 төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд 212 164 246 төгрөгийн орлого олж, 217 588 245 төгрөгийн зардал гаргаж, 5 423 999 төгрөгийн алдагдалтай ажилласан. “М”    ХХК нь 2013 онд 215 310 562 төгрөгийн орлого олж 218 315 654 төгрөгийн зардал гаргаж, 3 005 091 төгрөгийн алдагдалтай, 2014 онд 2 366 137 төгрөгийн ашигтай ажилласан. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаарх тайланг ярьж байгаа боловч энэ нь 2013, 2014 онд нуусан, тайлагнаагүй байсан орлогоо тайлагнасан гэсэн үг биш. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө улсад тайлагнаагүй, тайлан, мэдээ, мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор тайлагнах эрхийг олгосон нэг удаагийн хүчин чадалтай хууль гарсан. Тэгэхээр энэ хуульд өмнөх үргэлжлэх хугацааг заагаагүй учраас зөвхөн 2013, 2014 оны орлогыг нуусан, хөрөнгөө тайлагнаагүй зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2004 оноос хойш хууль батлагдах хүртэлх хугацаанд тайлагнаж чадаагүй байсан тайлангаа гаргаж ирсэн. Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2013, 2014 оны тайланг бүрэн нуусан гэдэг нь үндэслэлгүй.

Хамтран ажиллах гэрээний дагуу “Л” ХХК нь “Х”   ХХК-ийн кабелийн шугамыг айл өрхөд оруулах ёстой, зардлыг өөрөө гаргаж тухайн айл кабель үзсэний төлбөрийг төлсөн тохиолдолд тус төлбөрийн 60 хувийг авах ёстой байсан. 2013, 2014 онд гэрээний дагуу хамтарч ажиллаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Хамтран ажиллаж байсан хугацаа буюу 2005-2010 оны ашгийг “Л” ХХК авч үүнээс хойш хамтын гэрээ үргэлжлээгүй. “Х”   ХХК, “М”    ХХК нь кабелийн сүлжээ, интернет сүлжээ, мэдээллийн сүлжээ, засвар үйлчилгээ хийх гэсэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Л” ХХК зөвхөн кабелийн үйл ажиллагаа явуулсан орлогоос 60 хувийн ашгаа авах байсан гэж байгаа ч шинжээчийн дүгнэлт, хэргийн баримтаар дан ганц кабелийн үйл ажиллагаанаас орлого орсон гэсэн баримт байхгүй.

Нэхэмжлэгч тал хариуцагч компаниудыг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан болохыг шүүх тогтоосон гэх тайлбарыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байна. Гэтэл шүүх ийм асуудал огт шийдээгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Аж ахуй эрхлэх гэрээ”-ний 3-т “Х”   ХХК-ийг үүсгэн байгуулах зардалд 10 000 ам.доллларыг нэхэмжлэгч тал төлсөн. Хэргийн 60, 61 дүгээр талд авагдсан мөнгө хүлээн авсан тухай 2-р зүйлийн хавсралт №1, №2 гэсэн баримтуудаар “Х”   ХХК-ийн захирал И Сон Үг-ээс 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 ам.долларыг, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 550 ам.долларыг тус тус төлсөн, мөн хэргийн 62 дугаар талд авагдсан 2008 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1894 дугаар “Элдэв хураамжийн тасалбар”-аар хариуцагч “Х”   ХХК-аас тээврийн хөлсөнд тушаасан 3 380 ам.долларыг талууд тохиролцон нэхэмжлэгчид төлөх ёстой 10 000 ам.доллараас хасч тооцож, хариуцагч “Х”   ХХК нь 70 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөр байна. Хариуцагч нь нийт 9 930 ам.долларыг нэхэмжилэгчид төлсөн ба нэхэмжлэгч үлдэгдэл 70 ам.долларыг нэхэмжлээгүй болно гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл “Л” ХХК нь хөрөнгө оруулалт хийсэн гэх 10 000 ам.долларыг бүгдийг нь буцаагаад авсан. Нэхэмжлэгч талын тайлбарласан шиг “Л” ХХК нь “Х”   ХХК, “М”    ХХК-дад хувьцаа эзэмшихгүйгээр үүсгэн байгуулсан зүйл байхгүй, хэрэв үүсгэн байгуулсан бол үүсгэн байгуулагчийн шийдвэрт тус компанийн талаар дурдаж, эрх бүхий этгээд нь гарын үсэг зурсан байх ёстой, ийм зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: 2004 онд байгуулагдсан “Аж ахуй эрхлэх гэрээ”-ний талууд хамтран ажиллаж байсан боловч “Л” ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах боломжгүй болсон учир үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү дуусгавар болгохдоо 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиролцооны бичиг гэдгийг байгуулсан. Солонгос тал нь А компани, Монгол тал нь Б компани. А тал 80 хувь, Б тал 20 хувиар хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үндсэн тохиролцоотой гэрээ байсан. Хуучин гэрээ хэрэгжих боломжгүй болсон учир уг тохиролцооны бичиг байгуулахын өмнө Б талын бүх өр зээлийг эс тооцох буюу нэхэмжлэгчийн дурдаж байгаа өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт маш олон санхүүгийн баримт авагдсан байсан. Энэ баримтуудаар “Л” ХХК нь өөр компаниас маш их хэмжээний зээл авч тэр зээлийг нь тухайн үед “Х”   ХХК төлөөд өмнөх гэрээ нь хэрэгжих боломжгүй болж тохиролцооны бичиг байгуулсан. Талууд тохиролцож үүргийн гүйцэтгэлийг сольсон. Иймд 2004 оны хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон.

Дээрх гэрээний бүх эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагаа нь “Лха стар” ХХК руу шилжсэн ба тус компанийн 80 хувийг БНСУ-ын иргэн Ли Сон Үг, 20 хувийн хувьцааг “Л” ХХК эзэмшихээр болсон. Иймд 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах санамж бичиг”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ”-г дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2010 онд “Л” ХХК шүүхэд хандах үед сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт яригдаж “Х”   ХХК, “М”    ХХК-ийн тохиролцооны бичгээр аж ахуйн гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн зүйл байхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрт “Аж ахуй эрхлэх гэрээ”-г дуусгавар болгож тохиролцооны бичиг үйлдсэн талаар нэг зүйл ч дурдаагүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байгаа, эдгээрээс чухам аль үндэслэлээр үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн “Х”   ХХК, “М”    ХХК-иудад нэхэмжлэгч “Л” ХХК хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоож, “Х”   ХХК, “М”    ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 237 дугаар зүйлийн 237.1, 238 дугаар зүйлийн 238.1, 239 дүгээр зүйлийн 239.1, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Х”   ХХК, “М”    ХХК-ийн 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ” дуусгавар болсныг тогтоолгох сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Л” ХХК нь шилэн кабель байгуулахад хөрөнгө оруулсан болохыг 3 шатны шүүх тогтоосон ба энэ талаарх гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримтууд нь өмнөх хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр 2010 он хүртэлх ашгийг шийдвэрлэсэн ба 2010 оноос хойшхи ашгийг нэхэмжлэхэд хариуцагч тал баримт гаргаж өгөлгүй, шүүхээс баримтыг гаргуулах гээд чадаагүй учир шаардлагаа өөрчлөн хөрөнгө оруулсан болохоо тогтоолгохоор өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулсан болох нь хангалттай тогтоогдоод байхад шүүх нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй гэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талаас болон татварын байгууллагаас санхүүгийн баримтуудыг гаргуулан хэргийг дахин хянуулах боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Х”   ХХК, “М”    ХХК-иудад холбогдуулан, хамтран ажиллах гэрээний дагуу 2013, 2014 оны ашгаас ногдох хэсэг буюу нийт 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч /1хх1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж “Х”   ХХК, “М”    ХХК-иудад “Л” ХХК хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан болохыг тогтоолгох, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дах хэсэгт зааснаар тус компаниудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах гэж тодорхойлсныг /3хх167/, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх42-45, 3хх173/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах санамж бичиг”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуй эрхлэх гэрээ” дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, нэхэмжлэгч эс зөвшөөрч талууд нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар харилцан маргасан байна. /1хх178, 3хх169, 176/

 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч талд хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, БНСУ-ын “Гүгжэ Гигун тунсан” ХХК-тай байгуулсан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Аж ахуйн эрхлэх гэрээ”-ний дагуу хариуцагч компаниудыг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн Иргэний танхимын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар тогтоол, 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Х”   ХХК-ийг үүсгэн байгуулах тухай шийдвэр зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /1хх6-15, 48-63, 66/

 

Эдгээрээс үзвэл, БНСУ-ын “Гүгжэ гигун тунсан” ХХК-ийн захирал Ким гуан чол нь 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуйн эрхлэх гэрээ”-ний дагуу “Л” ХХК-тай хамтран кабелийн телевизийн сүлжээ байгуулах зорилгоор БНСУ-ын иргэн, хөрөнгө оруулагч ба ерөнхий захирлаар Ли Сон Үк /Lee Soung Wook/-г, гүйцэтгэх захирлаар Ли Сок Ён /Lee Seok Yoon/-г тус тус томилж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х”   ХХК-ийг 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр байгуулж, мөн өдөр 1 тоот шийдвэрээр компанийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийг үйлдэж, 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар тус компани кабелийн телевизийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор өөрийн охин компани болох “М”    ХХК-ийн үүсгэн байгуулж, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн нэхэмжлэгч “Л” ХХК-ийг хариуцагч компаниудыг үүсгэн байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Мөн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд, 10 000 ам.долларын хөрөнгө оруулалтыг “Аж ахуй эрхлэх гэрээ”-ний 3-т заасны дагуу нэхэмжлэгч тал төлсөн, улмаар уг мөнгөн хөрөнгөнөөс нийт 9 930 ам.доллар буцаан төлөгдсөн, үлдэгдэл 70 ам.долларыг нэхэмжлэгч тал нэхэмжлээгүй талаар дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэжээ. /1хх8/ Иймд нэхэмжлэгчийг хариуцагч “Х”   ХХК-ийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүйн гадна нэхэмжлэгч нь хариуцагч компаниудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад ажиллагаанд шаардагдсан зардлыг гаргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч энэ талаарх шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд “хөрөнгө оруулсан болохоо тогтоолгох” талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, “Л” ХХК нь БНСУ-ын “Гүгжэ Гигун тунсан” ХХК-тай байгуулсан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуйн эрхлэх гэрээ”-ний талуудын үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг нэхэмжлэгч “Л” ХХК-д олгох талаар тохиролцсон тохиролцоог хариуцагч “Х”   ХХК, “М”    ХХК-иудын 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэл гэж үзэхгүй. Иймд шүүх Компанийн тухай хуулийн /1999 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.7, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дах хэсэгт заасныг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, тухайн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, хариуцагч талаас болон татварын байгууллагаас санхүүгийн баримтуудыг гаргуулах шаардлагатай гэжээ. Энэхүү шийдвэрийн үр дагавараар бол, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлээс хальж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, “хариуцагч компаниудыг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх” шаардлагад нь хамааралгүй буюу “мөнгөн хөрөнгө гаргуулахтай холбоотой” нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахгүй юм.

 

Мөн хэргийн 3 дах хавтас 167 дугаар талд авагдсан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаас үзвэл, “тус компаниудын хувьцааг шилжүүлэн авах, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” гэсэн тодорхой шаардлага гаргасан байгааг шүүх хариуцагч талд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр /3хх168/, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд мөн өдөр гардуулсан байна. /3хх170/ Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явуулж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дах хэсэгт зааснаар хариуцагч “М”    ХХК нь “Х”   ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар эдгээр компанийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч компанийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрхээс гадна, “Л” ХХК, БНСУ-ын “Гүгжэ Гигун тунсан” ХХК-тай байгуулсан 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Аж ахуйн эрхлэх гэрээ” дуусгавар болоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хувь хэмжээг тодорхойлуулах, дундын хөрөнгийн хэдэн хувь /тодорхой хувь/-ийг эзэмших эрхтэй болохоо тогтоолгох талаар шаардах нэхэмжлэгчийн эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/03274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Л” ХХК-аас төлсөн 408 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА