Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/01040

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Э-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Ү ХХК ҮЭХ холбогдох,

Э Ү ХХК-ийн ҮЭ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 900 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ц , хариуцагчийг төлөөлж Б.т , хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, гэрч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 тушаалаар тус холбооны хуулийн зөвлөхөөр орж ажилласан юм. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.т даргын эзгүйд Б/68 тушаал гарган намайг холбооны хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүйгээр хууль зөрчин халж сэтгэл санаа, аж амьдралыг минь хохироолоо. Би ажиллах хугацаандаа байгууллагын өмнө тулгамдсан олон асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж байсны нэг нь Б.т ын холбогдсон их хэмжээний мөнгөний асуудал юм. Б.т өөрт холбогдох асуудлаа сөхөж гаргасны хонзонгоор намайг ажлаас халахдаа дараах хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Б.т ын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэхь заалтыг үндэслэн гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэхь зүйлд тавигдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн, ямар нэгэн, аль нэг газрын шийдвэр гараагүй байхад ажлаас халж эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн тушаалд тус үйлдвэрийн ҮЭХ-ны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэхь заалтыг баримталсан байна. Э Ү ХХК-ийн ҮЭХ-ны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагын дарга болон хуулийн зөвлөх байна гэж заасан байдаг. Иймд хуулийн зөвлөхийн шаардлагатай байгааг харуулж байхад батлаагүй орон тоон дээр хуулийн зөвлөх авч ажиллуулсан мэт үзэж намайг ажлаас халсанд буруутгаж байна. Ер нь жинхэнэ даргын хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын орон тоо, бүтцийг түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан бужигнуулаад байдаггүйг бусад байгууллагын үйл ажиллагаанаас харж болно. Иймд хууль бусаар ажлаас халсан Э Ү ХХК-ийн ҮЭ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 900 000 төгрөгийг тус холбооноос гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Бадамгаравын Э с танай шүүхэд хандан гаргасан тус Холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэ тайлбар болон тайлбарынхаа үндэслэлийг баталсан нотлох баримтыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндсэн агуулгад заасан асуудал бүрээр тайлбар өгье. ...Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дүрмийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д Холбооны дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд дахин сонгууль хийх хүртэл даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж дэд даргын эрх хэмжээг тодорхойлсон. Тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурлаар Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу намайг холбооны дэд даргаар 100 хувийн саналаар сонгож баталсан, мөн хурлаар холбооны дарга П.Бийг огцруулсан тул 2018 оны 08 дугаар сарын 13-ны Б/68 тоот тушаалыг гаргах эрх хэмжээний хувьд эргэлзэх зүйл байхгүй. МҮЭ-ийн Холбооны ээлжит 22-р их хурлаар 2017 оны 11 дүгээр сарын 09-нд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан МҮЭ Холбооны дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Үйлдвэрчний эвлэлийн хороо, холбоод нь бүтэц, зохион байгуулалтын асуудлаа өөрсдийн мэргэжил, үйлдвэрлэлийн ба нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэсэн заалттай тус холбооны дүрмийн дээрх заалтууд бүрэн нийцнэ. Бага хурлыг 2019 оны 2 дугаар улиралд хуралдуулж даргын сонгууль явуулах чиглэлтэй байгаа. Б.т миний бие 2009 оноос хойш Э Ү ХХК-ийн үндсэн цех, ҮЭ-ийн холбоонд Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил эрхэлж байгаа ба энэ хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн мөнгийг завшсан зүй бусаар зарцуулсан асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн хяналтын байгууллага, бусад хууль хяналтын байгууллагад шалгагдсан, анхааруулга, сануулга авсан, хариуцлага хүлээсэн асуудал байхгүй. Өнөөдрийг хүртэл намайг ийм асуудлаар дуудсан, асуусан байгууллага газар байхгүй байна. Иймд энэ үндэслэлээ Б.Э өөрөө нотлох биз ээ. Б.Эрдэнэбаттай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан Холбооны дарга байсан П.Б нь түүний найз бөгөөд /2018.10.01-ний П.Бийн нэхэмжлэлтэй тус Холбоонд холбогдох шүүх хурлын бичлэг, тэмдэглэлд бий/ ийнхүү гэрээ байгуулахдаа МҮЭ-ийн Холбооны тэр үед мөрдөж байсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалт, одоо мөрдөж байгаа дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт /эдгээр заалтын үг, үсэг, томьёолол яг адил/ түүнд нийцсэн тус Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т зааснаар ажлын албанд хуулийн зөвлөх гэдэг орон тоо, цалинг Тэргүүлэгчдээр батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллуулах заалтыг зөрчиж, Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд халдан хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул дүрмийн энэ заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй. Б.Эрдэнэбатад энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2018 оны 07 сарын 02-нд өгсөн ба тэрээр энэ мэдэгдлийг эсэргүүцсэн болон бусад ямар нэгэн тайлбар хийгээгүй. Холбооны дарга байсан П.Б Б.Эрдэнэбаттай хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай /1-ийн тоог 2 болгон зассан байдалтай/ байгуулснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 24.1 дэх заалтын дагуу буюу батлагдсан байнгын ажлын байранд гэрээ байгуулах хуулийн үндэслэлээр гэрээг байгуулсан гэх үндэстэй байна. Гэтэл гэрээ байгуулах үед тус Холбооны ажлын албанд хуулийн зөвлөх гэх батлагдсан орон тоо, ажлын байр байгаагүй. Ерөөсөө тус Холбоо нь гишүүдийн татварын 20 хувиар санхүүждэг бөгөөд урьд өмнө нь ажлын албандаа ийм орон тоо баталж, ийм өндөр цалингаар хуульч ажиллуулж байгаагүй, шаардлагатай тохиолдолд хуульчидтай гэрээ байгуулж туслалцаа авч ирсэн уламжлалтай болно. Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд хуулийн зөвлөх гэж байгаа нь үнэн боловч энэ нь заавал тусдаа орон тоо гаргаж хүн ажиллуул гэсэн үүрэг биш бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан хавсрах, хослох, хөлсөөр ажиллах гэрээгээр, орон тоогоор гэсэн ямар ч хэлбэрээр байж болно. Үүнийг судалж үзсэний үндсэн дээр гагцхүү холбооны Тэргүүлэгчид шийднэ. Хуулийн зөвлөхийн үүрэг, ач холбогдол ямар байгаа, цаашид байх эсэхийг шуурхай шийдэх бодлогын үүднээс бид мэдэгдэл өгөхдөө Б.Э с ажилласан хугацааны тайлангаа ирүүлэхийг мэдэгдсэн. Тэр ямар ч тайлан ирүүлээгүй. П.Бийн Б.Эрдэнэбаттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хуульч, эрх зүйчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний гурав дахь хэсгийн 5, 6. 7 дахь хэсэгт ажилтанд үүрэг хүлээлгэсэн боловч ажилтан энэ үүргээ биелүүлээгүй болох нь Гүйцэтгэх Зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурал, Холбооны дарга дүрэм зөрчсөн олон үйлдлүүд, Хянан шалгах зөвлөлийн 03 тоот дүгнэлт зэргээр тодорхой болсон. Холбооны дарга П.Б нь хуулийн зөвлөх-ийн ажлын байрны тодорхойлолт баталж хуулийн зөвлөхийг үүрэгжүүлээгүй тул тэрээр ямар үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй. Б.Э хуульчийн үүргээ биелүүлж Холбооны дарга, ажлын албанд эрх зүйн туслалцааг зохих ёсоор, чанартай үзүүлж байсан бол Хяналтын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний №03 тоот дүгнэлтэд дурдсан дарга дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байхад зогсоох, Холбооны дүрмийн болон бусад үй олон зөрчлийг гаргуулахгүй байх, ажлын албаны 4 хүнийхээ хоёрыг халсан шүүхийн маргаанд өмгөөлөгч нарт 3,0 сая төгрөг төлөхгүйгээр холбоог төлөөлж шүүхэд оролцох ёстой байсан. Гэвч тэгээгүй, энэ хүн чухам юу хийж байсан нь одоо хүртэл ойлгомжгүй, энэ хүнтэй гэрээ байгуулахдаа эрх зүйч, хуульч мэргэжлээр ажилласан туршлага, мэргэжлийн бэлтгэлийг огт анхаараагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй найзан дундаа болсон дүрмийн бус явдлыг бид таслан зогсоох үүрэгтэй. П.Б нь Холбооны дүрэмд зааснаар Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэр гаргуулахгүйгээр найз Б.Эрдэнэбатдаа анх гэрээ байгуулахдаа 1 500 000 төгрөгийн цалин олгохоор гэрээнд тусгасан боловч 2018 оны 3 дугаар сараас 1 840 000 төгрөгийн цалин олгож эхэлсэн байдаг. Хуульч зохих ёсоор ажилласан бол Холбооны дарга П.Б Холбооны дүрмийг үл тоон Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдээр хамтын шийдвэр гаргах асуудлыг ганцаар шийдэх, хяналтаас гарахын тулд дүрмээр Бага хурлаас сонгогдсон Хянан шалгах зөвлөлийг Хороодын зөвлөл гэх дүрмийн бус хурлаар огцруулах, хууль бус шийдвэрүүдээ Хороодын зөвлөл гэх дүрмийн бус бүтцээр дэмжүүлж байхад, энэ талаар МҮЭ-ийн Холбооны Хяналтын хороо дүгнэлт хариу ирүүлж байхад хуульч хаана байсан бол. Дүрэм зөрчигдөж байгаа талаар Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдэд санал, дүгнэлт ирүүлсэн бил үү гээд яривал олон зүйл ярьж болно. Б.Э ийм байдалтай ҮЭ-ээс өндөр хэмжээний сул цалин өчнөөн сар авчихаад одоо буцаад тийм байдлаараа явна гээд шүүхдэж байгаа нь хуульч хүнд ичгэвтэр мэт санагдана. Холбооны гүйцэтгэх зөвлөл 2018 оны 08 сарын 27-ны хурлаараа энэ асуудлыг хэлэлцэж үүрэг өгсний дагуу Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 06-нд ээлжит хурлаа хийж 2018 оны сүүлийн хагас жилийн ажлын албаны орон тоо, бүтцээ баталсан ба энд хуулийн зөвлөх гэж орон тоо батлаагүй, цаашид хуулийн зөвлөх-ийг ямар хэлбэрээр ажиллуулахыг судалж саналаа боловсруулан 2019 оны орон тоо, бүтэц, цалин батлахад оруулж ирэх үүргийг дэд даргад үүрэг болгосон байгаа. Түүнчлэн Хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд /4 дэх тал дороосоо 6-7 дахь мөр/ энэ талаар Гүйцэтгэх зөвлөлд чиглэл өгсөн байгаа. Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд одоо нэрчилсэн бүртгэлээр 4911 гишүүн бүртгэлтэй байна. Үйлдвэрт хөлс хүчээ урсган, эрүүл мэндээ зориулж ажиллаж байгаа ажилчдын татвараар бүрдсэн ҮЭ-ийн холбооны төсвийг П.Б, Б.Э нар ингэж дураараа завшиж амьдрахыг шүүх зөвтгөхгүй гэдэгт итгэлтэй байна. Иймд Б.Эрдэнэбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан Э Ү ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 900 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Э нь Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхөөр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр орж ажиллан, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/68 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Б.Эрдэнэбатын цалингийн тодорхойлолт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б/68 дугаар тушаалаар Б.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэхь хэсэгт заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхөөр, Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, үндсэн цалингийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар батлахаар заасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т ажлын албанд хуулийн зөвлөх гэдэг орон тоо, цалинг Тэргүүлэгчдээр батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллуулна гэсэн заалтыг зөрчсөн, мөн Холбооны дарга байсан П.Б нь Б.Эрдэнэбаттай хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай /1-ийн тоог 2 болгон зассан байдалтай/ байгуулснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 24.1 дэх заалтын дагуу буюу батлагдсан байнгын ажлын байранд гэрээ байгуулах хуулийн үндэслэлээр гэрээг байгуулсан гэх үндэстэй байна. Гэтэл гэрээ байгуулах үед тус Холбооны ажлын албанд хуулийн зөвлөх гэх батлагдсан орон тоо, ажлын байр байгаагүй гэж ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн.

Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 18 дугаар зүйлд Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын эрх, үүргийг тусгасан байх ба, 18.1.4-д Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, үндсэн цалингийн хэмжээг батлах гэжээ. Эндээс үзэхэд хариуцагчийн маргаж буй ажлын албанд хуулийн зөвлөх гэдэг орон тоо, цалинг Тэргүүлэгчдээр батлуулсны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллуулна гэсэн заалт биш бөгөөд, тухайн заалтаар Тэргүүлэгчдийн эрх хэмжээний асуудлыг зохицуулжээ. Дүрмийн дээрх зохицуулалтын дагуу өмнө нь Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албанд ямар ямар ажлын орон тоо батлагдсан байсан нь нотлогдохгүй байна. Харин хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 106 дугаартай тус Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, цалин батлах тухай тогтоол ирсэн. Энэ тогтоолоор дарга, ерөнхий нягтлан бодогч, зохион байгуулагч, цахим мэдээллийн ажилтан байхаар батлагдсан гэж үзэхээр байна. Бүтэц, орон тоо, цалинг баталсан дээрх тогтоол нь Б.Э-ыг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гарсан байгааг дурьдах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч ...холбооны дүрмийн 15.2-т хуулийн зөвлөх гэж байгаа боловч энэ нь хуулийн зөвлөхийг заавал ав гэсэн асуудал биш, хуулийн зөвлөх нь орон тооны бус, хуулийн зөвлөхийг бусад албан тушаалтнууд орлоод, хавсраад ажилладаг, 45 жилийн хугацаанд нэг ч удаа хуулийн зөвлөх ажиллуулж байгаагүй... гэж тайлбарласан.

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч дээрх байдлаар тайлбарлаж байх боловч, Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагуудын дарга болон хуулийн зөвлөхөөс бүрдэнэ гэжээ.

Тиймээс Б.Э-ыг Э Ү -ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд авахдаа холбогдох хууль, дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийг хуулийн зөвлөхөөр авч ажиллуулсан нь тус холбооны дүрмийн 15.2 дахь заалтыг зөрчөөгүй, түүнчлэн угаасаа батлагдаагүй орон тоон дээр ажилд авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч ...Б.Эрдэнэбаттай нэг өдөр хоёр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Гэтэл гэрээ байгуулах үед тус Холбооны ажлын албанд хуулийн зөвлөх гэх батлагдсан орон тоо, ажлын байр байгаагүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэхь заалтыг барьж ажлаас халсан. Иймд хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж тайлбарласан.

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Эрдэнэбаттай хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боловч, гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиролцоо зөрүүгүй байх ба, хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй, мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албанд хуулийн зөвлөх гэх батлагдсан орон тоо, ажлын байр байгаагүй гэж байгаа тайлбараа хариуцагч тал нотолж чадаагүй, өмнө ямар орон тоогоор ажиллахаар батлагдсан байсныг хуулийн зөвлөхийг дур мэдэн авсан гэх баримт хэргийн материалд авагдаагүй болно.

Иймд дээрх үндэслэлээр Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Э-ыг Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 900 000 төгрөгийг гаргуулан олгож, Б.Эрдэнэбатын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгуулна гэсэн байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж буй хэлбэр гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй болно.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураажаар /70 200 ₮ + 26 150 ₮/ 96 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Э-ыг Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 900 000 төгрөг гаргуулан Б.Эрдэнэбатад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 96 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА