Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00611

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар магадлалтай, 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох, 

ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 900.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 тушаалаар тус холбооны хуулийн зөвлөхөөр орж ажилласан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаяр даргын эзгүйд Б/68 тушаал гарган хууль зөрчин, үндэслэлгүйгээр ажлаас халж сэтгэл санаа, аж амьдралыг  минь хохироолоо. Би ажиллах хугацаандаа байгууллагын өмнө тулгамдсан олон асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж байсны нэг нь Б.Төгсбаярын холбогдсон их хэмжээний мөнгөний асуудал юм. Б.Төгсбаяр өөрт холбогдох асуудлаа сөхөж гаргасны хонзонгоор намайг ажлаас халахдаа дараах хуулийн заалтуудыг зөрчсөн. Б.Төгсбаярын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх зүйлд тавигдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн, ямар нэгэн, аль нэг газрын шийдвэр гараагүй байхад ажлаас халж эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн тушаалд тус үйлдвэрийн ҮЭХ-ны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэхь заалтыг баримталсан байна. ЭҮ ХХК-ийн ҮЭХ-ны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагын дарга болон хуулийн зөвлөх байна гэж заасан байдаг. Иймд хуулийн зөвлөхийн шаардлагатай байгааг харуулж байхад батлаагүй орон тоон дээр хуулийн зөвлөх авч ажиллуулсан мэт үзэж намайг ажлаас халсанд буруутгаж байна. Иймд хууль бусаар ажлаас халсан ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 900.000 төгрөгийг тус холбооноос гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хуульч, эрх зүйчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний гурав дахь хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт ажилтанд үүрэг хүлээлгэсэн боловч ажилтан энэ үүргээ биелүүлээгүй болох нь Гүйцэтгэх Зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурал, Холбооны дарга дүрэм зөрчсөн олон үйлдлүүд, Хянан шалгах зөвлөлийн 03 тоот дүгнэлт зэргээр тодорхой болсон. Холбооны дарга П.Баттөр нь хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт баталж хуулийн зөвлөхийг үүрэгжүүлээгүй тул тэрээр ямар үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй. Б.Э- хуульчийн үүргээ биелүүлж Холбооны дарга, ажлын албанд эрх зүйн туслалцааг зохих ёсоор, чанартай үзүүлж байсан бол Хяналтын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний №03 тоот дүгнэлтэд дурдсан дарга дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байхад зогсоох, Холбооны дүрмийн болон бусад үй олон зөрчлийг гаргуулахгүй байх, ажлын албаны 4 хүнийхээ хоёрыг халсан шүүхийн маргаанд өмгөөлөгч нарт 3,0 сая төгрөг төлөхгүйгээр холбоог төлөөлж шүүхэд оролцох ёстой байсан. П.Баттөр нь Холбооны дүрэмд зааснаар Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэр гаргуулахгүйгээр найз Б.Э-даа анх гэрээ байгуулахдаа 1.500.000 төгрөгийн цалин олгохоор гэрээнд тусгасан боловч 2018 оны 3 дугаар сараас 1.840.000 төгрөгийн цалин олгож эхэлсэн байдаг. Хуульч зохих ёсоор ажилласан бол Холбооны дарга П.Баттөр Холбооны дүрмийг үл тоон Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдээр хамтын шийдвэр гаргах асуудлыг ганцаар шийдэх, хяналтаас гарахын тулд дүрмээр Бага хурлаас сонгогдсон Хянан шалгах зөвлөлийг Хороодын зөвлөл гэх дүрмийн бус хурлаар огцруулах, хууль бус шийдвэрүүдээ Хороодын зөвлөл гэх дүрмийн бус бүтцээр дэмжүүлж байхад, энэ талаар МҮЭ-ийн Холбооны Хяналтын хороо дүгнэлт хариу ирүүлж байхад хуульч хаана байсан бол. Б.Э- ийм байдалтай ҮЭ-ээс өндөр хэмжээний сул цалин өчнөөн сар авчихаад одоо буцаад тийм байдлаараа явна гээд шүүхдэж байгаа нь хуульч хүнд ичгэвтэр мэт санагдана. Холбооны гүйцэтгэх зөвлөл 2018 оны 8 сарын 27-ны хурлаараа энэ асуудлыг хэлэлцэж үүрэг өгсний дагуу Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 06-нд ээлжит хурлаа хийж 2018 оны сүүлийн хагас жилийн ажлын албаны орон тоо, бүтцээ баталсан ба энд хуулийн зөвлөх гэж орон тоо батлаагүй, цаашид хуулийн зөвлөхийг ямар хэлбэрээр ажиллуулахыг судалж саналаа боловсруулан 2019 оны орон тоо, бүтэц, цалин батлахад оруулж ирэх үүргийг дэд даргад үүрэг болгосон байгаа. Түүнчлэн Хянан шалгах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд энэ талаар Гүйцэтгэх зөвлөлд чиглэл өгсөн байгаа. ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд одоо нэрчилсэн бүртгэлээр 4911 гишүүн бүртгэлтэй байна. Үйлдвэрт хөлс хүчээ урсган, эрүүл мэндээ зориулж ажиллаж байгаа ажилчдын татвараар бүрдсэн ҮЭ-ийн холбооны төсвийг П.Баттөр, Б.Э- нар ингэж дураараа завшиж амьдрахыг шүүх зөвтгөхгүй гэдэгт итгэлтэй байна. Иймд Б.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Э-ыг ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 900.000 төгрөг гаргуулан Б.Э-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 96.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Р.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл байдлыг буруу ойлгож, эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үйлдвэрчний эвлэлүүд үйл ажиллагаагаа бие даан чөлөөтэй явуулах эрхийг хязгаарлаж, хэн нэгэн этгээдийг ажлын байр буюу орон тоо байхгүй ч заавал ажиллуулах үүрэгтэй мэтээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийг илтэд буруу тайлбарлаж байна. Тус Холбооны дүрмээр Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны Бага хурал, Бага хурлын хооронд удирдах эрхийг Гүйцэтгэх зөвлөлийн хурал, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хооронд удирдах эрхийг Тэргүүлэгчид байхаар дүрмийн 13.1, 15.1, 17.1-д тодорхой зохицуулсан. Мөн дүрмийн 18.1.4-т Холбооны ажлын алба ямар бүтэцтэй, хэдэн орон тоотой, ямар зохион байгуулалттай, ажил албан тушаалын орон тооны цалин ямар байхыг Тэргүүлэгчдийн хурлын эрх хэмжээнд байхыг заажээ. Дүрмийн 20.1.1-д Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж дүрмийн 18.1-д заасан асуудлуудыг хэлэлцүүлэх үүргийг Холбооны дарга хүлээсэн байна. Ийнхүү Тэргүүлэгчдээр батлуулсан орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажлын албаны ажилтнуудыг сонгон авах, Хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг дүрмийн 20.1.10 дахь заалтаар Холбооны даргад олгожээ. Гэтэл ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны даргаар ажиллаж байсан П.Баттөр нь 2016 оны 11 дүгээр сард Холбооны даргаар сонгогдсоноосоо хойш дүрмийн заалтыг биелүүлж ажлын албаны орон тоо, бүтэц, зохион байгуулалтаа төлөвлөн Тэргүүлэгчдийн хүралд оруулж батлуулаагүй дүрмээ зөрчиж ирсэн. Тэгсэн атлаа өөрийн найз Б.Э-ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс хуулийн зөвлөхөөр дур мэдэн авч 1.500.000 төгрөгийн цалинг өөрөө тогтоон өгч 2 сарын дараа 1.800.000 болгож дур зоргоор авирласан байдаг. Энэ мэтчилэн дураараа авирласныхаа төлөө П.Баттөр Холбооны даргаас 2018 оны 5 дугаар сарын 22-нд Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас огцорсон, түүний гаргасан дутагдал, дүрмийн зөрчил, хуулийн зөвлөхийг дүрэм зөрчин авсан тухай Холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 5 сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд тодорхой дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралд танилцуулсан байгаа. Энэ дүгнэлтийн талаар гомдол гаргасан ҮЭ-ийн гишүүн, сонгуультан, дүгнэлтэд нэр дурдагдсан ажилтан одоо хүртэл байхгүй байхад үүнийг үгүйсгэж Үйлдвэрчний эвлэлийн дотоод ажлыг зохицуулах эрх шүүхэд байхгүй. Энэ 03 тоот дүгнэлт бол нотлох баримт. Угаасаа Тэргүүлэгчдийн хуралд асуудлыг боловсруулж оруулаагүй, шийдвэр гаргуулаагүй эс үйлдэхүйг тухайн ҮЭ-ийн дотоод хяналтын функци дүрмээр тогтоосон эрх хэмжээний хүрээнд шалгаж тогтоохоос өөрөөр яаж нотлох билээ. Гэтэл энэ байдал шүүхийн мэтгэлцээний гол үндэслэл болсоор байхад шүүх дүгнэлт өгөхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг бүрэн хэрэгжүүлэхгүй зарим талаар зөрчиж байгаа болно. Холбооны дүрмийн 15.2-т Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд “хуулийн зөвлөх" гэж байгаа нь хуулийн зөвлөхийн орон тоо байгаа мэтээр шүүх дүрмийг тайлбарлажээ. Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг Бага хурал батлах ба тэд зөвхөн жилд 1-ээс доошгүй удаа хуралдаж дүрмийн 16-д заасан эрх хэмжээний шийдвэр гаргах сонгуульт үүрэг бөгөөд үүнийхээ төлөө ҮЭ-ийн Холбооноос ямар нэгэн цалин хөлс, урамшуулал авдаггүй. Хуулийн зөвлөх энэ бүрэлдэхүүнд сонгуульт үүрэгтэн байхыг л дүрмийн 15.2-т зааж байгаа болохоос биш дүрмийн 23 дугаар зүйлд заасан ажлын албаны зохицуулалт дүрмийн энэ заалтад огт хамааралгүй. Тэгээд ч нэг байгууллагыг түшиглэсэн ҮЭ-ийн жижигхээн Холбоо хуулийн зөвлөхийг байнгын орон тоогоор өндөр цалингаар ажиллуулах уу, хавсрах, хослох байдлаар ажиллуулах уу, эсхүл Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах уу, хууль зүйн туслалцааг өөр хэлбэрээр авах уу гэдэг нь ажлын онцлог, шаардлага, хэрэгцээнээс хамаарч дүрэм ёсоор Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал юм. Нөгөө талаар тус Холбооны дүрмийг тайлбарлаж нэхэмжлэлийг хангасан, шийдвэрийг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ гэвэл дүрмийн 15.2 дахь заалтад “хуулийн зөвлөх" гэсэн заалт Б.Э-тай П.Баттөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 31-нд дүрэмд байгаагүй болохыг анзаарах ёстой. Дүрмийн хэрэгжилт, одоо байгаа орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг нотолж өгсөн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны 106 дугаар тогтоол, түүний хавсралтыг Б.Э-тай холбоотой мэтээр шүүх илтэд андуурсан байна. Тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны хурлаас өмнөх П.Баттөрийн үеийн адил Холбооны төсөв, ажлын албаны бүтэц, орон тоо, цалингаа батлуулалгүй дүрмээ зөрчөөд дураараа явж болохгүй ээ, үүнийгээ батлуул гэж 05 тоот тогтоолоор үүрэг өгсний дагуу 2018 оны сүүлийн хагас жилийн орон тоо, цалингаа баталсан ба энэ нь дүрмийг ингэж хэрэгжүүлэх ёстой юм, одоо бүтэц, орон тоо батлахад хуулийн зөвлөх гэдэг орон тоо батлагдаагүй байгаа шүү гэдгийг харуулсан баримт болохоос биш Б.Э-ын орон тоог байсныг хасаад баталчихсан юм биш. Тус ҮЭ-ийн Холбооны ажлын албанд хуулийн зөвлөх гэдэг ажлын байр орон тоо хэзээ ч байгаагүй, одоо ч байхгүй байхад энд дурдсан шийдвэр, магадлалаар шүүх бий болгох гээд байгааг бид ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, "Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай" Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 1948 оны 87 дугаар конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх "Ажилчид, ажил олгогчдын байгууллага дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, төлөөлөгчөө чөлөөтэй сонгох, дотоод захиргаа байгуулах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрхтэй" гэсэн заалт, МҮЭХ-ны дүрмийн 11.6 дахь заалт, тус холбооны дүрмийн дээр дурдсан заалтуудыг эс хайхарч Үйлдвэрчний эвлэлийн эрхийг зөрчиж байна гэж үзэж энд дурдсан хуулийг Хөдөлмөрийн тухай хуультай давхар хэрэглэж хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм. Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсныг буруу гэж нэхэмжлэгч мэтгэлцдэг. Хөдөлмөрийн хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах харилцааг зохицуулдаг. Угаасаа Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт нь ажлын байр буюу батлагдсан тодорхой орон тоон дээр л гэрээ байгуулах агуулгатай ба ажлын байр, орон тоо байхгүй үед хөдөлмөрийн гэрээ байгуулах тийм ойлголтыг огт агуулдаггүй юм. Тийм учраас батлагдсан орон тоо буюу ажлын байр байхгүй байхад хүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол түүнийг тухайн үед ажиллаж байгаа ажилтан гэж үзэх учраас ажилтны тоог цөөрүүлэх гэдэг үндэслэлээр чөлөөлөхөөс өөр үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулиас олдохгүй. Нэхэмжлэгч Б.Э- нэхэмжлэлийнхээ үндэслэлийг батлахаар хуурамч нотлох баримт гаргасныг шүүх дүгнэх шаардлагатай. Манай ҮЭ-ийн Холбоонд “Хуулийн зөвлөх" гэсэн ажлын байрны тодорхойлолт байхгүй байдаг ба Б.Э-тай байгуулсан 6 зүйлтэй 3 нүүр, 24 заалттай хугацааг 1 жил гэснийг 2 болгон зассан Хөдөлмөрийн гэрээ гарч ирснийг шүүхэд хариуцагчийн талаас нотлох баримтаар өгсөн байгаа. Гэтэл Б.Э- өөрөө нэхэмжлэлдээ хавсарган 2 нүүр ажлын байрны тодорхойлолт, манай ажлын албанд хэрэглэгддэг загвараас огт өөр ЭҮ ХХК-ийн ҮЭ-ийн холбоонд ажиллах хөдөлмөрийн гэрээ гэсэн тухайлсан онцлох нэртэй, хугацаагүй, 6 нүүр, 5 зүйл, 45 заалттай баримтуудыг өгчээ. Б.Э-ыг ажилд авсан түүний найз П.Баттөр Холбооны даргаас 2018.05.22-нд огцроод холбооны тамга, тэмдгийг өгөхгүй зугатсан ба Б.Э-ын Хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 03-нд буцаан өгсөн байдгаас үзэхэд дээрх бичиг баримтыг манай ҮЭ-ийн Холбооноос огцорсон П.Баттөр, Б.Э- нар хуурамчаар үйлдсэн байх бүрэн үндэстэй. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байгаа шүүх энэ байдал буюу нэхэмжлэгч, хариуцагчаас гаргасан хоёр өөр Хөдөлмөрийн гэрээнд дүгнэлт өгч, алийг нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар дүгнэж шийдвэртэй тодорхой заах учиртай. Ингэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29.1-д заасан үр дагаврыг ч бий болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч өөрийнхөө өгсөн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг дэмжиж байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод ҮЭ-ийн Холбооны хуулийн зөвлөхийг магистрын зэрэгтэй, хуульч байх шаардлага тавьсан байна. Гэтэл Б.Э- нь МУИС-ын их дээдийн оройн 2 жил төгссөн дипломтой эрх зүйч байгаа нь тус холбоонд тохирохгүйн дээр түүний эрх зүйч, хуульчийн ажлын туршлагын талаар ямар нэгэн баримт олдохгүй байгаа юм. Тус Холбоо хуулийн зөвлөхийг ямар нэг хэлбэрээр ажиллуулах боллоо ч Б.Э-ыг ажиллуулах ямар ч боломж, үндэслэл байхгүй нь түүний өөрийнх ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт, мэргэжил боловсролынх нь баримтаас харагдана. Иймд эдгээр үндэслэлээр хэргийг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, Б.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Э-, ЭҮ ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн  2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 900.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Б.Э-, ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хуулийн зөвлөхийн ажил, үүргийг гүйцэтгэж байгаад тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Тушаалд, Б.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчиж, батлагдаагүй орон тоо гарган иргэнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасныг баримталсан байна.

Б.Э-ыг ажлаас чөлөөлөх тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй тухай хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил үүргийг гүйцэтгүүлэн цалин хөлс өгч байсан нь тогтоогдсон тул зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Тушаалд заасан, хариуцагчийн тайлбарт дурдсан, ЭҮ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан П.Баттөр нь “үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчиж, батлагдаагүй орон тоо гарган иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэх үндэслэл буюу тухайн байгууллагын бүтэц орон тоог дүрмийн дагуу  баталсан эсэх асуудал нь зохигчийн хооронд үүссэн ажлаас буруу халсан тухай маргааны үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, ажилтан Б.Э-ыг ажлаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуульд заасан “орон тоо хасагдсан” нөхцөл болохгүй юм.

Ажилтан ажиллаж байсан бол тухайн ажлын байр байсан гэж үзэх ба байсан орон тоог тодорхой үндэслэл, журмын дагуу хассан эсэх нь маргаанд ач холбогдолтой.  “Орон тоо хасах гэдэг нь тухайн ажил, албан тушаалын ажлын байр үгүй болох”-ыг ойлгодог бөгөөд “хуулийн зөвлөх”-ийн орон тоог хассан тухай үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлого болгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ