Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00142

 

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

*******-ийн үйлдвэрчний эвлэлийн

холбоонд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

*******-ийн ҮЭ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 900 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь *******-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 тушаалаар тус холбооны хуулийн зөвлөхөөр орж ажилласан юм. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаяр даргын эзгүйд Б/68 тушаал гарган намайг холбооны хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүйгээр хууль зөрчин халж сэтгэл санаа, аж амьдралыг минь хохироолоо. Би ажиллах хугацаандаа байгууллагын өмнө тулгамдсан олон асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж байсны нэг нь Б.Төгсбаярын холбогдсон их хэмжээний мөнгөний асуудал юм. Б.Төгсбаяр өөрт холбогдох асуудлаа сөхөж гаргасны хонзонгоор намайг ажлаас халахдаа дараах хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Б.Төгсбаярын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэхь заалтыг үндэслэн гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэхь зүйлд тавигдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн, ямар нэгэн, аль нэг газрын шийдвэр гараагүй байхад ажлаас халж эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн тушаалд тус үйлдвэрийн ҮЭХ-ны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэхь заалтыг баримталсан байна. *******-ийн ҮЭХ-ны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагын дарга болон хуулийн зөвлөх байна гэж заасан байдаг. Иймд хуулийн зөвлөхийн шаардлагатай байгааг харуулж байхад батлаагүй орон тоон дээр хуулийн зөвлөх авч ажиллуулсан мэт үзэж намайг ажлаас халсанд буруутгаж байна. Ер нь жинхэнэ даргын хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын орон тоо, бүтцийг түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан бужигнуулаад байдаггүйг бусад байгууллагын үйл ажиллагаанаас харж болно. Иймд хууль бусаар ажлаас халсан *******-ийн ҮЭ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 900 000 төгрөгийг тус холбооноос гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

П.Баттөрийн *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хуульч, эрх зүйчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний гурав дахь хэсгийн 5, 6. 7 дахь хэсэгт ажилтанд үүрэг хүлээлгэсэн боловч ажилтан энэ үүргээ биелүүлээгүй болох нь Гүйцэтгэх Зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурал, Холбооны дарга дүрэм зөрчсөн олон үйлдлүүд, Хянан шалгах зөвлөлийн 03 тоот дүгнэлт зэргээр тодорхой болсон. Холбооны дарга П.Баттөр нь хуулийн зөвлөх-ийн ажлын байрны тодорхойлолт баталж хуулийн зөвлөхийг үүрэгжүүлээгүй тул тэрээр ямар үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй. ******* хуульчийн үүргээ биелүүлж Холбооны дарга, ажлын албанд эрх зүйн туслалцааг зохих ёсоор, чанартай үзүүлж байсан бол Хяналтын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний №03 тоот дүгнэлтэд дурдсан дарга дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байхад зогсоох, Холбооны дүрмийн болон бусад үй олон зөрчлийг гаргуулахгүй байх, ажлын албаны 4 хүнийхээ хоёрыг халсан шүүхийн маргаанд өмгөөлөгч нарт 3,0 сая төгрөг төлөхгүйгээр холбоог төлөөлж шүүхэд оролцох ёстой байсан. П.Баттөр нь Холбооны дүрэмд зааснаар Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэр гаргуулахгүйгээр найз *******даа анх гэрээ байгуулахдаа 1 500 000 төгрөгийн цалин олгохоор гэрээнд тусгасан боловч 2018 оны 3 дугаар сараас 1 840 000 төгрөгийн цалин олгож эхэлсэн байдаг. Хуульч зохих ёсоор ажилласан бол Холбооны дарга П.Баттөр Холбооны дүрмийг үл тоон Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдээр хамтын шийдвэр гаргах асуудлыг ганцаар шийдэх, хяналтаас гарахын тулд дүрмээр Бага хурлаас сонгогдсон Хянан шалгах зөвлөлийг Хороодын зөвлөл гэх дүрмийн бус хурлаар огцруулах, хууль бус шийдвэрүүдээ Хороодын зөвлөл гэх дүрмийн бус бүтцээр дэмжүүлж байхад, энэ талаар МҮЭ-ийн Холбооны Хяналтын хороо дүгнэлт хариу ирүүлж байхад хуульч хаана байсан бол. Дүрэм зөрчигдөж байгаа талаар Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдэд санал, дүгнэлт ирүүлсэн бил үү гээд яривал олон зүйл ярьж болно. ******* ийм байдалтай ҮЭ-ээс өндөр хэмжээний сул цалин өчнөөн сар авчихаад одоо буцаад тийм байдлаараа явна гээд шүүхдэж байгаа нь хуульч хүнд ичгэвтэр мэт санагдана. Холбооны гүйцэтгэх зөвлөл 2018 оны 08 сарын 27-ны хурлаараа энэ асуудлыг хэлэлцэж үүрэг өгсний дагуу Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 06-нд ээлжит хурлаа хийж 2018 оны сүүлийн хагас жилийн ажлын албаны орон тоо, бүтцээ баталсан ба энд хуулийн зөвлөх гэж орон тоо батлаагүй, цаашид хуулийн зөвлөх-ийг ямар хэлбэрээр ажиллуулахыг судалж саналаа боловсруулан 2019 оны орон тоо, бүтэц, цалин батлахад оруулж ирэх үүргийг дэд даргад үүрэг болгосон байгаа. Түүнчлэн Хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд /4 дэх тал дороосоо 6-7 дахь мөр/ энэ талаар Гүйцэтгэх зөвлөлд чиглэл өгсөн байгаа. *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд одоо нэрчилсэн бүртгэлээр 4911 гишүүн бүртгэлтэй байна. Үйлдвэрт хөлс хүчээ урсган, эрүүл мэндээ зориулж ажиллаж байгаа ажилчдын татвараар бүрдсэн ҮЭ-ийн холбооны төсвийг П.Баттөр, ******* нар ингэж дураараа завшиж амьдрахыг шүүх зөвтгөхгүй гэдэгт итгэлтэй байна. Иймд *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан *******ыг *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 900 000 төгрөг гаргуулан *******ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 96 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгч хэргийн үйл байдлыг буруу ойлгож, эрхзүйн харилцааг буруу тодорхойлж, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үйлдвэрчний эвлэлүүд үйл ажиллагаагаа бие даан чөлөөтэй явуүлах эрхэд халдсан, хэн нэгэн этгээдийг бүтэц орон тоо байхгүй ч заавал ажиллуулах үүрэгтэй мэт шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тус Холбооны дүрмээр Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны Бага хурал, Бага хурлын хооронд удирдах эрхийг Гүйцэтгэх зөвлөлийн хурал, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хооронд удирдах эрхийг Тэргүүлэгчид байхаар дүрмийн 13.1, 15.1, 17.1-д тодорхой зохицуулсан. Мөн дүрмийн 18.1.4-т Холбооны ажлын алба /Бага хурлаас сонгогддог дарга, Гүйцэтгэх зөвлөлөөс сонгогддог дэд даргаас бүсад/ ямар бүтэцтэй, хэдэн орон тоотой, ямар зохион байгуүлалттай, ажил албан тушаалын орон тооны цалин ямар байхыг Тэргүүлэгчдийн хурлын эрх хэмжээнд байхыг заажээ. Дүрмийн 20.1.1-д Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж дүрмийн 18.1-д заасан асуудлуудыг хэлэлцүүлэх үүргийг Холбооны дарга хүлээсэн байна. Ийнхүү Тэргүүлэгчдээр батлуулсан орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажлын албаны ажилтнуудыг сонгон авах, Хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг дүрмийн 20.1.10 дахь заалтаар Холбооны даргад олгожээ.

Гэтэл П.Баттөр нь 2016 оны 11 дүгээр сард Холбооны даргаар сонгогдсоноос оо хойш дүрмийн заалтыг биелүүлж ажлын албаны орон тоо, бүтэц, зохион байгуулалтаа төлөвлөн Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлуулаагүй явж ирсэн. Тэгсэн атлаа өөрийн найз*******ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс хуулийн зөвлөхөөр дур мэдэн 1.500.000 төгрөгийн цалинг өөрөө тогтоон өгч 2 сарын дараа 1.800.000 болгосон байдаг Энэ мэтчилэн дураараа авирласныхаа төлөө П.Баттөр Холбооны даргаас 2018 оны 05 сарын 22-нд Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас огцорсон, түүний гаргасан дутагдал дүрмийн зөрчил, хуулийн зөвлөхийг дүрэм зөрчин авсан тухай Холбооны хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 сарын 21-ний 03 тоот дүгнэлтийн 4 дэх талд тодорхой дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралд танилцуулсан байгаа.

Энэ дүгнэлтийн талаар гомдол гаргасан ҮЭ-ийн гишүүн, сонгуультан, дүгнэлтэд нэр дурдагдсан ажилтан одоо хүртэл байхгүй байхад үүнийг үгүйсгэж Үйлдвэрчний эвлэлийн дотоод ажлыг зохицуулах эрх шүүхэд байхгүй. Энэ 03 тоот дүгнэлт бол нотлох баримт. Тэргүүлэгчдийн хуралд асуудлыг боловсруулж оруулаагүй, шийдвэр гаргуулаагүй эс үйлдэхүйг түхайн ҮЭ-ийн дотоод хяналтын функци дүрмээр тогтоосон эрх хэмжээний хүрээнд шалгаж тогтоохоос өөрөөр яаж нотлох билээ. Гэтэл шүүх арай хэтэрхий гэнэн дүгнэлт хийсэн нь шүүгчийн чадамжаас шалтгаалсан байх.

Холбооны дүрмийн 15.2-т Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд "хуулийн зөвлөх гэж байгаа нь хуулийн зөвлөхийн орон тоо байгаа мэтээр шүүх дүрмийг тайлбарлажээ. Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг Бага хурал батлах ба тэд зөвхөн жилд 1-ээс доошгүй удаа хуралдаж /дүрмийн 15.4/, дүрмийн 16-д заасан эрх хэмжээний шийдвэр гаргах сонгуульт үүрэг бөгөөд үүнийхээ төлөө ҮЭ-ийн Холбооноос ямар нэгэн цалин хөлс урамшуулал авдаггүй. Хуулийн зөвлөх энэ бүрэлдэхүүнд сонгуульт үүрэгтэн байх дүрмийн 15.2 зааж байгаа болохоос биш ажлын албаны зохицуулалт дүрмийн энэ заалтанд огт хамааралгүй. Тэгээд ч хуулийн зөвлөхийг байнгын орон тоогоор ажиллуулаах уу хавсрах, хослох байдлаар ажиллуулах уу, эсхүл Иргэний хуульд заасан хөлсөар ажиллах гэрээгээр ажиллуулах уу гэдэг нь ажлын онцлог, шаардлага, хэрэгцээнээс хамаарч дүрэм ёсоор Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал юм.

Дүрмийн хэрэгжилт, одоо байгаа орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг нотолж өгсөн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны 106 дугаар тогтоол, түүний хавсралтыг *******тай холбоотой мэтээр шүүх илтэд андуурсан байна. Тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны хурлаас өмнөх П.Баттөрийн үеийн адил Холбооны төсөв, ажлын албаны бүтэц, орон тоо цалингаа батлуулалгүй дүрмээ зөрчөөд дураараа явж болохгүй ээ, үүнийгээ батлуул гэж 05 тоот тогтоолоор үүрэг өгсний дагуу 2018 оны сүүлийн хагас жилийн орон тоо, цалингаа баталсан ба энэ нь дүрмийг ингэж хэрэгжүүлэх ёстой юм, одоо бүтэц, орон тоо батлахад хуулийн зөвлөх гэдэг орон тоо батлагдаагүй байгаа шүү гэдгийг харуулсан баримт болохоос биш *******ын орон тоо байсныг хасаад баталчихсан юм биш. Иймхэн юмыг ойлгочих шүүгч Монголын шүүхэд тааралдах байх гэж найдаж байна.

Манай ҮЭ-ийн Холбоонд "Хуулийн зөвлөх" гэсэн ажил, албан тушаалын ажлын байрны тодорхойлолт ерөөсөө байхгүй байдаг ба *******тай байгуулсан 6 зүйлтэй 3 нүүр, 24 заалттай Хөдөлмөрийн гэрээ гарч ирснийг шүүхэд хариуцагчийн талаас нотлох баримтаар өгсөн байгаа. Гэтэл ******* өөрөө нэхэмжлэлдээ хавсарган 2 нүүр ажлын байрны тодорхойлолт, манай ажлын албанд хэрэглэгддэг загвараас огт өөр *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллах хөдөлмөрийн гэрээ гэсэн нэртэй 6 нүүр, 5 зүйл, 45 заалттай баримтуүдыг өгчээ. *******ыг ажилд авсан түүний найз П.Баттөр Холбооны даргаас 2018.5.22-нд огцроод холбооны тамга, тэмдгийг өгөхгүй зугатсан ба *******ын Хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 2018 оны 09 дүгээр сарын 03-нд буцаан өгсөн байдгаас үзэхэд дээрх бичиг баримтыг манай ҮЭ-ийн Холбооноос огцорсон, халагдсан П.Баттөр, ******* нар хуурамчаар үйлдсэн байх бүрэн үндэстэй. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байгаа шүүх энэ байдал буюу нэхэмжлэгч, хариуцагчаас гаргасан хоёр өөр Хөдөлмөрийн гэрээнд дүгнэлт өгч, алийг нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар дүгнэж шийдвэртэй тодорхой заах учиртай? Нэхэмжлэгч өөрийнхөө өгсөн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг дэмжиж байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод ҮЭ-ийн Холбооны хуулийн зөвлөхийг магистрын зэрэгтэй, эрх зүйч, хуульч байх шаардлага тавьсан байна. Гэтэл ******* нь МУИС-ын их дээдийн оройн 2 жил төгссөн дипломын хэргэмтэй эрх зүйч /Дээд боловсролын тухай хуулийн 3.3, 8.7, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 17-р зүйл заалтыг үзнэ үү/ байгаа нь мэргэжлийн зэргэмжийн хувьд тус холбоонд тохирохгүйн дээр түүний эрх зүйч, хуульчийн ажлын туршлагын талаар ямар нэгэн баримт олдохгүй байгаа юм. Ийм учраас тус Холбоо хуулийн зөвлөхийг ямар нэг хэлбэрээр ажиллуулах боллоо ч *******ыг ажиллуулах ямар ч боломж, үндэслэл байхгүй. Иймд эдгээр үндэслэлээр хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн төөрч будилсан алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулж *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн № Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат шүүх хуралдааны шатанд тушаалыг хүчингүй болгох шаардлагаа өөрчилж тус холбооны хуулийн зөвлөхийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалин хөлс 900.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн гаргасан тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь тус холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн № 01 дүгээр тушаалаар хуулийн зөвлөхийн албан тушаалд томилогдож ажилласан ба хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн № Б/68 дугаар тушаалаар ...холбооны дүрэм зөрчиж батлагдаагүй орон тоо гарган Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орж батлагдсан ба тус дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-д Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь Дарга, дэд дарга, тэргүүлэгчид, ерөнхий нягтлан бодогч, гишүүн байгууллагуудын дарга болон хуулийн зөвлөхөөс бүрдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч тус холбооны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ажил олгогч нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цуцалсаны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 06 ны өдөр тус холбооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг шинэчлэн баталсан болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэгч *******ыг тус холбооны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин олговор 900.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч *******ыг хуулийн зөвлөхийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн батлагдаагүй орон тоо дээр хуулийн зөвлөх авч ажиллуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ...орон тоо цөөрсөн, эсхүл хасагдсан... гэх үндэслэлд хамааруулж ажлаас нь халсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Ажил олгогч орон тоо цөөрүүлсэн, хасагдсан эсэх-ийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан ...өөрийн найз *******ыг тус холбооны дарга П.Баттөр дур мэдэн авч ажиллуулсан, холбооны дүрмийн 15.2-т Гүйцэтгэх зөвлөлийн бүрлэдэхүүнд хуулийн зөвлөх байна гэж байгаа нь хуулийн зөвлөхийн орон тоо байгаа мэтээр шүүх дүрмийг тайлбарласан, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн №106 дугаар тогтоолоор ажлын бүтэц, орон тоог баталсан баримт нь Эрдэнэбатын орон тоог хасаад баталсан биш харин хуулийн зөвлөх гэдэг орон тоо байхгүй байсныг харуулсан баримт юм, ажлын байрны тодорхойлолтонд хуулийн зөвлөхийн орон тоонд магистр, эрх зүйч, хуульч байх шаардлага тавигдсан ба нэхэмжлэгч мэргэжлийн хувьд ч тохирохгүй, иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ