Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/01087

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц. Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОрЭ Ү  холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 51 910 219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.м , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.о , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цогтсайхан овогтой б нь Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Э Ү ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 142/ШШ2017/    шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Уг шийдвэр гарсан өдрөөс Э Ү ХХК-ий холбогдох удирдлагуудтай ажилдаа буцаж орхоор удаа дараа уулзсан боловч ажилд чинь оруулна хүлээж бай гэсэн хариу авсаар ирсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл ажилгүй хэвээр байгаа билээ. Ц.б миний бие Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа нэг өдрийн 116 144 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 25 435 536 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.м нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Ц.Б ийн нэхэмжлэлтэй Э Ү ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү хэрэгт Э Ү ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 25 435 536 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд хандахдаа зөвхөн өмнө нь ажиллаж байх үедээ авч байсан үндсэн цалингаас тооцоолж нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш Э Ү ХХК-ийн ажилтнуудын цалин нэмэгдсэн, ажилтан бүрт ямар ч шалгуургүйгээр тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгогдсон байна. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч Э Ү ХХК нь сайн дураар биелүүлээгүй ажилгүй байгаа тул ажлын үр дүнгийн урамшуулал, нөхцлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэрэг цалин хөлсөө авч чадаагүй байгаа тул гомдолтой байгаа юм. Ц.б ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш 2017 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад үндсэн цалин, нөхцлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал нийт 23 948 880 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн цалин, нөхцлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал 43 060 059 төгрөг тус тус авч чадаагүй. 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл авч чадаагүй дээрх цалин хөлс нь нийт 67 008 939 төгрөг болж байна. Үүнээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1208 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинд олгохоор шийдсэн 15 098 720 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн нэхэмжпэлийн шаардлага 25 435 536 төгрөгийг хасч тооцвол 26 474 683 төгрөг болж байна. Иймд өмнө гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 25 435 536 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 26 474 683 төгрөгөөр ихэсгэж нийт 51 910 219 төгрөгний ажилгүй байсан хугацааны цалин хөлс хариуцагчаас нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаагаар бодож байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.о шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б ийн нэхэмжлэлтэй Э Ү ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25 435 536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Ц.б нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э Ү ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхотгогдсон тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ12017/01208 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-д ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу Ц.Б т Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг санал болгосон хэвээр байгаа төдийгүй түүнд ажиллах боломж байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл хийхгүй, ажилгүй байгаа нь ажил олгогчоос шалтгаалаагүй болно. Ц.б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.о нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: Ц.Б ийн нэхэмжлэлтэй Э Ү ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25 435 536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлс 51 910 219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Ц.б нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э Ү ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг дахин тогтоолгож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг дахин тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр Ц.Б ийг Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Гэтэл Э Ү ХХК-д Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын орон тоо хасагдсан. Энэ нь Ерөнхий захирлын 2017 оны А/394, А/395 дугаар тушаалаар нотлогдоно. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-д Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нъ цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж биелүүлэх ёстой юм. Ц.б нэхэмжлэлдээ ...Э Ү ХХК-ийн холбогдох удирдлагуудтай ажилдаа буцаж орохоор удаа дараа уулзсан боловч ажилд чинь оруулна хүлээж бай гэсэн хариу авсаар ирсэн... гэж дурьдсан нь ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлэх оролдлого хийж түүнтэй уулзаж байсан, ямар нэг байдлаар ажлаар хангана гэдэг хариу өгч ажилтантай тохиролцох оролдлого хийсэн нь нотлогдож байна. Өнөөдрийг хүртэл тус орон тоо сул хадгалагдсан хэвээр байгаа болно. Харин Ц.Б т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэл зориг байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ц.б нь Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажлын байр цомхотголд орсон гэдгийг мэдсээр байж тэр албан тушаалд л ажиллана гэдэг байр сууринаас хатуу хандаж өнөөдрийг хүртэл ажил олгогчтой тохиролцоонд хүрч чадалгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгээд тохирсон цалин хөлсөө авах боломжийг хязгаарласан байна. Түүнчлэн Ц.б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож хариуцлагатай албан тушаал хашиж байгаа нь нотлогдож байх бөгөөд энэ нь түүнийг ажил олгогчийн зүгээс санал болгосон ажилд ажиллах хүсэл сонирхлыг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл Э Ү ХХК-д ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэл биш нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалсан буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж заажээ. Эндээс үзэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс биш дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэдэг ойлголт гарч ирж байна. Харин энэ олговорыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар заалтын А ...ажлаас буруу халсан буюу буруу шшжүүлсэн үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэснийг баримтлан тогтоох ёстой.

4. Хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 2 497 100 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 116 144 төгрөг гэж тогтоосонтой болон нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагад ...миний бие Баяжуулах үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа нэг өдрийн 116 144 төгрөгийн цалин авдаг байсан... гэж нэг өдрийн цалингаа тогтоосонтой маргах үндэслэлгүй байна. Иймд Ц.б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл 210 хоног ажилгүй байсан гэж үзэж түүнд 24 390 240 төгрөгийн дундаж цалинтай тэнцэх олговор олгох үндэслэлтэй байна. Харин үндэслэлгүйгээр нэхэмжилж буй 27 519 979 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.б нь Э Ү ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 51 910 219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлээс 24 390 240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.б нь Э Ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажил албан тушаалыг эрхэлж байгаад, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Э Ү ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогджээ.

Хариуцагч Э Ү ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Ц.Б ийн өмнө нь ажиллаж байсан Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхотгогдсон учир уг албан тушаалтай нь дүйцэх Баяжуулах үйлдвэрийн үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженер-ийн албан тушаалд ажиллахыг санал болгосон. Гэтэл энэ ажилд орж ажиллахгүй байгаа нь ажил олгогчоос шалтгаалаагүй... гэж тайлбарлаж байна.

Ц.б нь шүүхийн шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлээс дээрх байдлаар татгалзаж байх боловч, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй тул Ц.б шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Ц.б урьд нь сард 2 497 100 төгрөгийн дундаж цалинг авч байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр тогтоогдсон бөгөөд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Ц.Б ийг ажлаасаа халагдсанаас хойш Э Ү ХХК-ийн ажилтнуудын цалин нэмэгдсэн, түүнтэй холбоотой ажлын үр дүнгийн урамшуулал, нөхцлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, компаний шагнал зэрэг цалин хөлс гаргуулна гэж буй нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ч, нэхэмжлэгч Ц.б нь ажиллаж байх үедээ энэ бүгд нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаа авч байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсийг авч байсан гэж үзнэ.

Харин Ц.Б ийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Э Ү -ийн ажилчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой нэмэгдэлүүдийг авах ёстой гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор хуульчилсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр 2 497 100 төгрөгөөр тогтоосон байх тул энэ хэмжээнээс бодож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч, 13 дахь сарын цалин гэж нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх /2 497 100 төгрөг/ хэмжээний олговор, Э Ү ХХК-ийн ажилчдад Э Ү ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1010 дугаар тушаалаар 500 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч гаргуулна гэснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Э Ү ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2017 оноос хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.16-д жилийн үр дүнгийн урамшууллыг /13 дахь сарын цалин/ жилд нэг удаа сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож журмын дагуу олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруутай шийдвэрийн үндсэн дээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул жилийн үр дүнгийн урамшуулал /2 497 100₮/, Э Ү ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1010 дугаар тушаалаар тус үйлдвэрийн ажилчдад олгосон 500 000 төгрөгийг гаргуулах олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч Ц.Б т 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт /11 сар 6 хоног, нэг өдрийн цалин 116 144 төгрөгөөр тооцож, 13 дахь сарын цалин 2 497 100₮+ 500 000₮/ нийт 31 162 064 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 20 748 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Э Ү ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 313 760 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э Ү ХХК-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31 162 064 төгрөгийг гаргуулан Ц.Б т олгож, нэхэмжлэлээс 20 748 155 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 313 760 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА