Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 148

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч

ЭҮ ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ц.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭҮ ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 51 910 219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.Б нь ЭҮ ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 142/ШШ2017/01208 шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Уг шийдвэр гарсан өдрөөс ЭҮ ХХК-ий холбогдох удирдлагуудтай ажилдаа буцаж орохоор удаа дараа уулзсан боловч ажилд чинь оруулна хүлээж бай" гэсэн хариу авсаар ирсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл ажилгүй хэвээр байгаа билээ. Ц.Б миний бие ЭҮ ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа нэг өдрийн 116 144 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 25 435 536 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд хандахдаа зөвхөн өмнө нь ажиллаж байх үедээ авч байсан үндсэн цалингаас тооцоолж нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш ЭҮ ХХК-ийн ажилтнуудын цалин нэмэгдсэн, ажилтан бүрт ямар ч шалгуургүйгээр тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгогдсон байна. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч ЭҮ ХХК нь сайн дураар биелүүлээгүй ажилгүй байгаа тул ажлын үр дүнгийн урамшуулал, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэрэг цалин хөлсөө авч чадаагүй байгаа тул гомдолтой байгаа юм. Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш 2017 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад үндсэн цалин, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал нийт 23 948 880 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн цалин, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал 43 060 059 төгрөг тус тус авч чадаагүй. 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл авч чадаагүй дээрх цалин хөлс нь нийт 67 008 939 төгрөг болж байна. Үүнээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24- ний өдрийн 1208 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинд олгохоор шийдсэн 15 098 720 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага 25 435 536 төгрөгийг хасч тооцвол 26 474 683 төгрөг болж байна. Иймд өмнө гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 25 435 536 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 26 474 683 төгрөгөөр ихэсгэж нийт 51 910 219 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс хариуцагчаас нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаагаар бодож байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ЭҮ ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхтгогдсон тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ12017/01208 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-д ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу Ц.Бт Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг санал болгосон хэвээр байгаа төдийгүй түүнд ажиллах боломж байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл хийхгүй, ажилгүй байгаа нь ажил олгогчоос шалтгаалаагүй болно. Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01087 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ЭҮ ХХК-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31 162 064 төгрөгийг гаргуулан Ц.Бт олгож, нэхэмжлэлээс 20 748 155 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 313 760 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл давж заалдсан гомдолдоо:

Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭҮ ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭҮ ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ц.Бийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааг бодитоор тогтоогоогүй. Ц.Б нь дээрх хугацаанд нийт 233 хоног ажилгүй байсныг 242 хоног гэж буруу тооцоолсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг тооцон олгох ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор хуулъчилсан байна. Тиймээс нэхэмжлэгчийн уръд авч байсан дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр 2 497 100 төгрөгөөр тогтоосон байх тул энэ хэмжээнээс бодож гаргуулах нь зүйтэй гэж үзэв ...гэж зөв дүгнэсэн боловч ямар нэг хуулийн үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар олгогдсон 500 000 төгрөгийн урамшуулал, 13 дахь сарын цалин буюу жилийн ажлын үр дүнгийн урамшуулал 2 497 000 төгрөгийг урьд авч байсан дундаж цалин дээр нэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан ба дээрх хугацаанаас хойш ажил эрхлээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар олгогдсон 500 000 төгрөгийн урамшуулал, 2017 оны 13 дахь сарын цалин буюу жилийн ажлын үр дүнгийн урамшуулал 2 497 000 төгрөгийг урьд авч байсан дундаж цалин дээр нь нэмж олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ЭҮ ХХК-аас 27 061 552 төгрөг гаргуулан Ц.Бт олгож, нэхэмжлэлээс 24 848 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20 748 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн, цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэж байгаа юм. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар 47.1 -д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 20 748 155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон цалин хөлсний бүрэлдэхүүнд багтах нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалыг нэхэмжлэгч нэхэмжилсэн байтал цалин хөлсөнд хамаарахгүй мөнгө нэхэмжилсэн мэтээр тайлбарласан нь буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б ажилгүй байсан хугацааны цалин олговор 25.435.536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин олговор 51.910.219 төгрөгийг хариуцагч ЭҮ ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч ЭҮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 27.061.552 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба шүүх хариуцагч байгууллагаас цалин олговор 31.162.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 20.748.155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ц.Бын ажилгүй байсан хугацааны цалингийн дундаж хэмжээг тогтоохдоо урьд шүүхээр хянан шийдвэрлэсэн үеийн нэг сарын цалин олговор 2.497.100 төгрөгөөр тооцсон, /11 сар 6 хоног/ түүнчлэн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1010 дугаар тушаалын дагуу үйлдвэрийн нийт ажилтан, албан хаагчдад олгосон 13 дахь сарын цалин 2.497.100 төгрөг, нэмэгдэл хөлс 500.000 төгрөг нийт 31.162.064 төгрөг олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь нэхэмжлэгч Ц.Бын орлогч даргын албан тушаалд олгогдож байсан цалин хөлс нэмэгдэж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэгч Ц.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилгүй ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2018 оны 10 дугаар сарыг дуустал /11 сард 6 хоног/ гэж бичсэн байх ба 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тооцоход ажлын 8 хоногоор тооцогдохоор байгаа түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд 13 дахь сарын цалин, урамшуулал 500000 төгрөг олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 558 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ