Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00608

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01087 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалтай

Ц ийн нэхэмжлэлтэй,

“Э ” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 51,910,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие “Э ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 06 сарын 23-ны өдрийн “Э ” ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Уг шийдвэр гарсан өдрөөс “Э ” ХХК-ийн холбогдох удирдлагуудтай ажилдаа буцаж орохоор удаа дараа уулзсан боловч “ажилд чинь оруулна хүлээж бай” гэсэн хариу авсаар ирсэн бөгөөд 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл ажилгүй хэвээр байгаа билээ. Ц  миний бие “Э ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа нэг өдрийн 116,144 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 25,435,536 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Э ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 25,435,536 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд хандахдаа зөвхөн өмнө нь ажиллаж байх үедээ авч байсан үндсэн цалингаас тооцоолж нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш “Э ” ХХК-ийн ажилтнуудын цалин нэмэгдсэн, ажилтан бүрт ямар ч шалгуургүйгээр тодорхой хэмжээний шагнал урамшуулал олгогдсон байна. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч “Э ” ХХК нь сайн дураар биелүүлээгүй ажилгүй байгаа тул ажлын үр дүнгийн урамшуулал, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг цалин хөлсөө авч чадаагүй байгаа тул гомдолтой байгаа юм. Ц  ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш 2017 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад үндсэн цалин, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал нийт 23,948,880 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн цалин, нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, компанийн шагнал 43,060,059 төгрөг тус тус авч чадаагүй. 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл авч чадаагүй дээрх цалин хөлс нь нийт 67,008,939 төгрөг болж байна. Үүнээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1208 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинд олгохоор шийдсэн 15,098,720 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага 25,435,536 төгрөгийг хасч тооцвол 26,474,683 төгрөг болж байна. Иймд өмнө гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 25,435,536 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 26,474,683 төгрөгөөр ихэсгэж нийт 51,910,219 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс хариуцагчаас нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаагаар бодсон гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Ц  нь 2017 оны 07 сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Э ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Э ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. “Э ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхтгогдсон тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ12017/01208 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Ц т Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг санал болгосон хэвээр байгаа төдийгүй түүнд ажиллах боломж байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл хийхгүй, ажилгүй байгаа нь ажил олгогчоос шалтгаалаагүй болно. Ц  нь 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 51,910,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Ц  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг дахин тогтоолгож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг дахин тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр Ц ийг Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Гэтэл “Э ” ХХК-д Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын орон тоо хасагдсан. Энэ нь Ерөнхий захирлын 2017 оны А/394, А/395 дугаар тушаалаар нотлогдоно. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг хэрэгжүүлж биелүүлэх ёстой юм. Ц  нэхэмжлэлдээ “...Э  ХХК-ийн холбогдох удирдлагуудтай ажилдаа буцаж орохоор удаа дараа уулзсан боловч “ажилд чинь оруулна хүлээж бай” гэсэн хариу авсаар ирсэн...” гэж дурдсан нь ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлэх оролдлого хийж түүнтэй уулзаж байсан, ямар нэг байдлаар ажлаар хангана гэдэг хариу өгч ажилтантай тохиролцох оролдлого хийсэн нь нотлогдож байна. Өнөөдрийг хүртэл тус орон тоо сул хадгалагдсан хэвээр байгаа болно. Харин Ц т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэл зориг байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ц  нь Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажлын байр цомхтголд орсон гэдгийг мэдсээр байж тэр албан тушаалд л ажиллана гэдэг байр сууринаас хатуу хандаж өнөөдрийг хүртэл ажил олгогчтой тохиролцоонд хүрч чадалгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгээд тохирсон цалин хөлсөө авах боломжийг хязгаарласан. Түүнчлэн Ц  нь 2018 оны 04 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож хариуцлагатай албан тушаал хашиж байгаа нь нотлогдож байх бөгөөд энэ нь түүнийг ажил олгогчийн зүгээс санал болгосон ажилд ажиллах хүсэл сонирхлыг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл “Э ” ХХК-д ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэл биш нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалсан буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэж заажээ. Эндээс үзэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс биш дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэдэг ойлголт гарч ирж байна. Харин энэ олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар заалтын А “...ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэснийг баримтлан тогтоох ёстой.

4. Хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 2,497,100 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 116,144 төгрөг гэж тогтоосонтой болон нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагад ...миний бие Баяжуулах үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа нэг өдрийн 116,144 төгрөгийн цалин авдаг байсан... гэж нэг өдрийн цалингаа тогтоосонтой маргах үндэслэлгүй байна. Иймд Ц  нь 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл 210 хоног ажилгүй байсан гэж үзэж түүнд 24,390,240 төгрөгийн дундаж цалинтай тэнцэх олговор олгох үндэслэлтэй байна. Харин үндэслэлгүйгээр нэхэмжилж буй 27,519,979 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01087 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Э ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31,162,064 төгрөгийг гаргуулан Ц т олгож, нэхэмжлэлээс 20,748,155 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 313,760 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 148 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Ц  нь “Э ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 51,910,219 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Ц  нь 2017 оны 06 сарын 23-ны өдөр ажлаас халагдсан ба дээрх өдрөөс хойш “Э ” ХХК-д ажил хөдөлмөр эрхлээгүй. Түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар заалтын “А”-д зааснаар ... сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэснийг баримтлан тооцсон. Түүнчлэн урьд авч байсан дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2,497,100 төгрөг гэж тогтоогдсон хэмжээгээр тооцож ажилгүй байсан бүх хугацаанд нь нөхөн олговрыг олгох нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл Ц  нь ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан цалин хөлсийг авч байсан. Харин түүнийг ажил хөдөлмөр эрхлээгүй үед нь олгосон 500,000 төгрөгийн урамшуулал, 13 дахь сарын урамшуулал 2,497,100 төгрөг зэргийг урьд авч байсан дундаж цалин хөлс дээр нь шууд нэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай шийдвэр болсон байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 142/ШШ2018/01087 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 148 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр олгосон 2,997,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц  хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 25,435,536.00 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 51,910,219.00 төгрөг болгож нэмэгдүүлжээ.

Хариуцагч нь 27,061,552.00 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.  

Нэхэмжлэгч Ц  нь “Э ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажил албан тушаал дээр ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Э ” ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогджээ.

Хариуцагч “Э ” ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Ц ийн өмнө нь ажиллаж байсан Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхтгогдсон учир уг албан тушаалтай нь дүйцэх Баяжуулах үйлдвэрийн үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг санал болгосон. Гэтэл энэ ажилд орж ажиллахгүй байгаа нь ажил олгогчоос шалтгаалаагүй...” гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Ц  нь шүүхийн шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн дундаж хэмжээг урьд шүүхээр хянан шийдвэрлэсэн үеийн нэг сарын цалин олговор 2,497,100.00 төгрөгөөр тооцсон, түүнчлэн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1010 дугаар тушаалын дагуу үйлдвэрийн нийт ажилтан, албан хаагчдад олгосон 13 дахь сарын цалин 2,497,100.00 төгрөг, нэмэгдэл хөлс 500,000.00 төгрөг нийт 31,162,064.00 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Нэхэмжлэгчийн орлогч даргын албан тушаалд олгогдож байсан цалин хөлс нэмэгдэж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01087 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Э ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,904.00 /жаран хоёр мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН