Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2018/01155

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2018/01155

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. А 

Хариуцагч: ШШГГГ

Хариуцагч: М.С нарт холбогдох,

2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.с , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.а нь М.т тай 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 23 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1996 онд охин Т.а , 1998 онд хүү Т.б , 2007 онд хүү Т.т нар тус тус төрсөн. Бид гэр бүл болсноос хойш хамтран бизнес эрхэлж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт орших Бөхөнгийн өвөр Бөхөн амралт сувиллын газрын Саун, душ, Угаалгын газрын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв талбай бүхий тоосгон барилга, Худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга, Амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга, Амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10 000 мкв газар, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30 000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3 200 мкв талбай бүхий газар эзэмших эрх, Амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ш, Амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, Бөхөн амралтын газарт байрлах хувийн орон сууцны зориулалттай байшин, газар гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд бидний буюу миний 3 хүүхэд М.т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Уг хөрөнгүүдийг бий болоход М.т болон миний оролцоо байснаас гадна охин Т.а , Т.б нарын оролцоо хувь нэмэр, хамтын хөдөлмөр шингэсэн. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар үнэлэгдэнэ. Үүнд: Бөхөн амралтын газар, саун 12 500 000 төгрөг, душ 12 500 000 төгрөг, Угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв тоосгон барилга 25 000 000 төгрөг, худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга 25 000 000 төгрөг, Амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга 360 000 000 төгрөг, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10 000 мкв газар 150 000 000 төгрөг, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30 000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3 200 мкв талбай бүхий газар эзэмших эрх 320 000 000 төгрөг, Амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ш 7 500 000 /37 500 000 төгрөг/, Амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг 7 500 000 /4ш 30 000 000 төгрөг/, Амралтын газрын шовгор 5 ширхэг 6 000 000 /5ш 30 000 000 төгрөг/ нийт 1 227 500 000 орчим төгрөгний үнэтэй. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.с нь Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. М.т гийн гэр бүлийн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө хураан авах тухай тогтоолуудыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.с ийн 2018 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын 14-р шүүхийн 2015.01.08-ны өдрийн 40 дугаартай шийдвэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.03.13-ны өдрийн 45-р магадлал, мөн Сум дундын 14-р шүүхийн 2015.05.13-ны өдрийн 2222-р шүүгчийн захирамж, 2015.06.04-ний өдрийн 384-р гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2015.06.25-ны өдрийн 15140590 дугаар тогтоолыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн 40 дүгээр шийдвэр, 45 дугаар магадлал, 3-р заалтанд хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 182 563 795 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Булган аймгийн Хангал сумын 2 дугаар нутагт орших Бөхөнгийн өвөр, Бөхөн амралт сувиллын газрын саун, душ, угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Ү-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10 000 мкв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 63030001339 дугаартай 3000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, мөн амралт сувиллын зориулалттай нэг талбарын 6303001340 дугаартай 3200 мкв талбай бүхий газар эзэмших эрх, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, амралтын газрын шовгор 5 ширхэгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж 4-р заалтанд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэжээ.. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу төлбөрийг барагдуулахаар, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 03/1984 тоот албан бичгээр авахаар хүргүүлэхэд хариу нь 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1718 тоот албан бичгээр Батос ХХК-ийн үүсгэн байгуулагч ганц хүний гишүүнчлэлтэй /М.т /, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэлд мөн М.т гэж лавлагаа гарсан. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компаний эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байх тул нэхэмжлэгч а сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.а нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч М.с нарт холбогдуулан 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай магадлалаар Батос ХХК-с 182 563 795 төгрөг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгож, хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 182 563 795 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Булган аймгийн Хангал сумын нутагт орших Бөхөнгийн өвөр, Бөхөн амралт сувиллын газрын саун, душ, угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Ү-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10 000 мкв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30 000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, мөн амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3 200 мкв талбай бүхий газар эзэмших эрх, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ширхэг, 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, амралтын газрын шовгор 5 ширхэгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг, мөн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2222 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 384 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /тухайн үеийн нэрээр/ шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, Улсын бүртгэлийн хэлтсээс Батос ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг авсан байна.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгө хураах тогтоол-ыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... М.т гийн гэр бүлийн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө хураан авах тухай тогтоолыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр болсон гэж тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, мөн хуулийн 54.2-т тухайн хураан авах ажиллагаа явуулахдаа эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэх, мөн хуулийн 54.3-т жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг зуруулж, ...эзэмшигч, эсхүл өмгөөлөгчид даруй гардуулна, 54.4-т эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж тус тус заасан байх ба эдгээр заалтыг 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болох А.а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч М.с нарт холбогдох 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А.а нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч М.с нарт холбогдох 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А.а нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2018/04317 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА