Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар

нээлттэй хорих анги, 50 дугаар тойргийн шийдвэр

гүйцэтгэгч С нарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдох,

“2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, С, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие А- нь Т-тэй 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 23 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1996 онд охин А, 1998 онд хүү Б, 2007 онд хүү Т нар тус тус төрсөн. Бид гэр бүл болсноос хойш хамтран бизнес эрхэлж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт орших Бөхөнгийн өвөр Бөхөн амралт сувиллын газрын Саун, душ, угаалгын газрын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10.000 мкв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30.000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3.200 мкв талбай бүхий газар эзэмших эрх, Амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ш, Амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, бөхөн амралтын газарт байрлах хувийн орон сууцны зориулалттай байшин, газар гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд бидний буюу миний 3 хүүхэд Т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Уг хөрөнгүүдийг бий болоход т болон миний оролцоо байснаас гадна охин А, Б нарын оролцоо хувь нэмэр, хамтын хөдөлмөр шингэсэн. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар үнэлэгдэнэ. Үүнд: Бөхөн амралтын газар, саун 12.500.000 төгрөг, душ 12.500.000 төгрөг, Угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв тоосгон барилга 25.000.000 төгрөг, худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга 25.000.000 төгрөг, Амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга 360.000.000 төгрөг, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10.000 мкв газар 150.000.000 төгрөг, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30.000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, Амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3 200 мкв талбай бүхий газар эзэмших эрх 320.000.000 төгрөг, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ш 7.500.000 /37.500.000 төгрөг/, амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг 7.500.000 /4ш 30.000.000 төгрөг/, амралтын газрын шовгор 5 ширхэг 6.000.000 /5ш 30.000.000 төгрөг/ нийт 1.227.500.000 орчим төгрөгийн үнэтэй. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С нь “Эд хөрөнгө хураах тухай” 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Т-ийн гэр бүлийн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө хураан авах тухай тогтоолуудыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Сийн 2018 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн 15140590/02 дугаартай “эд хөрөнгө хураах тухай ” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын 14-р шүүхийн 2015.01.08-ны өдрийн 40 дугаартай шийдвэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар13-ны өдрийн 45 дугаар магадлал,мөн сум дундын 14-р шүүхийн 2015 оны 05 дугаар 13-ны өдрийн 2222 дугаар шүүгчийн захирамж, 2015 оны 06 дугаар 04-ний өдрийн 384 дүгээр гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2015 оны 06 дугаар 25-ны өдрийн 15140590 дугаар тогтоолыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн 40 дүгээр шийдвэр, 45 дугаар магадлал, 3-р заалтанд хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 182.563.795 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцааны зүйл болох Булган аймгийн Хангал сумын 2 дугаар нутагт орших Бөхөнгийн өвөр, Бөхөн амралт сувиллын газрын саун, душ, угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 мкв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 мкв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 мкв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Ү-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10.000 мкв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 63030001339 дугаартай 3000 мкв талбай бүхий газар эзэмших эрх, мөн амралт сувиллын зориулалттай нэг талбарын 6303001340 дугаартай 3200 мкв талбай бүхий газар эзэмших эрх, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, амралтын газрын шовгор 5 ширхгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж 4 дүгээр заалтанд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэжээ.. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу төлбөрийг барагдуулахаар, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 03/1984 тоот албан бичгээр авахаар хүргүүлэхэд хариу нь 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1718 тоот албан бичгээр “Тэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ганц хүний гишүүнчлэлтэй /Т/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэлд мөн Т гэж лавлагаа гарсан. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компаний эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байх тул нэхэмжлэгч Амардалайгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасныг баримтлан Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдох “2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2018/04317 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч: А- давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1155 дугаартай шийдвэртэй А-гийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна. Тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3. дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-т энэ хуулийн 44.3, 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан. Гэтэл шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-т заасныг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А- нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон  шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдуулан 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдох “2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай магадлалаар Батос ХХК-иас 182.563.795 төгрөг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгож, хариуцагч нь 182.563.795 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Булган аймгийн Хангал сумын нутагт болох Бөхөнгийн өвөр гэдэг газарт байрлах  Бөхөн амралт сувиллын газрын эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг, мөн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Батос  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сум дундын 14 дүгээр  шүүхийн шүүгчийн “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай  захирамж “ 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарчээ.

 Шүүгчийн 2222 дугаар  захирамж болон 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 384 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр эд  хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг гаргажээ.  

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болох А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч С нарт холбогдох “2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.

Нэхэмжлэгч А-гийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧ                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР