Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00752

 

А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалтай,                                                                                                                       

А гийн нэхэмжлэлтэй,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги,  шийдвэр гүйцэтгэгч М  нарт холбогдох

2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие нь М.Түмэннасантай 1995 оны 09 сарын 20-ны өдөр гэр бүл болж, 1996 оны 04 сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 23 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1996 онд охин Т.Атарсүрэн, 1998 онд хүү Т.Баясгалан, 2007 онд хүү Т.Төвшинтөгс нар тус тус төрсөн. Бид гэр бүл болсноос хойш хамтран бизнес эрхэлж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт орших Бөхөнгийн өвөр Бөхөн амралт сувиллын газрын саун, душ, угаалгын газрын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 м.кв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 м.кв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 м.кв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3200 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ш, амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, Бөхөн амралтын газарт байрлах хувийн орон сууцны зориулалттай байшин, газар гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд бидний буюу миний 3 хүүхэд М.Түмэннасан нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Уг хөрөнгүүдийг бий болоход М.Түмэннасан болон миний оролцоо байснаас гадна охин Т.Атарсүрэн, Т.Баясгалан нарын оролцоо хувь нэмэр, хамтын хөдөлмөр шингэсэн. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар үнэлэгдэнэ. Үүнд: Бөхөн амралтын газар, саун 12,500,000 төгрөг, душ 12,500,000 төгрөг, угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 м.кв тоосгон барилга 25,000,000 төгрөг, худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 м.кв талбай бүхий тоосгон барилга 25,000,000 төгрөг, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 м.кв талбайтай 2 давхар дүнзэн барилга 360,000,000 төгрөг, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Г-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар 150,000,000 төгрөг, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001339 дугаартай 30,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 6303001340 дугаартай 3200 м.кв талбай бүхий газар эзэмших эрх 320,000,000 төгрөг, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 5 ширхэг 7,500,000 /37,500,000 төгрөг/, амралтын газрын 5 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг 7,500,000 /4ш 30,000,000 төгрөг/, амралтын газрын шовгор 5 ширхэг 6,000,000 /5ш 30,000,000 төгрөг/ нийт 1,227,500,000 орчим төгрөгний үнэтэй. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М  нь Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай тогтоолоор хураан авсан. М.Түмэннасангийн гэр бүлийн хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө хураан авах тухай тогтоолуудыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 50 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М ийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.01.08-ны өдрийн 40 дугаартай шийдвэрээр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.03.13-ны өдрийн 45-р магадлал, мөн Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.05.13-ны өдрийн 2222-р шүүгчийн захирамж, 2015.06.04-ний өдрийн 384-р гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2015.06.25-ны өдрийн 15140590 дугаар тогтоолыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн 40 дүгээр шийдвэр, 45 дугаар магадлалд хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 182,563,795 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Булган аймгийн Хангал сумын 2 дугаар нутагт орших Бөхөнгийн өвөр, Бөхөн амралт сувиллын газрын саун, душ, угаалгын газрын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000189 дугаарт бүртгэгдсэн 63 м.кв талбай бүхий тоосгон барилга, худгийн зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000190 дугаарт бүртгэгдсэн 16 м.кв талбай бүхий тоосгон барилга, амралт сувиллын зориулалттай улсын бүртгэлийн Ү-0413000096 дугаарт бүртгэгдсэн 184 м.кв талбайтай 2 давхар дүнзэн барилга, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн улсын бүртгэлийн Ү-0413000053 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар, амралт сувиллын газрын зориулалттай нэгж талбарын 63030001339 дугаартай 3000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, мөн амралт сувиллын зориулалттай нэг талбарын 6303001340 дугаартай 3200 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, амралтын газрын 4 ханатай иж бүрэн гэр 4 ширхэг, амралтын газрын шовгор 5 ширхэгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж 4-р заалтанд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу төлбөрийг барагдуулахаар, 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 03/1984 тоот албан бичгээр авахаар хүргүүлэхэд хариу нь 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1718 тоот албан бичгээр Батос ХХК-ийн үүсгэн байгуулагч ганц хүний гишүүнчлэлтэй /М.Түмэннасан/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэлд мөн М.Түмэннасан гэж лавлагаа гарсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байх тул нэхэмжлэгч А гийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                               

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч М  нарт холбогдох 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2018/04317 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.                                   

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасныг анхаарч үзээгүй нь буруу болсон. Энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хянахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч А  нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч М  нарт холбогдуулан 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 15140590/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай магадлалаар “Батос” ХХК-иас 182,563,795.00 төгрөг гаргуулан “Хаан банк”-ны Орхон салбарт олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Булган аймгийн Хангал сумын нутагт болох Бөхөнгийн өвөр гэдэг газарт байрлах “Бөхөн” амралт сувиллын газрын эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг, мөн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарчээ.

Шүүгчийн захирамж болон 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 384 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхлүүлж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус гаргаж, ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-54.4-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв боловч нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэснийг зөрчсөн гэж буруутган, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... М.Түмэннасангийн гэр бүлийн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө хураан авах тухай тогтоолыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр болсон гэж тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, Улсын бүртгэлийн хэлтсээс “Батос” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг авсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийн хувьд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэжээ.

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгө хураах тогтоолд заасан хөрөнгө нь Иргэний  хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдсон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан “өмчлөх эрхтэй” этгээд гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, харин хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/01155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар   зүйлийн 122.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН