Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00793

 

2018 оны 03 сарын 13 өдөр               Дугаар 102/ШШ2018/00793                                Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

            Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Сурагчийн дугаар гудамжны  тоотод оршин суух Ц.С-ын нэхэмжлэлтэй

          Хариуцагч Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн  гудамжны тоотод оршин суух, Монгол овогт Юмжирдуламын Чимэддуламд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Ю.Ч, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

         

          Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Ч-тай “Зээлийн гэрээ” байгуулж, 5.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлсэн.

Ю.Ч зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 10 хоног тутам төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 5.000.000 төгрөгийг төлөхгүй, худал үнэн мэдэгдэхгүй шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн.

Зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хүү  5.000.000 х 30% х 2 сар=3.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 3.000.000 х 0.5% х 287 хоног =4.305.000 төгрөг мөн 5.000.000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5.000.000 х 0.5% х 236 хоног = 5.900.000 төгрөг, нийт алданги 10.205.000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй тул 5.000.000:50%= 2.500.000 төгрөг, 3.000.000:50%=1.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2 сарын хүү 3.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Эвлэрэх боломжгүй. Талууд  “Зээлийн гэрээ” байгуулан, 5.000.000 төгрөгийг, сарын 30 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай ээзлсэн.

Гэтэл зээлдэгч Ц.С-оос 5.000.000 төгрөгийг аваагүй, З.Энхтуяагаас авсан гэж маргадаг. Үнэн хэрэгтээ хариуцагч, гэрч З.Энхтуяагаас мөнгө зээлэхийг хүсэхэд надад байхгүй, захирлаас асууж өгье гээд энэ хоёрын дунд нь холбож, бэлнээр 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваад, Ю.Ч-мын дэлгүүр дээр хүргэж өгсөн байдаг.

Дараа нь нэхэмжлэгч, хариуцагч хоёр уулзаад гэрээг бичгээр байгуулж, гэрээний арын хуудсан дээр 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ Ю.Ч бичиж, гарын үсгээ зурсан. Эдгээр үйл баримтууд хариуцагчийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр асуугдсан Ю.Ч, З.Энхтуяа нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч энэ мөнгийг З.Энхтуяад бараа материалаар төлсөн гэж хэлдэг ч Ю.Ч, З.Энхтуяа нарын хоорондын асуудал тусдаа. Үүнийгээ эдгээр хүмүүс маргаж байгаа бол шүүхэд хандах хэрэгтэй. Нэхэмжлэгчид хамааралгүй.

Иймээс гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

         

           Хариуцагч Ю.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.С-оос би ямар ч мөнгө аваагүй. Харин түүний танил З.Энхтуяагаас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг зээлсэн.

           Нэхэмжлэгчтэй “Зээлийн гэрээ” байгуулсан нь үнэн. Намайг дарамталж байгаад байгуулсан. Би З.Энхтуяагаас мөнгө асуухад надад одоо алга. Хүнээс асууж өгье гэж хэлсэн. Дараа нь мөнгө бүтлээ гэхэд нь гадуур ажлаар явж байна, дэлгүүр дээр аваачаад худалдагчид өгчих гэхэд 5.000.000 төгрөгийг өгсөн байсан.

           З.Энхтуяагаас авсан мөнгөө 6.500.000 төгрөг болгож төлсөн. Мөн энэ хугацаанд З.Энхтуяагаас нийт 45.500.000 төгрөг зээлснээ зээл, зээлийн хүүгийн хамт төлсөн. Уг зээлсэн мөнгөний хүүд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн оролцуулж, 21.750.000 төгрөгийн архи, пиво, ус, ундааг үйлдвэрийн үнээр өгсөн.

         Одоо Ц.С-д өгөх өр байхгүй.  З.Энхтуяагаас авсан мөнгийг Ц.С-оос авсан мөнгө болгож “Зээлийн гэрээ” хийсэн мэтээр дүр үзүүлэн хууран мэхэлж хэлцэл хийж, хүү алдангийг их хувиар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, тухайн үед дарамтлуулаад гэрээг байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь

 

         Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ю.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч, Ц.С-той гэрээ байгуулсан нь үнэн. Ц.С-оос мөнгө аваагүй. З.Энхтуяагаас мөнгө аваад бараа материалаар төлж дуусгасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ю.Ч нар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй,            “Зээлийн гэрээ” байгуулсан нь зохигчдын хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ”, шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.

          Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “З.Энхтуяа намайг дарамталж, Ц.С-той гэрээ хий гэсэн. Гэрээнд  гарын үсгээ зурж, 250 ширхэг 20-тын дэвсгэртээр 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж гэрээний ар талд бичсэн. Би Энхтуяагаас мөнгө авсан. Ц.С-оос мөнгө аваагүй” гэх тайлбарыг гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр Ю.Ч өгсөн мэдүүлэгтээ “ Би З.Энхтуяагаас 5.000.000 төгрөг зээлээгүй, хамтран амьдрагч Ц.С гэдэг хүнтэй гэрээ хийж, 5.000.000 төгрөг авсан“ мөн гэрч Б.Бадамгарав “Ю.Ч эгчид З.Энхтуяагийн өгсөн 5.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн”, гэрч З.Энхтуяа “Ю.Ч-ыг мөнгө асуухад надад байхгүй, даргаас асуугаад өгье гээд эргэж залгаад Ц.С-оос 5.000.000 төгрөг авлаа гэхэд дэлгүүр дээр аваад ирээч гэхээр нь аваачиж өгсөн” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч хэдийгээр “Ц.С-оос мөнгө аваагүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээгээр нотлогдон, гэрч З.Энхтуяаг зуучлалын үүрэг гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч бусдаар дамжуулан өгсөн мөнгөө баталгаажуулах зорилгоор гэрээг байгуулсан нь тогтоогдсон тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэснээр алданги нэхэмжлэх эрхтэй.

       Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын сарын хүү 1.7-3.5, 5-10 хувь байгааг харгалзан үзэн, зээлдэгчийн үндсэн зээлийн сарын хүүг 10 хувь болгон багасган тооцож, хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг+1.000.000 төгрөг /2 сарын хүү/+2.500.000 төгрөг /алданги/=8.500.000 төгрөгийг гаргуулж, 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээ.

        Шүүх хэрэгт авагдсан 11-34, 42-54 хуудас дахь бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд бусад баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч  Ю.Ч-аас 8.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүсэн түг овогт Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА